| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04520/И |
| Дугаар | 210/МА2026/00141 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00141
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
21,922,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хариуцагч ******* нь манай компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр чингэлэг өргөгчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа талбайд байршсан хяналтын камер бүхий шонг мөргөж гэмтээсний улмаас нийт 24,585,165 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг компанид тогтвор суурьшилтай ажиллаж өөрийн цалин хөлснөөс 66 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/85 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох хүртэл 11 сарын хугацаанд 4,175,000 төгрөгийг төлсөн.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул *******тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 20,410,165 төгрөгийг 52 сарын хугацаанд төлөх нөхцөлтэй төлбөр барагдуулах гэрээг байгуулсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд, хариуцагчаас үлдэгдэл төлбөр 20,410,165 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1,512,000 төгрөг, нийт 21,922,165 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие камерыг 24,585,165 төгрөгийн үнэтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би, анх тус компанид 2022 оны 08 дугаар сард чингэлэг өргөгч техникийн жолоочоор сургаж ажилд авна гэхэд нь тохиролцоод ажилд орсон. Намайг ажилд ороход нэхэмжлэгчийн зүгээс чингэлэг өргөх техникт албан ёсны сургалт зохион байгуулаагүй, хамт ажилладаг ******* гэх залууг дагалдах заавар өгсөн бөгөөд тэр хүн хоёр хоног намайг дагалдуулаад өөр газар ажиллахаар явсан, үүнээс хойш би тухайн чингэлэг өргөгч техникийг өөрөө оролдож сурч байсан ба байгууллагаас энэхүү техникийг жолоодох эрхийн үнэмлэх гараагүй байхад камер байрлуулсан шонг унагаасан үйл явдал болсон.
Мөн уг терминал шинээр баригдаж байсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам, тэмдэг тэмдэглэгээ, зааварлагч байхгүй, нэхэмжлэгч нь ийм газарт дадлагын ажилтан надаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн.
Тийм учир нэхэмжлэгч компани өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Энэ үйл явдал болсны дараа миний бие чингэлэг өргөгч тээврийн хэрэгслийн үнэмлэхтэй болсон. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг намайг ажлаас гаргахаар буцааж авахгүй байх гэсэн шантаажид орж байгуулсан учир хууль бус гэж үзэж байна. Би, нэхэмжлэгчид 4,175,000 төгрөг төлсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 21,922,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 267,561 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...******* нь контейнер ачигчийн оператор ажлын байранд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ажлын байрны шаардлагыг хангасан учир 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулах тушаал гарсан байдаг. Тийнхүү үндсэн ажилтнаар ажиллах хугацаандаа 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр камертай шон мөргөсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч нь үндсэн ажилтан болоод 5 сарын хугацаа өнгөрсний дараа осол гаргасан ба энэ өдөр ажил олгогчийн зүгээс ямар нэг туршилт, тохируулгын ажил хийлгээгүй. Хариуцагч нь тэр өдөр тутам хийдэг ажил, үүргээ гүйцэтгэж техникээ ухраах үйлдэл хийж байхдаа өөрийн анхаарал, болгоомжгүйгээс болж камертай шонг мөргөж эвдэлсэн.
Манай компани өөрт учирсан хохирлын хэмжээг тогтоож, энэ талаар хариуцагчид танилцуулахад хүлээн зөвшөөрч, ямар нэг гомдол, маргаан гаргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг үндэслэл болгон ажилтан осол гаргах үед тухайн машин механизмыг жолоодох эрхтэй байсан болох нь нотлогдохгүй, ажиллах шаардлагатай нөхцөлийг хангаагүй гэх үндэслэлээр тухайн хохирлыг ажилтан буюу хариуцагчид хариуцуулах нь хуульд үл нийцнэ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Эвдсэн камертай шонг хариуцагч *******т хариуцуулсан эд хөрөнгө биш тул түүнийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх асуудал яригдах ёсгүй байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг яаж зөрчсөн талаар шүүх бодитой дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нь 8 сарын хугацаанд ажил, үүргээ гүйцэтгэж цалин авч байх хугацаандаа тухайн машин механизмыг жолоодох дадлага, сургалтад хамрагдаж, үндсэн ажилтан болсон байхад шүүх түүнийг уг машин механизмыг жолоодох эрхгүй байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй.
Хариуцагч нь тус машин механизмыг жолоодохдоо хайнга хандаж, осол гаргаж нэхэмжлэгчид бодитой хохирол учруулсан ба үүнд техникийн бүрэн бүтэн байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Эцсийн дүндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 болон 132.4-т заасан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглосон 2 хориглолт нотлогдоогүй нөхцөлд хариуцагчийг хохирол төлөхөөс чөлөөлөөгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1, 133.2, 133.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь ажилтнаар хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
*******ыг үндсэн ажилтан болсон гэж тайлбарладаг боловч тухайн үед *******т чингэлэг өргөгч техникийн жолооч хийх эрх байгаагүй бөгөөд тус осол гарснаас 2 сарын дараа 2 цагийн сургалтад сууж үнэмлэх авсан байдаг. Иймд би гомдолтой байна. Осол болсны дараа тухайн компанийн дарга солигдсон бөгөөд тухайн үед *******тай гэрээ байгуулсан байдаг. Үүнээс биш техник жолоодох 3 зөвшөөрөл байгаа гэж үзэж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 21,922,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч *******тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар хариуцагчийг чингэлэг /контейнер/ ачигчийн оператор албан тушаалд туршилтын хугацаагаар томилж, /х.х-ийн 44, 46-51, 53/
3.2. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар хариуцагчийг үндсэн ажилтнаар томилон ажиллуулж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/85 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. /х.х-ийн 13/
3.3 Хариуцагч ******* нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөс урьд өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр чингэлэгт терминалын талбайд чингэлэг өргөгч жолоодож байхдаа тухайн талбайд байршуулсан хяналтын камер бүхий шон мөргөж нэхэмжлэгчид 24,858,165 төгрөгийн хохирол учруулсан. /х.х-ийн 45, 9-11/
3.4. Үүний дараагаар талууд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, хариуцагч нь учирсан хохирлын хэмжээг 24,858,165 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, үүнээс 4,175,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. /х.х-ийн 5, 6, 13/
Зохигч тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу чингэлэг өргөгч жолоодож байхдаа хяналтын камерын шон мөргөж нэхэмжлэгчид хохирол учруулсан талаар маргаагүй, харин хариуцагчийг чингэлэг өргөгчийн операторчоор ажиллах мэргэжлийн үнэмлэхгүй байхад түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь нэхэмжлэгчийн буруу болон хохирлыг өөрөө хариуцах эсэх талаар маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно гэж заасан.
Тодруулбал, ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтан ажил олгогчид санаатай аль эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэл болно.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ыг ...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх хугацаандаа тээврийн талбайд чингэлэг өргөгч жолоодож байхдаа талбайд байршуулсан хяналтын камер бүхий шонг мөргөж 24,585,165 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдсон... гэсэн бол,
хариуцагч нь ...ажилд ороход албан ёсны сургалт зохион байгуулаагүй, чингэлэг өргөгчийг жолоодох мэргэжлийн үнэмлэхгүй байхад тухайн үйл явдал болсон, чингэлэгт терминал нь аюулгүй ажиллагааны дүрэм журам, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, зааварлагч байхгүй байхад ажил хийлгэх үүрэг өгсөн тул хариуцлагыг нэхэмжлэгч өөрөө хүлээх ёстой... гэсэн.
5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгч компанид ажил, албан тушаалд томилогдсон 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш осол болсон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд чингэлэг /контейнер/ ачигчийн операторын ажил үүргийг гүйцэтгэж байснаас үзвэл туршилт тохируулгын явцад учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчийг өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан, нэхэмжлэгчийн зүгээс түүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тухай бүр заавар зөвлөгөө өгдөг байсан /хариуцагч тал үүнийг няцаагаагүй/, хариуцагч нь уг осол болсон өдөр анх удаа тухайн ажил үүргийг хийж гүйцэтгээгүй, өмнө нь өдөр тутам хийдэг байсан ажлыг хийж гүйцэтгэж байсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т Туршилт, тохируулгын явцад гарсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. /х.х-ийн 54-55/
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гээд 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар хариуцагч ******* нь эвдэрсэн эд зүйл /тоног төхөөрөмж/-ийн хариуцагч /эд хариуцагч/ биш хэдий ч тэрээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан этгээд болохын хувьд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас ажил олгогчийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.
Энэ тохиолдолд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно гэж зааснаар нэхэмжлэгчид эвдэрсэн эд зүйл /тоног төхөөрөмж/-ийн бодит хохирлын хэмжээгээр төлбөрийг барагдуулна.
7. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлыг дараах байдлаар тооцно гээд барилга байгууламж, газрын тохижилт, машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, компьютер, дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж, ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгөөс бусад хөрөнгөд 10 хувиар элэгдэл хорогдол тооцохоор заасан.
Хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 24,585,165 төгрөгөөс сэргээн засахтай холбоотой силикон /23,530 төгрөг/, силиконы буу /25,890 төгрөг/, суурилуулалт болон тохиргооны ажлын хөлс /5,550,860 төгрөг/-ийн зардал болох нийт 5,600,280 төгрөгийг хасаад үлдэх 18,984,885 төгрөгөөс элэгдэл хорогдлыг 10 хувиар тооцоход 17,086,936 төгрөг /18,984,885 - 1,898,489/ болж байна.
Үүн дээр засварын ажлын хөлс болон түүнд хэрэглэсэн материал /силикон, силиконы буу/-ын үнэ нийт 5,600,280 төгрөгийг нэмэхэд нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 22,872,216 төгрөг болно.
8. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ыг чингэлэг өргөгчийг жолоодох мэргэжлийн үнэмлэхгүй байхад тухайн ажил үүргийг гүйцэтгүүлсэн байхад учирсан хохирлын хэмжээг гагцхүү ажилтан хариуцах нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь ******* ТББ-ын ******* сургалтын төвд чингэлэг өргөгчийн операторын мэргэжлээр суралцаж, осол болсон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 23/3661 тоот мэргэжлийн үнэмлэх авсан байна. /х.х-ийн 38/
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...ажлын байранд тавигдах шаардлагад мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой... гэсэн.
Тиймээс нэхэмжлэгч нь мэргэжлийн үнэмлэхгүй буюу мэргэшээгүй ажилтнаар чингэлэг өргөгчийн операторын ажил үүргийг гүйцэтгүүлсэн, мөн хариуцагчийн ...ажлын талбайд аюулгүй ажиллагааны дүрэм журам, тэмдэг тэмдэглэгээ байхгүй... гэсэн тайлбарыг үгүйсгэхгүй байгаагаас тус тус үзвэл осол болсон нөхцөл байдалд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Иймд, дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 22,872,216 төгрөгийн 50 хувь болох 11,343,608 төгрөг /22,872,216 х 50%/-ийг хариуцагч нь хариуцах ёстой гэж үзэж, үүнээс түүний төлсөн 4,175,000 төгрөгийг хасаад үлдэх 7,261,608 төгрөг /11,343,608 - 4,175,000/-ийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.
Талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т Б тал хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тохиролцсон нь дээрх хуулийн заалтад нийцсэн боловч энэхүү магадлалын 9-д дүгнэснээр нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул хариуцагчаас алданги гаргуулах боломжгүй юм.
11. Хэдийгээр хариуцагч нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн боловч нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж зааснаар хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08690 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 7,261,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,660,557 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ...56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 131,136 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,561 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР