Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2026/0088

 

“Х” ХК-ийн гомдолтой,

Монголбанкны Банкны хяналт, шалгалтын газрын

 хянан шалгагч, улсын байцаагч А.Ц-д

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа    

Шүүгчид:                                              Г.Банзрагч

                                                                 Э.Золзаяа

                                                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                Д.Батбаатар                

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа                 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0414 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0378 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, А.Б, Н.Тэ, Н.Тү, хариуцагч А.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Б.Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0324 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; болон “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлээр гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч “Х-” ХК нь Монголбанкны Банкны хяналт, шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч А.Ц-д холбогдуулан Улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай *** дүгээр “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монголбанкны Ерөнхийлөгч 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Монголбанкны хяналт, шалгалтын газрын мөнгө угаахтай тэмцэх хэлтсээс Х-д хийх хэсэгчилсэн хяналт, шалгалтын удирдамж”-ийг баталжээ. Уг удирдамжаар банкны үйл ажиллагаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох журамд нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалгах, дүгнэлт гаргах, илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор тогтоосон. Хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд явуулжээ. Улсын байцаагч А.Ц- шалгалтын явцад банк нэр бүхий 8 харилцагчийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж тодорхойлоогүй болохыг тогтоосон. Мөн тэдгээрийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй нь хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлджээ.

2.2.Хариуцагч улсын байцаагч банк улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх, түүнд хяналт тавих ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж дүгнэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1 болон Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 6.2, 6.3-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэн улсын байцаагч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “Х-” ХК-д 30,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1. “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтаар улс төрд нөлөө бүхий этгээдийг тодорхойлжээ. Уг заалт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан этгээд, гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтанд хамаарна. Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарт мөн улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах албан тушаалыг нэрлэн заасан. Эдгээр хуульд хамаарах албан тушаалыг ялгаатай тодорхойлсон боловч нийтлэг агуулга нь зөвхөн бие хүнийг хамааруулах явдал юм. FATF-ын 40 зөвлөмжид ч улс төрд нөлөө бүхий этгээдийг “Politically Exposed Persons” буюу нийтийн албанд эрх бүхий албан тушаал хашдаг хүн гэж тодорхойлсон. Иймд хуулийн этгээд улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарахгүй тул улсын байцаагч 5 хуулийн этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж тооцож зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй...”,

3.2. “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.14-т заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг баталсан. Уг журмын 6.5-д мэдээлэх үүрэгтэй этгээд хяналт зохицуулалтын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөөр заасан. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны “Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага”-ын 14.1-д хуучин албан тушаалтныг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзэх эсэхийг хугацааны бус, эрсдэлийн үнэлгээнд суурилан шийдвэрлэхээр заажээ. Гэтэл улсын байцаагч 3 иргэний дансны хуулга, албан тушаалаас чөлөөлөгдсөн байдал, орлого зарлагын мэдээллийг харгалзаагүй. Ингэж эрсдэлийн үнэлгээнд суурилахгүйгээр тэднийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж тооцсон нь үндэслэлгүй...”,

3.3. “...Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн шийтгэл нь сонгох боломжгүй байдлаар тогтоогджээ. Уг шийтгэлд зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хөрөнгө, орлогыг хурааж, хуулийн этгээдийг гучин мянган нэгжээр торгохоор заасан. Тиймээс уг зохицуулалтыг хэрэглэхэд зөрчилтэй гүйлгээ илэрсэн байх нь урьдчилсан нөхцөл болно. Гэтэл улсын байцаагч эрх бүхий албан тушаалтны магадалгаандаа 8 этгээдийн нийт гүйлгээнд зөрчилтэй гүйлгээ илрээгүй гэж дүгнэсэн атлаа торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн...”,

3.4. “...Монгол Улсад улс төрд нөлөө бүхий этгээдийн нэгдсэн жагсаалт батлагдаагүй. Банк дотоод жагсаалтаа албан болон албан бус эх сурвалжаас гаргаж, харилцагчийн маягт дээрх хариултад үндэслэн хяналт тавьж байна. Нэр бүхий 8 харилцагчаас зарим нь маягтын холбогдох хэсгийг бөглөөгүй, эсхүл “үгүй” гэж сонгосон. Эдгээр харилцагч бүгд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн тул шалгалтад хамрах 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарахгүй. Иймд улсын байцаагч нэгдсэн жагсаалт байхгүй нөхцөлд өөрийн үзэмжээр, эрсдэлийн үнэлгээнд суурилахгүйгээр тэднийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “...Удирдамжийн дагуу газар дээр нь хийсэн шалгалтаар банк Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1-ийг зөрчсөн нь тогтоогдсон. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 6.2, 6.3-т заасныг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон. Эдгээр заалтаар харилцагчийн эцсийн өмчлөгч улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох үүрэгтэй бөгөөд түүний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийг адил авч үзэх ёстой. Гэтэл банк улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх, хяналт тавих ажиллагааг хэрэгжүүлээгүй. Банкны гомдолд Монголбанкны Хууль, эрх зүйн газраас дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдэд холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэжээ. Мөн журам захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдэн хүчин төгөлдөр үйлчилж байгааг дүгнэлтэд тэмдэглэсэн. 2024 оны иж бүрэн хяналт шалгалтаар банк 200 гаруй улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдээгүй зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар болон банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар тэдгээрийн хувь эзэмшдэг хуулийн этгээд, нэгдмэл сонирхол бүхий этгээдийг тодорхойлохыг үүрэг болгосон. Банк уг үүргийн дагуу 256 хуулийн этгээдийг дотоод жагсаалтад бүртгэсэн. Ийнхүү өдөр тутмын үйл ажиллагаандаа улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарал бүхий хуулийн этгээдийг хүлээн зөвшөөрч ажилладаг атлаа шүүхэд зөвхөн бие хүн хамаарна гэж тайлбарласан нь ойлгомжгүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн тайлбар өгсөн.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0414 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монголбанкны Банкны хяналт, шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч А.Ц-ийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0013481 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“...Хариуцагч “Х-” ХК-ийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Ийнхүү улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн 30,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй.

5.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5.9.1 болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 20 дугаар зүйлийн 20.2-ыг хоорондын уялдаа холбоонд нь системчлэн болон аутентик аргаар тайлбарлав. Үүнээс үзвэл нийтийн албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарна. Хамаарал бүхий этгээдэд нэгдмэл сонирхолтой этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдэд хуулийн этгээд тус тус хамаарахаар хуульчилсан. Иймд улс төрд нөлөө бүхий этгээдэд зөвхөн бие хүн хамаарна гэж гомдол гаргагч маргаж байгаа нь үндэслэлгүй.

5.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хуулийн зорилт нь мөнгө угаахаас урьдчилан сэргийлэхэд оршино. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөвхөн зөрчилтэй гүйлгээ хийгдэж бодит хохирол, үр дагавар бий болсон тохиолдолд хэрэглэнэ гэж ойлгохгүй. Иймд шийтгэлийн хуудас хуулийн зорилгод нийцсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцэж байна.

5.4.Гомдол гаргагч улсын байцаагчийн тогтоосон 3 иргэний талаар маргасан. Тэдгээрийн нэг нь нас барсан, бусад нь олон жилийн өмнө албан тушаалаас чөлөөлөгдөж хуульд заасан 2 жилийн хязгаарлалт өнгөрсөн тул өндөр эрсдэлтэй харилцагч гэж үзэхгүй гэжээ. Гэвч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан 2 жилийн хугацааны хязгаарлалт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх харилцаанд хамааралгүй тул энэ үндэслэл нь мөн үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0378 дугаар магадлалаар: Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.3 дугаар зүйлийн 1, 11 дэх хэсгийг баримтлан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, мөн 2 дахь заалтыг нэмж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон бөгөөд дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

6.1. “...Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.9.1 болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг дүгнэв. Үүнээс үзвэл улс төрд нөлөө бүхий этгээд гэдэгт төрийн өндөр албан тушаал эрхэлж буй эсвэл эрхэлж байсан хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд хамаарна. Банк нь ийм этгээдийг таньж мэдэх, өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзэх, хөрөнгийн эх үүсвэрийг нь нарийвчлан шалгах үүрэгтэй. Энэ зохицуулалт нь авлига болон мөнгө угаах эрсдэлийг бууруулах зорилготой байна.

6.2.Гэвч хариуцагч банк 8 харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй гэх зөрчлийг бодит нөхцөл байдалд хэрхэн тогтоож, нотлох баримтыг хэрхэн цуглуулж бэхжүүлсэн нь тодорхойгүй байна. Иймд хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэв. Түүнчлэн банк улсын байцаагчид төрийн хяналт шалгалтыг бүрэн дүүрэн хийх нөхцөл боломжийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ингэснээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.3-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ. Иймд хариуцагч уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд банкны байранд саадгүй нэвтэрч, хянан шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагатай. Ингэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийн дотоод жагсаалт, харилцагчийн мэдээлэл, дансанд үзлэг хийж, харилцагчийн эрх зүйн байдлыг тодруулах ёстой. Мөн шаардлагатай баримтыг дахин цуглуулах замаар зөрчлийг бодитоор тогтоох нь зүйтэй. Анхан шатны шүүх хугацааны хязгаарлалт болон шалгалтад хамаарах хугацаа маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

6.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг хэрэглэхэд хоёр урьдчилсан нөхцөл шаардлагатай. Нэгдүгээрт, тодруулах шаардлагатай нөхцөл байдал маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байх. Хоёрдугаарт, шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн ч тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх. Түүнчлэн тодруулах ажиллагааг шүүх бус захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй, оролцогчдын ашиг сонирхолд нийцсэн байх ёстой. Энэ хэрэгт цугларсан нотлох баримт, оролцогчдын тайлбараар маргаан бүхий акт хууль ёсны эсэхийг шүүх эцэслэн дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна. Иймд хариуцагч нөхцөл байдлыг бүрэн тодруулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд маргааныг дахин хянан шалгаж эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэжээ.

7.Гомдол гаргагч “Х” ХК-ийн төлөөлөгч О.О хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргасан (агуулгаар нь тусгав). Үүнд:

7.1.“...Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын гомдол, тайлбарыг бүхэлд нь хянаагүй. Ингэснээр банк улсын байцаагчийг хяналт шалгалт хийх нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан гэж илтэд үндэслэлгүй дүгнэсэн. Монголбанкны Улсын байцаагчийн дүрмийн 3.2, 4.4, 7.3.1-д зааснаар улсын байцаагч Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамж, томилолтын дагуу хяналт шалгалт хийнэ. Шалгалтын хүрээ, зорилго, чиглэл нь уг удирдамжаар тодорхойлогдоно. Гэтэл магадлалд үндэслэл болгосон Хяналт, шалгалтын газрын захирлын мэдэгдэл, улсын байцаагчийн танилцуулга, томилолт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нь Монголбанкны Ерөнхийлөгчийн удирдамжгүй байсан. Банк өмнөх шалгалтын хугацаа дууссан тул дүрэмд нийцсэн удирдамж, томилолтыг ирүүлэхийг хүссэн боловч ирүүлээгүй. Хуулийн шаардлага хангасан удирдамж, томилолттой байхад банк улсын байцаагчийг байрандаа нэвтрүүлээгүй, баримт гаргаж өгөөгүй, үзлэг хийлгээгүй тохиолдол огт байхгүй.

7.2.Удирдамжийн дагуух шалгалт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Шалгалтын хүрээнд улсын байцаагч банкны бүх харилцагчийн мэдээлэлтэй танилцсан. Иймд шалгалт дууссанаас хойш дахин “банкны нийт харилцагчийн мэдээлэл” шаардах бол Монголбанкны Ерөнхийлөгчийн шинэ удирдамж, томилолт шаардлагатай. Харин нээсэн зөрчлийн хэрэгт холбогдох 8 харилцагчийн мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаргуулна. Банк уг 8 харилцагчийн мэдээллийг хангалттай гаргаж өгсөн бөгөөд хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүх эдгээр хууль хэрэглээний ялгааг дүгнэлгүй орхигдуулж, нийт харилцагчийн мэдээллийг гаргаж өгөөгүйг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж буруу тайлбарласан. Түүнчлэн магадлалд хариуцагч шинэ актыг 8 харилцагчийн мэдээллийн хүрээнд гаргах уу, эсвэл нийт харилцагчид дахин хяналт хийх үү гэдгийг ялгаж дүгнээгүй. Ийнхүү ялгаагүй нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд халдах үр дагаварт хүргэнэ.

7.3.Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Монгол Улс 2003 онд Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенцод нэгдэн орсон. Мөн 2004 онд ФАТФ-д элссэнээр түүний 40 зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. ФАТФ-ын зөвлөмжид улс төрд нөлөө бүхий этгээдийг нийтийн албанд эрх бүхий албан тушаал хашдаг амьд хувь хүн (natural person) гэж тодорхойлсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эдгээрийг хэрэглээгүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт нь улс төрд нөлөө бүхий этгээдийг тодорхойлдог. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 нь хамаарах албан тушаалтныг нэрлэн заасан. Мөн Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбар нь ийм этгээдэд хамаарах албан тушаалыг тодорхойлсон. Эдгээр бүх хуульд улс төрд нөлөө бүхий этгээдэд зөвхөн бие хүн хамаарахаар хуульчилсан. Анхан шатны шүүх эдгээрийг буруу тайлбарлан хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.

7.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.14-ийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч журам баталсан. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 6.5-д банк зохицуулагч байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөөр заасан. Монголбанкны “Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага”-ын 3.2-т улс төрд нөлөө бүхий этгээдэд зөвхөн хувь хүнийг хамааруулсан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д зааснаар Монголбанк ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Гэтэл улсын байцаагч 5 хуулийн этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж тооцож зөрчлийн хэрэг нээсэн нь Монголбанкны албан ёсны зөвлөмжтэй зөрчилдсөн. Хариуцагч шүүх хуралдаанд банк уг гарын авлагыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж хариулсан. Ингэснээр хариуцагч улсын байцаагчийн шийдвэрийг өөрөө үгүйсгэсэн байна.

7.5.Хуулийн этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээдэд хамааруулах эсэх, мөн ийм этгээдийн статусыг эрсдэлд суурилсан үнэлгээгээр дуусгавар болгох эсэх асуудлыг Монгол Улсын шүүх урьд нь шийдвэрлэж байгаагүй. Улс төрд нөлөө бүхий этгээдийн албан ёсны жагсаалт, таньж баталгаажуулах албан ёсны эх сурвалж ч байхгүй. Иймд энэ маргааныг хянах нь эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын ач холбогдолтой. Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад хоёр удаа орж, хамгийн сүүлд 2020 онд гарсан бөгөөд дараагийн харилцан үнэлгээ 2028 онд болно. ФАТФ-ын зөвлөмжийг буруу тайлбарлан хэрэглэх нь улсын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

7.6.Улсын байцаагчийн тодорхойлсон 8 харилцагчийн гүйлгээний хэв шинж эрсдэлгүй байна. Тэдний 6 нь дансаараа гүйлгээ хийдэггүй, 1 хуулийн этгээд зөвхөн бодит үйл ажиллагааны төлбөр хийдэг, 1 иргэн дансаараа зөвхөн тэтгэврээ авдаг, 1 иргэн нас бараад 11 жил болсон. Тэд бүгд “асан”, “агсан” статустай. Улсын байцаагч өөрөө магадалгаандаа зөрчилтэй гүйлгээ илрээгүй гэж дүгнэсэн. Энэ нь эрсдэлд суурилсан зарчмын хувьд тэдгээрийг улс төрд нөлөө бүхий этгээд биш гэж үзсэнтэй утга нэг. Ийнхүү улсын байцаагч хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан эрсдэлд суурилсан хяналтын зарчмыг илт зөрчсөн. Түүнчлэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар банк албан ёсны эх сурвалж ашиглан харилцагчийг таньж мэдэх үүрэгтэй ч ийм эх сурвалжийг аль ч эрх бүхий байгууллага нийтэлж зарлаагүй. Улсын байцаагч Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим мэдээллийг ашигласан гэж тайлбарласан. Гэвч уг мэдээлэлд зөрчлийн хэрэгт дурдсан 8 харилцагчийн нэр байхгүй бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэл ч агуулагддаггүй. Иймд улсын байцаагч албан бус эх сурвалж ашигласан гэж үзнэ. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.Монголбанкны Банкны хяналт, шалгалтын газрын хянан шалгагч улсын байцаагч А.Ц-ийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “Х” ХК-ийг улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах нэр бүхий 8 харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй, тэдгээрийг таньж мэдэх, хяналт тавихтай холбоотой хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 30,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

10.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг ойлгохоор, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т нийтийн албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, түүнтэй “хамаарал бүхий этгээд” хамаарахаар, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д тухайн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээд “хамаарал бүхий этгээд” байхаар тус тус хуульчилсан тул банкны зүгээс харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны явцад эцсийн өмчлөгчтэй нь холбогдуулан аж ахуйн нэгжийг “хамаарал бүхий этгээд” гэж үзэн “улс төрд нөлөө бүхий этгээд”-д хамааруулж болохоор байна. Энэ талаарх гомдол гаргагчийн “улс төрд нөлөө бүхий этгээдэд зөвхөн хувь хүн хамаарна” гэх тайлбар үндэслэлгүй.

11.Үүнээс гадна, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14-т нарийвчилсан үйл ажиллагааг тусгасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг батлах эрхийг Монголбанкны Ерөнхийлөгчид олгож, мөн зүйлийн 5.14.1-д эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох нарийвчилсан ажиллагааг уг журмаар зохицуулахаар заасан. Энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалаар баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын 6.2-т мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийн эцсийн өмлөгч улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох арга хэмжээ авахаар, 6.3-т улс төрд нөлөө бүхий этгээдийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийг түүнтэй нэгэн адил авч үзэхээр зохицуулжээ.

12.Гомдол гаргагч “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 8.7-д заасан зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хураахаар заасан, тухайн тохиолдолд зөрчилтэй гүйлгээ бодитоор хийгдээгүй тул уг заалтаар шийтгэл ногдуулах үндэслэлгүй” гэж тайлбар гаргасан.

13.Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь /Хуульд заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтаас үзэхэд зөрчилтэй гүйлгээ бодитоор хийгдсэн, хохирол, үр дагавар бий болохыг шаардахгүй, гагцхүү мэдээлэх үүрэгтэй этгээд харилцагчийг таньж мэдэх, эрсдэлийг үнэлэх, тусгайлсан хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь зөрчил үйлдсэнд тооцно.

14.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дээр дурдсан заалтаас үзвэл банкны харилцагч нийтийн албанаас чөлөөлөгдсөн нь шууд улс төрд нөлөө бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл болохгүй боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үндэслэн улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд тооцогдож байгаа тохиолдолд энэ хуулийн 20.3-т заасан хоёр жилийн хугацааны хязгаарлалт үйлчлэх эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

15.Энэхүү хэргийн тухайд, хариуцагч улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэд явуулаагүй. Тухайлбал, улс төрд нөлөө бүхий этгээдээр тогтоогоогүй гэх 3 иргэний нийтийн албанаас чөлөөлөгдсөн хугацаа, нас барсан байдал, 5 хуулийн этгээдийн нийтийн албан тушаал эрхэлж байсан этгээдтэй хувь эзэмшил, эцсийн өмчлөгч, эсэх хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой байдлыг тус бүрээр нь ялгамжтай байдлаар тогтоож, холбогдох дүгнэлтийг хийгээгүй байна.

16.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос улсын байцаагчийн нотлох баримт цуглуулах ажиллагаанд хүндрэл учруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.3-т заасан үүргээ зөрчиж банкны байранд дахин үзлэг хийх, харилцагчийн мэдээлэл, дотоод жагсаалт, дансны мэдээлэлд хяналт шалгалт явуулах зэрэг нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх бололцоог олголгүй саад учруулсан гэж хариуцагчаас тайлбарлах боловч энэ нь эрх бүхий албан тушаалтны хувьд зөрчил, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн тогтоох эрхээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүйг анхаарах нь зүйтэй.

17.Дээрх нөхцөл байдлыг харгалзан маргаан бүхий акт хууль ёсны эсэх, хуулийн холбогдох зохицуулалтад нийцэж байгаа эсэхэд шүүхээс эцэслэн дүгнэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0378 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Х” ХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар “Х” ХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

                                          ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ   

                                                                                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                       Д.БАТБААТАР