| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 304/2025/00734/И |
| Дугаар | 214/МА2026/00001 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 214/МА2026/00001
Б.Б*******ын хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3******* дүгээр шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Б.Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******ын хүсэлтийн агуулга: Миний бие Сэлэнгэ аймаг дахь Г*******н газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, О*******ж дэх Г*******н газрын даргаар МУГЕГ-ын даргын 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 178 дугаар тушаалаар томилогдон ажилласан. МУГЕГ-ын даргын 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 134 дүгээр тушаалаар 1 жилийн чөлөө авсан. Чөлөөний хугацаа дуусч 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасан боловч оруулахгүй байсаар 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж, С******* дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 448 дугаар шийдвэр гарч ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулсан.
Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарахад дээрх хугацаанд хохирч байх тул нийгмийн даатгалын шимтгэл тооцуулахыг хүсч байна.
Тэр ч байтугай шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, ажил албан тушаалд маань эгүүлэн тогтоохгүй дахин 2 жилийн хугацаа өнгөрүүлэхэд би г*******н байгууллагаа дахин шүүхэд өгөлгүйгээр орхиж, Мэргэжлийн хяналтын газарт 2011 оны 03 дугаар сард зохих журмын дагуу ажиллах болсон.
Шүүхийн шийдвэр биелэгдээгүй 2011 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хууль журамд нийцвэл нөхөж тооцуулахыг хүсч байна гэжээ.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т зааснаар 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлт гаргагч Б.Б*******ын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Хүсэлт гаргагч Б.Б******* давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* дүүргийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр намайг О*******ж дэх Г*******н газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн.
1.Эрүүл мэндийн шалтгаанаар авсан чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох гэтэл оруулахгүй 1 жил өнгөрсний дараа миний бие нэхэмжлэл гаргаснаар шүүхээс дээрх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан. Гэвч би 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хугацаан дахь нийгмийн даатгалын төлөлтөөр хохирч үлдсэн учраас энэ хугацаанд ажилласан гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай юм.
2.Хүчин төгөлдөр хэрэгжих ёстой шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй буюу намайг ажил албан тушаалд маань эгүүлэн томилохгүйгээр 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс үргэлжлүүлсээр 2011 он хүргэсэн тул би удирдах ажилтны сонгон шалгаруулах уралдаант шалгалт Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсаны дагуу орж, уг шалгалтад шалгарч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 59 тоот тушаалаар Б******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсон. Дээрх хугацаанд /2009.03.06-2011.03.11/ шүүхийн нэгэнт гарсан шийдвэрээр ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдох ёстой байсан гэж үзэж, хэрэв хууль зүйд нийцэх аваас мөн хугацаанд миний ажилласан жилийг сэргээж тогтоон, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахыг хүссэн.
Шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан нь нотлогдож байгаа болно.
Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдох болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардаагүй буюу энэ талаар маргаан үүсгэх хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндөөгүй. Эсрэг талын зохигчгүй, ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн өмнөх шийдвэртэй байсаар байтал нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж миний бие хохирсныг шүүгч Д.Элбэгзаяа нь ойлгож, намайг ...түүний эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч Б.Б******* нь 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Б.Б*******ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Монгол Улсын Г*******н Ерөнхий Газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 178 дугаар тушаалаар Б.Б*******ыг О*******ж дэх г*******н газрын даргаар томилсон ба 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 134 дүгээр тушаалаар түүнд 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгосон байдаг. /хх-ийн 9, 11-р хуудас/
3.2.С******* дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр Б.Б*******ыг Г*******н Ерөнхий Газрын О*******ж дэх г*******н хорооны даргын ажилд ажиллуулж, Г*******н ерөнхий газраас 7,387,292 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6-8-р хуудас/
3.3.Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Б.Б*******ыг Б******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажилд томилжээ. /хх-ийн 10-р хуудас/
3.4.Хүсэлт гаргагч Б.Б*******ын 2007 оны 09 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 3-р хуудас/
4.Анхан шатны шүүхийн Б.Б*******ын гаргасан 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
5.Хүсэлт гаргагч нь давж заалдах гомдолдоо зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдох болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардаагүй буюу энэ талаар маргаан үүсгэх хүсэлт гаргаагүй. Эсрэг талын зохигчгүй, ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн өмнөх шийдвэртэй байсаар байтал нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй бөгөөд эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа байдаг. Өөрөө хэлбэл эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй тул эсрэг талын зохигч оролцдоггүй онцлогтой.
6.1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь шүүхийн шийдвэрийг Г*******н Ерөнхий Газар биелүүлээгүйгээс болж шүүхийн шийдвэртэй 1 жил, биелүүлээгүй 2 жил нийт 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан тул нөхөн тооцуулах хүсэлтэй, үүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан.
6.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаартай тушаалаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг баталсан бөгөөд уг журмын 5.1.4.-т даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэр нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндсэн баримт болно. Мөн журмын 5.1.1, 5.1.4, 5.1.5 дахь заалтын дагуу шимтгэл нөхөн төлүүлэх тохиолдолд ажил олгогч тайлан ирүүлнэ гэж заасан тул хүсэлт гаргагч Б.Б******* нь ажил олгогч байгууллагадаа шимтгэл нөхөн төлөх талаархи хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзнэ.
6.3.Харин шүүхийн шийдвэр гарсан 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш дараагийн ажилд томилогдох 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах шаардлагын хувьд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Б******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3******* дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ