| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0161/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 16.7.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 170
2019 06 10 2019/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
насанд хохирогч А.Хүслэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.овгийн Т.Н-д холбогдох эрүүгийн 1934000000135 дугаартай хэргийг 2019оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй,мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 10 дугаар баг, Ялалт 3-р гудамж 12 тоотодоршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 61 дүгээр байр 32 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,97120311 регистрийн дугаар Б.овгийн Т.Нд
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Н нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын төвд “морь муу уналаа” гэх шалтгаанаар 9 нас 3 сар 11 хоногтой буюу бага насны Анхмаагийн Хүслэнгийн шилбэн тус газар нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд бага насны А.Хүслэнг “морь муу уналаа” гэх үйлдлийн төлөө удаа дараа хэрцгий харьцан зодож, “хүнд хэлбэл ална” гэж дарамтлан бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н:
...гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин мэдээлэг өгөхгүй...,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Хүслэн:
...12 дугаар сарын 12-ны өдөр Гончигоо ахынд морь унаж эхэлсэн. 03 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Морь унахдаа морь муу унасан гээд эсгий түрийтээр хөл рүү өшиглөдөг. Морьноос унасан гээд хацар луу цохидог. Намайг Төв аймгаас явах гэж байхад утсаар яриад тааралдсан газар чинь очоод ална гэж хэлсэн. Ална шүү, гөлөг минь гээд байдаг байсан...,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаа:
...2018 оны 12 дугаар сарын 12-ноос 2019 он 03 дугаар сарын 12-ны өдөр Гончигоо гэдэг айлд байсан. Сардаа нэг удаа очдог байсан. Очиход нүүр ам нь шалбарсан байдаг байсан. Яасан юм бэ гэхэд тоглож байгаад унасан гэж хэлсэн. Бүтэн хоёр сар юм хэлээгүй. 02 дугаар сарын сүүлээр багш нь ярьсан. Хүслэнгийн ээж нь үү Хүслэн өдөр болгон биедээ шарх сорвитой ирдэг. Өөрөөс нь асуухаар морьноос унасан гэж хэлдэг. Ангийнх нь хүүхдүүд Н гээд ах нь зодож байхыг харсан гэж хэлсэн байсан. Би тэгээд Гончигоо гэдэг хүнд нь хэлсэн. Би очоод хүүхдээ харахад хацар нь хавдаад хөвөрсөн. Хоёр хол нь улаан эрээн болсон байсан. Тэгээд тархи толгойны гэмтэл байхгүй. Зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хэлсэн. Хүүхдийнхээ сэтгэл санаанд хар толбо үүсгэсэн. Гомдолтой байна. Хамраас нь цус гараад байгаа. Эмчид үзүүлсэн чинь агаарт байлга гэсэн. Эмээтэйгээ ихэвчлэн хөдөө байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно. Зураг авахуулсан мөнгө 370 000 төгрөгийг авсан. Ахиад мөнгө хүрэхгүй зураг авахуулахад 50 000 төгрөгийг нэмж авсан. Дараа нь 36 000 төгрөгийн эмний мөнгийг нь авсан. Нийт 456 000 төгрөгийг авсан. Би өөрөө эмчилгээ хийлгээд эм авсан 50 000 төгрөг надаас гарсан байгаа... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934000000135 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаагийн /хх-ийн 6-7 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнгийн /хх-ийн 9-10, 11-12, 13-14, 15-16 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Отгонбаярын /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Т.Сайнбаярын /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Б.Баттуяагийн /хх-ийн 24 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболорын /хх-ийн 31-32 дугаар хуудас/, яллагдагч Т.Н-ийн /хх-ийн 37-40 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн “Натур эмнэлэгт” компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 28-30 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Н-ийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 41-47 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын төвд 9 нас 3 сар 11 хоногтой буюу бага насны А.Хүслэнг “морь муу уналаа” гэх шалтгаанаар шилбэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дарааххохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаагийн ...Очсоноосоо хойш гэртээ огт ирээгүй харин би очиж байсан бөгөөд надад янз бүрийн зүйл ярьдаггүй, хэлдэггүй байсан. Нд зодуулж цохиулсан талаар ярьдаггүй байсан. Нүүр нь жижиг хөхөрсөн юм байдаг байсан. Тэрийгээ тоглож байгаад ийм болсон гэдэг байсан. Одоо биеийн байдал нь зүгээр хэвийн байгаа. А.Хүслэн одоо өлзийт хороололд Гончиг гэх хүний уяачийнд байгаа... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнгийн ...2018 оны 10 сард морь унаж байхад туслах уяач гэх Н ах намайг ойр хавьд хүн байхгүй байхад хэд хэдэн удаа чи мор эмээлэлгүй зайдан уна, даага муу зан сургаад, морь буруу унаад байх юм гэх мэтээр намайг зодож биед гэмтэл учруулж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос Гончигоо ах болон манай гэрээс хүн ирэхээр чи намайг зодсон гэж хэлүүл ална шүү гэж мэтээр дарамталж байсан. Тэгээд сумын сургууль дээр манай багш миний хөлийг хараад юу болсон талаар асуухад би айгаад морь унаж байгаад хашаанд нидэрсэн.юм гэж хэлээд багш сумын эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн юм... ...гуталтай хөлөөрөө хөл болон шилбэ рүү өшиглөж зодоод байсан. Гараараа болон морины хөлс хусдаг хусуураар гар нуруу руу цохиж зодож гэмтэл учруулж байсан. Одоо толгой өвдөнө, гишгэж явахад хөл өвдөж байна... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
... Н ах намайг зодоод би маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сургуульдаа яваад ангид ирсэн чинь багш нүүр амаа яасан юм гээд тэгээд би багшид айгаад морь унаж байгаад унасан. Мөн хашаанд хавсарсан юм гэж хэлсэн.../хх-ийн 11-12 дугаар хуудас/,
...миний баруун хацарт учирсан зулгаралтыг... ... Н бид хоёр байхад усанд оруулж байхдаа бие угаадаг юмаар миний баруун хацрыг ямар өнгө ордоггүй юм гэж хэлээд олон удаа зүлгэсэн. Зүлгэхдээ уурлаад байсан юм... ...миний зүүн хацрыг... ... Н уурлаад гараа зангидаж байгаад цохисон... ...миний баруун, зүүн шилбэнд учирсан гэмтлийг намайг тэнд очсоноос хойш 1 сар өнгөрснөөс хойш заримдаа зүгээр байхдаа уурласандаа эсгий түрийтэй гутлаараа өшиглөөд байдаг юм. Яг хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Морь муу уналаа гэж уурлаад өшиглөдөг юм......намайг хөлөөрөө бөгс рүү цохиж байсан. Мөн духанд нясалдаг, халбагаар духанд цохидог. Ингэж цохиж байхдаа уурлаж байдаг юм... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
...хэзээ гэдгийг нь санахгүй байна. Намайг хоёроос гурван удаа морь муу уналаа гэж шалтгаанаар гуталтай хөлөөрөө өшиглөж байсан... ...мөн усанд оруулж байхдаа миний хацрыг зулгалсан... ...хөлөнд учирсан гэмтлийг бол хөлөөрөө өшиглөсөн. Нүүрэнд учирсан гэмтлийг бол гараараа усанд оруулж байхдаа зулгалсан... ...морины хусуураар цохиж байх шиг байсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Г.Отгонбаярын ...миний мэдэж байгаагаар бол даага унаж байгаад амыг нь дийлэхгүй явж байгаад зүүн хөлөө хашаанд цохиж байсан байгаа. Хурдны морь унахыг нь бид нараас эхлээд бүгд хэлж ярьж байсан юм... ...А.Хүслэнг зодож байхыг нь хараагүй. А.Хүлсэн хүртэл өөрөө бид нарт хэлж байгаагүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Т.Сайнбаярын ...миний хувьд 2 удаа хоёр удаа л хөл рүү нь өшиглөж байхыг харсан. Морь муу уналаа хорогдууллаа гэх шалтгаанаар л өшиглөж байсан юм... ...Тэрнээс биш гараараа болон бусад өөр зүйлээр цохиж зодож байхыг нь хараагүй. Хөл рүү нь өшиглөж байхыг нь харсан. Тэгээд А.Хүслэн сургуульдаа алхаж явдаг учраас хөлийнх нь хавдар буудаггүй байсан юм... ...Өшиглөснөөс нь хойш зүүн хөл нь хавдсан байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Б.Баттуяагийн ...Сургуульд хичээл орж байхад манай ангийн хүүхдүүд багшаа А.Хүслэнгийн хөлийг хардаа гээд байсан. Тэгээд харахад хөл нь хөхөрч хавдсан байсан юм. Тэгээд асуухад А.Хүслэн морь унаж байгаад унахдаа хашаанд цохисон гээд байсан. Тэгээд шалгаагаад асуугаад байсан чинь манай туслах уяач ах эсгий түрийтэй гутлаараа өшиглөж цохисон юм гэж байсан. Хоёр хөл нь хөхөрч хавдсан, чих нь хөлдсөн, хацар шанаа нь хавдартай байсан. Мөн хөл хөхөрч хавдсанаас хойш шанаа нь зулгарсан байсан юм... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
шинжээч И.Ганболорын ...хохирогч А.Хүслэнгийн баруун хацарт учирсан зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн хацарт учирсан цус хуралт нь мөн дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн шилбэнд учирсан хавдар гэмтэл нь тус тусдаа болон нийтдээ ч гэсэн гэмтлин хөнгөн зэрэгт хамаарч байна... ...дээрх гэмтлүүд нь бүгд үргэлжилсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
яллагдагч Т.Нгийн ...Миний хувьд А.Хүслэнг 3 удаа зодож байсан... ...2019 оны цагаан сарын дараахан байсан байх би яг сар өдрийг нь санахгүй байна. А.Хүслэн нь морь унаж байгаад мориноосоо үсрээд буугаад морь жигшээгээд байхаар нь чи чадахгүй байж морь жигшээлээ тэнэг хүүр вэ гэж хэлээд зүүн хөл рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн байгаа... ...Үүнээс хэд хоногийн дараа даага унаж байгаад нөгөө дааганаасааайгаад үсрээд буухаар нь би уурлаад мөн зүүн хөл рүү нь би өөрөө баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... ...Тэгээд сүүлд буюу саяхан би А.Хүслэнг усанд оруулж багйаад хацар дээр нь хар өнгийн юм наалдчихсан байхаар нь бие угаадаг юмаар хүчтэй үрчихсэн чинь хацар нь зулгарчихсан байгаа... ...Өөрөөр би гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй... /хх-ийн 37-40 дүгээр хуудас/гэх мэдүүлгүүд,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ийг хүртэлх хугацаанд бага насны А.Хүслэнг “морь муу унасан” гэх үйлдлийнх нь төлөө удаа дараа хэрцгий харьцан зодож, “хүндхэлбэл ална” гэж дарамтлан бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахшинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн “Натур эмнэлэгт” компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 28-30 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Нгийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 41-47 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Н нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын төвд 9 нас 3 сар 11 хоногтой буюу бага насны А.Хүслэнг “морь муу уналаа” гэх шалтгаанаар шилбэн тус газар нь өшиглөж зодсон,
Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд бага насны А.Хүслэнг “морь муу унасан” гэх үйлдлийнх нь төлөө удаа дараа хэрцгий харьцан зодож, “хүнд хэлбэлална” гэж дарамтлан бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн үйлдлүүд нь хохирогч А.Хүслэнг бага насны хүүхэд гэдгийг мэдэх боломжтой, мэдсээр байж түүний эсрэг цохиж зодсон, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Нг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч А.Хүслэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаа нар нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгч Т.Н-с мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнгийн эмчилгээний зардалд 370.000 /гурван зуун далан мянга/ төгрөг, нэмж 50.000 /тавин мянга/ төгрөг, эм тарианы мөнгө 36.000 /гучин зургаан мянга/ төгрөг, нийт 456.000 /дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг тус тус өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаагийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Н-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Харин насанд хүрээгүй хохирогч А.Хүслэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргүүдэд нь тус бүр тухайн зүйл хэсэг, заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах боломжтой гэж тус тус үзлээ.
Шүүх гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Н-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8.,36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тусудирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.овгийн Т.Н-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.овгийн Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсандөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Т.Нд шүүхээс оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.овгийн Т.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Б.овгийн Т.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Насанд хүрээгүй хохирогч А.Хүслэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Анхмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.овгийн Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.овгийн Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН