| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0277/Э |
| Дугаар | 283 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 283
2019 0930 2019/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныгтус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Б.Э-д холбогдох эрүүгийн 1934005910342 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1997 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 21-р сургуульд хувиараа гагнуурчин хийдэг, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Цэргийн ангийн гудамж, 6 тоотод оршин суух албан ёсны суух хаягтай боловч, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, наран 507 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,97090713 дугаарын регистртэй, М овгийн Б.Э
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутагт байрлах Залуус хорооллын 13-31 тоотод оршин суух иргэн Х.Намжилмааг эзэмшлийн гэр болох хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хууль бусаар авч, бусдад 176.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э:
...Тухайн үедээ боломжгүй байсан учраас хулгай хийсэн... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005910342 дугаартай хэрэгт хохирогч Х.Намжилмаа /хх-ийн 12, 13 дугаар хуудас/, гэрч Л.Түмэнжаргал /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Ш.Баатарзориг /хх-ийн 18 дугаар хуудас/, яллагдагч Б.Э /хх-ийн 42-43 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/311 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-31 дүгээр хуудас/болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл //хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хохирогч Х.Намжилмаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 32-37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Эы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-51 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутагт байрлах Залуус хорооллын 13-31 тоотод оршин суух иргэн Х.Намжилмаагийн эзэмшлийн гэр болох хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хууль бусаар авч, бусдад 176.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Х.Намжилмаа ...хашааныхаа үүдэнд буугаад гэртээ орох гэтэл манай гэрийн цоожийг эвдэрсэн, гэрийн хаалга хаалттай байсан. Тэгэхээр нь гэртээ орж үзтэл манай гэрт хулгайч ороод эд зүйлүүдийг маань аваад явчихсан байсан... ...Би хөргөгчөө 300.000 төгрөг, зурагт 350.000 төгрөг, газан плитка 27.000 төгрөг, битүү чанагч 30.000 төгрөгөөр тус тус үнэлж байна... /хх-ийн 12 дугаар хуудас/,
...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авлаа. Надад ямар ч гомдол санал байхгүй байна... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Л.Түмэнжаргал ...манай дунд охин буюу Б.Эы дүү нь эмнэлэгт түгжрэл оноштойгоор хэвтэж хагалгаанд орсон. Тэр асуудлаар нөхөр бид хоёр завгүй эмнэлэг гэж яваад завгүй байх хойгуур Б.Энсайхан хулгайн хэрэгт холбогдсон байна. Би тогтсон ажилгүй манай нөхөр хувиараа машин тэрэг засаж янзалдаг хүн байгаа юм... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч Ш.Баатарзориг ...эхнэр бид хоёр эмнэлэг гэж яваад завгүй хойгуур Б.Э хулгайн хэрэгт холбогдсон байна... ...би хүүгээ хулгайн хэрэгт холбогдсонд харамсаж байна... /хх-ийн 18 дугаар хуудас/,
яллагдагч Б.Э ...тухайн үед надад мөнгөний хэрэг болоод байсан. Манай дүү хагалгаанд орох гээд тэгээд би тухайн айл руу орох санаа сэдэл гэнэт төрсөн. Тэгээд ахындаа очилгүйгээр шууд тухайн айлын хашааг давж орох гэснээ гадаа гэгээтэй байсан болохоор гэгээ тасрахыг би хүлээсэн. Тэр хавиар дэмий хэсэж гэгээ тасрахыг хүлээж байгаад гудамжнаас зэвтэй машины эрэг боолтны түлхүүр олсон. Тухайн түлхүүрээр гэрийн хаалгыг хөшнө гэж бодоод би тэр түлхүүрийг авсан. Тэгээд орой гэгээ тасарч гадаа харанхуй болсон нилээд шөнө орой болсон. 23 цагийн үед байх бараг би яг цаг хараагүй. Тухайн айлд хүн ирээгүй л байсан. тэгээд би хашааг нь давж ороод гудамжнаас олсон түлхүүрээ гэрийнх нь хаалгыг цүйгээр нь хөшиж онгойлгоод гэрт орсон. Тэгээд гэрээс нь 1 ширхэг жижиг хөргөгч, 32 инчийн хавтгай зурагт, жижиг газан плетик, жижиг битүү чанагч тогоо зэргийг гэрээс нь нэг нэгээр зөөж гаргаад хашааны гадаа гаргасан. Тэгээд тухайн хулгай хийсэн айлынхаа баруун хойд талд байрлах эзэнгүй хашаа руу оруулж нуусан. Тэгээд тэр хашаандаа хоноод маргааш нь хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хот руу авч явах гээд унаа хайгаад унаа олдохгүй болохоор нь буцаж эд зүйл нуусан хашаандаа 32 инчийн телевизорыг нь аваад Баянчандмань сумын аль нэг дэлгүүрт зарах гж яваад сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан... /хх-ийн 42-43 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/311 дугаартай ...176.700 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл //хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хохирогч Х.Намжилмаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 32-37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Эы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-51 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Эы иргэн Х.Намжилмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 176.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрийн хаалгыг хүрэн өнгийн зэвтэй түлхүүрээр хөшиж онгойлгоод бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд зүйлийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч захиран зарцуулах боломжийг буй болгосон, уг хууль бус үйлдлээ мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Б.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Эы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Намжилмаад176.700 /нэг зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон 176.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсээ өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас захиран зарцуулах боломж олдоогүй бөгөөд тухайн хулгайд алдагдсан хөргөгч, Самсунг маркийн зурагт, газын плитка, битүү чанагч зэргийг хууль ёсны өмчлөгчид биет байдлаар буцаан өгсөн нь хавтас хэргийн 13, 14 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийнмэдүүлэг, хохирогчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн зэвтэй түлхүүр 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Б.Эыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Б.ЭыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Б.Э-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М овгийн Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Х.Намжилмаа нь шүүгдэгч Б.Эд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн зэвтэй түлхүүр 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн Б.Э-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн Б.Э-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН