Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 528

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч дараах нөхуөлийг харилцан тохиролцон эвлэрэв. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд байршилтай Б ХХК-ийн эзэмшлийн 2 га газрын кадастрын зураг, нэгж талбарыг мэдээллийн санд оруулж, дүүргийн Засаг даргын 2012 оны 224 дүгээр захирамжийн ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б ХХК-д газар эзэмших эрхийг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын алба хангана.

2. Энэ хэргийн гуравдагч этгээдээр оролцсон М ХХК-д эзэмшиж байсан 2 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Эмээлтэд 1 га газрыг бусдын газартай давхцалгүй байдлаар олгох, 1 га газрыг нь 32 дугаар хороонд Хурганы сангийн аж ахуйд байршуулж олгохыг хариуцагч нар зөвшөөрч шийдвэрлэв.

3. Энэхүү гэрээний дагуу талууд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, нэхэмжлэгч хариуцагч эвлэрсэн болно.

4. Талууд Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлж газар эзэмшинэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.*******, Ж.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хишигбаяр нартай эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 224 дүгээр тогтоолын “М” ХХК-д холбогдох хэсэг нь “Б" ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 01 тоот захирамжаар олгогдсон газартай давхцаж байх тул 224 дүгээр захирамжийн ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрыг мэдээллийн санд бүртгэж, нэгж талбарын дугаар олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгааг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд бүртгэж, нэгж талбарын дугаар олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ