Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00165

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16828 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 6,226,598.9 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,981,410.4 төгрөг, хүү 1,043,654.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,534.1 төгрөг, нотариатын зардал 63,000 төгрөг, нийт 6,226,598.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* нь зээлийг хүлээн аваагүй, зээлийн зориулалт надад хамааралгүй, гэрээнд гарын үсэг зурсан нь зээл төлөх үндэслэл болохгүй гэж маргасан.

 

3. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* нь *******, ******* нарт 6,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр олгожээ.

Хариуцагч нар нь зээлийн зориулалт болон нөхцөл, зээл олгох данс зэргийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж, холбогдох зээл хүсэгчийн анкетыг өгсөн болно.

 

3.1. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд 2,145,531.4 төгрөг төлсөн боловч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг төлөөгүйгээс үүргийн зөрчил үүсчээ.

Анхан шатны шүүх эргэн төлөлтийн хэмжээг буруу тооцоолсон, үүргийн зөрчил үүссэн хугацааны талаар дүгнэлт өгөөгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.

 

3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4.1. Гэрээний хугацаа дуусгавар болсон ч үүргийн зөрчил арилаагүй байгаа тул шүүхээс үндсэн зээл 4,981,410.4 төгрөг, хүү 1,043,654.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,534.1 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Мөн гэрээний зөрчлийн улмаас нэмэлтээр гарсан нотариатын зардалд 63,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

 

4.2. Уг гэрээнд хариуцагч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Иймээс тэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцна.

Учир нь хариуцагч ******* нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээний нөхцөл, зориулалт, зээл олгох данс зэрэгтэй танилцаад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг зөвшөөрсөн байх тул зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй хэдий ч хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байгаа учир хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ