Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Чт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

А.Ч 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Төмөр замын уурын зуухны механикийн өрөөнд нэвтэрч нөүтбүүк, ажлын гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн орчим вокзал дээр эхнэртэйгээ байж байгаад би гэрлүүгээ явсан. Замдаа ажлын газрынхаа усанд орохоор төмөр замын уурын зуухан дээр очтол байранд хүнгүй байсан. Конторын зүүн талаар гартал механикийн өрөөний цонх онгорхой байсан тэгэхээр нь би механикаа айлгах санаатай цонхоор нь ороод ширээн дээр нь байсан нөүтбүүк, нэг ажлын гутал байхаар нь аваад явсан уг нь өглөө өгчихнө гэж бодож байтал цагдаад дуудлага өгчихсөн байсан. Манай механик заримдаа цонхоо онгорхой орхиод байдаг юм, тэгээд би айлгах санаатай байсан, хулгай хийе гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Т.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн үед ажилдаа ирээд ажилчиддаа үүрэг, чиглэл өгчихөөд өөрийнхөө өрөө рүү ортол ажлын ширээн дээр байсан Тошиба маркийн саарал өнгийн нөүтбүүк болон ширээний хажууд байсан ажлын шинэ хар гутал    байхгүй болчихсон байсан ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-20 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зан аашны хувьд аягүй зөөлөн сэтгэлтэй, алдаж явсан гэхэд ааш зан нь эвдрээгүй, сайхан сэтгэлтэй хүн байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч У.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Зан харилцааны хувьд алдаж онож явсан хүн гэхэд жоохон хүүхэд шиг зантай, эелдэг, даруухан хүн шиг санагддаг. Архи дарсны хувьд үргэлж уудаггүй ч гэсэн хааяа нэг бол уучихсан явж байдаг. Ер нь хүн чанар сайтай, ааш зан тогтвортой хүн шиг санагдаж явдаг даа. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ6/18- 099 дугаартай: “...Тошиба маркийн i3 үзүүлэлттэй нөүтбүүк 350 000 төгрөг, ажлын хагас түрийтэй гутал 100 000 төгрөг  нийт 450 000 ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-74 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч А.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Төмөр замын уурын зуухны механикийн өрөөнд нэвтэрч нөүтбүүк, ажлын гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох шүүгдэгч А.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн орчим ...Замдаа ажлын газрынхаа усанд орохоор төмөр замын уурын зуухан дээр очтол байранд хүнгүй байсан. Конторын зүүн талаар гартал механикийн өрөөний цонх онгорхой байсан тэгэхээр нь би механикаа айлгах санаатай цонхоор нь ороод ширээн дээр нь байсан нөүтбүүк, нэг ажлын гутал байхаар нь аваад явсан...”гэсэн мэдүүлэг,  хохирогч Т.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн үед ...ажлын ширээн дээр байсан Тошиба маркийн саарал өнгийн нөүтбүүк болон ширээний хажууд байсан ажлын шинэ хар гутал  байхгүй болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 01/048 тоот шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг нууцаар авч байгаа арга нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг бүрдүүлж байгаа бөгөөд хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцох тул шүүгдэгч А.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “механикийн өрөөний цонх онгорхой байсан тэгэхээр нь би механикаа айлгах санаатай цонхоор нь ороод ширээн дээр нь байсан нөүтбүүк, нэг ажлын гутал байхаар нь аваад явсан. Өглөө нь буцааж өгнө гэж бодож байгаад унтсан байсан” гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Чт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Чийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Шүүгдэгч А.Ч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Чийн хувийн байдал /удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Гэрч Б.А, У.Л нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн зан ааш болон ажил хөдөлмөр эрхэлдэг болохыг, хавтаст хэргийн 77-99 дүгээр талд авагдсан шүүхийн тогтоол ,шийдвэрүүд болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 74-р тал/ нь түүнийг урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байсныг нотлосон баримтууд гэж үзлээ.

          

Шүүгдэгч А.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн оруулгатай пүүзэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь  мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт А.н Ч.ийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн   17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч.т  2 жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч.т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Чнь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн оруулгатай пүүзэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АДЪЯАСҮРЭН