Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00012

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08441 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн *******-ийн задаргаа, угсаргааны *******аар ажилд орсон. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Т/22 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр чанаргүй ажил гүйцэтгэсэн үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан.

1.2 Тухайн өдөр хуваарилагдсан ажил болох том уул уурхайн машины цилиндрийн сальник резиний жийргийг сольж байхад тусгай зориулалтын багаж байхгүй байсан тул солих боломжгүй талаар нэхэмжлэгч нь ахлах менежер инженерт хэлсэн ба ...чи өөрөө аргалаад хий гэсний дагуу гараар сольж байхдаа тасалсан, тасалсан резинийг дахиад шинэ резинээр сольж ажлыг дуусгасан.

1.3 Дээрх тушаалд ямар доголдлыг, хэрхэн яаж гаргасныг хариуцагчийн зүгээс огт бичээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасан үйлдлүүдийг гаргасан эсэх талаар ямар нэгэн шалгалт хийсэн зүйл байхгүй. Ажилтан мэргэжлийнхээ ур чадварыг буруу ашиглаад, эсхүл хайнга хандаад резин жийргийг сольсон уу, эсхүл резинийг сольж байх явцдаа багаж хэрэгсэлгүйн улмаас тасалсан уу, эсхүл бараа хүлээн өгөгч инженерийн өгсөн боолтуудыг боохдоо алдаатай байсныг мэдсээр байж боосон уу, эсхүл өгсөн боолтуудыг нь өөрөө дур мэдэн сольж аваад боосон уу гэх зэрэг хяналт шалгалт хийсэн, дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Мөн гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байна гэсэн эрх зүйн зохицуулалт бүхий акт, дүгнэлт, комиссын шийдвэр гараагүй.

1.4 Урьд нь, зөрчил гаргасантай холбоотойгоор ямар нэгэн сахилгын зөрчил оногдуулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *******-ийн угсралтын ажлыг хийсэн. Угсралтын ажлыг хийгээд шалгалтын хуудас бөглөдөг. Ингээд бүх ажлыг дуусгаад 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаа явуулсан. Гэтэл 02 дугаар сарын 27-ны өдөр ...таны энэ ажил чинь доголдолтой байна гэсэн видео бичлэг болон үүнийг сольж өг гэсэн и-мэйл ирсэн. Үүнийг манай ахлахууд харж ажиллах боломжгүй цилиндр болжээ, манайхаас алдаа гаргасан байна гэсэн тул шинэ цилиндр 125,000,000 төгрөгөөр авч явуулсан. 03 дугаар сарын 21-ний өдөр "Акалико Монголиа" XXК-ийн засварын баг тухайн цилиндрийг задалж үзэхэд 8 ширхэг ижил хэмжээтэй 24х80 боолтоор боох ёстой байхад нэг богино нарийхан боолтоор боогоод тэр нь алдаад, доголдол үүсээд ажиллах боломжгүй цилиндр болсон нь илэрсэн. Иймд, дээрх үндэслэлээр ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлсөн.

2.2 *******д 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сахилгын арга хэмжээ оногдуулсан, мөн 02 дугаар сарын 07-ны өдөр алдаа гаргасан. Тухайн үед багт ажиллаж байсан бүх хүнд сахилгын шийтгэл оногдуулсан ч нэхэмжлэгчид сахилгын зөрчил өмнөх өдөр нь авчихсан байсан учир сануулаад өнгөрсөн.

Талууд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ******* нь Хөдөлмөрийн гэрээний 16.7, 16.13, 16.14, 16.15-д заасан ноцтой зөрчлүүдийг тус тус гаргасан. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулаагүй учир шийтгэлийн хуудас үйлдээгүй, хурал хийгээгүй.

2.3 *******ийн гомдлоор энэ маргааныг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо шийдвэрлэсэн. Тус тэмдэглэлийг нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй. Гэтэл тэрээр 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд, шүүхэд хандах эрхээ алдсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-нд холбогдох ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Т/22 дугаартай Ажлаас халах тушаалыг гардаж аваад Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан. Тус хороо гомдлын дагуу хуралдаж хурлын тэмдэглэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хэдий ч хуралд оролцсон албан тушаалтан гарын үсэг зураагүй байна гэсэн үндэслэлээр өгөхгүй байж байгаад 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өгсөн. Гардаж аваад ажлын 10 хоногийн дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан.

4.2 Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахдаа хугацааг тодруулаад 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болохыг шалгасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, эсвэл хугацаа хэтэрсэн байвал шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хариуцагч болон нэхэмжлэгч нарт нэг өдөр, нэг цагт гардуулаагүй. Харин нэг тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байна.

4.3 Анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр *******ыг асуусан. Тус тэмдэглэл бичгийн хэлбэрт орж оролцсон талууд танилцан гарын үсэг зурж баталгаажуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* танилцаж гарын үсэг зураагүй байсан. Мөн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байхад түүний гарын үсгийг хэн нэг этгээд зурсан байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гарын үсгүүд хоорондоо илтэд зөрүүтэй байна.

Иймд, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан бөгөөд үүнээс хойш ажлын 10 хоногийн дотор буюу 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 44 минутад шүүхэд хандсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр буюу гомдол гаргах хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс анхан шатны шүүх хугацаатай холбоотой асуудлыг үнэн зөв дүгнэж, холбогдох хууль тогтоомж болон нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэсэн.

5.2 Түүнчлэн нэхэмжлэгч гэрч асуух ажиллагааг хариуцагчийн хүсэлтээр явуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн гэрчийг нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан нь тогтоогдож байна. Мөн гэрч асуух ажиллагааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гарын үсэг зурагдаагүй гэх асуудал дэвшүүлсэн боловч уг ажиллагаанд хариуцагч талаас ******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гарын үсэг тэмдэглэлд зурагдсан. Түүнчлэн *******ын гэрчийн мэдүүлэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөвхөн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой. Уг гэрчийн мэдүүлэгт 2025 оны 05 дугаар сарын 06, 13, 26, 28-ны өдөр гардаж авсан талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаагүй.

Мөн нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлгийн агуулгатай маргаагүй, уг мэдүүлгийг хуульд заасны дагуу авсан, үнэн зөв болохыг үгүйсгээгүй байгаа тул үүнийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ сахилгын зөрчил гаргасан эсэх үйл баримтад дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.

4. Ажил олгогч *******-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 23/79 дугаар тушаалаар *******ийг задалгаа угсаргааны оператор албан тушаалд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, мөн түүнтэй 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх 23-28/

4.1 Улмаар, *******-ийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Т/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх хэсэг, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.13, 16.14 болон 16.15 дугаар заалтуудыг үндэслэн Задаргаа угсаргааны механик албан тушаалтай *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /хх 5/

4.2 Дээрх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлд хамаарч байна. Энэ тохиолдолд зөрчил тогтоогдсон байхыг шаардахаас гадна талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар харилцан тохиролцсон байх учиртай. Мөн ажил олгогч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

4.3 Талуудын байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 16.13-т Өөрийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийн улмаас өөрт нь хариуцуулсан болон бусад эд хөрөнгөнд, мөн бусдын буюу гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан, эвдэж гэмтээсэн, сүйтгэсэн эсвэл хохирол учруулах, эвдэж гэмтээх, сүйтгэх боломжийг бүрдүүлсэн гэж, 16.14-т Компанийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан, удаа дараа өгөгдсөн ажил үүргийг биелүүлээгүй, үр дүн гаргаагүй, бусдад буруу үүрэг даалгавар, зааварчилгаа өгсөн, буруу шийдвэр гаргасан, хариуцсан ажил, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас компанид эдийн болон эдийн бус хохирол учруулсан гэж, 16.15-д Хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц зөрчил гаргасан гэж тус тус заасныг ажил олгогч нь тушаалын үндэслэлээ болгожээ.

4.4 Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь цилиндрийг дутуу боосон, механикийн ажлыг дутуу хийсэн, чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байхаас гадна хэргийн 38-42, 75-96 дахь талд авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Иймд ажил олгогчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Т/22 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийцжээ.

5.1 Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Мөн зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг, эсхүл тухайн маргааныг шийдвэрлэсэн уг хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

5.2 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг гардан авч, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогчийн дээрх шийдвэрийн талаар хандсан. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/07 дугаар тэмдэглэлээр Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгов. Иймд ажилтан энэхүү тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэжээ. /хх 35-37/ Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

5.3 Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан болох тухай тэмдэглэлийн ...хүлээлгэн өгсөн гэх бичвэрээр тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч тухайн тэмдэглэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаа баримтаар нотолж чадаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэлээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан. /хх 1 хуудасны ар тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг 6 өдрөөр хэтрүүлж буюу 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч талын ...тэмдэглэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардан авч ажлын 10 хоногийн дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Уг журамд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарна. Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн эсэх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч талын ...хугацаа хэтэрсэн байвал шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.5 Гэрч *******аас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хэсэгт ******* гэж гарын үсэг зурсан /хх 65/ байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

М.БАЯСГАЛАН