| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2023/04088/И |
| Дугаар | 210/МА2026/00210 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00210
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/09492 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********д холбогдох,
35,721,060 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******** нь тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа орон сууц худалдаж авахтай холбоотойгоор байрны урьдчилгаа 30,000,000 төгрөг, байр тохижуулах 9,000,000 төгрөг авах хүсэлт гаргасан.
Хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөнгө шилжүүлэх шимтгэл суутгаад 38,721,060 төгрөг шилжүүлж өгсөн. Талууд тухайн үедээ уг байртай холбоотой зээлээ хэрхэн төлөх талаар тохиролцоогүй, байгууллагад тогтвортой ажиллана гэж байсан учраас байрны урьдчилгаа, засвартай холбоотой зээлийг өгсөн.
Гэвч ******** ажлаа хаяад явсан тул 2022 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Үүнтэй холбоотойгоор ******** байгууллага дээр ирж уулзаад тухайн мөнгийг буцааж өгнө гэж гараар баталгаа бичиж өгсөн. Баталгааны дагуу 2022-2023 оны хооронд 500,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр буюу нийт 3,000,000 төгрөг буцааж төлсөн. Иймд үлдэх 35,721,060 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. Тухайн үед тохиролцооны дагуу төлж байсан төлөлтүүдийг буцааж төлөх боломжгүй. Үүнийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээний үүргээ биелүүлсэн гэж үзээд багасгасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Зээлээр олгосон гэх 38,721,060 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буцааж төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. ******* нь хүчээр тулган шаардаж 3,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлүүлнэ гэж бичүүлж авсан. Би хуулийн мэдлэг дутмаг учир буцааж өгөх ёстой гэж ойлгож 2,500,000 төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлсэн.
Иймд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ********эс 35,721,060 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******-иас 2,500,000 төгрөг гаргуулж, хариуцагч ********д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-иас 54,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа буцааж төлөх нөхцөлтэйгөөр 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 39,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасны дагуу түүний эзэмшлийн дансанд 38,721,060 төгрөг олгосон.
Үүний дагуу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа өөрийн биеэр авсан зээлээ буцаан төлөх талаар гараар хүсэлт бичиж өгч 2023 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 500,000 төгрөгөөр, нийт 2,500,000 төгрөгийг төлсөн.
Мөн талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 428 байр, 76 тоот хаягт байрлах, 54.46 м.кв орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу хариуцагчийн зүгээс зээлийн мөнгөө ашиглан орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлсөн буюу тус тусдаа үүссэн харилцааг зөв дүгнэж чадаагүй.
Нэхэмжлэгч нь буцааж төлөх нөхцөлтэй хүүгүй авсан мөнгийг буцаан шаардаж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрөөс буцаан төлсөн хэсгийг хасаж тооцон нэхэмжилсэн байхад, мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлээр нэхэмжилсэн мэтээр буруу дүгнэлт хийсэн.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Энэ зээлсэн гэх мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д холбогдуулан зээлээр олгосон гэж 35,721,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь төлж барагдуулсан гэж эс зөвшөөрч, улмаар илүү төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. ******* нь ерөнхий нягтлан бодогч ******* хүсэлтийн дагуу түүнд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 38,721,060 төгрөг шилжүүлснийг ******** нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буцааж төлж барагдуулсан байна.
Хариуцагч нь 30,000,000 төгрөг төлөх болохоо илэрхийлж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн бичгийг нэхэмжлэгч тал хэрэгт баримтаар гаргаж өгсөн боловч энэ баримтад үндэслэн хариуцагчийг дээрх зээлийг дахин төлөх үүрэгтэй гэж дүгнэхгүй.
Учир нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 38,721,060 төгрөгийг буцааж төлсний дараа дээрх бичиг үйлдэгдсэн тул зөвхөн уг баримтад үндэслэн зээлийг дахин төлөх үүрэг үүссэн гэж тайлбарлах боломжгүй юм.
3.1. Мөн *******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/12 дугаар бүхий тушаалын дагуу ********д урамшуулал болгож 33,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгожээ.
3.2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн.
3.3. Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран, Хилчний гудамж 428-76 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.
Энэ гэрээний төлбөрийг төлөх үүднээс ******* 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу 77,000,000 төгрөгийн зээл авчээ.
3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах харилцаанд хамаарах баримтыг үнэлээгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.
4. Талуудын хооронд эрх зүйн хэд хэдэн харилцаа үүссэн байгаагаас нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байрны урьдчилгаанд шилжүүлсэн 38,721,060 төгрөгөөс буцаан төлсөн 3,000,000 төгрөгийг хасч үлдэх 35,721,060 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлд хамаарах гэрээний харилцааны талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг залруулж шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулна.
4.1. Хариуцагч нь гэрээний дагуу хүлээн авсан 38,721,060 төгрөгийг төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.
Энэ мөнгөн хөрөнгийг хүлээн авсантай холбоотойгоор 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн бичигт үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, зээлийн мөнгөн хөрөнгийг бүрэн төлсний дараа нэмж төлбөр төлөх үүрэггүй байхад дээрх мөнгө төлөгдсөн учир энэ хэмжээгээр нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Мөн сөрөг нэхэмжлэлд тусгагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь зээлийн гэрээний харилцаанаас өөр эрх зүйн харилцаанд хамаарах талаар нэхэмжлэгч мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/09492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 281 дүгээр зүйлийн 281.1, гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ