| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/13611/И |
| Дугаар | 210/МА2026/00058 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00058
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14771 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 7,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,200,000 төгрөг, алданги 2,600,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн үлдэгдэл төлбөр 5,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 40, 46/
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4. Талууд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Түрээсийн гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ гэх гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* нь *******, ******* сум, *******, *******, ******* хаягт байршилтай, 41 м.кв талбайтай орон сууцыг хоолны газрын үйл ажиллагаа явуулах чиглэлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *******т түрээслүүлэх, ******* нь түрээсийн төлбөрт 1 сарын 1,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 10-11/
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөрт нийт 7,400,000 төгрөг төлсөн, үүнд дэнчин 1,400,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон суутгасан /хх 45/, хариуцагч нь тухайн орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан. Өөрөөр хэлбэл, зохигчид уг үл хөдлөх эд хөрөнгийг цайны газрын зориулалтаар түрээсэлсэн үйл баримтад маргаагүй. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэлтэй /хх 11/ үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.
5. Харин анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
5.1 Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх бөгөөд мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Хэрэв уг шаардлагыг хангаагүй бол мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр бус болно. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, талуудын хооронд гэрээний үүрэг үүснэ.
5.2 Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээг хэдийгээр бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн гэрээний 7.8-д Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээ дээрх хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангахгүй байх тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
6. Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөрийг буюу үүргийг гэрээнд заасан хэмжээгээр шаардах боломжгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хариуцагч ашигласан хугацаагаар үр шимийг нь нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6.1 Зохигчийн тайлбараар хариуцагч нь маргааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 9 сарын хугацаанд аж ахуйн зориулалтаар ашигласан үйл баримт тогтоогдсон.
6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 5,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. /хх 40, 46/ Иймд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 9 сарын төлбөр /нэг сарын түрээс 1,400,000*9 сар/ 12,600,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7,400,000 төгрөгийг хасч, үлдэх 5,200,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Харин түрээсийн гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги 2,600,000 төгрөгийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд алдангийн талаарх тохиролцоо хэрэгжих боломжгүй. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
8. Хариуцагч шүүхэд ...******* өгөх ёстой хууль ёсны мөнгө 3,600,000 төгрөгөөс барьцааны 1,000,000 төгрөг суутгаад 2,600,000 төгрөг төлөх ёстойгоос 5,200,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсний дагуу хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас нийт 5,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 5,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын хураамж 139,750 гэснийг хураамж 98,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 139,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
М.БАЯСГАЛАН