| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04119/И |
| Дугаар | 210/МА2026/00140 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00140
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 16,548,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын зүйлд 5 нэр төрлийн хүнд даацын авто тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2024 оны 08 сарын 29- ний өдөр даатгалын зүйлийн нэг нь болох ISUZU FORWARD маркийн ******* УАС улсын дугаартай автомашины автомашины урд дугуй буудаж, улмаар замын хажуу руу орж гэмтсэн даатгалын тохиолдол үүссэн.
...Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Даатгалын зүйлийг дор дурдсан эрсдэлээс даатгана гээд 4.1.1.8-т Дугуйн эрсдэл /Замын хөдөлгөөнд оролцож байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар зөвхөн дугуйнд учирсан хохирол" гэж заасан. Бид даатгалын гэрээг байгуулахдаа дугуйн эрсдэлийг бүхэлд нь даатгуулсан. Гэтэл хариуцагч ******* ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.16-д Даатгагч нь энэхүү гэрээнд заасан даатгалын эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн байхад даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 16,548,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Цагдаагийн байгууллага тухайн ослыг зам тээврийн осол гэж үзээгүй, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, тодорхойлолт зэрэг ослын дүгнэлт үйлдэгдээгүй байна. Мөн ослын талаарх дэлгэрэнгүй тайлбарт ...цонжин болдогийн баруун талд хөдөлгөөнд оролцож байх үед тээврийн хэрэгслийн баруун урд дугуй буудаж жолооны хүрдийг баруун гар тал руу булаан замын хажуу руу буусан... гэж дүгнэснээс үзэхэд дугуй буудсаны улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлээр хамгаалагдаагүй, замын хөдөлгөөнд оролцох үед дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдсан үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.5, 8 дугаар зүйлийн 8.5.3-т тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. ...Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ******* ХХК-аас 12,440,000.00 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,108,000.00 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,690.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 213,990.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүнд даацын авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хэдий гэрээгээр тодорхой төрлийн эрсдэлийг хамгаалан даатгасан ч осол гарсан шалтгаанаас хамаарч нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг гэрээний 9 дүгээр зүйлээр тохиролцсон байдаг.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн дугуй зөвшөөрөгдсөн хэмжээний хийтэй яваагүй, мөн элэгдэл үүссэний улмаас буудаж даатгалын зүйлд хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Мөн тус тохиолдлыг зам тээврийн осол гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, тодорхойлолт байхгүй, нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй, эрх бүхий байгууллагад хандсан боловч ослын талаарх дүгнэлт магадалгааг хийж өгөөгүй гэх аман тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй байдаг.
Нэхэмжлэгчийн тайлбар, хариу тайлбар зэргээр дугуй буудсаны улмаас хохирол учирсан болох нь тогтоогдож байхад шарваж гулсах эрсдэлд хамаарч байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч болон тэдгээрийн төлөөлөгч тус тохиолдлыг болон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1.8-д хамаарах тул нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж маргадаг бөгөөд тээврийн хэрэгслийн дугуй буудсаны улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлээр хамгаалагдаагүй, замын хөдөлгөөнд оролцох үед дугуй хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэж урагдсан үйл баримт тогтоогдоогүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 16,548,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас 12,440,000.00 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,108,000.00 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотойгоор хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй тул хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08691 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч ******* ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 16,548,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 213,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Б.МАНДАЛБАЯР