Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2025/00068

 

М.Х нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж шийдвэрлэсэн, 2025.06.12-ны өдрийн 302/ШШ2025/00514 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ************** багт оршин суух хаягтай, Ш***** овогт М******* Х******* нэхэмжлэлтэй, хариуцагч ************** багт оршин суух, С**** овогт Х******** Е***** холбогдох,

 

“ЗЭЭЛИЙНгэрээний үүрэгт 228.000.000.00 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025.08.04-ний өдөр хүлээн авч Е****** шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.М, хариуцагчийн өмгөөлөгч А.К /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Х.Е холбогдуулан 228.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.2. Миний бие Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Ц********* суманд оршин суугч М.Х Ц********* суманд төрсөн,  одоо 62 настай.

1.3. 2015 онд Баян-Өлгий аймгийн Ө***** суманд ажилд орж, 10 дугаар сарын 15-ны өдөр Ө***** шилжиж ирсэн. Т****** хойш хариуцагч Х.Е гэдэг хүнийг таньдаг болсон.

1.4. 2018.04.02-ны өдөр нэг камаз цагаан будаа авах гэсэн юм, мөнгө хүрэхгүй байна. С**** дотор борлуулах юм бол 40 хувийн ашиг үзнэ гээд 36.900.000.00 төгрөг өгөөч гэхээр нь өгсөн. С** ч хүрээгүй хугацаанд хариуцагч Х.Е будаагаа зарж борлуулсан. А**** хуваалцах уу гэж миний конторт ирж байсан. Тухайн үед би ажилд орсон учраас завгүй байна гээд тооцоо хийгээгүй явсан. Хариуцагч Х.Е надад мөнгө өгөөгүй байсаар байгаад өдий хүрсэн.

1.5. 2018.04.02-ны өдрөөс хойш нийтдээ 329,400,000 төгрөгийг хариуцагчид хувааж өгсөн. 2018.04.02-ны өдөр 36,900,000 төгрөг, дараа нь сар ч хүрээгүй хугацаанд хариуцагч би ашигтай ажиллаж байна, одоо 2 дэлгүүртэй болохгүй бол болихоо байлаа бараа маань багтахгүй байна гээд Х******* гэдэг дэлгүүрийг худалдаж авна гээд 40,000,000.00 сая төгрөгийг 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн. Тухайн үед тус дэлгүүрийг таны нэр дээр авах уу гэсэн боловч би ажилтай байсан учраас ажиллаж чадахгүй гэсэн. Т****** хойш аав, хүү шиг харилцаатай явсаар байгаад 2019.01.21-ний өдөр хариуцагч нэг хүнтэй хамт манай гэрт 2-3 хоног хоносон. 2 өдөр манай гэрт ирж мөнгө зээлээч гэж гуйж байсан учраас би эхнэрийнхээ нэр дээр цалингийн зээл авч, үл хөдлөх хөрөнгүүдийг банканд барьцаанд тавьж зээл гаргаж өгсөн байдаг. 2019.01.21-ний өдөр 252,500,000 төгрөгийг хариуцагч Х.Е өгсөн. Тухайн үед эхнэр, хүүхдүүд маань их хэмжээний мөнгийг яаж итгэж өгч байна вэ гэсэн. Хариуцагч Х.Е тухайн үед хивэг оруулах гэж байна, хивэг сарын дотор борлуулагдаж дуусна гэсэн.

1.6. 101,400,000.00 төгрөгийг цувуулж авсан. Анх 3 сарын дотор, 6 сарын дотор таны мөнгийг эргүүлж өгнө гэж бичиг үйлдэж өгдөг байсан. М**** зээлдэж авдаг боловч өгөхгүй, гуйлгаж өгдөг байсан.

Иймд хариуцагч Х.Е түүнд зээлсэн мөнгө болох 228.000.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгчийн хэлж байгаа мөнгийг авсан маань нь үнэн. Тухайн үед зээлдэж авсан ихэнх мөнгийг дансаар шилжүүлсэн байгаа. Г**** дансны хуулга нь байхгүй байгаа учраас нотолж чадахгүй байна. Т****** биш бүх зүйл нь ил байгаа.

2.2. Нэхэмжлэгч М.Х хувьд 4-5 жил манайхаас хоол хүнс авч байсан. Нэхэмжлэгчийн гэрт малчинтайгаа нийлээд 15-16 хүн байгаа. С** бүр хоол хүнсийг надаас ирж авдаг байсан. Т** бүхнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Тухайн үед тэмдэглэл үйлдэж байсан дэвтрээ шүүхэд баримтаар гаргаж өгсөн байгаа. Б** төлбөр маань төлөгдөж, одоо 28,000,000.00 төгрөг үлдсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч ч гэсэн мэдэж байгаа.

2.4. М.Х өөрийнх нь тооцоог надад тулган шахаж, надад хүч хэрэглэн зодож 211,400,000.00 төгрөг өглөгтэй гэж бичүүлж авсан. Тухайн үед нэхэмжлэгч К******** улсаас ирж, бид нар ресторан орсон. Тухайн үед олны өмнө намайг цохиж, баримт бичиж өг гэсэн. Би нэхэмжлэгчийг хүндэтгэдэг учраас тус баримтыг бичиж өгсөн. Тухайн үед н.Е****** хамт байсан. Би тухайн баримтад гарын үсгээ зураад өгчих гэсэн учраас гарын үсгээ зурж өгсөн.

2.5. Би Ц********* суманд очиж 2-3 удаа тооцоо нийлье гэж очиж байсан. Тухайн үед нэхэмжлэгч гэртээ байгаагүй учраас тооцоо нийлж чадаагүй гэжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.06.12-ны өдрийн 302/ШШ2025/00514 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Е 228.000.000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.297.000.00 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Е 1.297.000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагч Х.Е давж заалдах гомдлын агуулга:

4.1. М.Х нэхэмжлэлтэй Х.Е холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.06.12-ны өдрийн 00514 тоот шийдвэрийг хариуцагч Х.Е би /зарим хэсгийг/ эс зөвшөөрч энэхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.2. Анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгосон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

4.3 Т*********: Нэхэмжлэгч М.Х зүгээс надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд зээлийн            гэрээний үүрэгт 228.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

4.4. Х*********** зүгээс нэхэмжлэгч М.Х 2018.04.02-ны өдөр 36.900.000 төгрөг, 2018.05.23-ны өдөр 40.000.000 төгрөг, 2019.01.21-ний өдөр 112.500.000 төгрөг, 2019.01.21-ний өдөр 140.000.000 төгрөг тус тус зээлж нийт 329.400.000 төгрөг зээлж байсан.

4.5. Ү***** хариуцагчийн зүгээс .., 2018.08.25-ны өдрөөс 2020.03.06-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч М.Х болон түүний эхнэр н.М***** мөн М.Х хэлсэн данс руу /өөр хүмүүсийн тенге солих, бараа авсан г.м/ нийт 111,064,000.00 төгрөг шилжүүлж, 14,790,600.00 төгрөгийн бараа материал өгч зээлийн төлбөрт 125,854,690.00 төгрөг төлсөн.

4.6. Х**** 2020.03.27-ны өдрөөс 2020.12.09-ний өдөр хүртэлх хугацаанд мөн нэхэмжлэгчийн данс руу 51,750,000.00 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлж мөн 13,605,000.00 төгрөгийн бараа материал өгч зээлийн төлбөрт нийт 69,355,000.00 төгрөг шилжүүлжээ.

4.7. М** 2021.03.11-ний өдрөөс 2021.10.12-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт дансаар 14,200,000.00 төгрөгийг шилжүүлэн 4,728,400.00 төгрөгийн бараа материал өгч нийт 18,928,400.00 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон өгсөн.

4.8. 2022.03.11-ний өдрөөс 2022.10.07-ны өдөр хүртэлх хугацаанд 28,490,000.00 төгрөгийг дансаар шилжүүлэн 6,112,500.00 төгрөгийн бараа материалыг зээлийн төлбөрт тооцон шилжүүлж нийт 34,602,500.00 төгрөгийн төлбөр төлсөн.

4.9. 2023.01.25-ны өдрөөс 2023.11.13-ны өдөр хүртэлх хугацаанд 17,750,000.00 төгрөгийг дансаар шилжүүлж 4,345,000.00 төгрөгийн бараа материал өгч 30,000,000.00 төгрөгийн төлбөрт өөрийн унаж байсан П****-30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч нийт 52,095,000.00 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлж хариуцагчийн зүгээс дансаар болон бараа материалаар тооцон зээлийн төлбөрт нийт 300,835,290.00 төгрөг төлсөн. Д****** төлсөн нь 223,254,400.00 төгрөг, бараа материал өгсөн нь 77,580,890.00 төгрөг байна.

4.10. Энэхүү зээлийн төлбөрт дансаар болон бараа материал тооцон шилжүүлсэн төлбөрт тооцоо нийлэхээр хариуцагчийн зүгээс 2 ч удаа нэхэмжлэгчийг зорьж гэрт нь очиж байсан боловч нэхэмжлэгч хот, хөдөө явсан гэх шалтгаанаар бид хоёр хоорондын тооцоо нийлж чадаагүй явсан. Гэхдээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид шилжүүлсэн төлбөр болон хүлээлгэн өгсөн бараа материалын жагсаалтаа байнгын гар бичмэл дэвтэрт тэмдэглэл үйлдэж тооцоо гаргаж байсан. Уг дэвтрийн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлээгүй болно.

4.11. Х********** нь миний төлбөр тооцооны тухайн дэвтрийг шүүхэд гарган өгөх үед шүүх уг дэвтрийг чинь хэрэгт хавсаргах боломжгүй тул та хуулбарлаад өг гэхээр нь би хуулбарлан хэрэгт өгсөн. М** нэхэмжлэгч уг дэвтэрт бичигдсэн төлбөр тооцооны талаар маргаагүй тул би өөрийн төлбөр тооцооны баримтыг шүүхэд өгсөн гэх итгэл үнэмшилтэй шүүх хуралдаанд оролцсон. Г**** шүүх шийдвэр гаргахдаа миний гаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэхгүй гэж шийдвэр гаргасан нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.12. Х**** дансны хуулганы тухайд би өөрийн болон эхнэр Х.Е дансаар дээрх 223,254,400.00 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд уг нотлох баримтыг гарган өгөх хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн.

4.13.    И***** шүүх 2025.05.26-ны өдрийн шүүх хуралдаанаар миний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025.06.10-ны өдөр хүртэл хойшлуулсан.

4.14. У***** 2025.06.12-ны өдөр шүүх хурал болж би өөрийн дансны хуулгаа мөн шүүхэд өгч, харин эхнэр маань эрүүл мэндийн шалтгаантай К******** У***** ирж чадаагүй тул эхнэрийн маань дансны хуулгыг гарган өгч чадаагүйгээ хэлж боломжит хугацаа өгөхийг шүүхээс хүссэн боловч шүүх хүсэлтийг маань үл хэрэгсэж шүүх хуралдааныг хийсэн.

4.15. М** 2025.06.12-ны өдрийн шүүх хуралдаанд миний дансны хуулгыг банкны теллерийн тамга дарагдаагүй гэж шүүх хүлээн авахаас татгалзсан.

4.16. И***** хариуцагчийн зүгээс хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

4.17. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.

4.18. Хэрэгт авагдсан 2024.11.22-ны өдрийн баримтын тухайд миний бие нэхэмжлэгчтэй тооцоо нийлж чадаагүй явсаар байгаад утсаар ярихдаа та бид хоёрын тооцоо 28,000,000.00 төгрөг үлдсэн шүү гэдгээ хэлдэг байсан.

4.19. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд тэрээр би чамд мөнгө зээлж банканд их хэмжээний хүү төлсөн энэ бүх төлбөрийг чамаас авах болно гэж хэлж байсан. Х**** хариуцагчийн зүгээс би танаас урьд өмнө олон удаа мөнгө зээлж авч байсан тэр болгондоо би таны мөнгийг авсан хэмжээгээр нь төлж ирсэн шүү дээ, мөн та бид хоёр ч мөнгө зээлж авч байх үед ийм тохиролцоо хийсэн гэдгээ илэрхийлсэн. У***** нэхэмжлэгч надтай уулзах санал тавьсан бөгөөд 2024.11.22-ны өдөр би эхнэрийн хамт түүнтэй уулзахдаа тэрээр надад хүч хэрэглэн чи надад 228.000.000.00 төгрөгийн өртэй юм байна, яг ийм баримт бичиг өг гээд миний толгой хэсгээр хоёр удаа цохиж хүчээр уг баримтыг бичүүлж авсан.

4.20. Энэ талаар би шүүх хуралдааны явцад шүүхэд мэдүүлсэн. Х***** би нэхэмжлэгчид 228.000.000.00 төгрөгийн баримт бичиж өгсөн ч гэсэн нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөр, түүнийг төлсөн тооцооны талаар шүүхэд үнэн зөв мэдүүлсэн байхад шүүх зөвхөн нэг талыг баримталж бид хоёрын тооцооны үнэн зөвийг шалгахгүйгээр дан ганц миний нэхэмжлэгчид бичиж өгсөн гар бичмэл баримтад үндэслэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

4.21. Иймд анхан шатны шүүхийн 2025.06.12-ны өрийн 00514 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү. Х*********** зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 228.000.000.00 төгрөгөөс 28,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч 200.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул уг хэмжээгээр тооцож давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч А.К давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Ө*********** зүгээс үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хүсэлт гаргасан байна. Энэ гомдол хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

5.2. Хоёр үндэслэлээр тайлбарлахад, эхний үндэслэл нь 2025.05.25-ны өдөр уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон. Энэ шүүх хуралдаанаар хариуцагчийн зүгээс өөрийн хариу тайлбар болон татгалзсан байр суурийн үндэслэлтэй холбоотой нотлох баримт гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх энэхүү хүсэлтийг нь хүлээн авч, шүүх хуралдааныг 2025.06.12-ны өдөр хүртэл хойшлуулсан. Г*** 2025.06.12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч дахин хүсэлт гаргасан. Энэ удаад гаргаж өгч буй нотлох баримт нь хариуцагчаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас өмнөх хугацаанд гаргаж өгч чадаагүй баримт байсан. Тус баримт нь хариуцагчийн эхнэрийн дансны хуулга бөгөөд түүний эхнэр тухайн үед гадаад улсад байсан тул шаардлагатай нотлох баримтыг цаг хугацаанд нь ирүүлэх боломжгүй байсан. И***** хариуцагч шүүхэд боломжит хугацаа олгох хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангаагүй. И******** шүүх хариуцагчид нотлох баримт гаргах боломжийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасан “хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангах” үүргийг зөрчсөн үйлдэл болсон. Энэхүү зөрчил нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т заасан “хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчих” нөхцөлтэй дүйцэхүйц гэж өмгөөлөгч үзэж байна.

5.3. Хоёр дахь үндэслэл нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т “шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлнэ” гэж заасан байдаг. Х****** хянаж үзэхэд нэхэмжлэгч 221,000,000.00 төгрөг нэхэмжилсэн боловч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ 329,000,000.00 төгрөгийн зээл өгсөн, үүнээс 101,000,000.00 төгрөгийг буцаан авсан гэж тодорхойлсон. Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь 228.000.000.00 төгрөгийг нэхэмжлэх байдлаар тодорхойлогдсон байдаг. Г*** нэхэмжлэгч уг 101,000,000.00 төгрөгийг авсан гэдгээ нотлох ямар нэгэн баримт хэрэгт гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн мэдүүлгийг үндэслэн 101,000,000.00 төгрөгийг авсан гэж дүгнэж, үлдсэн дүнг нэхэмжлэлд тооцсон нь нотлох баримтыг үнэн зөв, бодитой, эргэлзээгүй үнэлэх зарчимд харшилсан, хуульд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэхийн тулд шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг үнэлж, тэдгээрийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Г*** анхан шатны шүүх энэ зарчмыг хэрэгжүүлээгүй.

5.4. Т******* миний үйлчлүүлэгч Монгол хэл мэдэхгүй бөгөөд шүүх хуралдаанд орчуулагч оролцсон боловч уг орчуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьдчилсан шатуудад, тухайлбал хэргийн материалтай танилцах, эрх үүрэгтэй танилцах ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 49.2-т заасан хэл мэдэхгүй этгээдэд орчуулагчийн туслалцааг бүрэн хангах тухай шаардлагыг зөрчсөн. М** хариуцагчийн гаргаж өгсөн “Е******** гаргаж өгсөн бараа материал хүлээлцсэн дэвтрийн хуулбарыг” шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн үнэлгээнд оруулаагүй. Уг дэвтэр нь тухайн бараа материал хүлээлцсэн байдлыг нотлох ач холбогдол бүхий баримт бөгөөд шүүх энэ баримтыг судлан шинжилж үнэлээгүй нь хариуцагчийн нотлох баримт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, орчуулагчийн оролцоог бүрэн хангаагүй байна.

5.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй учраас хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын баримтуудаар тогтоогдсон (1) орчуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан журмаар шүүгчийн захирамжаар томилж оролцуулаагүй, (2) хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг зохих ёсоор, орчуулагчийг байлцуулан тайлбарлаж өгөөгүй, (3) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар “баримтыг хэргийн нотлох баримтаас хасах” журмыг буруу хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцож, шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Х.Е холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 228.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2018.04.02-ны өдөр 36.900.000.00 төгрөг, 5 дугаар сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөг, 2019.01.21-ний өдөр 252,500,000.00 төгрөг, нийт 329,400,000.00 төгрөгийг зээлээр өгсөн, 101,400,000.00 төгрөгийг цувуулж авсан, үлдэгдэл 228.000.000.00 төгрөгийг шаардаж байна” гэж тайлбарлажээ. Х**** хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “М.Х авсан зээлийн дийлэнх хэсгийг дансаар болон бараа, тээврийн хэрэгсэл оруулан нийт 300,835,290.00 төгрөг төлсөн бөгөөд энэ бүгд дансны хуулгаар нотлогдоно. Х**** М.Х нь өөрийнх нь тооцоог надад тулган шахаж, хүч хэрэглэн зодож 211,400,000.00 төгрөгийн өглөгтэй гэж бичүүлж авсан. Би М.Х 28,564,710.00 төгрөгийн өглөгтэй. Д***** хуулга ба авсан барааны жагсаалтыг хавсаргав” гэж шүүхэд хариу тайлбар ирүүлж, талуудын хооронд зээлдэж авсан болон буцаан төлсөн гэх мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар маргаан үүссэн байна.

 

8. Хэрэгт хавсаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын болон зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтуудыг ангилан авч үзвэл:

8.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Х.Е үйлдсэн гэх 2018.04.02-ны өдрийн 36.900.000.00 төгрөгийн зээл авсан тухай, 2024.11.22-ны өдрийн авсан зээлээс 228.000.000.00 төгрөг үлдсэн тухай баримтууд,

мөн ХААН банкны 2018.04.02-ны өдрийн 36.900.000.00 төгрөгийг Х.Е дансанд М.Х, 2019.01.21-ний өдрийн 140,000,000.00 төгрөгийг А.Е дансанд М.Х, мөн өдөр 112,500,000.00 төгрөгийг Х.Е дансанд М.Х тус тус шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтуудыг гаргаж өгсөн бол,

хариуцагч Х.Е “авсан зээлийн дийлэнх хэсгийг дансаар болон бараа, тээврийн хэрэгсэл оруулан нийт 300,835,290.00 төгрөг төлсөн” гэх хариу тайлбараа нотлохоор хэргийн 22-27 дахь талд нотлох баримтын шаардлага хангаагүй буюу 6 хуудастай хуулбар баримтуудыг хариу тайлбартаа хавсаргаж өгсөн байна.

8.2. Нэхэмжлэгч талаас иргэн С.М банкнаас зээл хүссэн тухай өргөдөл, 2018.04.02-ны өдрийн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь /хэргийн 32-41 дэх тал/, М.Х ХААН банкны депозит дансны хуулга /баталгаажуулаагүй хувь, хэргийн 42 дахь тал/, хариуцагч талаас Х.Е эхнэр Х.Е нь гадаад улсад зорчиж явсан тул түүний банкны дансны хуулгыг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай гадаадад зорчсон гэх тэмдэглэл бүхий пасспортын хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

8.3. Анхан шатны шүүх М.Х нэхэмжлэлийг 2025.02.25-ны өдөр хүлээн авч, 2025.02.28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2025.03.07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагчид мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлаж хэргийн 14 дэх талд авагдсан баримтад гарын үсэг зуруулсан,

- мөн өдөр хариуцагчид хэргийн материалыг танилцуулсан,

- хариуцагчаас 2025.04.11-ний өдөр 6 хуудас хуулбар баримтуудын хамт хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн, тухайн баримтууд дахь К**** хэлээр бичигдсэн хэсэгт орчуулагч М.Н (орчуулагч-1) шууд тэмдэглэл хийх замаар Монгол хэл рүү хөрвүүлэн орчуулга хийсэн,

- анхан шатны шүүхийн 2025.04.17-ны өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 1171 дүгээр шүүгчийн захирамжаар “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг үндэслэж шүүх хуралдааныг 2025.04.28-ны өдрийн 10:00 цагт товлосон,

- мөн өдөр орчуулагч Т.Х (орчуулагч-2) эрх, үүргийг нь тайлбарлаж, 2025.04.28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд тус шүүх хуралдааныг хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хангаж түүний хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн 2025.04.28-ны өдрийн 1283 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,

- түүнчлэн 2025.05.26-ны өдрийн 14:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийг анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангах үндэслэлээр, түүний хүсэлтээр 2025.6.10-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан,

- 2025.06.12-ны өдөр М.Н эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнийг мөн өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулсан,

- мөн өдрийн буюу 2025.6.12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан, 1838 дугаартай “Нотлох баримтаас хасах тухай” шүүгчийн захирамжаар хариуцагчаас хариу тайлбартаа хавсаргаж ирүүлсэн, хэргийн 22-27 дугаар талд авагдсан 6 хуудас хуулбар баримтыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй, хуулбар баримт” гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар “нотлох баримтаас хасах нь зүйтэй” гэж шийдвэрлэж, тус захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн зэрэг процессын буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үйл баримтууд тогтоогджээ.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл:

9.1. Анхан шатны шүүх тус аймаг дахь Шүүхийн Тамгын газрын орон тооны орчуулагч М.Н, Т.Х нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар оролцуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт тэдгээр орон тооны орчуулагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар томилж, оролцуулах тухай шүүгчийн захирамж гаргаж хэрэгт хавсаргаагүй байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Тухайн орчуулагч М.Н үнэн зөв орчуулах үүрэгтэй талаар, хэрвээ санаатайгаар буруу орчуулбал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар хууль сануулж тайлбарлаагүй, баримтад урьдчилж гарын үсэг зуруулаагүй байхдаа түүнийг шүүгчийн захирамжаар орчуулагчаар томилоогүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тэрээр хэргийн оролцогчийн 2025.04.11-ний өдөр гаргаж өгсөн нотлох баримт дээр шууд тэмдэглэл үйлдэн бичгийн орчуулга хийсэн /хэргийн 22-27 дахь тал/ нөхцөл байдал нь мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгээс гадна 49.2-49.4 дэх хэсгийг зөрчсөн, шүүх процессын хуулийн холбогдох заалтыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхэд хангалтгүй байна.

Орчуулагч М.Н бичгийн орчуулга хийлгэхээс өмнө түүнийг шүүгчийн захирамжаар томилоогүй, эрх үүргийг нь тайлбарлаж сануулаагүй, харин хожим нь буюу 2025.6.12-ны өдөр орчуулагчийн хувьд түүнд эрх, үүргийг нь тайлбарлан сануулж, баримтад гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна /хэргийн 69 дэх тал/.

9.2. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийн захирамжаар томилоогүй орчуулагч нарыг, тухайлбал хэргийн 22-27 дахь хуудаст орчуулагч М.Н бичгийн орчуулга хийлгэсэн, 2025.04.28-ны өдрийн шүүх хуралдаанд Т.Х, 2025.06.12-ны өдрийн шүүх хуралдаанд М.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оруулагчаар оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “орчуулагчийг шүүгч захирамж гарган томилно” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна Монгол хэл мэддэггүй хариуцагч Х.Е 2025.03.07-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлаж, албажуулахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийн захирамжаар томилогдсон орчуулагчийг байлцуулаагүй нь /хэргийн 14 дэх тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Орчуулагч ... шүүх хуралдааны болон бусад ажиллагааны агуулгыг орчуулж, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, хуульд заасан журмаар томилогдсон орчуулагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх, процессын оролцоог хангах хуульчилсан журмыг баримтлаагүй байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Энэ талаар гаргасан хариуцагчийн “анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэх давж заалдах гомдол, уг гомдлын талаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч Монгол хэл мэдэхгүй бөгөөд шүүх хуралдаанд орчуулагч оролцсон боловч уг орчуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьдчилсан шатуудад, тухайлбал хэргийн материалтай танилцах, эрх үүрэгтэй танилцах ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.2-ийг зөрчсөн” гэсэн тайлбарыг тус тус хүлээж авах нь зүйтэй байна.

9.3. Анхан шатны шүүх 2025.06.12-ны өдрийн шүүх хуралдаанаас 1838 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, хариуцагчаас гаргаж өгсөн хэргийн 22-27 дахь талд авагдсан 6 хуудастай хуулбар баримтуудыг хэргийн нотлох баримтаас хасахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг баримталж тухайн баримтуудыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй, хуулбар баримтууд” гэсэн үндэслэлийг дурджээ. Х**** ямар учраас тухайн баримтуудыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй” гэж үзсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “... хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилсны “баримтыг хасах” гэдгийг “шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргахыг хэлнэ. Нотлох баримтыг хасах тохиолдолд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй үндэслэлийн аль нь болохыг шүүгч захирамж, шүүх тогтоолдоо тодорхой заана” гэж Монгол Улсын дээд шүүхийн Н*** шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор тайлбарлажээ. Ү***** дүгнэвэл, анхан шатны шүүх тухайн 6 хуудас хуулбар баримтыг хэргийн баримтаас хасахдаа эх хувь нь бус, хуулбар хувь гэсэн үндэслэлээр “хуулиар зөвшөөрөгдөөгүй” баримтад тооцож, хэргийн баримтаас хасахдаа гагцхүү “хуулбар хувь” гэсэн үндэслэлийг дурдсан нь “энэ талаар шүүгчийн захирамжид тодорхой заах” шаардлагыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Б***** нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Х******** өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Б***** нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж хуульчилсан журмыг шүүх хариуцагчид орчуулагчийг байлцуулан тайлбарлаж ойлгуулаагүй, уг журмыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй атлаа хариуцагчаас гаргаж өгсөн хуулбар баримтыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт”-д тооцсон нь учир дутагдалтай ба шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг буруу хэрэгжүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт” гэдэгт, тухайлбал (1) мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгслүүдэд үл хамаарах эх сурвалжид агуулагдсан баримтат мэдээлэл, хуурамч нотлох баримт болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, тухайн баримтыг гаргах, цуглуулахдаа, мөн бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй буюу хууль бус аргаар цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, хуулиар тухайлан зааж хориглосон зэрэг баримтуудыг хамааруулах бөгөөд хариуцагчийн гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар болон банкны дансны хуулганы хуулбар бүхий 6 хуудастай баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх талаар хариуцагчид тайлбарлаж, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг хариуцагчаас шаардан авах боломжтой байхад “хуулбар баримт өгсөн” гэх үндэслэлээр тухайн баримтуудыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт”-д тооцож хэргээс хассан анхан шатын шүүхийн үйл ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 44 дүгээр зүйлийн дээр дурдсан холбогдох хэсгүүдэд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

Энэ талаар хариуцагчаас “миний төлбөр тооцооны дэвтрийг шүүхэд гаргаж өгөх үед шүүх уг дэвтрийг чинь хэрэгт хавсаргах боломжгүй тул та хуулбарлаад өг гэхээр нь би хуулбарлан хэрэгт өгсөн. М** нэхэмжлэгч уг дэвтэрт бичигдсэн төлбөр тооцооны талаар маргаагүй тул би өөрийн төлбөр тооцооны баримтыг шүүхэд өгсөн гэх итгэл үнэмшилтэй шүүх хуралдаанд оролцсон. Г**** шийдвэр гаргахдаа миний гарган өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэхгүй гэж шийдвэр гаргасан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн” гэж гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ. Тухайлбал, анхан шатны шүүх хариуцагчид бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй талаар, мөн хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй талаар орчуулагчийг байлцуулан тайлбарлан таниулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй атлаа хуулбар баримт өгсөн гэх шалтгаанаар хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг “хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт”-д тооцож хэргээс хассан нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн агуулгад нийцээгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.4. Анхан шатны шүүхийн 2025.06.12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 1838 дугаартай “Нотлох баримтаас хасах тухай” шүүгчийн захирамжийн Захимжлах хэсгийн 2 дахь заалтад тухайн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тэмдэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 38.9 дэх хэсэгт заасан шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байхад хариуцагчид уг захирамжийг хэрхэн танилцуулсан нь тодорхойгүй, тухайн захирамж гарсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгагдаагүй, мөн захирамжид хариуцагчид хуульд заасан хугацаанд тухайн шатны шүүхэд гомдол гаргах боломж олгоогүй байдал нь шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж үзэх үндэслэлтэй.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагч Х.Е энэ талаар гаргасан “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

            Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэх учраас маргааны үйл баримт болон түүнд хэрэглэсэн материаллаг хуулийн агуулга, шийдлийн талаар давж заалдах шатны шүүхээс урьдчилсан байдлаар дүгнэлт хийгээгүй болно.

 

            Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагч Х.Е давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950.00 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж Х.Е буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК