| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/04748/И |
| Дугаар | 210/МА2026/00054 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00054
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09693 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 61,623,767 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б/31 дугаартай, Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангиллыг батлах тухай тушаал гаргасан.
Дээрх тушаалаар ажилтнуудын ажлын байрыг өөрчлөн, үндэслэлгүйгээр ажлын байр нь хасагдсан, өөрчлөгдсөн талаарх хууль бус шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Уг тушаалыг эс зөвшөөрсөн ажилтнууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх ажил олгогчийн дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гарсан.
1.2 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу манай компани Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 5 ажилтны цалин хөлсийг олгохдоо 33,433,196 төгрөгийг төлсөн. Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 771/А0150061 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагаар нэр бүхий 5 ажилтнуудын цалин хөлсийг олгохдоо компанийн мөнгөн хөрөнгөнөөс олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж үзэн нөхөн олговорт олгосон дээрх мөнгөн хөрөнгийг буруутай шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч биелэлтийг ирүүлэхийг шаардсан.
1.3 Иймд ажилтан ******* цалингийн зөрүүнд олгосон 8,457,923 төгрөг, ажилтан *******ийн цалингийн зөрүүнд олгосон 4,048,846 төгрөг, ажилтан *******т олгосон 10,695,490 төгрөг, *******т олгосон 753,486 төгрөг, *******, ******* нарт олгогдсон цалингийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт төлсөн дүнгийн зөрүү ******* 2,998,918 төгрөг, *******ийн 1,235,910 төгрөгийг шүүхийн шийдвэр гарснаас томилогдох хүртэлх хугацааны цалинд нийт 28,190,571 төгрөг , мөн 5 ажилтны цалин хөлсийг олгосон 33,433,196 төгрөг, нийт 61,623,767 төгрөгийг *******ас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 02 дугаар cap хүртэл *******-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Компанийн орон тоо, бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан. Хуучин 4 албатай алба болгон даргатай байсан бөгөөд, ажлын уялдаа холбоо оновчгүй байсныг 3 газар болгон нэгтгэж, 4 дарга байсныг 3 захиралтай болгон өөрчилсөн.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харгалзан өөр албан тушаалд томилох, нэг ажлын байранд удаан хугацаагаар ажилласнаас зүй бус нөлөөнд автахаас сэргийлж өөр албан тушаалд сэлгэж ажиллуулах шийдвэрийг гүйцэтгэх захирлын тушаалаар хамтад нь шийдвэрлэсэн. Өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэж томилсон, үүнээс үүдэн цөөн тооны ажилтнуудын албан тушаалын цалин хөлс буурсан явдалд зарим ажилтнууд сөргөөр хүлээн авсан.
2.2 Зөрүү болон ажиллаагүй хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэгч нь байгууллага хохироосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус 5 ажилтны ажлын байранд шинээр ажилтан авч, Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан орон тоог хэтрүүлэн давхар цалин олгож, байгууллагын цалингийн зардлыг хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй, 2021-2023 оны байгууллагын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтээс тод харагддаг, миний ажиллаж байсан хугацаанд жил бүр байгууллагад хийсэн аудитын дүгнэлт болон бусад газрын шалгалтаар дээрх асуудлууд тавигдаж байгаагүй.
2.3 Мөн *******ийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон цалин нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон байтал Үндэсний аудитын газрын зөрчил арилгах тогтоол 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
3.1 Хариуцагч ******* нь ажил үүргийнхээ дагуу өөрөө зөв гэж үзсэн шийдвэрээ гарган ажилласан байна. Санаатайгаар гэм хор учруулсан гэдгийг нэхэмжлэгч баталж чадсангүй. Гэм хорыг мөн нотлоогүй байна. Иймд хариуцагч гэм буруутай гэж үзэхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч *******ас 20,043,520.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,580,247.21 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 258,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 14,938 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 *******-д хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тухайлбал, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон боловч дээрх шүүхийн шийдвэрт дурдсан нөхөн төлбөр нь нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол болох нь тогтоогдоогүй. Хэрэв нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан байх тохиолдолд хохирол нь тухайн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан байх учиртай бөгөөд хохирол учирсан болохыг нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд нэхэмжлэгч байгууллага нотлох үүрэгтэй.
5.2 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 771/А0150061 дугаар Зөрчил арилгах тухай дүгнэлтийг нэхэмжлэлийн үндэслэл болгосон буюу хохирол учирсан болох нь тус дүгнэлтээр тогтоогдсон хэмээн шаардсан. Гэтэл тус дүгнэлтэд *******-д хохирол учирсан талаар дүгнээгүй бөгөөд гагцхүү авлагаар бүртгэсэн бүртгэлийн талаар дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрээр бусад ажилтанд олгосон нөхөн олговрыг авлагаар бүртгэсэн тул тус авлагыг барагдуулах талаар дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.
Байгууллагын нийт ажилчдын тоо 2022 оны зорилтот түвшинд 40 ажилтантай байсан ба 1,154,753.8 төгрөг гэж төсөвлөснөөс 2023 онд хийсэн аудитын дүгнэлтээр гүйцэтгэл нь 39 ажилтантай 1,025,721 төгрөгийн зарцуулж 88 хувийн биелэлттэй буюу 139,028,800 төгрөг хэмнэж ажилласан байна. Хэрэв шүүхийн шийдвэрээр байгууллагаас олгосон мөнгө цалингийн санг давж илүү зардал гарсан бол байгууллагуудын бодит хохирол болсон гэж үзнэ. Дээрх аудитын дүгнэлтээс харвал тус ажилчдад шүүхийн шийдвэрээр олгосон зардал нь байгууллагад ямар нэг хохирол үзүүлээгүй. ******* болон бусад ажилчдын оронд шинээр хүн авч цалин давхардуулж олгоогүй. Албан тушаал буурсан ******* болон ******* нарын цалин тухайн үед бууруулаагүй байсан бөгөөд одоогийн тухайн захирал төлөөлөгч удирдах зөвлөлийн аудитор байх үедээ ажлын байрны дагуу цалин олго гэсэн шаардлагын дагуу бууруулсан байдаг. Мөн 2022 оны тайланг миний бие аудитад хамгаалах боломж өгөөгүй бөгөөд энэ тухай Үндэсний аудитын газар өргөдөл өгсөн бөгөөд хариу бичигт эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж зөвшөөрсний дагуу дүгнэлт гаргасан гэсэн бичиг өгсөн. Харин би уг аудитын дүгнэлтэд гарын үсэг зураагүй, тэр тухай надад мэдэгдээгүй.
5.3 Нэхэмжлэгчийн зүгээс шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг төрд учирсан хохирол хэмээн тодорхойлж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн төрд учирсан хохирлыг нэхэмжилж буй тухайгаа тодруулан тайлбарласан байдаг. Гэтэл анхан шатны шүүх төрд хохирол учирсан эсэх, хэрэв учирсан бол төрд учирсан гэх тухайн хохирлыг нэхэмжлэгч байгууллага шаардах эсэхэд дүгнэлт хийлгүйгээр. нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан хэмээн дүгнэн шийдвэрлэсэн нь диспозитив зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлж нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан хэмээн дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
5.4 Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэв нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан гэж дүгнэх тохиолдолд тухайн хохирлыг барагдуулах буюу шаардах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохирол шаардах эрхийг Дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж буюу Монгол Улсын хэрэгжүүлэхээр хуульчлан тогтоосон. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжлэх эрх хуулиар гагцхүү ид хариуцуулсан атал нэхэмжлэгч нь тус хуулийн зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэл гаргах буюу шаардах эрх *******-д Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар олгогдоогүй болох нь Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тогтоогддог.
5.5 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хариуцагчийн үйлдэл болон үр дагаварт шууд шалтгаант холбоо байхгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 *******-ийн хувьцаа эзэмшигч нь , өмчлөгч нь төр. Ийм учраас Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 771 дугаар Зөрчил арилгуулах тухай шийдвэрийн дагуу өөрт учирсан хохирлыг өөрийн байгууллага зөрчлийг арилгуулах ёстой гэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт нийцэхгүй байх тул тус зөрчлийг арилгуул гэх үүрэг өгсний дагуу нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 20,000,000 гаруй төгрөг буюу одоо ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн мөнгөн дүнг гаргаж, бусдыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6.2 2022 оны аудитын дүгнэлт 2023 оны 03 сард танилцуулагддаг. Чөлөөлөгдсөн захиралд танилцуулах үүрэггүй.
6.3 манай байгууллагын хувьцаа эзэмшигч. Төлөөлөн удирдах зөвлөл сангийн яамтай холбоотой байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл гэх хуулийн этгээд байхгүй учраас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжил гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 20,000,000 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа боловч хувьцаа эзэмшигч нар нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр болсон тул энэ талаар гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 61,623,767 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан. /1хх 33-34/
3.2 *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажлын байрны зохион байгуулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг гүйцэтгэх захирал *******д үүрэг болгосон. /1хх 27-29/
3.3 Улмаар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар дээрх тогтоолыг үндэслэн компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангилал, ажлын байрны жагсаалтыг баталсан ба үүнтэй холбоотой зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, ажлын байрыг өөрчилсөн. /1хх 30-33/
3.4 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00993 дугаар шийдвэрээр *******т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,584,517 төгрөгийг *******-аас гаргуулан олгож шийдвэрлэсэн. /1хх 35-39/
3.4.1 Мөн шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02307 дугаар шийдвэрээр ийг урьд эрхэлж байсан ажил буюу *******-ийн дотоод хяналтын албаны ахлахын ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 1,894,285 төгрөгийг *******-аас гаргуулан эд олгож шийдвэрлэсэн. /хх 16-26/
3.4.2 Мөн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03104 дугаар шийдвэрээр *******ийг *******-ийн дотоод хяналтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, *******-аас 2,101,160 төгрөгийг гаргуулан *******т олгож шийдвэрлэсэн. /хх 9-15/
3.4.3 Мөн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03105 дугаар шийдвэрээр *******ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 753,486 төгрөгийг *******-аас гаргуулан *******т олгож шийдвэрлэсэн. /1хх 109-117/
3.4.4 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00026 дугаар магадлалаар *******ийг *******-ийн Олон Улсын эрх зүйч, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,474,162 төгрөгийг *******-иас гаргуулан *******өд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. /1хх 40-46/
3.4.5 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02823 дугаар захирамжаар ******* нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй холбоотой тушаал, шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тушаал нөхөн гаргуулах, 2021 оны 04 сараас ажил, албан тушаалдаа үргэлжлэн ажилласнаар тооцсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх шаардлага болох 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 18 сар, 2 өдрийн цалин хөлс болох 15,379,068 төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 6-8/
3.4.6 Мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/02905 дугаар захирамжаар *******ийн цалин хөлсний зөрүү 4,048,846 төгрөгийг төлж барагдуулахыг ******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх 80-82/
3.4.7 Мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/03180 дугаар захирамжаар *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,695,490 төгрөг төлөх, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрсөн *******-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 94-95/
3.4.8 Мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/00860 дугаар захирамжаар ******* цалингийн зөрүү 8,457,923 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн *******-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх 85-87/
3.5 Үндэсний Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 801/А0150061 дугаар албан шаардлагад ...Нөхөн олговорт олгосон 25,712,516 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах... гэж, /1хх 120/ мөн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 771/А0150061 дугаар албан шаардлагад ...Компанийн авлагад бүртгэлтэй нийт 34,991,722 төгрөгийн авлагыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авч ажиллаагүй зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг ны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргад даалгав гэсэн байна. /1хх 47/
4. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлээгүйгээс хариуцагчийн хайхрамжгүй, болгоомжгүй хандсан гэм буруу нөлөөлсөн, улмаар байгууллагад хохирол учирсанд хариуцагчийг гэм буруутай гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас *******т хамаарах 2,101,160 төгрөг, эд хамаарах 1,894,285 төгрөг, *******т хамаарах 6,338,003 төгрөг, *******өд хамаарах 8,474,162 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ 1,235,910 төгрөг, нийт 20,043,520 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг. Ийнхүү тухайн гэм буруутай этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт зохицуулсан.
4.2 Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн 2022 оны Б/31 дугаар тушаалаар компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангилал, ажлын байрны жагсаалтыг баталж, зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, ажлын байрыг өөрчилсөн.
Улмаар, нэр бүхий ажилчид уг асуудлаар буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой шүүхэд гомдол гаргаснаар дээрх шүүхийн шийдвэрүүд гарч, *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гаргасан тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэн, тус компанид мөнгөн хөрөнгийн үүрэг ногдуулсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хор гэж заасан үндэслэлд хамаарахгүй.
4.3 Учир нь, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцох бөгөөд мөн зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг дүрэмдээ заана.
Сангийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тушаалын хавсралтаар баталсан *******-ийн дүрмийн 6.1-д зааснаар компанийн өмчлөгч нь төр байх бөгөөд түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн дүрмийн 7.1-д хувьцаа эзэмшигчийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байхаар заасан. Түүнчлэн, мөн дүрмийн 7.4.9 болон 7.4.10-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, өөрчлөх, чөлөөлөх, мөн гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байхаас гадна дүрмийн 9.1-д гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заасан байна. /2хх 32-43/
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлагыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, мөн зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн, мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 97 дугаар зүйлд заасан компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй, мөн хуулийн 98 дугаар зүйлд заасан мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулан гаргаж өгсөн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө. Мөн, *******-ийн дүрмийн 9-д компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлагын талаар заасан.
4.4 Үүнээс гадна Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан захирах-захирагдах харилцааны хүрээнд үүрэг хүлээсэн ажилтан биш юм.
5. Дээрхээс үзвэл *******-ийн үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг зэрэг нь Компанийн тухай хууль болон дүрмээр тодорхойлогдох бөгөөд энэ хүрээнд гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу гаргасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэрээр *******-д үүрэг ногдуулсанд гүйцэтгэх захирлыг шууд буруутгах буюу түүнийг ажилтанд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ гэм хор учруулсан гэж дүгнэх нь үндэслэлгүй.
Түүнчлэн, энэхүү маргаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгыг төсөөтэй хэрэглэхгүй. Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 20,043,520 төгрөгийг шаардах эрхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах давж заалдах гомдлыг хангана.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 41,580,247 төгрөг гаргуулах хэсгийг хариуцагч хариуцвал зохих этгээд биш, мөн шүүгчийн захирамжаар хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой нэр бүхий ажилтны нэхэмжлэлийг ******* нь зөвшөөрснийг баталж, мөн зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн маргаанд хариуцагчийг гэм буруутай гэж шууд үзэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.
7. Үндэсний Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 801/А0150061 дугаар, мөн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 771/А0150061 дугаар албан шаардлагаар нөхөн олговорт олгосон мөнгөн хөрөнгийг буруутай этгээдээс гаргуулахыг эрх бүхий этгээдэд даалгасан нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийг шууд үүсгэхгүй.
8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруугүй агуулгаар дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлсэн байна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох, гэм хорын хохиролд 61,623,767 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН