| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2016/00579/и |
| Дугаар | 183/ШШ2016/00477 |
| Огноо | 2015-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2016/00477
| 2016 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2016/00477 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, өөрийн байранд байрлах “Гүн зэгэстэй” ХХК /РД:3553663/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-20,41 тоотод байрлах “Их хөх мөсөн” ХХК /РД:5771854/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30.129.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК, зээлдэгч “Их хөх мөсөн” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр № 15/17 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Гүн зэгэстэй” ХХК, зээлдэгч “Их хөх мөсөн” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангитай, 20.086.100 төгрөгний газрын тосны бүтээгдэхүүнийг /шатахуун/ зээлээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Бид тохиролцсон ёсоор шатахуунаа нийлүүлсэн. Гэтэл зээлээр худалдах худалдан авах гэрээний хугацаа дуусаад байхад зээлдэгч “Их хөх мөсөн” ХХК-ний захирал Бат-Эрдэнэ овогтой Ганбаяр нь зээлээр худалдаж авсан шатахууны үнэ болох 20.086.100 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн баримтыг 2016 оны 06 дугаар сарын 14-нд үйлдэн манай компанид ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Иймд зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу “Гүн зэгэстэй” ХХК нь, хариуцагч “Их хөх мөсөн” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 20.086.100 төгрөг, алданги 10.043.050 төгрөг, нийт 30.129.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжилж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: “Гүн зэгэстэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Их хөх мөсөн” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20.086.100 төгрөг, алданги 10.043.050 төгрөг, нийт 30.129.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч “Их хөх мөсөн” ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт нийт 30.129.150 төгрөг гаргуулахаас, алданги 10.043.050 төгрөгний 50 хувь болох 5.021.525 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 25.107.625 төгрөгийг 2016 оны 08 дүгаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК нь хариуцагч “Их хөх мөсөн” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30.129.150 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3 сарын хугацаатай, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 20.086.100 төгрөгийн шатахууныг зээлээр худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 5.021.525 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Их хөх мөсөн” ХХК нь үлдэх 25.107.625 төгрөгийг 2016 оны 08 дүгаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК нь хариуцагч “Их хөх мөсөн” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30.129.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5.021.525 төгрөгөөр багасгаж, үлдэх 25.107.625 төгрөгийг хариуцагч “Их хөх мөсөн” ХХК нь 2016 оны 08 дүгаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.600 төгрөгийн 141.748 төгрөгийг улсын орлогоос, 141.744 төгрөгийг хариуцагч “Их хөх мөсөн” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Гүн зэгэстэй” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ