Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 205

 

Д.Пүрэвбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Хандмаа,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаар магадлалтай, 201515000354 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Хандмаа нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гал овогт Дорждавгын Пүрэвбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан “галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн”, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Пүрэвбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгүүдэд зааснаар галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Пүрэвбат, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Хандмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Пүрэвбатад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80, 83, 84 дүгээр зүйлүүдэд заасан хэм хэмжээг хангахгүй нотлох баримтуудаар ял шийтгэл оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх хэрэгт заасан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасны дагуу үнэлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн алдааг залруулалгүй зөвхөн анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хуулбарлан магадлал гаргасан гэж үзэж байна.

Д.Пүрэвбат нь галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Түүний үйлдсэн гэх гэмт хэргийг нотлох баримт гэж байгаа ногоон өнгийн шил нь төрлийнхээ шинж тэмдгээр нэг нь нөгөөгөөсөө ялгагдах боломжгүй, үйлдвэрийн аргаар хийгдсэн, зөвхөн эвдэрсэн хэмхэрсэн гэх юм уу, шүүгдэгчийн гарын хээ гэх мэт тусгай шинжээр ялгагдах зүйл билээ. Д.Пүрэвбатын бусдын эд хөрөнгийг галдан шатаах аргаар гэмтээсэн гэх хэргийг үйлдсэн болохыг нотлох баримт тэрхүү шил болж чадахгүй байна. Тэгээд ч гэм хорын хохирлын хэмжээгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан заалтыг хангахгүй байна. Д.Пүрэвбатын үйлдсэн гэх гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох нотлох баримт болж чадахгүй баримтаар шүүгдэгчийг гэм буруутай гэж анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсан байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлийг хяналгүй магадлал гаргасан нь шударга ёс, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95, 284 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйл, тусгай ангийн 153 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  хүчингүй болгож, Д.Пүрэвбатын галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…1.Д.Пүрэвбатын гэм буруу нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдож, нотлогдоогүй байхад бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож ял оноосонд гомдолтой байна. Тухайлбал:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэж заасан байдаг. Д.Пүрэвбатад холбогдох хэргийн шүүх хуралдаан дээр хэрэгт цугларсан нотлох баримтуудын бүгдийг нь шинжлэн судалсан боловч хэрэгт цугларсан нотлох баримт Д.Пүрэвбатыг гэр шатаасан гэдгийг биш өөр бусад байдлуудыг нотлосон байхад шүүх бүрэлдэхүүн эдгээр нотлох баримтууд Д.Пүрэвбатыг гэр шатаасан гэдгийг нотолж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Д.Пүрэвбатыг хохирогч Ц.Энхтогтохын гэрийг шатаасан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байгаа гол нотлох баримт нь хохирогчийн гэрийн гаднаас олдсон "Маteus” нэртэй дарсны ногоон шил юм. Энэ гол нотлох баримт болоод байгаа ногоон шилнээс манай хүүхдүүд бензин үнэртэж байна гэж яриад байсан гэж хохирогч Ц.Энхтогтох мэдүүлсэн байдаг. Мөн хамт олдсон цагаан хуванцар савны ёроолд жоохон бензин байсан гэж мэдүүлдэг боловч эдгээр 2 савыг мөрдөн байцаалтын шатанд хураан авч шинжилгээнд явуулахад бензин илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн эдгээр 2 сав дээрээс шүүгдэгчийн хурууны хээ илрээгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

-Д.Пүрэвбатын ээж Ц.Лхагватогтохыг дээрх хэргийн газраас олдсон ногоон шилийг таньж олуулах ажиллагаанд оролцуулж эд зүйл таньж олуулах ажиллагаа /хх 13/ явуулахад “№3 гэсэн дугаартай шилтэй ойролцоо шил байх шиг байсан, ямар шил байсныг сайн санахгүй байна. Урт хүзүүтэй шил байсныг санаж байна” гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх уг баримтыг эд зүйлийг таньж олсон гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7 дахь хэсгийг зөрчсөн.

-Хэргийн газраас олдсон гэх ногоон шил хамгийн сүүлд хаана байсан гэдгийг гэрчлэх хүн байдаггүй, дарсны шил нь нэг ижил хэлбэр, хэмжээтэй олон тоогоор үйлдвэрлэгддэг эд зүйлийг ямар онцлог шинжээр нь таньж байгаа нь эргэлзээтэй байтал хэргийн газраас олдсон юм чинь Д.Пүрэвбат л гаднаа байсан ногоон шилэнд бензин хийж авчраад энэ айлын гэрийг шатаасан байж таарна гэсэн таамгаар түүнийг гэм буруутайд тооцож яллаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

-Д.Пүрэвбатыг яллаж байгаа хоёр дахь гол нотлох баримт бол гэрч Ө.Төмөрбаатарын мэдүүлэг юм. Ө.Төмөрбаатар нь /хх 33, 80, 187/ гурван удаа мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй юм. Гэтэл шүүх бүрэлдэхүүн нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Мөн гэрч Ө.Төмөрбаатарынд ирсэн залуу Д.Пүрэвбат мөн юм бол 23 цагийн үед саахалт айлдаа хоол идчихээд харьж унтахаар гарсан Д.Пүрэвбат хэдийд нь согтотлоо архи уугаад, хаанаас улаан “Мустанг-5” маркийн мотоцикль болон 2 сав олж, бензин хийгээд 23 цагийн үед айлын гэр шатаагаад, согтуу байж хашаан дээгүүр нь давж явах боломжтой юу? тэр даруй цагдаа нар ирж хохирогч айлын залуус Бямбадолгорын хашаан дээгүүр хүн даваад явчихлаа гэж хэлэхийг сонсоод хайж байхад тэд нартай таарахгүй хаагуур нь зөрөөд явчихваа гэдэг нь үнэхээр эргэлзээтэй байдаг. Гэрч Ө.Төмөрбаатарын гэр хохирогч Ц.Энхтогтохын арын гудамжны яг харалдаа ард талын айл байхад цагдаа нарт үзэгдэхгүй Ө.Төмөрбаатарынд орсон гэдэг нь мөн цаг хугацааны хувьд эргэлзээтэй байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.

2. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн, шуурхай явагдаагүйд гомдолтой байна. Тухайлбал: Энэ хэргийн тухайд хохирогч гал гармагц дуудлага өгсөн байдаг. Цагдаа нар тэр даруй хохирогч Ц.Энхтогтохынд очоод нотлох баримт болоод байгаа ногоон шилийг олоод тэр шилний тухай хохирогч нараас асуухад гэрч Бямбадолгор Д.Пүрэвбатынд байсан шил мөн байна гэж хэлсэн байдаг. Хэрэв гэмт хэргийн дуудлага хулээн авч хэргийн газар очсон цагдаагийн албан хаагч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтоо биелүүлж тэр даруй Д.Пүрэвбатын гэрт очиж түүнийг гэртээ байгаа эсэхийг шалгах, эсвэл хэргийн газраас олдсон ногоон шил, цагаан сав хоёрыг олон хүнд дамжуулж гараар нь бариулж хурууны хээг нь арилгуулахгүйгээр тэр дор нь битүүмжлээд авсан бол энэ хэргийг хэн үйлдсэн гэдэг нь бүрэн нотлогдох байсан гэж үзэж байна.

-Д.Пүрэвбатын мэдүүлгийн дагуу яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдсэн боловч ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Ногоон шилний хагархайг хаясан хог хаядаг жалганы зургийг авсан боловч тэр ногоон шил тэр жалганд байгаа эсэхийг ухаж үзээгүй нь хэрэгт авагдсан гэрэл зургаас харагддаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр Д.Пүрэвбат нь би намар гэр нүүлгэхдээ гэрийн гадаа байсан ногоон шилийг хагарахаар нь малын хөл гэмтээх байх гээд шилний хагархайнуудыг хог хийдэг жалга руу хаясан. Ногоон шилний хагархайг хаясан гэх хогтой жалгыг мөрдөн байцаагч ухаж үзээгүй, хүрзгүй очсон. Тэр ногоон шил байгаа газрыг ухуулмаар байна гэсэн хүсэлт тавьсан боловч авч хэлэлцээгүй.

-Хохирогч Ц.Энхтогтохын охин Бямбадолгорын өмнө уулздаг байсан гэх Болдоо гэх залууг шалгах шаардлагатай талаар бичгээр хүсэлт өгөөгүй ч мөрдөн байцаагчид амаар хэлсэн боловч шалгаагүй. Хүмүүсийн ярьж байгаагаар Болдоо гэх залуугаас байцаалт авч зургийг нь авсан гэдэг боловч энэ талаар хавтаст хэрэгт ямар ч материал байхгүй. Яагаад Болдоо гэх залууг шалгуулах шаардлагатай гэж үзсэн гэхээр хэрэг болдог өдөр буюу Д.Пүрэвбат хохирогч Ц.Энхтогтохынд орой 19 цагийн үед сүү авчирч өгчихөөд хөдөө гэр рүүгээ явсаны дараа хохирогч Ц.Энхтогтохын охин Бямбадолгор Болдоо гэх залуутай уулзаад зогсож байсныг Д.Пүрэвбатын дүү Сэржмядаг, Цэрэндолгор нар харсан байдаг. Энэ талаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр Сэржмядаг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би Бямбадолгорт чи яасан сонин хүн бэ? манай ахтай уулздаг байж гэсэн чинь Бямбадолгор нөгөө залуудаа хүрдан явъя, мотоциклоо асаа гээд нөгөө залуу нь мотоциклоо асаах гэсэн чинь асахгүй түрээд, тэгээд асаагаад нөгөө хүнтэйгээ хамт явчихсан. “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклтэй байсан” гэж мэдүүлж байсныг сайн санаж байна. Энэ талаар Бямбадолгороос тодруулахад би тэр өдөр тийм залуутай уулзаагүй гэж эрс үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байхад энэ мэдүүлгийн үнэн зөвийг шалгаагүй. Хэрэг болдог өдрийн орой Бямбадолгорын уулзаж байсан Болдоо гэх залуу нь нас өндөр царай зүсний хувьд Д.Пүрэвбаттай төстэй бөгөөд гэрч Ө.Төмөрбаатарын анх өгсөн мэдүүлэг дээр Ө.Төмөрбаатарынд ирсэн залуу “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклтэй байсан мотоциклээ түрээд явсан зэрэг мэдүүлэг нь Сэржмядагийн мэдүүлэгтэй таардаг.

Гэрч Ө.Төмөрбаатар нь садан төрлийн хувьд хохирогч Ц.Энхтогтохынтой холбоогүй гэдэг ч гэсэн олон жил айл саахалт байсан бөгөөд өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг, байнга архи уудаг, хохирогч Ц.Энхтогтохынд ихэнхи өдөр өнждөг талаар хүмүүс хэлдэг. Үнэнийг хэлэхэд Д.Пүрэвбатын эцэг, эх болон өмгөөлөгч миний зүгээс гэрч Ө.Төмөрбаатарыг хохирогчийн талаас болон бусад хүмүүсийн нөлөөлөлд автахгүйгээр үнэн шударгаар мэдүүлэг өгч чадах гэрч гэдэгт эргэлзэж байна. Гэрчийн мэдүүлээд байгаа цэнхэр хилэн дээл, цэнхэр эрээн дээл, хүрэн дээл нь Д.Пүрэвбатад байдаггүй. Мөн Д.Пүрэвбат нь хэрэг болдог өдөр хоёр бөөрний таг нь цэнхэр өнгөтэй үлаан өнгийн “Хенсим” маркийн мотоциклтэй хохирогчийнд сүү авчирч өгсөн. Аав нь шар өнгийн мотоциклтэй гэдэг нь тодорхой байхад мөрдөн байцаагч энэ талаар шалгаагүй. Гэрч Ө.Төмөрбаатар улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклтэй залуу манайд ирсэн гэж тодорхой мэдүүлээд байхад Д.Пүрэвбатын мотоциклийн өнгө, марк зөрж байгааг анхаарч шалгаагүй. Болдоо гэх залуу нь Уянга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Шийрэв гэх хүний эхнэрийн хамаатан бөгөөд хэрэг үйлдэгдсэн 2015 оны 10 сард Болдоо нь “хэрэгт холбогдох гээд байна, цагдаа асуугаад байна гэнэ намайг хэрэг намжтал сумын төвөөр битгий үзэгд, хөдөө байж бай гэсэн. Шийрэв ах аргална гэсэн” гэж хөдөө нутаглах айлуудад ярьсан талаар гэрчлэх хүмүүс байдаг.

Бямбадолгороос Болдоо гэх залуугийн талаар асуухад манай холын хамаатан гэж дуулсан гэж мэдүүлсэн боловч хүмүүсийн ярьж байгаагаар Бямбадолгорын ээж хохирогч Ц.Энхтогтох нь Шийрэв даргын ахтай гэрлэж байсан бөгөөд нөхөр нь нас барсан, Болдоо гэх залуу Шийрэв даргын эхнэрийн хамаатны залуу гэдэг нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг үнэн зөвөөр тогтоох боломжгүй болгосон. Үнэндээ мөрдөн байцаагч, прокурор болон бусад хүмүүс Д.Пүрэвбатыг хохирогч Ц.Энхтогтохын гэрийг шатаасан гэсэн итгэл үнэмшилтэй болсон гэхэд болно. Д.Пүрэвбат энэ хэргийг үйлдээгүй байж болох уу гэдэг өнцгөөс харахыг хүсээгүй.

3. Д.Пүрэвбатыг буруутгах хандлага ажиглагддаг талаар:

Хохирогч Ц.Энхтогтохын охин Бямбадолгор нь гэр нь шатсаны дараа харанхуйд хашаан дээгүүр нь хүн давж явахыг харсан байдаг. Хэргийн газраас ногоон шил олдоход Бямбадолгор “Д.Пүрэвбат бид хоёрын олсон шил мөн байна” гэж хэлдэг. Хэрэг болдог орой цагдаа ирээд урд гудамжнаас морь янцгааж дуугарсан гэж хэлэхийг сонсоод Бямбадолгор “Д.Пүрэвбатад гаднаа байнга аргамждаг хээр морь байдаг” гэж хэлсэн байдаг /хх-42/. Д.Пүрэвбатын тэр хээр морь нь 2015 оны 10 дугаар сарын 4-нд аргамжаанаасаа алга болсон байсан гэдгийг саахалт айлын Пүрэвцагаан болон бусад гэрчүүд гэрчилдэг /хх-160/. Бямбадолгороос “гэрч Ө.Төмөрбаатар Д.Пүрэвбатыг цэнхэр эрээн дээлтэй ирсэн талаар мэдүүлсэн. Д.Пүрэвбатад цэнхэр эрээн дээл байдаг уу гэж асуухад хүрэн өнгийн бөөрөнхий цэнхэр хээтэй дээл байдаг гэж гэрчийн мэдүүлгийг дууриалгаад худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Д.Пүрэвбатад ямар, ямар хувцас байдаг, юу өмсдөг талаар нь хамт байдаг хоёр айлын хүмүүс гэрчилдэг.

4. Д.Пүрэвбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа хэлдэг. Мөн хохирогч цагдаа Билгүүнд хохирлыг барагдуулж гомдолгүй болгосон. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Пүрэвбатад холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш сумын цагдаа нар нь Д.Пүрэвбатыг зүгээр явуулахаа больсон их дарамттай хэцүү байна гэж өөрөө ярьж байсан.

5. Давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг яагаад үндэслэлгүй гэж үзсэн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол яагаад үндэслэлтэй талаар тодорхойлох хэсэгтээ дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 325 дугаар зүйлийн 325.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй магадлал гэж үзэж байна.

6. Д.Пүрэвбатад холбогдох хэрэг 2015 оны 10 сард үүссэн бөгөөд шүүх хурал анх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 21-ний шүүх хурлаар шийтгэх тогтоол гарсан. Хэрэг шийдвэрлэх хугацаа удаашралтай байгаа бөгөөд хэргийн холбогдогч Д.Пүрэвбатын эцэг, эх нь Уянга сумаас аймгийн төв рүү байнга ирж очих нь хүндрэлтэй байгаа тухай ярьсан. Мөн Д.Пүрэвбат нь 2016 оны 5 дугаар сарын эхээр уурхайд ажиллахаар тохирсон байсан боловч энэ хэргээс болоод ажилд орж чадаагүй нэр төр, амьдрал ахуйгаараа маш их хохирч байгаа талаараа ярьсан. Д.Пүрэвбатын эцэг гэрч Ө.Төмөрбаатар нь сүүлд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ миний талаар огт үндэслэлгүй худлаа зүйлүүд ярьсанд гомдолтой байгаагаа хэлсэн /хх-187/. Д.Пүрэвбатын эх Ц.Лхагватогтох Бямбадолгор “тэр шилэнд архи хийнэ гэхээр нь би угаагаад зурагтны хажууд тавьсан” гэж ор үндэслэлгүй зүйл ярьсан байна лээ, мөн манай гадаа байдаг айлаас 2 удаа мөнгө хулгайлсан талаар нь хэлж эмэгтэй хүн ийм байж болохгүй урьд өмнө юм алга болж байгаагүй хүмүүс чамайг авсан гэж хардаж байна гэж хэлсэнд уурласан юм болов уу гэж ярьсан.

7. Д.Пүрэвбат нь 21 настай бөгөөд урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, архи тамхи хэрэглэдэггүй, эцэг, эхдээ тусалж хөдөө мал маллаж амьдардаг даруу төлөв зантай залуу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тогтоох үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Д.Пүрэвбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргахгүй байна. Харин галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, таньж олуулах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр ...нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Д.Пүрэвбатын “галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн” гэх хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлаас гэмт хэргийн сэдэлтийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шөнийн цагаар дотор нь хүмүүс унтаж амарч байсан орон гэрийг галдан шатааж буй үйлдэл нь хэргийн сэдэлт, зорилгоос хамаарч Эрүүгийн хуулийн өөр, өөр зүйл, хэсгээр зүйлчлэгдэх бүрэн боломжтой юм.  

Мөн шүүгдэгчийг буруутгаж буй гол нотлох баримт болох эд мөрийн баримтаар хураагдсан “mateus” гэх бичигтэй ногоон өнгийн шилийг гэрч Ц.Лхагватогтохоор, Д.Пүрэвбатыг гэрч Ө.Төмөрбаатараар тус тус таньж олуулсан ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Таниулах гэж буй хүн, эд зүйлийг ямар байдалтай байхад үзсэн, ямар шинж тэмдэг, онцлогоор таньж болохыг таньж олох гэж байгаа хүнээс урьдчилан асууж энэ тухай тэмдэглэлийн эхэнд тусгахаар хуульчилсан байтал хэрэгт авагдсан таньж олуулсан тэмдэглэлээс үзэхэд таньж олуулах хүн, ногоон өнгийн шилээ эхэлж таньж олох гэж буй хүндээ харуулсаны дараа таньж олуулсан нь таньж олуулах журам зөрчигджээ. Тухайлбал: Ө.Төмөрбаатар нь “хаалга хүчтэй нүдэж ус асуусан гэх хүнийг содон шинж тэмдэг, зургаар бол танихгүй” гэж гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн атлаа таньж олуулах ажиллагаанд оролцож, фото зургийг үзүүлэхэд шууд таньж байгаа нь дээрх алдаа нөлөөлсөн гэж үзэхээр эргэлзээтэй байна.

Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж Ц.Энхтогтохын охин Бямбадолгор, Д.Пүрэвбат нарын хувийн харьцаанаас үүдэлтэй талаар баримтууд хэрэгт авагдсан боловч шүүх уг асуудалд ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаагүй баримтыг шүүх хууль ёсны гэж дүгнэж, нотлох баримтаар үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх уг зөрчлийг зөвтгөлгүйгээр  хэргийг шийдвэрлэжээ.

Дүгнэхэд Д.Пүрэвбат гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг гэрт байсан гэх ногоон өнгийн шил хохирогчийн гэрийн хажуунаас олдсоноос өөр шүүгдэгчийг буруутгах нотолгоо хэрэгт авагдаагүй бөгөөд энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Хандмаа нарын гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, Д.Пүрэвбатад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Пүрэвбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                                                                            ДАРГАЛАГЧ

                                                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                            ШҮҮГЧ                                               Ч.ХОСБАЯР