| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 304/2025/00733/И |
| Дугаар | 214/МА2026/00002 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 214/МА2026/00002
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяагийн даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х******* ОНӨХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /рд:*******/-д холбогдох
36,454,500 /гучин зургаан сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.Ө******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х******* ОНӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: ...Б аймгийн Төрийн Аудитын газраас төлбөр барагдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн /03/176 А0670250/ дугаар тогтоолыг үндэслэн Өвөлжөөн булаг ХХК нь Аймгийн аюулгүй нөөцийн өвс, тэжээл бэлтгэн нийлүүлэх 2023 оны 08 дугаар сарын 25-ний №111 гэрээгээр 150,000,000 төгрөгөөр 15,000 боодол өвс, 70 тн тэжээл нийлүүлэгдэх байсан хэдий ч дутуу нийлүүлэгдсэн 27,042,000 төгрөгийн 4,507 боодол өвс, 14,400,000 төгрөгийн 16 тн тэжээл, нийт өвс тэжээлийн төлбөр болох 41,442,000 төгрөгийн төлбөрөөс Өвөлжөөн булаг ХХК-ийн захирал Б.Ө******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-нд 5,000,000 төгрөгийг төлсөн байна.
Иймд одоог хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл болох 36,442,000.0 /гучин зургаан сая дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөг, үүн дээр нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 36,454,500 төгрөгийн төлбөрийг Өвөлжөөн булаг ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б аймгийн Засаг даргын Нийлүүлэгчид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн дагуу Өвөлжөөн булаг ХХК нь 2023 онд аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэх-ээр гэрээг ХАА-н газрын дарга болон Хөдөө аж ахуй - хөгжлийн ирээдүй ХХК-ийн захирал нартай гэрээ байгуулан ажлаа 2023 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн 11-р сарын 29-ны өдөр гэхэд бэлтгэн нийлүүлж дуусаад ажлын хэсэг нь хүлээн авсан тухай акт үйлдсэн.
Энэ талаар хяналт тавьж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд нь хуралдан тэмдэглэл үйлдэж эцсийн санхүүжилт олох зөвшөөрөл олгосон. Ийм учраас Хөдөө аж ахуй-хөгжлийн ирээдүй ХХК нь манай байгууллагаас өвс, тэжээл дутуу нийлүүлсэн гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 36,454,500 /гучин зургаан сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х******* ОНӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х******* ОНӨХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,222 /гурван зуун дөчин мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ... Хөдөө аж ахуйн-Хөгжлийн ирээдүй ХХК, хариуцагч ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гэрээ байгуулсантай зохигч маргаагүй. ...Хариуцагч тал нь 15,000 боодол өвс, 70 тонн тэжээл буюу 150,000,000 төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээлийг Х******* ОНӨХХК-д гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. ... гэжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 343.1 дүгээр зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Учир нь: 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний дагуу захиалагчийг төлөөлж Х******* ХХК-ийр захирал Б.О, гүйцэтгэгчийг төлөөлж Б.Өлзийсайхан нар 15,000 боодол өвс, 70 тн тэжээл нийлүүлэхээр гэрээ байгуулсан байдаг.
Талууд гэрээг нөөцөд өвс нийлүүлэх гэрээ гэж нэрлэн заасан хэдий ч уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг хангаж байх ба Өвөлжөөн булаг ХХК нь захиалагчийн буюу өөрийн материалаар ажил гүйцэтгээгүй, ажлын үр дүнг талууд шаардаагүй харин өвс, тэжээл бэлтгэн нийлүүлэхдээ биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй өвс, тэжээлийг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээний 2 дугаар зүйлд Б сум, Х сумын Хонгор баг, сумын тосгонд тус бүр 3 газарт хүлээн авч, барааг хүлээлцсэн акт үйлдэнэ. гэж тохиролцсон хэдий ч тухай бүрт хүлээлцсэн акт байдаггүй бөгөөд Б аймгийн суманд ******* ХХК нь бусдын хураасан өвсийг оролцуулан нийлүүлэх өвс гэж ажлын хэсэгт танилцуулан тоолуулж, тухайн үед аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсгийнхэн хүлээн авсан байдаг. Түүний дараагаар сумдад тараагдахад гэрээнд заасан тоо, хэмжээ зөрсөн байсан. Энэ талаар хариуцагч талд мэдэгдэхэд даруй хугацаанд бэлтгэн нийлүүлэхээр ажиллаж байна гэсэн боловч нийлүүлээгүй. Иймээс манай компанийн зүгээс 4507 боодол өвс, 16 тонн тэжээлийн үнэ болох 41,442,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарын хугацаанд график гарган төлөхөөр тохирч, эхний төлөлт болох 5,000,000 төгрөгөө 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулсан байдаг. Үлдэх 36,442,000 төгрөгийг графикийн дагуу төлөөгүй учир шүүхэд хандсан.
Анхан шатны шүүх Б аймгийн 2023 оны аюулгүйн нөөцөд дутуу бэлтгэсэн 4507 боодол өвс, 16 тонн тэжээлийн үнэ болох 41,422,000 төгрөгийг ОНХС-ийн Төрийн сангийн дансанд эргэн төвлөрүүлэх хуваарь гэх баримтыг ямар шалтгаанаар үнэлээгүй талаарх дүгнэлтийг хийгээгүй бөгөөд энэ баримт нь талуудын хооронд байгуулсан гэрээний өвс, тэжээлийн дутагдсан хэсгээс татгалзсаныг илэрхийлж байх бөгөөд нэгэнт талууд тоо, хэмжээг зөрүүтэй нийлүүлсэн тогтоогдож байх тул өмнө үүссэн үүрэг хэвээр үлдэж, татгалзсан хэсгээс өгсөн, авснаа буцаах нь Иргэний хуульд нийцэх юм.
Мөн нотариатын зардал 12,500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг компани нь гэрээний үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор гүйцэтгэсэн байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргаж, баримт бичгийг баталгаажуулах шаардлага үүсэхгүй байсан тул ИХ-ийн 227.1-д зааснаар нотариатын зардлыг нэхэмжилсэн.
Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36,442,000 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх тул Б аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Өвөлжөөн булаг ХХК-аас 36,454,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Х******* ОНӨХХК нь 2023 оны 08 дугаар сарын 25-ний №111 гэрээгээр дутуу нийлүүлэгдсэн 4507 боодол өвсний үнэ 27,042,000 төгрөг, 16 тн тэжээлийн үнэ 14,400,000 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 36,454,500 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч ******* ХХК нь ...******* ХХК нь 2023 онд аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэх-ээр гэрээг ХАА-н газрын дарга болон Хөдөө аж ахуй - Хөгжлийн ирээдүй ХХК-ийн захирал нартай байгуулсан. Ажлаа 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11-р сарын 29-ны өдөр гэхэд бэлтгэн нийлүүлж дуусаад ажлын хэсэг нь хүлээн авсан тухай акт үйлдсэн. Энэ талаар хяналт тавьж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд нь хуралдан тэмдэглэл үйлдэж эцсийн санхүүжилт олгох зөвшөөрөл олгосон. Манай байгууллага гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нийлүүлсэн өвс тэжээлийг хэрхэн зарцуулсан нь нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч 15,000 боодол өвс, 70 тн тэжээлийг нэхэмжлэгч талд гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тайлбарласан.
6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Зохигч 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 111 дугаартай Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 15,000 боодол өвс, 70 тн тэжээл нийлүүлэхээр тохиролцсон.
6.2.Хариуцагч ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийн үнэ бүхий 15,000 боодол өвс, 70 тн тэжээлийг нийлүүлсэн болох нь хэргийн 23-р хуудсанд авагдсан Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүлээж авах тухай ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 24-р хуудсанд авагдсан Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсгийн актаар нотлогдож байгаа боловч энэхүү нотлох баримт нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн дараах нотлох баримт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгэгдэж байна.
- Хэргийн 9-р хуудсан авагдсан Б аймгийн 2023 оны аюулгүйн нөөцөд дутуу бэлтгэсэн 4507 боодол өвс, 16 тонн тэжээлийн үнэ болох 41,422,000 төгрөгийг ОНХС-ийн Төрийн сангийн дансанд эргэн төвлөрүүлэх хуваарь гэх баримт. Энэхүү баримтыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөдөө аж ахуйн-хөгжлийн ирээдүй ОНӨХХК-ийн захирал М.Л, ******* ХХК-ийн захирал Б.Ө******* нар баталсан байх бөгөөд энэ хуваарийн дагуу хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 41,442,000 төгрөгийг Төрийн сан банкны тоот дансанд төвлөрүүлэхээр тохиролцсон байна. Эхний төлөлтийг талууд 5,000,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд хариуцагч 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн нь өвс, тэжээлийг дутуу нийлүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч, гүйцэтгэж байгаа үүрэг байна гэж дүгнэлээ.
- Хариуцагч компанийн төлөөлөгч Б.Ө******* 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс асуусан асуултанд хариулахдаа ...Манайх тендерт ороод ялж уг ажлыг авсан боловч гүйцэтгэгчээр Б.О ажилласан. ...Б.Отэй 2025 оны хавар уулзахад намар гэхэд дутуу нийлүүлсэн өвс, тэжээлээ өөрсдөө зохицуулаад нийлүүлчихнэ гэж хэлсэн гэх тайлбар нь Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүлээж авах тухай ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсгийн актаар хариуцагч гэрээний үүргээ дутуу нийлүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.
6.3.Зохигчийн байгуулсан Б аймгийн 2023 оны аюулгүйн нөөцөд дутуу бэлтгэсэн 4507 боодол өвс, 16 тонн тэжээлийн үнэ болох 41,422,000 төгрөгийг ОНХС-ийн Төрийн сангийн дансанд эргэн төвлөрүүлэх хуваарийн дагуу хариуцагч дутуу нийлүүлсэн төлбөрийн хамгийн сүүлийн төлөлтийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлөх байсан тул нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
7.Талууд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 111 дугаартай Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг баримталсан байх бөгөөд зохигчийн өвс, тэжээлийг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүйгээс мөн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь хэргийн 9-р хуудсанд авагдсан нотлох баримт болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хэргийн 44, 46-р хуудас/-аар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4507 боодол өвсний үнэ, 16 тн тэжээлийн үнэ болох нийт 36,442,000 төгрөгийг хангаж, нотариатын зардал 12,500 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340,222 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 340,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
10.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар БАРИМТ №4 буюу нэхэмжлэл гардуулсан тухай баримтын загварыг баталсан. Хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба БАРИМТ №4-ийн загварыг өөрчилж, нэхэмжлэлийн хувийг хэнд гардуулан өгсөн, гардуулан өгсөн шүүгчийн туслах, шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, гарын үсгийн тайлалтай хэсгийг баримтаас хассан байна. Баримтын загварыг өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж байгаа боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөх зөрчил болохгүй хэдий ч цаашид хууль болон журамд заасны дагуу эрх зүйн актыг гаргаж, баримтыг хөтлөхийг давж заалдах шатны шүүхээс анхааруулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 36,442,000 /гучин зургаан сая дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ОНӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500 /арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340,222 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 340,160 төгрөгийг нэхэмжлэгч Х******* ОНӨХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 340,222 /гурван зуун дөчин мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ
Л. ХИШИГДЭЛГЭР