| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0156/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 161
2019 05 27 2019/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгч Г.У,
хохирогч Х.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснааряллах дүгнэлт үйлдэж ирүүлсэншүүгдэгч Ц.овгийн Г.У холбогдох эрүүгийн 1834000900102 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын05-ныөдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг, Борнуур суманд 1988оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой,мэргэжилгүй,Дабль пирамид ХХК-нд ажилчин, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Төв аймаг, Борнуур сум, Өгөөмөр 15-1тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзан шийтгүүлсэн,бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,88012119 дугаарын регистртэй, Ц.овгийн Г.У
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн баруун талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчим Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүдэнд нь “Хараа” нэртэй тал шил архиар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У:
...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Пүрэвсүрэн:
...2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 11 цагийн орчим 36 гээд байрны гадаа Г.У-тай таарсан. Би Г.У-тай машинд маргалдаад машин хөдлөөд явсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын соёлын төвийн баруун талд очоод зогссон. Тэгээд Г.У намайг буугаад ир гээд буусан чинь намайг архины шилээр цохисон. Би одоо нэг нүдгүй болсон. Гомдолтой байна, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1834000900102 дугаартай хэрэгт хохирогч Х.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 14-15, 16-17, 18-19, 20-21 дугаар хуудас/, гэрч Х.Мандалын /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Э.Болормаагийн /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Ж.Оюунцэцэгийн /хх-ийн 24, 34 дүгээр хуудас/, гэрч Л.Баярсайханы /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч С.Оюунцэцэгийн /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Б.Гантулгийн /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Г.Болд-Эрдэнийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Хашбаатарын 31 дүгээр хуудас/, гэрч С.Дунгаамаагийн /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Л.Алтангэрэлийн /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч П.Болортунгалагын /хх-ийн 36 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаярын /хх-ийн 41 дүгээр хуудас/, яллагдагч Г.У-ын /хх-ийн 45-46, 47-49дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч Х.Пүрэвсүрэнгийн Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/, эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 9 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-57 дугаар хуудас/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр хуудас/, өвчтөний түүхийн хуулбар, мэс засал /мэс ажилбар/ хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх-ийн 62-69 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримт хуулбарлан авах тухай, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 70-74 дүгээр хуудас/, эмчийн үзлэгийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 77-80 дугаар хуудас/, шүүгдэгч Г.У-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-55, 82-99 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Г.У нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн баруун талд Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүд рүү нь тал архитай “Хараа” нэртэй архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Х.Пүрэвсүрэнгийн...У машинаа зогсоо гэж Болд-Эрдэнэд хэлээд У намайг буугаад ир гэж хэлээд өөрөө түрүүлж буусан. Араас нь би буугаад эргээд хартал У намайг зүүн нүд тал руу тал шилтэй архиар цохисон. Тэгсэн миний нүднээс цус гарсан. Дараа нь Мандал Болд-Эрдэнэ нар машинд суулгаад эмнэлгийн үүдэнд хүргэж өгөөд У, Болд-Эрдэнэ нар маргааш хотод ажилтай гээд яваад өгсөн... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
...би гарын салаавчаа Уын нүүр рүү нь гаргасан. Ам руу нь салаавч орсон эсэх талаар мэдэхгүй байна. У, Болд-Эрдэнийг машинаа зогсоо гээд тэгээд Болд-Эрдэнэ машинаа зогсоогоод У эхлээд буугаад намайг машинаас буугаад ир гэсэн. Тэгээд би буугаад машины хаалга хаагаад эргээд харахад л У шууд архины шилээр цохичихсон юм... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
...тухайн үед эмчид үзүүлээд хараагүй болно гэхээр нь айж шоконд орчихсон байсан болохоор өвчтөний түүхийн карт зэргийг анзаараагүй. Өвчтөний түүхийн картан дээр тэмдэглэсэн он сар өдрийг би өөрөө андуурч хэлсэн тул эмнэлгийн байгууллагад буруутай үйл ажиллагаа байхгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
...У машинаас буусан тэхээр нь би араас нь буутал У намайг зүүн нүд рүү тал шилтэй архиар цохисон. Тэгсэн миний нүднээс цус гарсан. Тэгээд Болд-Эрдэнэ, Мандал хоёр бууж ирээд намайг машинд суулгаад эмнэлэг рүү явсан. У, Болд-Эрдэнэ нар Мандал бид хоёрыг эмнэлгийн үүдэнд буулгаад бид хоёр хот явлаа маргааш ажилтай гээд яваад өгсөн. Харин Мандал бид хоёр эмнэлэг ороогүй шууд Мандалынд орсон. Мандалын ээж Баярсайхан миний нүдний цусыг угааж цус тогтоож өгсөн. Тэгээд Мандалынд хоноод өглөө би гэртээ харьсан. Манайх Мандалынхаас 200 метрын зайд байдаг... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Х.Мандалын...машин зогссон У түрүүлж буугаад очсон. Тэгсэн Пүрэвсүрэнг У архины шилээр цохисон байсан. Пүрэвсүрэнгийн нүднээс цус гоожоод тонгойсон байсан. Тэгээд би яагаад хоёрын хооронд юмаар цохиж байхаар гараараа цохихгүй яасан юм бэ гэж хэлсэн... /хх-ийн 22 дугаар хуудас/,
гэрч Э.Болормаагийн...2017 оны 12 дугаар сарын 18-ны орой би Борнуур сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Энэ манайд нүдээ сохлуулсан зүсүүлсэн хүн огт ирээгүй... ...Х.Пүрэвсүрэн нь манай эмнэлэг дээр ерөөсөө ирээгүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Ж.Оюунцэцэгийн...2017 оны 12о дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед манай караокед Х.Пүрэвсүрэн, Х.Мандал нар орж ирээд нэг цаг дуулаад хоёр хоёр шил пиво уугаад гарсан... ...Х.Пүрэвсүрэн нь манай караокед орж ирэхэд нүд нь хэвийн байсан. Цус нөж анзаарагдаагүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
...Тухайн үед манай камер ажиллахгүй байсан... ...дэлгэц нь байхгүй хардны холболтын тохиргоо алдагдсан байсан тул ажиллуулж чадахгүй байсан... /хх-ийн 34 дүгээр хуудас/,
гэрч Л.Баярсайханы...манай хүү Мандал найз Пүрэвсүрэнтэйгээ орж ирсэн. Пүрэвсүрэнгийн нүүр нь буюу зүүн нүдний доор нь шинэхэн ярагдаж цус гарсан байсан. Би хөвөнгөөр норгож цэвэрлэж өгсөн. Тэгээд манайд хоносон. Өглөө босоход нь нүдийг нь харахад хавдаад бүр тагларсан байсан. Тэгээд манайхаас 09 цаг өнгөрөөгөөд гараад явсан... /хх-ийн 25 дугаар хуудас/,
гэрч С.Оюунцэцэгийн ...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х.Пүрэвсүрэнгийн хоёр нүд битүү хавдсан хавдартай, зүүн нүдний алим гэмтсэн, болор нь алимыг нь тойроод өөхөн эд нь бултайсан байдалтай орж ирсэн. Хараа шалгахад зүүн нүд нь огт харахгүй байсан. Тэгээд би эмнэлэг яаралтай яв гэж бичиг хийж өгсөн... /хх-ийн 26 дугаар хуудас/,
гэрч Б.Гантулгийн ...Х.Пүрэвсүрэнгийн ээж Дунгаамаа над руу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр утсаар залгаад танай хүүхэд манай хүүхдийн нүдийг цохисон байна. Ирээд үзэж хар эмчлүүл гэж хэлсэн. Би 2017 оны 12 дугаар сарын 22-нд Борнуур суманд очоод Х.Пүрэвсүрэнг өөрийн хүүгийн хамтаар аваад Болор мэлмийд үзүүлсэн. Болор мэлмийн эмч хагалгаа хийлгэх шаардлагатай гэж 500.000 төгрөг болно гэсэн... ...би Х.Пүрэвсүрэнд 1.251.000 төгрөг цувуулж өгсөн... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
гэрч Г.Болд-Эрдэнийн ...У, Пүрэвсүрэнг 0.5 граммын тал шил архиар толгой руу ньь цохисон байсан... ...Мандал бид хоёр очиход Пүрэвсүрэнгийн нүднээс цус гарч байсан... /хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч Б.Хашбаатарын ...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Х.Пүрэвсүрэн гэртээ байж байгаад орой 18 цагийн үед найз Мандалтай гэрээс гарсан... ...эхлээд нүд нь сохорсныг мэдээгүй. Дараа нь эмнэлэгт үзүүлсэн чинь хот руу яаралтай яв гэсэн. Харин цагдаагийн байгууллагад хэлье гэж бодож байсан юм. Уын ээж Гантулга л цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байсан болохоор хэлээгүй юм... /хх-ийн 31 дүгээр хуудас/,
гэрч С.Дунгаамаагийн ...2017 оны 12 дугаар сарын 18-нд гэрээсээ гараад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ зүүн нүд нь улаагаад хавдсан доод талдаа зүсэгдсэн байсан... /хх-ийн 32 дугаар хуудас/,
гэрч Л.Алтангэрэлийн...2017 оны 12 дугаар сарын 18-ны 22 цагийн үед Соёлын төвийн ойролцоо ямар нэгэн зодолдсон маргалдсан хүмүүсийг мэдээгүй. Караокены хажууд байдаг болохоор хөл хөдөлгөөн ихтэй байдаг... ...Манайд хяналтын камер байхгүй... /хх-ийн 35 дугаар хуудас/,
гэрч П.Болортунгалагын...нүдний эвэрлэг болон дисклер нэвт урагдаж нүдэн доторх солонгон бүрхүүл шилэнцэр шархаар хавчуулагдаж нүдэн доторх агуулагдахуун гоожсон оноштой... /хх-ийн 36 дугаар хуудас/,
шинжээч Э.Эрхэмбаярын ...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №91 дүгнэлтэд тусгагдсан Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүдний хараагүй болсон гэмтэл нь баруун нүдэнд нөлөөлөх эсэд нүдний нарийн мэргэжлийн эмч биш учир хариулах боломжгүй... /хх-ийн 41 дүгээр хуудас/,
яллагдагч Г.У-ын...машинд явж байсан юм. Тэгтэл Х.Пүрэвсүрэн миний зүүн талын мөрөн дээр гараараа цохихоор нь би эргээд харсан чинь Пүрэвсүрэн миний ам руу гарынхаа салаавчыг хийсэн. Би тухайн үед халамцуу явсан болохоор уур хүрээд Болд-Эрдэнийг Соёлын төвийн энд машинаа зогсоочих гэсэн Болд-Эрдэнэ машинаа соёлын төвийн баруун талд зогсоосон. Би нөгөө урд өмнө уугаад орхисон тал шил 0.5 граммын архиа салтаандаа хавчуулаад хоёр гараараа барьчихсан явж байсныг машинаас буухдаа бариад буусан. Пүрэвсүрэн араас машинаас буусан. Пүрэвсүрэнг машинаас буугаад ирэхээр нь би шууд тал шилтэй архиараа нүүрний зүүн тал руу нь нэг удаа цохисон. Пүрэвсүрэн доошоо нүүрээ дараад суусан. Би яав гээд гараас нь татсан чинь Пүрэвсүрэнгийн шанаа хавиас хацрыг нь дагаад цус урсаж байсан... /хх-ийн 45-46, 47-49 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай ...Х.Пүрэвсүрэнгийн биед зүүн нүдний цагаан бүрхүүлийн эвэрлэгийг нэвтэрч солонгон бүрхэвч хавчуулагдсан нүдний агууламж гоожсон, нэвтэрсэн шарх мэс заслаар зүүн нүдний алим авсан хүнд хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч Х.Пүрэвсүрэнгийн Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/, эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 9 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-57 дугаар хуудас/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр хуудас/, өвчтөний түүхийн хуулбар, мэс засал /мэс ажилбар/ хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх-ийн 62-69 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримт хуулбарлан авах тухай, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 70-74 дүгээр хуудас/, эмчийн үзлэгийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 77-80 дугаар хуудас/, шүүгдэгч Г.У-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-55, 82-99 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.У-ын согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны 23 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын Соёлын төвийн баруун талд Х.Пүрэвсүрэнгийн зүүн нүд рүү нь тал архитай “Хараа” нэртэй архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй үйлдэл нь архины шилээр хүнийг цохиход ямар нэгэн гэмтэл учирна гэдгийг мэдсээр атлаа хүний нүдийг сохолж, хараагүй болгосон нь эмнэл зүйн болон бусад шинжилгээгээр бодитой нотлогдож, дээрх хүнд хохирлыг өөрөө хүсч үйлдсэн, үйлдэл эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг бий болгосон үр дагаврын хооронд шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.У-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайдтооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Г.У-нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Пүрэвсүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохиролучирсан байна.
Шүүгдэгч Г.У-нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Пүрэвсүрэнгийн эмчилгээний зардалд 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг төлсөн ба энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нар мэдүүлсэн болно.
Түүнчлэн шүүхийн шатанд хавтас хэргийн 127-131 дүгээр хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэлээр хохирогч Х.Пүрэвсүрэн нь шүүгдэгч Г.Уаас сохорсон зүүн нүдийг 70.000.000 /далан сая/ төгрөгөөр, баруун нүдийг 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр үнэлсэн, сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг, бусад зардалд 246.000 /хоёр зуун дөчин зургаа мянга/ төгрөг, нийт 150.246.000 /нэг зуун тавин сая хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөг нэхэмжилжээ.
Үүнээс шүүх бусад зардалд нэхэмжилсэн 246.000 /хоёр зуун дөчин зургаа мянга/ төгрөгийг төлөгдсөн гэж үзсэн бөгөөд хохирогч болон түүний өмгөөлөгч нар сохорсон зүүн нүдийг 70.000.000 /далан сая/ төгрөгөөр, баруун нүдийг 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр, нийт 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, мөн сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн болно.
Харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримт болон хиймэл эрхтэн хийлгэхтэй холбоотойбаримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.У-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч Г.У-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.У-д оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.
Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины бөглөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаарзүйлийн 1 дэххэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.овгийн Г.У-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайдтооцсугай.
2. Шүүгдэгч Ц.овгийн Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.овгийн Г.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.овгийн Г.У нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн эмчилгээний зардалд 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг төлснийг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины бөглөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Хохирогч НЙ94021013 дугаарын регистртэй, Боржигон овгийн Хашбаатарын Пүрэвсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, хиймэл эрхтэн хийлгэхтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Хохирогч НЙ94021013 дугаарын регистртэй, Боржигон овгийн Хашбаатарын Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг, мөн хохирогч 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.овгийн Г.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.овгийн Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгхэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН