Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 68

 

 Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.У, шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Галтогтох, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Б.У, Г.Б, Д.М, А.З, Б.Э, Д.Г нарт холбогдох 1721002790179 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 17ы өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.У,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 10ы өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, Г.Б,

 

3. Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 01ий өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.М,

4. Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 07ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А.З,

 

5. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 07ы өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн .... тоотод оршин суух, одоо Чойбалсан сумын 4 дүгээр багт амьдардаг гэх, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э,

 

6. Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 27ы өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Туулын гудамж, ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.М, А.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Д.Г, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

Шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

Шүүгдэгч Д.Г, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бээс нийт 7,717,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т 4,867,000 төгрөгийг, хохирогч Ц.Б-д 2,850,000 төгрөгийг, шүүгдэгч А.Заас 4,867,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т тус тус олгуулах,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э, Д.Г, Д.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д.Мийн эзэмшлээс Дорнод аймгийн Баяндун сумын Наран баг Мандал хорооллын 1-10 тоотод байрлах 48 м2 орон сууц, 2080 м2 газар бүхий 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “НЭТК капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/37 дугаартай прокурорын тогтоол, “Бичил глобус групп” ХХК-ий эзэмшлийн “Hyundai Porter маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, иргэн Г.А-ийн эзэмшлийн “Stana” маркийн 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/49 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч шүүгдэгч Г.Бийн ЖИ 85031016 тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Д.Мийн ЖА 83060175 тоот регистрийн дугаартай, шүүгдэгч А.Зын ЖЯ 77060716 тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Эын ЖН 87100777 тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Гын ЖЬ 85112791 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “НЭТК капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгөөс шүүгдэгч Г.Б, А.З, Б.Д.М нарт ногдох хэсэг болох тус бүр 1,750,000 төгрөгийг, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгөөс шүүгдэгч Б.Э, Д.Г нарт ногдох хэсэг болох тус бүр 1,500,000 төгрөгийг, мөн иргэн Г.А-гийн эзэмшлийн “Stana” маркийн 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөгөөс шүүгдэгч Г.Бд ногдох хэсэг болох 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.М, А.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Г, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Г, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг энэхүү тэнсэх болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний гүйцэтгэлд тооцон дуусгавар болгож,

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хоёр жилийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаатай хорих ялаар,

Шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хоёр жилийн хугацаатай хорих ялаар,

Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар, шүүгдэгч Г.Бд мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр оногдуулсан нэг жилийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван жилийн хугацаатай хорих ялаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан гурван жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч А.Зт оногдуулсан хоёр жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Д.Мд оногдуулсан нэг жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар шүүгдэгч Б.Д.Г, Б.Э нараас гаргуулахаар шийдвэрлэсэн тус бүрийн 1,500,000 төгрөгийг бүрэн төлж, барагдуулсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.З гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.У, Д.М нарын хамт Сүмбэр сум руу адууны авлага авахаар явах үедээ архи уусан. Д.М уугаагүй. Б.У бага зэрэг уусан. Харин би согтоод унтчихсан байсан. Тэр үед замаас төөрч замд таарсан айлаас зам асуухаар очиж, гадаа нь байсан эрэвгэр жирэвгэр гэх ургамлын үндсийг хулгайлсан байсан. Энэ бүхнийг би мэдээгүй. 7-8 хоногийн дараа Д.М, Б.У, Г.Б нартай таарахад над руу бууны нохой гэх зэргээр дайрч давшилсан. Удалгүй цагдаагаас намайг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Б.У үндсээ зараад А.З хулгай хийснийг хулгай хийснийг мэдсэн юм чинь мөнгө өгсөн шүү гэж Д.Мд худал хэлсэн байгаа юм. Тэднээс би нэг ч төгрөг аваагүй. 2018, 2019 онуудад хэргээ завааруулмаар байна, төлбөрөөс төлөлц гэж намайг дарамталдаг байсан. Миний утсан дээрх бичлэгийг мэдээд хулгайлаад устгасан. Үүний дараа нотлох баримт байхгүй тул нүүрэлдэн байцаалтан дээр шуудайны булангаас өргөлцөж, мөнгө авсан гэж гүжирдэж байсан. Удалгүй намайг цагдаагаас яллагдагчаар татан хэрэг прокурорт шилжсэн хэмээн хоосон цаас дээр гарын үсэг зуруулсан. Би хавтаст хэрэгтэй нэг ч удаа танилцаагүй. Мөн прокуророос яллах дүгнэлт өгөөгүй. Ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдээгүй байж байтал шүүхээс 2 жил хорих ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан боловч шүүх хурал эхэлхээс 5 минутын өмнө хэрэгтэйгээ танилц гэж өгсөн боловч 2-3 хуудас уншиж байтал хуралдаан эхэлж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Хэрэгт худал мэдүүлгүүд байгаа. Хохирогч н.Эрдэнэчимэг нь хулгайд алдсан нойтон үндсээ хатаасан хуурай үндэс байсан мэтээр үнэлүүлж, хэт их үнэ тогтоолгосон. Д.М, Б.У нараас хохирлоо гаргуулж авч чадахгүй болохоороо Мөнтөртэй хуйвалдаж төрийн алба хаагч нарт нөлөөлж байна. Согтуу байсан маань л бусдын олз болсон. Залуудаа алдаж явсан боловч түүнээс хойш хууль зөрчсөн зүйл байхгүй. Том хүү маань оюутан, 3 хүүхэд маань цэцэрлэг, сургуульд суралцдаг. Эхнэр маань зүрх, бөөр, сахарын өвчтэй бөгөөд эмчийн хяналтад байдаг. Намайг энэ хэрэгт холбогдсоноос хойш ар гэрийн минь амьдрал ахуй маш их хэцүү болж байна. Тиймээс энэхүү хэргийг дахин шалгуулж, үнэн зөвийг олж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Шүүгдэгч А.Зын өмгөөлөгч Д.Урансувд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...А.З нь уг гэмт үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс анхан шатны шүүхээс хэргийн талаар нотолбол зохих байдал дутуу, эргэлзээтэй, хөдөлшгүй, тогтоогдоогүй байна гэж маргаж хэрэгт ач холбогдол бүхий ажиллагааг хийлгэх хүсэлт гаргаж байсан боловч шүүхээс хүсэлт хүлээж авалгүй гэм буруутайд тооцсон. Гол нь н.Б.У нартай хамт нэг машинаар явсан гэдгээр яллагдагчаар татагдсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, согтуу машинд унтаж байсан болохыг н.Б.У мэдүүлдэг. Халхгол суманд Г.Бийнд очсон цаг хугацаа зөрүүтэй, эргэлзээтэй. Тэгвэл хэний мэдүүлэг үнэн, хэнийх нь худал болохыг анхаарч хөдөлшгүй, эргэлзээгүй тогтоох ёстой зарчим алдагдаад хэргийг буруу шийдсэн гэх гомдол дагуулж байна. Гэмт хэрэг үйлдээгүй болохоо нотлуулахаар хүсэлт гаргахад хүлээн аваагүй хэрнээ ашиг сонирхол зөрчилдөж байгаа нэг яллагдагчийн мэдүүлгийг үнэлж гэм буруутайд тооцсон нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Ингэж хилс хэргээр хоригдсоноос гадна 6,617,000 төгрөг бусдад төлөх үүрэгтэй болж байгаа нь А.Зын хувьд маш их хохиролтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд хэрэгжиж чадаагүй. Гэмт хэрэг хэн, хэрхэн үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй байхад гэм буруутайд тооцож, ял халдааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Эргэлзээгүй, хөдөлшгүй, тогтоох нотлох ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг хангаагүйгээс энэ нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн байх тул хэргийг прокурорт буцааж, эргэлзээгүй нотлох ажиллагааг хийлгүүлэх нь зөв юм. Хэрэг А.Зыг гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй гэж үзэх бол гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нар хамтран гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд процессын хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоогүй байхад гэм буруугийн дүгнэлт хийсэн. Бидний үйлчлүүлэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлдэг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Бийг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Д.М нь 2017.11.14-ний өдөр /1-р хавтаст хэрэг 54-р тал/ гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Ууганбагтар бид 2 тэр шуудайнд үндэснээс хийгээд машин руугаа шуудайны хоёр талаас нь Б.У бид хоёр дамнаж өргөөд зөөсөн... ийм байдлаар 4-5 удаа зөөж тэвшин дээр задгай асгаж байсан... Үндсээ буулгаж орхиод эргээд Халхгол сум руу явсан. Халхгол сумын төвд маргааш өглөө нь 10 цагийн үед очсон. Тэнд очоод Базар гэх айлд үдээс хойш болтол байж байгаад бид хэд архи уугаад нэг хоносон...” гэж өвсний үндэс хулгайлахдаа зөвхөн Б.Утай хулгайлсан талаараа мэдүүлдэг.

Гэтэл 2018.07.17-ны өдөр яллагдагчаар 2 дахь удаагаа мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 160-р тал/ өгөхдөө “...Халхгол суманд 01 цагийн орчимд очоод Г.Б гэдэг залуугийн гадаа очоод сигналдаж дуудаж гаргаж ирсэн... Г.Б гэдэг залуу гэр рүүгээ орж хувцсаа өмсөөд хамт явахаар болж ... машинаа уурын зуухны яндантай газарт байрлуулж Б.У, Г.Б хоёр, би А.Зтай хамт зөөсөн юм...” хэмээн эрс зөрүүтэй мэдүүлэг өгч эхэлсэн. Гэтэл Б.У нь анхнаасаа Г.Бийг хамт яваагүй талаар мэдүүлж ирсэн. А.З нь маргааш өглөө нь Халхгол суманд ирж Г.Б гэх айлд орсон талаар мэдүүлдэг бөгөөд эдгээр нь Д.Мийн мэдүүлгийг няцаадаг. Шүүх хохирогч Б.Эрдэнэчимэгийн Г.Бээс өөр хүн манайхыг мэдэж очих боломжгүй гэх хийсвэр, таамагласан мэдүүлэг болон шүүгдэгч Д.Мийн сүүлд өөрчилсөн мэдүүлгийг үндэслэн Г.Бийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Үүнээс гадна дээрх мэдүүлгийн эргэлзээтэй, зөрүүтэй байдлыг тайлахын тулд Б.У, А.З, Д.М нарыг 2017.10.12-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Халхгол сумын 3- р баг “Атар-2” гэх газар руу очсон маршрут, “Атар-2” гэх газар руу очиход туулах нийт замын урт, Чойбалсан хотоос гарсан цаг, гэмт хэрэг гарсан газарт очсон цаг хугацааг нарийвчлан тооцох ёстой. Тухайлбал, Б.У, Д.М нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс 2017.10.12-ны үдийн хойно Чойбалсан хотоо 18 цагийн үед хөдөлсөн, газрын тосны 21-р талбайд шөнө 23 цаг өнгөрөөгөөд очсон бөгөөд цагдаад саатуулагдаж Ууганбаяр нь архи уусан байсан учир тээврийн хэрэгслийн жолоог Д.Мд шилжүүлээд 24 цагийн орчимд 21-р талбайгаас хөдөлсөн талаар ямар нэгэн маргаан байдаггүй юм. Эндээс Б.У, Д.М, А.З нарыг ачааны портер автомашинаар шороон замыг 100 километрийг хэдэн цаг туулж явсан болох нь тогтоогдоно. Чойбалсан хотоос газрын тосны 21-р талбай орох хүртэл нийт 240 орчим километр байдаг талаар мэдүүлсэн. Шүүгдэгч нар Чойбалсан хотын төвөөс 18 цагт хөдлөөд газрын тосны 21-р талбайд 23 цаг өнгөрөөгөөд очсон гэх мэдүүлгээс харахад 100 километр замыг 2.5 цагийн хугацаанд туулжээ. Гэтэл Д.М нь яллагдагчаар мэдүүлэхдээ Халхгол суманд шөнийн 01 цагийн үед очсон талаар мэдүүлсэн. Газрын тосны 21-р талбайгаас Халхгол сумын төв хүртэл ойролцоогоор 140 километр зайтай байдаг талаар шүүгдэгч нар мэдүүлсэн. Гэтэл 100 километр замыг 2.5 цаг туулж явсан шүүгдэгч нар 140 километр замыг 1 цаг хүрэхгүй хугацаанд туулж очих боломжтой гэж үү. Энэ бол ямар ч боломжгүй гэдэг нь харагдна. Өөрөөр хэлбэл, газрын тосны 21-р талбайгаас Халхгол сумын төв орох хүртлэх 140 километр зам нь хатуу хучилтгүй шороон зам байдаг бөгөөд уг замыг ачааны портер автомашин хамгийн хурдандаа дунджаар 50 км/цаг хурдтай туулах боломжтой байдаг. Энэ байдлаас харахад Д.Мийн “...шөнө 01 цагийн орчимд очоод Г.Б гэдэг залуугийн гадаа очоод сигналдаж дуудаж гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй, худал болох нь тогтоогдож байна.

Г.Б нь анх гэрчээр мэдүүлэг өгөхөөс эхлээд дээрх гэмт хэргийг үйлдээгүй талаар мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нарыг 2017.10.13-ны өглөө 09-10 цагийн орчимд анх удаа ирсэн бөгөөд тэдгээрийг ирэх үед гэртээ ээж, дүү нарынхаа хамтаар байсан гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөгч нь Г.Бийн ээж, дүү нараас нэг ч удаа мэдүүлэг аваагүй бөгөөд шүүгдэгч Б.Ууганбаяр, А.З, Д.М нарыг Г.Бийнд хулгайн гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон үйлдсэний дараах аль цаг хугацаанд ирсэн болохыг огт тогтоогоогүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Галтогтох хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Г.Бийн хувьд хоёр гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Утай хамтарч 8 адуу хулгайлсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Б.У, Д.М, А.З нартай бүлэглэж, н.Эрдэнэчимэгийн өмчлөлийн ургамлын үндсийг хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн Д.Мийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нарийвчлан тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Д.Мийн мэдүүлгийг үндэслэл болгож байгаа бол нарийвчлан тогтоох ёстой. Д.Мийн мэдүүлэгт эхлээд Г.Б, А.З нарыг байгаагүй, Б.Утай хамт хулгай хийсэн гэдэг боловч сүүлдээ 4-лээ хулгай хийсэн гэж мэдүүлдэг. Дорнод аймгийн төвөөс Халхгол сум руу орох зам бол 360-д км байдаг бөгөөд Д.М, Б.У нар бол 21 дүгээр талбай гэдэг газар дээр саатсан байдаг. 21 дүгээр талбай нь Дорнод аймгийн төвөөс 200 гаруй км байдаг. Энэ замыг 5-6 цагийн хугацаанд туулчхаад 21 дүгээр талбайгаас Халхгол сум хүртэл 140-д км замыг цаг хүрэхгүй хугацаанд туулсан гэж мэдүүлдэг. Шөнийн 01 цагийн үед Г.Бийг аваад н.Эрдэнэчимэгийн ургамлын үндсийг хулгайлсан гэж илт зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Г.Б маргааш өглөө нь 09-10 цагийн үед ирсэн, тэгэхэд манай ээж, дүү нар байсан гэж мэдүүлдэг. Гэтэл ээж, дүү нараас нь мэдүүлэг аваагүй, зам, маршрутыг тогтоогоогүй. Хэдэн цаг туулах вэ гэдгийг туршилт хийж тогтоогоогүй. Д.Мийн мэдүүлгийг үндэслэж, Г.Бийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.У хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.У, Г.Б, Д.М, А.З, Б.Э, Д.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.З, Г.Б, Д.М, Б.У нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө “Хюндай портер” загварын 08-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэн хатааж байсан 486,7 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж, хохирогч Д.Эрдэнэчимэгт 19,468,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө “Истана” загварын 67-82 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Чингис балл” гэх газар бэлчиж байсан хохирогч Ц.Б-ын 8 адууг хулгайлж, 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Г, Б.Э, Б.У нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим “Хюндай портер” загварын 29-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хар Чулуут” гэх газар нутаглах хохирогч Л.Сүхсайханы гэрийн гаднаас 2 үхэр хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

         

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ийнхүү шийдвэрлэхдээ “шүүгдэгч Д.Г, Б.Э нарт авсан албадлагын арга хэмжээ нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дуусгавар болсон” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэнсэх болон албадлагын арга хэмжээнээс хойшид бий болох үр дагаварыг үгүйсгэсэн, хууль хэрэглээний алдаатай шийдвэр болжээ.

 

Шүүхээс оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээ нь шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсноор биелэгдэж эхлэх ба хүчингүй болсон шүүхийн шийдвэр нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд “нэг хэрэгт нэг удаа ял шийтгүүлэх” шударга ёсны зарчмын дагуу хүчингүй болсон шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийн өмнө эдэлсэн үндсэн ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд оруулан эдэлснээр тооцох боловч хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд хугацааг тоолох, хяналт тавих журмыг хэрэгжүүлэх зорилгоор дээрх байдлаар дүйцүүлэн тооцохгүй.

 

Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг тоолохын үр дагавар нь энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах асуудлыг шүүх шийдвэрлэх явдал ба нэгэнт уг шийдвэр бусад шалтгаанаар хүчингүй болж буй тохиолдолд дээрх үр дагавар бий болохгүй тул тэнссэн хугацааг дууссан, албадлагын арга хэмжээг эдэлсэнд тооцохгүй юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, өмнө уг хэрэгт Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г, Б.Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн боловч хамт шийтгэгдсэн шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сард өөр гэмт хэрэг үйлдсэн нь хожим илэрч тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар магадлалаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгдэгч нарт оногдуулсан албадлагын арга хэмжээ бүрэн биелэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар магадлалын 3 дахь заалтын:

 

“...Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг энэхүү тэнсэх болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний гүйцэтгэлд тооцон дуусгавар болгож” гэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

          ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                             Ч.ХОСБАЯР