| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0323/З |
| Дугаар | 001/ХТ2026/0093 |
| Огноо | 2026-10-06 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2026/0093
Д.Г-ийн нэхэмжлэлтэй,
Цагдаагийн ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0395 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0380 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0325 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Д.Г-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Г нарыг оролцуулан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Д.Г- Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан урьд эрхэлж байсан Д аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, эгүүлэн томилохыг даалгах шаардлага гаргасан.
1.2.Улмаар шаардлагаа ихэсгэж “Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Д аймгийн Цагдаагийн газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах, Цагдаагийн хурандаа Б.Н-ийг Д аймгийн Цагдаагийн газрын даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/*** дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч цагдаагийн хурандаа Д.Г-ийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс Д аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилсон байна.
2.2.Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүсгэсэн эрүүгийн *** дугаартай хэрэгт нэхэмжлэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар захирамжаар түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн Д аймгийн Цагдаагийн газрын даргын албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг мөн өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хурандаа цолыг хураажээ.
2.3.Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар гуравдагч этгээд Б.Н-ийг Д аймгийн Цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс уг албан тушаалд тус тус томилсон байна.
2.4.Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсоныг тэрээр давж заалдсан бөгөөд Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар магадлалаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хүчин төгөлдөр болжээ.
2.5.Улмаар нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах хүсэлт гаргасанд хариуцагч 2025 оны 12 дугаар сарын 23, 25-ны өдөр С- амралт, сувиллын даргын, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр З аймгийн цагдаагийн газрын Т сумын сум дундын цагдаагийн хэлтсийн даргын, 2026 оны 03 дугаар сарын 20, 24-ний өдөр Э албаны *** мөрдөн шалгах хэлтсийн даргын сул орон тоог тус тус санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилогдох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
2.6.Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ тухай 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт мэдэгджээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй бол төрийн алба хаагч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох эрхтэй байна. Тиймээс нэхэмжлэгч Д.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн ... боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй буюу өргөдлийг шийдвэрлэхгүйгээр эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж маргасан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “…цагдаагийн байгууллагаас Д.Г-ийг өөр албан тушаалд томилох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 3 удаа явуулахад хүлээн зөвшөөрөөгүй. Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад хүчингүй болгосон тохиолдолд урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох гэсэн хууль, эрх зүйн зохицуулалтгүй байна. Мөн дээрх хүсэлтийг гаргах цаг хугацаанд ... *** дугаартай захирамжаар авсан “Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ” хүчин төгөлдөр байсан байна” гэж тайлбарласан.
5.Гуравдагч этгээд Б.Н- бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдон үүрэг гүйцэтгэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бие даан хүлээн зөвшөөрөх болон томилгоотой холбоотой асуудлаар шүүх хуралд Цагдаагийн байгууллагыг төлөөлөн оролцох боломжгүй болно” гэжээ.
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0395 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 60.1.9 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, 61.1.4 дэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 60 дугаар зүйлийн 60.1.9, 61 дүгээр зүйлийн 61.1.4-т зааснаар ажил олгогч нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж, уг шийдвэр дуусгавар болсон тохиолдолд түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй. Нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг Д аймгийн Цагдаагийн газрын даргаар эгүүлэн томилж, цагдаагийн хурандаа цолыг сэргээх үндэслэлтэй.
6.2.Эрүүгийн хэргийг эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх (in dubio pro reo) зарчмыг хэрэглэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасан “гэм буруугүй нь тогтоогдсон” гэх нөхцөл бүрэн хангагдаагүй, иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй. Таслан сэргийлэх арга хэмжээ нь *** дугаар тогтоол хүчин төгөлдөр болмогц дуусгавар болох үр дагавартай бөгөөд үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй.
6.3.Хариуцагч нэхэмжлэгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд ажлын байрыг нь хадгалах үүрэгтэй тул энэ хугацаанд гуравдагч этгээд Б.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах ёстой атал жинхлэн томилсон Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0380 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
7.1.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан түр орлон гүйцэтгүүлэх нь үндсэн албан тушаалын эрх зүйн харилцааг дуусгавар болгохгүй, зохион байгуулалтын түр шинжтэй зохицуулалт тул гуравдагч этгээдийг жинхлэн томилсон нь хуульд нийцэхгүй, эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул цалин хөлстэй тэнцэх олговрыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу олгох нь зөв гэж дүгнэжээ.
8.Хариуцагчийн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо (агуулгаар нь тусгав):
8.1.“...нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс логикийн хувьд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээ нь УДШ-н Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.06-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болмогц дуусгавар болох үр дагавартай гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026.02.02-ны өдрийн 2026/ШЗ/222 дугаартай захирамжаар Д.Г-т авсан төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус шүүхийн шүүгчийн хүчингүй болгосон нь үндэслэлтэй хэмээн зөрүүтэй ойлголт бүхий дүгнэлт хийсэн.
8.2.Д.Г-т “Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ” авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 14.1 дүгээр зүйлийн 3, 14.4 дүгээр зүйл, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгосон нь “Цагдаагийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 2.2 дахь хэсэгт “Түр эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараахь тохиолдлыг тооцно:” гээд 2.2.7 дахь заалтад “хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх.” гэж заасан ойлголтод хамаарахаар байна.
8.3.Цагдаагийн алба нь төрийн тусгай алба болохын хувьд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулж өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрт байхгүй эрхийг эдлэн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн холбогдох заалтуудыг тайлбарлан хэрэглэсэн нь хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
8.4.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд бичгээр тайлбар гаргасан болно.
10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2026/0325 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
11.Шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12.Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал Д.Г-т төрийн албанд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/** дүгээр тушаалаар түүний албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг мөн өдрөөс түдгэлзүүлэн цагдаагийн хурандаа цолыг хурааж, цалин хөлс олгохыг зогсоож, цагдаагийн цол, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглосон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Б.Н-оор түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Д аймгийн цагдаагийн газрын даргаар томилжээ.
13.Д.Г- нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу Д.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
14.Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор зааснаас өөрөөр бусад асуудлууд тухайлбал, таслан сэргийлэх арга хэмжээний улмаас бүрэн эрх нь түдгэлзсэн алба хаагчийн ажлын байрыг хадгалах, уг арга хэмжээ хүчингүй болсны дараа түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох харилцааг нарийвчлан зохицуулаагүй.
15.Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана”, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзвэл таслан сэргийлэх арга хэмжээний улмаас бүрэн эрх нь түдгэлзсэн алба хаагчийн ажлын байрыг хадгалах, уг арга хэмжээ хүчингүй болсны дараа түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл хэрэглэгдэхээр байна.
16.Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно”, 55.3-т “Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:” гээд, 60.1.9 дэх заалтад “ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн;”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:” гээд, 61.1.4 дэх заалтад “хуульд заасан бусад үндэслэл” гэх заалтуудын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
17.Хуулийн тухайн заалтуудаас үзэхэд, ажил олгогч нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан үүргээс түдгэлзсэн ажилтны ажлын байрыг хадгалах, таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд энэ агуулгаар Д.Г-ийн хадгалагдах ёстой буюу Д аймгийн Цагдаагийн газрын даргын албан тушаалд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өөр этгээдийг томилсон хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт хууль бус байна.
18.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бүрэн эрх нь түдгэлзсэн Цагдаагийн албан хаагчийн ажлын байрыг хадгалах эсэх, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсноор урьд эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилох эсэхийг шийдвэрлэхэд цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн ажиллах талаар зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг хэрэглэгдэхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчаас өөр албан тушаал санал болгосныг нэхэмжлэгч хүлээн аваагүй нь түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах хуульд заасан дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
19.Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангахдаа шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь учир дутагдалтай болжээ.
20.Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т “Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заажээ.
21.Шүүх нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг эргэлзээ үүссэн үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасан “гэм буруугүй нь тогтоогдсон” гэх нөхцөлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь гэм буруугийн зарчим болон Улсын дээд шүүхийн тайлбарт[1] нийцээгүй.
22.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй.” гэж гэм буруугийн зарчмыг баталгаажуулсан. Улсын дээд шүүхийн тайлбараар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим нь гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилж, шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэхгүй байх агуулгатай. Эндээс үзвэл “... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэж мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь холбогдогч этгээдийг гэм буруугүйд тооцох үндэслэл болохоор байна.
23.Өөрөөр хэлбэл гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй этгээдийг гэм буруугүйд тооцох тул Д.Г-ийн бүрэн эрх түдгэлзсэн тодорхой хугацааны цалин хөлсийг нөхөн олгоход Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасан зохицуулалт хэрэглэгдэнэ.
24.Түүнчлэн нэхэмжлэгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/** дүгээр тушаалын үр дагавар түүнийг албан тушаалд эгүүлэн томилох хүртэл үйлчлэх учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох нь хуулийн тухайн заалтад нийцэх бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон эсэх нь үүнд нөлөөлөхгүй.
25.Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
26.Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Д.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсны дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0395 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0380 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт” гэснийг “Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР
[1] Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” 24 дүгээр тогтоол.