| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/30463/И |
| Дугаар | 210/МА2026/00059 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00059
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөгийг *******-ээс, 2,000,000 төгрөгийг *******ээс тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 6,000,000 төгрөг, хариуцагч *******д холбогдуулан 2,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч *******-д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
3.1 ******* нь *******-тэй 2021 оны 11 дүгээр сард зуурмагийн тоног төхөөрөмжийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар аман хэлбэрээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх 41, 69-70/
Үүний дагуу *******-аас урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******-д шилжүүлсэн. /хх 13/ Уг үйл баримтад талууд маргаагүй.
3.2 Анхан шатны шүүх ******* болон *******-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
3.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
3.4. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт хариуцагч *******-д 6,000,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь зуурмагийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.
3.5 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч *******-д шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
3.6 Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр шаардлага гаргасан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг гомдлыг хангахгүй.
Мөн хариуцагч нь тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулахад ойртуулж авч ирсэн бөгөөд үүний зардалд 6,000,000 төгрөгийг зарцуулсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4. Хариуцагч *******д холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
4.1 Анхан шатны шүүх хариуцагч *******ийг дээрх гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байхаас гадна талууд үүнд давж заалдах гомдол гаргаагүй.
5. Зохигчид гэрээний үүрэгтэй холбоотой хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд үндэслэгдээгүй байх хэдий ч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
М.БАЯСГАЛАН