| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2019/0424/З |
| Дугаар | 221/МА2020/0238 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0238
2020.04.02-ны өдөр 221/МА2020/0238 Улаанбаатар хот
Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, хариуцагч Татварын ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Нийслэлийн Татварын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр саарын 15-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-н гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл, Татварын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Татварын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 803 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга 2017 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 32, 35 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхгүй, дүнг нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дүнг нийтэд мэдээлэхийг Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э давж заалдах гомдолдоо:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Б.Б нь Нийслэлийн татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр суралцах болсон үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, Нийслэлийн татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, нөөцөд бүртгэсэн.
Улмаар Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Ажилдаа эргэж орох”, “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэж орох” буюу Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалдаа ажиллах хүсэлтийг Татварын ерөнхий газрын даргад хандаж гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын зүгээс орон тооны илүүдэлтэй ажиллаж байгаа үндэслэлээр боломжгүй болохыг мэдэгдсэн хариуг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/503 тоот албан бичгээр мэдэгдсэн.
2. Б.Б нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс зарласан удирдах ажилтнуудын сонгон шалгаруулалтад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр оролцож тэнцсэн. Гагцхүү тухайн үед сонгон шалгаруулах болох Салбар зөвлөл нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрх зүйн чадамжгүй болж, дээрх сонгон шалгаруулалтын дүнг УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолд зааснаар хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.
Улмаар энэ байдал нь үргэлжилсээр Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 61, 82 дугаар тогтоолоор Салбар зөвлөлийн дарга, гишүүд бүрэлдэхүүнийг шинээр томилсон бөгөөд шинээр байгуулагдсан Салбар зөвлөл нь Сонгон шалгаруулалт болсон цаг, хугацаа үйл баримтаас хойш 1 жил гаран болсны дараа Салбар зөвлөл байгуулагдсан цаг хугацаанаас хойшхи асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд өмнөх сонгон шалгаруулалт болон Салбар зөвлөлийн дутуу хийгдсэн, шийдвэрлээгүй асуудлыг нөхөн болон дахин явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн дагуу явагдсан сонгон шалгаруулалтын асуудлыг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хууль зөрчилдөж байсан бөгөөд энэ талаар 2019 оны 06 тоот албан бичгээр зөвлөгөөг авахаар хандаж байсан. Үүнийг Салбар зөвлөл хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж, даалгах шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна.
Мөн 2019 оны 06 тоот албан бичгийн хариуг өгөхдөө Салбар зөвлөлийн ажиллах журам шинэчлэн боловсруулж батлах хүртэл чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталж, журмын 2.1-д Төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд Салбар зөвлөл байгуулж ажиллуулна гэж зааснаар Сангийн яаманд Салбар зөвлөл байгуулагдан Татварын ерөнхий газрын дэргэд Салбар зөвлөл байхгүй болсныг шүүх анхаарч үзээгүй.
Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар: Б.Б хувьд сонгон шалгаруулалт болсон эсхүл Салбар зөвлөл байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш Сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэх, нийтэд мэдээллэх, томилуулах талаар хандаагүй, шийдвэрлүүлэхээр хүсэлт тавиагүй бөгөөд тавьсныг Салбар зөвлөл үндэслэлгүйгээр татгалзан эсхүл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг гаргаагүй юм. Нөгөөтэйгүүр Салбар зөвлөл дээрх ажиллагааг явуулахгүй байгаа, энэ нь хууль бус талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хуульд заасан хугацаанд хандаагүй, Г.С-ын хувьд сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар тухайн үед буюу 2017 онд хандан, шийдвэрлүүлж байсан.
Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргуулах тухай өргөдөл хүсэлтийг захиргаанд гаргаагүй бол шүүх санаачилгаар эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, түүнийг шийдвэрлэхийг захиргаанд даалгах боломжгүй.
Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад хандаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилдаа эргэн орох, буцаан томилуулах хүсэлтийг гаргасан болохоос Салбар зөвлөлийн үйлдэл дүнг нийтэд зарлахгүй байгаа, нэр дэвшүүлэхгүй байгаатай холбоотой ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй атлаа 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 2 жилийн дараа, Салбар зөвлөл байгуулагдсанаас хойш 7 сарын дараа нэхэмжлэл гаргасныг шүүх анхаараагүй бөгөөд дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж баталгаажуулаагүй, дүнг нийтэд мэдээлээгүй одоог хүртэл үр дагавар үүсгэсээр буй эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргах эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Иймд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 803 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Салбар зөвлөлд холбогдох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл, Татварын ерөнхий газрын дарга, Нийслэлийн татварын газрын дарга нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гарган, нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн, нийтэд мэдээлэхийг Татварын ерөнхий газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг Татварын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Татварын газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анх нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, энэ хугацаанд Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх бөгөөд мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр буюу “Санхүү эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцдаг бөгөөд 2018 оны 04 дүгээр сард төгсөх тул одоо гүйцэтгэж буй ажлаас түр чөлөөлж, нөөцөд бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 27 дугаар зүйлийн 271.4 , Төрийн албаны тухай хууль /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах хэсэг, Нийслэлийн засаг даргын 2014 оны А/279 дүгээр захирамжаар батлагдсан “Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах мэдээлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7.1, Нийслэлийн татварын газрын 2016 оны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлт гаргаж, “Санхүү эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт” 3 сар суралцах болсноор Нийслэлийн татварын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн, нөөцөд бүртгэлтэй байгаа, эргэж орох хүсэлтээ гаргасан зэрэг үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон., 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9 дүгээр зүйлийн 32-д Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь комиссын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, комиссын санал, өөрийн явуулсан судалгаа, холбогдох этгээдийн тодорхойлолт зэргийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн удирдах албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргана., 35-д Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалд нэр дэвшигчийг хэрхэн сонгосон тухай болон тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ гэж заасан байна. Үүнээс үзвэл түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахааргүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Захиргааны байгууллага уг орон тоог нөхөхдөө 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.
Учир нь, Б.Б 3 сарын хугацааны сургалтад хамрагдан, төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс үүсэх үр дагавар, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой асуудал нь зөвхөн хууль болон журмаар зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “нөөцийн бүртгэл” нь одоог хүртэл хүчинтэй гэж үзэхээр байна.
Иймээс нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, түүний ажлын байр нь суралцах хугацаанд хадгалагдан үлдэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.15-д Төрийн албаны төв байгууллага нь нөөцийн нэгдсэн санг эрхэлж, сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна, 7.3-т Нөөцийн санд бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалын зарлагдсан сул орон тоонд ажиллах хүсэлтээ холбогдох Зөвлөлд гаргах эрхтэй гэж тус тус заасан байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Б.Батбаяр нөөцийн бүртгэлд байх үед нь гарсан ажлын байрны сул орон тоонд Б.Б-ыг томилоогүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, холбогдох хууль, журамд нийцээгүй дүгнэлт хийж, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албан удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхгүй, дүнг нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дүнг нийтэд мэдээлэхийг Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхийн газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 803 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхгүй, дүнг нийтэд мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаараа хэлэлцэж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, дүнг нийтэд мэдээлэхийг Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд даалгах...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН