| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0153/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 157
2019 05 22 2019/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. овгийн М.М-д холбогдох эрүүгийн 1934003270207 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1988 оны 07дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг,мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 88070512 дугаарын регистртэй, Б. овгийн М.М-д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Мнь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт М.Эрдэнэбатыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934003270207 дугаартай хэрэгт хохирогч М.Эрдэнэбатын /хх-ийн 7, 8 дугаар хуудас/, гэрч Д.Бат-Эрдэнийн /хх-ийн 11-12 дугаар хуудас/, яллагдагч М.Мын /хх-ийн 9-10, 24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 286 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-30, 36 дугаар хуудас/, хохирогч М.Эрдэнэбат болон шүүгдэгч М.М нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт М.Эрдэнэбатыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Эрдэнэбатын ...дэлгүүрээс хоёр танихгүй залуу архи аваад гарч байснаа Нэргүй ах бид хоёр дээр ирээд нэг залуу нь арай туранхай өндөр залуу нь миний нүүр рүү тохойлдчихоор нь би яаж байгаа юм гэж уурлаад тэр залууг бариад авсан чинь цуг явж байсан бандгар залуу нь намайг хөл хавсарч газар унагаагаад тэгээд тэр хоёр машиндаа суугаад явах гэхээр нь би босоод араас нь очоод цонх нь онгорхой болохоор нь жолоочийн хажууд сууж явсан эхэлж намайг цохидог туранхай өндөр залууг цохих гэтэл хий цохисон. Тэгтэл нөгөө хоёр залуу машинаас бууж намайг эхэлж цохидог өндөр нь хөл хавсарч газарч унагаад миний зүүн хөлнөөс чирээд Замт дэлгүүрийн гудамжны урд аваачиж хаясан... /хх-ийн 7, 8 дугаар хуудас/,
гэрч Д.Бат-Эрдэнийн ...М.М тэр хүнийг хэд хэдэн удаа цээж нуруу хавьд нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би машинаас буугаад машин тойрч очоод тэр хоёрыг салгаж хоёр тийш нь түлхсэн... ...М.М босож ирээд нөгөө хохирогч гэх хүний хөлөн дээрээс нь чирээд урагшаа гудамж руу явсан. Би араас нь машинаа хөдөлгөөд очиж М.Мыг машинд суулгаад авч явсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
яллагдагч М.Мын ...дэлгүүрийн гадаа Эрдэнэбат, Нэргүй хоёр муудалцаад Эрдэнэбат нөгөө ахын /Нэргүй/ нүүр рүү нь гараараа цохиод цус гаргачихаар нь би очиж салгаад та настай хүн байж гээд цааш нь түлхтэл тэр ах /Эрдэнэбат/ газар унасан. Тэгээд газраас босож ирээд миний ар шилэн хүзүү рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би болиоч гээд Эрдэнэбатын цээж хавьд нь тохойлдсон чинь нөгөө ах /Эрдэнэбат/ газар унаад араас ирээд машины цонхоор намайг хөлөөрөө өшиглөөд машины хаалга онгойлгоод миний шанаа руу цохиод авахаар нь би машинаас буугаад тэр ахын /Эрдэнэбат/ нүүр, эрүү, шанаа хавьд нь гараараа нэг удаа, шанаа нүүр хавьд нь мөн толгойны ар хавьд нь бас цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа... /хх-ийн 24-25 дугаар хуудас/гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 286 дугаартай ...М.Мын биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаартай ...М.Эрдэнэбатын биед хамар, хацар, шанаа, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, нуруу, бүсэлхий, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,шүүгдэгч М.М-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-30, 36 дугаар хуудас/, хохирогч М.Эрдэнэбат болон шүүгдэгч М.М нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн 1934003270207 дугаартай хэргийн шүүгдэгч М.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, мөн хохирогч М.Эрдэнэбатын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Мын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт М.Эрдэнэбатыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл түүний улмаас учирсан хөнгөн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч М.М-нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Эрдэнэбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эрдэнэбат нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч хавтас хэргийн 7 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ ...гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэсэн хэдий ч 8 дугаар хуудсанд дахин өгсөн мэдүүлэгтээ ...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. М.Мнь надад эмчилгээний зардал гэж зохих хэмжээний зардал өгсөн... гэж тус тус мэдүүлжээ.
Мөн хавтас хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.Эрдэнэбатын Төв аймгийн цагдаагийн хэлтэст ...М.М-д гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэх хүсэлтийг гаргасан нь шүүгдэгч М.М-ыг гэмт үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн гэж үзэх боломжтой байна.
Түүнчлэн хохирогч М.Эрдэнэбатын хавтас хэргийн 8 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэг, 37 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.Эрдэнэбатын Төв аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт зэрэг нь шүүгдэгч М.М-ын хавтас хэргийн 36, 38 дугаар хуудсанд авагдсан ...хохирлоо төлсөн талаарх... хүсэлт, ...хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай... хүсэлт зэргээр давхар нотлогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэхнөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцсон торгох ялын хэмжээнд оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.М-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч М.М-нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овгийн М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б. овгийн М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таванзуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б. овгийн М.М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Б. овгийн М.М-нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч М.Эрдэнэбат нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б. овгийн М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б. овгийн М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН