| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/01673/И |
| Дугаар | 210/МА2026/00013 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00013
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09063 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 41,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь эцэг, эхээс долуулаа бөгөөд эцэг, эхээс үлдсэн *******, *******, *******д байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нийт 900 м.кв орчим талбай бүхий газартай байсан. Уг газрын өмчлөгчөөр эцэг, эх, үр хүүхдүүдийн нэр дээр бүртгэлтэй байсан.
1.2 2024 онд дээрх өмчлөлийн газар дахин төлөвлөлтөд орохоор болсон бөгөөд газраа чөлөөлж, нөхөн олговор авах болсон. Нийслэлийн дахин төлөвлөлтийн газраас бидэнд ...танай газар олон хүний нэр дээр байгаа учраас та нар нэг хүнийхээ нэр дээр болго, тэгээд тэр хүний чинь нэрээр гэрээ байгуулж нөхөн олговрыг олгоно гэсэн шаардлага тавьсан. Бид ярилцаж байгаад хамгийн бага дүү болох *******гийн нэр дээр болгон бусад нь нэрээ хасуулж дахин төлөвлөлтөд оруулсан. Бидний газар 287,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Газрын нөхөн олговор болох 287,000,000 төгрөг бага дүү *******гийн дансанд 2024 оны 05 дугаар сард орсон.
1.3 Бид 287,000,000 төгрөгийг ах, дүү 7 хүн ижил тэнцүү буюу нэг хүнд 41,000,000 төгрөг авахаар тохиролцсон боловч ******* мөнгийг одоо болтол өгөхгүй байна.
Иймд *******гээс дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 41,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Тус өмчлөх эрхийн гэрчилгээтэй хоёр газар бол бидний эцэг, эхээс үлдсэн газар. Гэхдээ ах ******* хэлснээр ...бүх хүүхдүүд нь нэрээ оруулсан хамтран өмчлөгчид байсан гэдэг бол худал. Тиймээс хууль ёсны өмчлөгчид нь болох том эгч *******, мөн ******* бид хоёр ах ******* өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй, төлбөр байхгүй. Бид хоёр газраа 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зарж, зуучлагчийн хөлс, өрөө хасаад, үлдсэн 286,000,000 төгрөгийг ах, дүү долоон хүн адилхан хувааж авсан.
2.2 ******* ах нь архинаас хамааралтай, уухгүй байж тэвчдэггүй, дандаа согтуу байдаг тул 41,000,000 төгрөгийг нь өгөөгүй. Уг мөнгийг өгснөөс нэг өрөө байр авч өгөхөөр том эгч бид хоёр ярилцсан. Ах ******* нь 3 жилийн өмнө гэх эмэгтэйтэй гэрлэлтээ батлуулсан. нь манай ээжийн гэрт архидан согтуурч, агсан тавьсан тул цагдаа дуудаж эрүүлжүүлсэн, манай гэр бүлийг үл хүндэтгэсэн. Түүнчлэн, эхнэр нь том эгч ******* рүү удаа дараа утсаар болон мессежээр ах ******* газрын мөнгийг нэхэх болсон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс нийт 41,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 362,950 төрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч нь маргааны эрх зүйн үндэслэлээ гэр бүлийн дундын өмчөөс хувь хүртэх эрхтэй гэж томьёолж нэхэмжлэл гаргасан боловч тэр нь нотлогдсонгүй. Маргааны зүйл болж буй газрын өмчлөгчөөр гэр бүлийн бүх гишүүд бүртгэлтэй байж байгаад нэрсээ хасуулж бага дүү *******гийн нэр дээр шилжүүлсэн байсан мэтээр нэхэмжлэлд дурдсан нь худлаа. Хэргийн 25 дахь талд авагдсан дугаартай, Улаанбаатар хот, *******, , ******* ны тоотод орших 618,34 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмшигчээр ******* бүртгэлтэй байгаагүй. Уг газрыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгч хоёр этгээд нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр гэгчид 65,000,000 төгрөгөөр худалджээ.
Мөн дугаартай, Улаанбаатар хот, *******, , ******* ны тоотод орших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 381.56 м.кв хэмжээтэй газрын эзэмшигч өмчлөгчөөр *******, ******* нар байсан бөгөөд мөн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр д 35,000,000 төгрөгөөр худалдсан. Дээрх газрууд гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хэзээ ч бүртгэлтэй байгаагүй.
4.2 Нэхэмжлэгчийн ...дээрх газруудыг төрөөс дахин төлөвлөлтийн улмаас газраа хураалгаж, нөхөн олговор авахаар болж мөнгийг нэг хүнд нь шилжүүлнэ гэсний улмаас гэр бүлийн ах дүү долуулаа ярилцаж байгаад бага дүү *******гийн нэр дээр дангаар бүртгүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг үйл баримт нь мөн бичгийн нотлох баримт болох хур системийн мэдээлэл болон хэргийн 19, 23 дугаар талуудад авагдсан *******, ******* нарын өмчлөлийн газруудыг худалдах, худалдан авах гэрээ гэх баримтаар няцаагдаж байна.
4.3 Тус газар бидний ээж ын өмчлөлд нас барах үед нь бүртгэлтэй байгаагүй, 318,56 м.кв талбайтай газар нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бүртгэлтэй байгаад, бэлэглэлийн гэрээгээр т шилжсэн байсан ба 618,34 м.кв талбайтай газар нь түүний өмчлөлд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл бүртгэлтэй байгаад т мөн шилжсэн байсан.
******* Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шүүх түүнийг өвлөгч мөн хэмээн тогтоож газруудын худалдсан мөнгийг өвийн зүйл гэж шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байна. Хөрөнгө өмчлөгч нас барснаас хойш нэг жилийн дотор өвлөх хүсэлт гаргаагүй мөн зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвийн зүйлийг хүлээн авахаас татгалзсанд тооцогддог. Нэхэмжлэгч нь хоёр хүний дундын өмчлөлийн газраа худалдсан мөнгөнөөс хувь хүртэхээр нэхэмжилж байгаа юм бол яагаад ганцхан *******г хариуцагчаар татсанд шүүх дүгнэлт өгөөгүй.
4.4 Маргаж буй өмчийг өв гэж үзэх нь үндэслэлгүй болох тухай дахин нэг хэсэг баримт байгаа нь, талийгаач ын өмчлөлөөс амьд ахуй цагт нь, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр т тухайн хоёр газар хоёулаа бэлэглэлийн гэрээгээр шилжсэн ба улмаар нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд шилжүүлсэн зэрэг дөрвөн гэрээнүүдийг нэхэмжлэгч нь хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх хүчин төгөлдөр тэдгээр гэрээнүүдээр өмчлөх эрх шилжиж өмчлөгч солигдсон үйл баримтыг юу гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүйгээр, ээж нь нас барахаасаа өмнө гэрээгээр шилжүүлчихсэн өмчүүдийг өвлөгдөж хуваагдвал зохих хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.5 Хариуцагч нь зарим ах дүү нартаа 41,000,000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийн өөрийн сайн дураараа гарган өгсөн Хаан банкны дансны хуулганаас 62-63 талд, мөн Хаан банкнаас ирсэн хуулга 65-66 талд харагдаж байх хэдий ч *******д бас заавал 41,000,000 төгрөгийг өгөх ёстой гэсэн үндэслэл алга байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анх нэхэмжлэл гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа нэхэмжлэгч талын гарт байгаагүй бөгөөд ******* зүгээс өгсөн мэдээллээр ах, дүү нар харилцан тохиролцож, эцэг эхээс үлдээсэн газрыг ижил тэнцүү хувааж авахаар ярилцсан, улмаар нэгнийхээ нэр дээр шилжүүлсэн гэх ойлголт нэхэмжлэгч талд байсан. Уг нөхцөл байдлыг үндэслэн тухайн хөрөнгийн өмчлөгч байсан гэж ойлгон нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүссэний дараа нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэн авсан бөгөөд түүхчилсэн лавлагаагаар ******* нэр анхнаасаа өмчлөгчөөр бүртгэгдээгүй нь тогтоогдсон. Гэвч уг газар нь ах, дүү нар, эцэг эхийн хөрөнгө байсан гэдэг нь нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Мөн эцэг эх нь амьд ахуй цагтаа уг газрыг хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн бөгөөд тухайн хүүхэд бусад ах, дүү нартайгаа хамтран эцэг эхээс үлдээсэн хөрөнгийг худалдан борлуулсан орлогыг ижил тэнцүү хувааж авах талаар харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон. Уг тохиролцоо нь тодорхой, маргаангүй, ойлгомжтой байсан бөгөөд үүнийг тогтоох үүднээс гэрчийг шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд долоон ах, дүү нарын 5 нь оролцсон буюу зарим нь зохигч, зарим нь гэрч, зарим нь ажиглагчаар оролцсон. Иймээс уг харилцааг өвийн харилцаа гэхээс илүүтэйгээр ах, дүү нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.
5.2 Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ах, дүү долоо эцэг эхээсээ үлдээсэн хөрөнгийг ижил тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжийг хангаж байна гэж үзсэн. Анхан шатны шүүх уг үндэслэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин өвийн харилцааны хувьд эх нь нас барахаасаа өмнө уг хөрөнгийг ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд дараа нь ийн нэр дээр байсан уг хөрөнгийг *******гийн нэр дээр шилжүүлж, улмаар худалдан борлуулж, олсон орлогыг ах, дүү нарын дунд хуваарилсан нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэл гаргах үед уг шилжилтийг буруу ойлгож *******гийн нэр дээр шилжсэнийг ******* нэр дээр шилжсэн мэтээр ташаа бичсэн асуудлыг нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд дурдсан байна. Гэвч бодит байдалд ******* нэр дээр уг хөрөнгө шилжсэн тохиолдол огт байгаагүй болно.
5.3 Талуудын хооронд тухайн хөрөнгийг худалдан борлуулж, олсон орлогыг ижил тэнцүү хуваах талаар тохиролцоо хийгдсэн болох нь дөрвөн ах, дүү нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Мөн хариуцагчийн хариу тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг авч үзэхэд *******д ногдох мөнгийг өгөх ёстой гэдгийг үгүйсгэсэн тайлбар огт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, 41,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ ...эцэг, эхээс үлдээсэн, өмчлөлийн газрыг бусдад худалдсан мөнгийг хүүхдүүд нь адил тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон тул өөрт ногдох хэсгийг гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлагыг ...ах ******* нь архинаас хамааралтай тул түүнд 41,000,000 төгрөгийг өгөөгүй. Мөн түүний эхнэр нь архидан согтуурч, агсан тавьж манай гэр бүлийг үл хүндэтгэсэн гэж үгүйсгэн маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 *******, ******* нар нь төрсөн ах дүүгийн хамааралтай бөгөөд тэдгээрийн эх 2023 онд нас барсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
3.2 Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, ******* , тоот хаягт байршилтай, 381.56 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс бүртгэгдсэн. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр ийн өмчлөлд, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд тус тус шилжсэн. Улмаар, *******, ******* болон нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг газар ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн. /хх 19, 21-22, 43-44/
3.3 Улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, *******, *******, ******* , тоот хаягт байршилтай, 618.34 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн ийн өмчлөлд, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр ын өмчлөлд, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр ийн өмчлөлд, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд тус тус шилжсэн. Улмаар, *******, ******* болон нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг газар ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн. /хх 24-25, 43-44/
3.4 Хариуцагч нь дээрх 2 газрыг бусдад худалдаж, нийт 293,000,000 төгрөгийг хүлээн авсан. /хх 26/
3.5 Гэрч *******, нар нь ...эх ын нэр дээр байсан газрыг ******* болон ******* нарын нэр дээр шилжүүлж, бусдад худалдан борлуулж, газруудын үнэ болох 293,000,000 төгрөгөөс 287,000,000 төгрөгийг бусадтайгаа хувааж авахаар харилцан тохиролцсон гэж мэдүүлсэн. /хх 100-102/
3.6 Дээрх 2 газрыг бусдад худалдсан үнийн дүнгээс ах дүүсийн хамт адил тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцож байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын эх нь тухайн газрын өмчлөгч байсан. Улмаар, хэлцлийн дагуу газрын өмчлөх эрх хариуцагчид шилжсэнээр хариуцагч нь уг газрыг *******гийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн газрыг хариуцагчтай хамт дундаа хэсгээр болон хамтран өмчилж байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
4.1 Харин хариуцагч нь тухайн газрыг бусдад худалдан борлуулсан үнийн дүнгээс 41,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх талаар хэлэлцэн тохиролцож байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгээгүй, мөн гэрч нарын дээрх ...газруудын үнэ болох 293,000,000 төгрөгөөс 287,000,000 төгрөгийг бусадтайгаа хувааж авахаар харилцан тохиролцсон гэх мэдүүлгээс үзвэл хариуцагч нь тухайн газрыг дээрх хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчтэй дундаа хэсгээр өмчлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг дундаа хэсгээр өмчлөх эрх үүссэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 515 дугаар болон 520 дугаар зүйлд заасан өвийн эрх зүйд хамаатуулан дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон байх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.
4.2 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч нь газрыг бусдад худалдсан мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгээ хариуцагчаас шаардах эрхтэй. Ийнхүү нэхэмжлэгчид ногдох хэсэг 41,000,000 төгрөг болох талаар зохигч маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв. Түүнчлэн, хариуцагчийн ...ах ******* нь архинаас хамааралтай, ...түүний эхнэр нь архидан согтуурч, агсан тавьж манай гэр бүлийг үл хүндэтгэсэн гэх татгалзал нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй тул хариуцагч талын ...заавал 41,000,000 төгрөгийг өгөх ёстой гэсэн үндэслэл алга байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.3 Харин анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан зохицуулалт хамааралгүй гэж, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж тус тус дүгнэн, мөн хуулийн 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх хугацааны талаарх зохицуулалтыг шаардах эрхийн үндэс болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар зөвтгөн дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 208 дугаар зүйлийн 208.2 гэснийг 108 дугаар зүйлийн 108.8 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН