| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00297/И |
| Дугаар | 212/МА2025/00063 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2025/00063
Ө.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *************** багт оршин суух Б овогт Ө.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************** багт оршин суух Б овогт М.М-т холбогдох,
“Х****** цэвэр усны шугам тавьсны зардал 750,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.М, хариуцагч М.М- нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ө.С- нь хариуцагч М.М-т холбогдуулж хашаанд цэвэр усны шугам тавьсны зардал 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “2024 оны 8 дугаар сард М.М-той харилцан тохиролцож 35,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авахаар болж урьдчилгаа хэмээн нэг сая төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг тухайн хашаа байшинг нэр дээр шилжүүлсний дараа төлөхөөр болсон. Ү**** дараа миний бие тухайн хашаанд өөрийн зардлаар 10 метрийн зайтай худгаас байшин дотор цэвэр ус оруулж 750,000 төгрөгийн зардал гаргасны дараа хариуцагч М.М- нь хашаа байшингаа зарахгүй болсныг мэдэгдсэн тул уг гаргасан зардлыг гаргуулж өгнө үү” гэж,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Нэхэмжлэгч Ө.С-тай харилцан тохиролцож 35,000,000 төгрөгөөр хашаа байшингаа худалдсан ба урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгч үлдсэн үнийг ойрын хугацаанд өгөхөөр болсон боловч тохирсон хугацаанд байшингийн үнийг төлөөгүй тул хашаа байшингаа худалдахаа больсон гэдгээ мэдэгдэж, 1,000,000 төгрөгийг 6 сар миний хашаа байшинд сууж, амьдарсан хөлсөнд суутгаж авах болно гэдгийг мэдэгдсэн. Ө.С-д хашаа байшингаа худалдах үед миний байшинд шуудуу ухуулан гэр дотор ус татаж өг гэж харилцан тохиролцоогүй ба худалдсан байшингийн үнийг шаарддаг байсан. Ө.С- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие гэрээнээс татгалзсан тул түүний нэхэмжилж буй 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Ө.С- нь 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр миний хашаа байшинг худалдаж авахдаа ойрын хугацаанд үнийг төлж өгөхөөр болж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ...худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон хөлсийг төлж, худалдан авах хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заагдсан үүргийг өөрөө биелүүлээгүй. Х******** миний бие аргагүйн эрхэнд 6 сарын дараа Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т заасны дагуу хашаа байшингаа худалдахгүй гэдгийг мэдэгдсэн.” гэж маргаж, шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд (1) Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, (2) талууд харилцан тохиролцож гэрээ байгуулагдсаны дараа худалдан авагч үүрэг зөрчсөний улмаас худалдах-худалдан авах гэрээнээс худалдагчийн санаачилгаар татгалзсан, энэ талаар талуудын хооронд маргаангүй, (3) худалдагч М.М- худалдах-худалдан авах гэрээнээс татгалзахаас өмнө нэхэмжлэгч Ө.С- нь өөрөө сайн дураараа М.М-ын хашаа байшинд цэвэр ус татах ажил хийж зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хуульд заасан үндэслэлээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт “Х** нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Ө.С- нь хариуцагч М.М-ын хашаа байшинд сайн дураараа өөрөө мэдэж цэвэр усны шугам холбох ажил хийж 750,000 төгрөгийн зардал гаргасан байх тул хашаа байшингийн өмчлөгчөөс тухайн гаргасан зардлаа шаардах эрхтэй” гэж дүгнэж шийдвэрлэжээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж, зөв тайлбарлаж хэрэглэсэн, түүнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг оновчтой тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх үүргээ бүрэн биелүүлсэн учраас шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлсан журмаар явуулахдаа ноцтой зөрчил гаргаагүй, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ