Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1845

 

 

Д.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 377 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.*******, Д.******* нарт холбогдох

 

Автомашин худалдах-худалдан авах гэрээний доголдол арилгуулж 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 7 623 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б.*******, Д.******* нараас “Тоёото Ланд круйзер 80” маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдан авсан. Автомашиныг худалдахдаа 1996 онд үйлдвэрлэгдсэн гэж хэлсэн боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгох үед 1992 онд үйлдвэрлэгдсэн болохыг мэдсэн. Ингээд Б.*******гийн нөхөр *******д хэлэхэд би энэ талаар мэдэхгүй, Б.******* эгч нь гадаад явсан, ирэхээр нь ярилцаарай гэсэн. Б.*******г ирэхээр нь хэлэхэд нэгэнт хийсэн наймаа, би мөнгө нэмж өгч чадахгүй гэж надад хэлсэн. Тухайн үед 1992 оны автомашин манай суманд байсан. Он залуу автомашин авна гэж бодоод хот орох замдаа Багануураар дамжиж Б.*******, Д.******* нарыг 1996 оны автомашин зарна гэсэн болохоор нь боломжийн санагдаад автал надад оныг нь буруу хэлж, гэрчилгээг 1996 оных болгож хуурамчаар бүрдүүлэн намайг санаатайгаар хохироосон тул тээврийн хэрэгслийн оны зөрүүнд 5 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч Д.******* мал, мах ачсан явж байгаад замдаа манайд ирж хоносон. Тэгээд орж гарч байхдаа манай автомашиныг үзэж, сонирхож байсан. Хамт явсан залуу нь Д.*******ыг автомашин авах гэж байгаа гэж хэлсэн. Д.******* манайд байхдаа хүмүүстэй утсаар яриад Улаанбаатар хотод махны үнэ буурсан, зарагдахгүй байгаа талаар ярьж байсан. Тэгээд Д.******* өглөө нь автомашинаа зарах уу гэж асуусан. Ачиж яваа 96 ширхэг хонины гулууз махан дээр 6 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл мөнгөн дээр унагатай гүү өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Д.******* автомашины үзэмж, чанарыг харж наймаа хийсэн, оны тухай зүйл огт яриагүй. Би сайхан сэтгэл гаргаж Д.*******д ойр зуур засвар 200 000 төгрөгт багтаагаад засуулаарай, мөнгийг нь эгч нь өгье гэж хэлсэн. Гэтэл Д.******* 1 880 000 төгрөгийн засвар хийлгэсэн баримт авчирсан. Тэгээд уг засварын мөнгийг унагатай гүүгээр цайруулаагүй, үлдэгдэл мөнгө надад өгөх ёстой байсан, тэр мөнгийг нь цайруулсан юм. Д.*******аас мах авахдаа хамаатан садан улсууд найдвартай байх гээд үзээгүй авсан. Гэтэл зарим мах нь жин багатай, авсан үнэндээ хүрэхгүй байсан. Би авсан бүх махаа жингээр нь болон бэлэн авсан 6 000 000 төгрөгийг буцааж өгөөд автомашинаа авъя гэхэд Д.******* зөвшөөрөөгүй. Би энэ автомашиныг 1992 онд үйлдвэрлэсэн байхад 1996 он болгож энэ хүнд зараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Автомашины үнэ 25 000 000 төгрөгт 6 000 000 төгрөгийг бэлнээр авч 17 830 800 төгрөгт нь мал мах тооцож авсан. 25 000 000 төгрөг арай хүрээгүй учир дахин 1 000 000 төгрөгт тооцож унагатай гүү өгнө гэсэн. Авсан махаа зарахад 12 147 600 төгрөг болж 5 683 200 төгрөгийн алдагдалд орсон. Д.*******ы өгсөн арьсанд нь боосон 96 ширхэг хонины махыг задлахад дотор нь дандаа төлөгний мах байсан учир жингийн алдагдалд орж 1 хонины махыг 150 000 төгрөгөөр зарж чадаагүй юм. автомашины наймааны 25 000 000 төгрөгт тооцож 1 000 000 төгрөгийн үнэ бүхий унагатай гүү өгнө гэсэн боловч өдий хүртэл өгөөгүй. Автомашины засварыг 200 000 төгрөгт багтаана гэсэн боловч надаас засварын 940 000 төгрөгийг авсан. Иймд Д.*******аас махны жингийн зөрүү 5 683 200 төгрөг, унагатай гүүний үнэ 1 000 000 төгрөг, автомашины засварт зарцуулсан мөнгө 940 000 төгрөг нийт 7 623 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Арьсанд боосон хонины мах 96 ширхэгийг өгсөн. 20 хонь нь төлөгний мах байсан, бусад нь төлгөөс дээш хонины мах байсан. Автомашины засварт 940 000 төгрөгийг аваагүй, автомашины өртөг тухайн үедээ бүрэн төлөгдсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч Б.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 552 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулж хариуцагч Д.*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 071 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 136 921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 71 782 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх нотолгооны хэрэгсэлд үл хамаарах Ц:Энхболдын гаргасан “тодорхойлолт” гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.*******аас 3 552 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******т олгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******, Д.******* нараас автомашин худалдах-худалдан авах гэрээний доголдол арилгуулж 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч автомашины төлбөрт тооцож өгсөн махны жингийн зөрүүнээс гарсан 5 683 200 төгрөг, автомашин засуулсан 940 000 төгрөг, автомашины үнийн үлдэгдэлд тооцож өгөх унагатай гүүний үнэ 1 000 000 төгрөг нийт 7 623 200 төгрөгийг Д.*******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

           

            Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******тай 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр талууд “Тоёото Ланд круйзер 80” маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                                                               /хэргийн 4 дүгээр тал/

 

Дээрх автомашины үнийг талууд худалдах худалдан авах гэрээгээр 25 000 000 төгрөг гэж тохиролцож, нэхэмжлэгч хариуцагчид автомашины үнэд 6 000 000 төгрөг бэлнээр өгсөн, үлдэгдэл мөнгөнд мах, унагатай гүү өгөхөөр тохиролцсон үйл баримтын талаар маргахгүй, харин маргааны зүйл болох автомашиныг талууд 1996 оных гэж тохиролцож худалдсан эсэх, автомашины үнэд тооцож өгсөн мах хэдэн килограмм жинтэй байсан, автомашины засварын үнийг хувааж төлөхөөр тохиролцсон эсэх талаар маргаж байна.

 

Хэргийн 39 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Тоёото Ланд круйзер 80” маркийн, ******* ******* улсын дугаартай автомашины эзэмшигчээр нь Д.******* бүртгэгдсэн баримт, хэргийн 4 дүгээр талд авагдсан худалдах худалдан авах гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд тэдгээр нь хоорондоо бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан байх тул хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй, зөв болжээ.

 

Маргааны зүйл болох “Тоёото Ланд круйзер 80” маркийн автомашин нь 2008 онд Монгол Улсад орж ирсэн, уг автомашин 1992 онд үйлдвэрлэгдсэн болох нь Замын цагдаагийн тээврийн хэрэгслийг бүртгэх маягт болон иргэн Г.*******гийн нэр дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр Г.*******гийн нэрнээс Д.*******ын нэр дээр шилжихдээ 1996 онд үйлдвэрлэсэн гэж бичигдсэн нь гэрч М.*******ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогджээ.

 

Түүнчлэн Д.*******, Г.******* нар нь төрсөн эцэг, хүүгийн харилцаатай хүмүүс байх тул хариуцагч Д.******* уг автомашиныг 1992 онд үйлдвэрлэгдсэн гэх чанар байдлыг мэдээгүй байх боломжгүй тул чанар байдлын зөрүүний талаар хийсэн үнэлгээг үндэслэн хариуцагч Д.*******аас нэхэмжлэгч Д.*******д 5 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Автомашины үйлдвэрлэгдсэн он нь тухайн автомашины үнийг тодорхойлоход нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг тул үйлдвэрлэгдсэн он талуудын тохиролцооноос өөр байгааг чанар байдлын тодорхойлолт гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч автомашины төлбөрт тооцож өгсөн мах жиндээ хүрээгүй төлөгний мах байсан, автомашиныг засварт мөнгө төлсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид автомашины үнэ 25 000 000 төгрөгийн 17 830 800 төгрөгт тооцож авсан махыг худалдан борлуулахад 12 147 600 төгрөг болсон тул 5 683 200 төгрөгийн махны жингийн алдагдалтай байсан буюу гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй мах нийлүүлсэн гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 17 830 800 төгрөгт тооцож мах авсан боловч тоо хэмжээндээ хүрэхгүй бол энэ хэмжээгээр үнэ бууруулахаар шаардах эрхтэй боловч хариуцагчийн хувьд тоо хэмжээ дутуу байсан гэдгийг нотолж чадаагүй байна.

 

Хэргийн 20 дугаар талд авагдсан хариуцагч Д.*******ын тооцоо хийсэн тэмдэглэл гэх баримтад нэхэмжлэгч талын гарын үсэг байхгүй нэг талын баримт байх тул уг тэмдэглэлд үндэслэн талуудын хооронд нийлүүлсэн мах жингийн алдагдалтай байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байгаа учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 623 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 552 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулж хариуцагч Д.*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 071 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “7 623 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 136 921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 71 782 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******т олгосугай” гэснийг “хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 136 921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 782 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ