Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 214/МА2026/00003

 

Ш.Ж*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваагийн даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш*******ийн Ж*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХААН банк ХК-ийн Булган салбарын захирал Б.Б*******ад холбогдох

ХААН банк ХК-ийн Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 48,971,191 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш.Ж*******, түүний өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Ж*******ын нэхэмжлэлийн шаардлага: ...Миний бие 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны Булган салбарт теллерээр анх ажилд орж байсан. Ажилд орсноос хойш ахлах теллер, эдийн засагч, мэдээлэл судалгааны эдийн засагч, тооцооны төвийн эрхлэгч, ахлах эдийн засагч, зээлийн багц хариуцсан менежер, бизнес хөгжил хариуцсан менежер зэрэг албан тушаалд дэвшин ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хариуцлагатай, нэр хүндтэй, хамт олондоо нийтэч, үнэнч шударгаар ажиллаж өнөөг хүрсэн.

Намайг ажиллаж байх хугацаанд олон ч удаа тус салбарын удирдлагууд солигдон өөрчлөгдөж байсан ч би бүгдтэй нь хамтран хариуцлагатай ажилласаар ирсэн. Гэтэл одоогийн Хаан банкны Булган салбарын удирдлагын хувьд миний ажиллах нөхцөл бололцоог хязгаарлах, 2016 оны үйл явдлыг сөхөж, банкны аудитаар шалгуулах захиалга өгч зориуд ажлаас гаргах үйл ажиллагаа явуулсан байна гэж би бодож байна.

Өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын дундуур Хаан банкны аудит Ц гэдэг хүн намайг 2016 онд харилцагч Д.Э*******, А******* нарын барьцаа хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан, мөн 2024 оны 8 сард өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны зээлээр санхүүжүүлж баримт бүрдүүлсэн гэх үндэслэлүүдээр шалгалт хийж байгаа талаар танилцуулсан. Би 2024.12.19-ний өдөр шалгалтын комисст тайлбар бичиж өгсөн. Би бичгээр тайлбар өгсөн ба мөн банкны удирдлага болон аудитын хянан шалгагч нартай хамт уулзалт хийсэн ба уг уулзалтаар намайг банкны журам зөрчсөн байна гэж тайлбарлаад албан ёсоор аудитын дүгнэлт гарна гэж хэлсэн.

2025.01.21-ний өдөр Салбарын захирал Б.Б******* нь захирлын зөвлөлийн хурал дээр банкны аудитын дүгнэлт танилцуулсан. Дүгнэлтдээ намайг зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн байсан.

2025.01.22-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд захирал Б.Б******* өрөөндөө дуудаж Сахилгын шийтгэл оногдуулах талаар мэдэгдэх хуудас, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болох үндэслэл тайлбарлах хуудас-ыг тус тус танилцуулж, холбогдох арга хэмжээ нь ажлаас халах гэж тайлбарласан.

Би тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн холбогдох ажлаас халах арга хэмжээг ч хүлээн зөвшөөрөөгүй. 2016 онд болсон үйл явдал надтай хамааралгүй юм. 2024 оны 08 дугаар сард намайг хуурамч бичиг баримт бүрдүүлж, өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлсэн гэх үндэслэлийг би мөн л зөвшөөрөөгүй. Учир нь би тухайн банкнаас ямар ч санхүүжилт аваагүй, баримт бичигт засвар оруулсан нь үнэн боловч би тухайн баримтыг үндэслэн Хаан банкнаас зээл олгогдоогүй. Бие бусдад давуу байдал үүсгэсэн, журам зөрчсөн зүйл байхгүй гэж тайлбарласан боловч миний тайлбарыг огт хүлээж аваагүй.

... Би 2025.01.23-ний өглөө 9 цагт ажил дээрээ ирэхэд миний ажлын компьютер, дотоод сүлжээнүүдэд нэвтрэх ямар ч боломжгүй болгосон байсан. Би 23-ний өдөр бусад өдрийн л адилаар ажлаа хийх ёстой, ажил дээрээ тайван байдалтайгаар ажил хөдөлмөрөө эрхлэх ёстой байсан. Гэтэл намайг ажил дээрээ орж ирэхэд л ажлаас гаргачихсан, ажлын бүх программд хаалт хийчихсэн байсан нь надад маш их дарамт болсон. Намайг дүгнэлттэй ч танилцаж гарын үсэг зураагүй байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн шалтгаанаар ажлаа хэвийн хийх бүх боломжийг хязгаарлачихсан байна/ 2025.01.23-ний өглөө ажилдаа ирэх төдий л намайг ашиглан хийсэн мэтээр хандаж ямар ч тушаал шийдвэргүйгээр бүх ажлыг минь зогсоосон.

Тэгээд би захирал Б.Б*******тай уулзахад та ноцтой зөрчил гаргасан, хүний нөөцийн газраас ярьсан зөрчлийн мэдэгдэх хуудас дээр гарын үсэг зуруулаад яаралтай явуул, ажлаас нь хал гэж байна гэж надад хэлсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй, би тэмдэглэлтэй танилцах эрхтэй, би гарын үсэг зураагүй байхад яагаад шууд намайг ажлаа хийх боломжгүй болгож байгаа юм бэ, намайг ажлын дарамтад оруулж байна, би халагдах үндэслэлгүй шат дараалсан арга хэмжээ авч өгнө үү гэх зэргээр тайлбарласан боловч захирал Б.Б******* нь тус зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гарын үсгээ зур, зурахгүй бол ноцтой зөрчлөөр ажлаас чинь хална гэж ажлын байрны дарамт шахалтыг илтэд үзүүлсэн.

... Банкны салбар онцлогтой, учир нь банкинд ажиллаж байгаад гарсан хүнийг бусад банк зөрчилтэй гарсан гэж ойлгоод ажилд авдаггүй. Учир нь банкны нийт системээр тухайн мэдээлэл тарчихдаг. Тиймээс би захирал, удирдлагуудын шахалтад орж аргагүй эрхэнд л өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье гэсэн хүсэлтийг өгсөн.

Хэрвээ үнэхээр зөрчилтэй гэж үзэж байсан бол намайг ажлаас ноцтой зөрчил гаргасан гэж халах ёстой байсан. Гэвч би тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, шат дараатай арга хэмжээ авах боломжтой байна шүү дээ гэж тайлбарласаар байхад намайг өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ бичиж өг гэж шахалтад оруулсанд би гомдолтой байна. Би өөрийн хүсэл сонирхлын дагуу ажлаас гарах хүсэлт бичиж өгөөгүй, намайг ажлын байрны дарамтад оруулж хүсэлт бичүүлэн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хаан банкны Булган салбарын захирлын 2025.01.23-ны өдрийн 5270/0011/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж өгнө үү. Хаан банкны Булган салбарт зээлийн багц хариуцсан менежерээр ажиллаж, сарын үндсэн цалин 4.300.000 төгрөгийн цалин авдаг байсан. Миний 2024 оны сүүлийн хагас жилийн цалингийн урамшуулал 2.500.000 төгрөг нийт 6.800.000 төгрөгийг гаргуулах, Мөн энэ хугацаанд миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй учир нөхөн төлүүлэхийг хүсч байна гэжээ.

 

2.Хаан банк ХК-ийн Булган салбарын захирал Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Ш.Ж*******ын нэхэмжлэлтэй, ХААН Банкны Булган салбарын захирал Б.Б*******ад холбогдох иргэний хэргийн маргаанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

ХААН Банкны Төв банкны Салбарын аудитын газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан Аудитын тайлангаар Булган салбарын Зээлийн багц хариуцсан менежер Ш.Ж*******тай холбоотой зөрчил илэрсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно., мөн зүйлийн 123.3 дахь заалтад Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. гэж заасан байна.

Дээрх заалтын дагуу ажилтны гаргасан зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ХААН Банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчилд тооцогдож байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Салбарын захирал Б.Б*******аас ажилтан Ш.Ж*******д илэрсэн зөрчлийг мэдэгдэх, тайлбар авах уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар ажилтанд танилцуулсан Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тайлбар авах хуудас болон Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас-ууд дээр ажилтан танилцсаныг баталгаажуулах зорилгоор гарын үсэг зуруулсан.

Ажил олгогчийн зүгээс шийдвэрийг урьдчилсан байдлаар ажилтанд танилцуулсны дараа Ш.Ж******* нь Салбарын захиралд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг тавьж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай өргөдлийг ХААН Банкны Булган салбарт бичгээр гаргасан байна.

Ажилтны гаргасан өргөдөл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, мөн зүйлийн 79.3 дахь заалтыг тус тус үндэслэн ажил олгогчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 тоот тушаалаар Ш.Ж*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

Иймд дээрх үндэслэлийн дагуу ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх тул Ш.Ж*******ьн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 83 дугаар зүйлийн 83.5 дахь заалтыг баримтлан хариуцагч ХААН банкнаас 215,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш*******ийн Ж*******д олгож, ХААН банкны Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 48,756,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, төрийн сангаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж*******д олгож, хариуцагч ХААН банкны Булган салбараас 7100 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Ш.Ж******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хаан банкны Булган салбарт 2003.08.01-ээс эхлэн 21,5 жил ажилласан. 2025.01.23-ны халагдах өдөр хүртэл Зээлийн багц хариуцсан менежер албан тушаалд ажиллаж байсан. Тэгтэл үл хөдлөх хөрөнгө болон газрыг дур мэдэн худалдан борлуулсан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг улсын бүртгэлийн лавлагаанд засварласан гэх шалтгаанаар ажлаас халагдсан.

...Анхнаасаа банкны аудитын тайланг 2025.01.21-ний өдрийн 17 цагаас танилцуулан 18 цаг өнгөрөхөд дууссан, тухайн тайланд шийдвэр танилцуулаагүй. Харин 2025.01.22-ны 17.30 цагийн үед салбарын захирал Б.Б******* Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тайлбар авах хуудас, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудсыг танилцуулаагүй шууд өгч, шийдвэр халагдахаар ирсэн, гарын үсэг зурж өг гэсэн шаардлагыг тавьсан ба энэ үед ажил тарах цаг болсон байсан. Ажлаас халах үндэслэлүүдийг сайтар танилцаж судалж байж хариу тайлбар өгөх талаар салбарын захиралд хэлсээр байхад гарын үсэг зур гэж шахаж шаардлага тавьж байсан.

2025.01.23-ны өглөө ажилдаа ирээд урдны өдрүүд шиг хэвийн ажиллахаар комьпютерээ нээгээд программууд руу хандах гэхэд орох эрх хаагдсан байсан ба үүнээс хойш комьпютер луугаа ч нэвтрэх боломжгүй болсон энэ нь надад маш их дарамт буюу сэтгэл зүйн дайралт, тушаал гараагүй байхад хэвийн ажиллах эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн үйлдэл байсан. Ийнхүү ажлын байрны дарамтаас болж аргагүй байдалд орж өөрийн хүсэлт гэсэн бичиг хийж өгсөн. Үүнийг шалгаж өгөхийг шүүхэд хүсч тайлбар өгсөн боловч энэ талаар ямар ч арга хэмжээ авалгүй нотлоогүй байж нотлогдсонгүй гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй.

1.Үндэслэх нь хэсгийн 7 хэсэгт ....гомдол гаргах боломжит хугацаа олгоогүй, уг зөрчил нь ажлаас халах хэмжээний шийтгэл оногдуулах зөрчил биш тул тохирох шийтгэл оногдуулах талаар хэлсэн боловч хүлээж аваагүйд гомдолтой байна гэж байгаа ч Салбарын аудитын тайланд гомдол гаргаагүй төдийгүй 2025.12.19-ний өдөр тус газарт гаргасан тайлбартаа .... тус татвар бага төлөгдсөн үл хөдлөх хөрөнгийн лавлагаан дээрх дүнг зассан асуудлыг ажилтан би хийсэн тул ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа тул дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй ажиллах болно оо гэж Салбарын аудитын тайланд ... миний бие өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахдаа ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа билээ... /ХХ-ийн 18х, 118х/ гэсэн түүний тайлбар авагдсан нь нэхэмжлэгч ХААН банкны ЗБ-ын 2.2.5.3, 2.2.5.8, ЗҮАЖ-ын 4.4.1, 4.23.18, ЁЗД-ийн 5.1 дэх заалтуудыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна гэжээ

1.1.Аудитын тайланг танилцуулснаар зөрчил илэрснийг танилцуулснаас шийдвэр танилцуулаагүй.

1.2.Өөрийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан талаар миний өгсөн тайлбарыг нийт зөрчлийг хүлээн зөвшөөрсөн мэтээр үзсэнийг зөвшөөрөхгүй.

1.3.Тэгээд ч зөрчил гэж үзсэн 1 үйл баримт нь 2016 онд болсон байсан. Энийг зөрчил гэж үзэж байгаа бол сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа нь өнгөрсөн байна. /XX 123-р зүйлийн 123.4/

1.4.Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болгох. үндэслэл тайлбарлах хуудастай танилцаж зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар боломжит хугацаа олгоогүйгээс ажил олгогчоос хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох, хөдөлмөрийн ноцтой зөрчил мөн эсэхийг тогтоолгох талаар гомдол гаргах эрхийг зөрчсөн.

2.Үндэслэх нь хэсгийн 8 хэсэгт ... Ш.Ж*******ын хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай бичгээр гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд түүнийг ажил олгогч хүлээн авч шийдвэрийг өөрчилж ажилтны санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж байгаа нь Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Тэгтэл миний гаргасан хүсэлт ИХ-ийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийн шаардлагыг хангасан хүсэлт мөн эсэх, ажлын байрны дарамтаас болсон эсэхийг тогтоогоогүй. Ажлын байранд хэвийн ажиллах нөхцөл боломжгүй, тушаал гардан аваагүй байхад ажил хүлээлцсэн гэх зэрэг нь гэрчийн мэдүүлгүүдэд байгаа. Би ажлаа хийхийг хүсч байсан, шат дараалсан арга хэмжээ авхуулахыг хүсч байсан. Тэгтэл шүүх болохоор ажлаас халагдах үеийн харилцан тохиролцож ажлаас гарсан гэж шийдэж байгааг хэт нэг талыг барьж шийдэж байна гэж үзэж байна.

3.Үндэслэх нь хэсгийн 8 хэсэгт ..ажил олгогчоос ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэх ажиллагаа хийх үед нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр гаргасан хүсэлтийг ажил олгогчид өгсөн, дээрх мэдэгдэх үйл ажиллагааг ажил олгогчоос явуулахдаа ажлын байрны дарамт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ажлын байрны дарамт, зүй бус нөлөөллийн талаар гомдол гаргаагүй үйл баримт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон гэжээ. Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудсыг танилцуулаагүйгээр шууд өгч гарын үсэг зурж өгөхийг шаардсанаас надад танилцах хугацаа байгаагүй тул би бүрэн танилцах боломжгүй, гомдол гаргах боломж цаг хугацаа байгаагүй. Мөн надад 2025.01.22-ны өдрийн 17 цаг 30 минутад өгч байгаа ч ажлын цаг тарах хугацаа болсон байсан, 2025.01.23-ний өдөр комьпютерт нэвтрэх боломжгүй тул танилцах ямар ч нөхцөл боломж байгаагүй.

4.Хаан банкны хэмжээнд ажлын байрны дарамт хүчирхийллийн асуудлыг Ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журмаар зохицуулдаг бөгөөд уг журмын 7.1 дэх хэсэгт Ажлын байрны дарамж хүчирхийлэлтэй холбоотой гомдлыг ХААН банкны ёс зүйн дэд хороо энэ журмын хүрээнд харьяалан шийдвэрлэнэ гэж заасан, Нэхэмжлэгч энэ журмын дагуу гомдол гаргаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс хүч хэрэглэсэн, зүй бус нөлөөлөл үзүүлж хүсэлт бичүүлсэн гэх нотлох баримт гаргаагүй байна гэжээ. Ажлын байрны дарамт гэдгийг цохиулж зодуулж, ямар нэг үг хэлээр доромжлуулахыг хэлэхгүй, харин ажиллах хэвийн нөхцөлөө хязгаарлуулах, халагдах болсон шалтгаандаа гомдол гаргах цаг хугацаагүй байх, дахин банкны системд орж ажиллах боломжгүй болж хар жагсаалтад хүртэл орох ажлаас чөлөөлөгдөж халагдаж байгаа тушаалаа гардаж аваагүй байхдаа ажлаа хүлээлгэж өгөх, банкны дотоод сүлжээгээр программд хандаж орж үзэж мэдээлэл авах эрхгүй байгааг дарамт гэж үзээгүй нь, мөн ажлын цаг дуусахаас 30 минутын өмнө хүлээн авсан мэдэгдэх хуудсыг ажлыг цаг дууссанаас хойш хэдэн цагт ч хамаагүй гарын үсэг зураад буцаан өгөх байсан нь буюу оройн 20 цагт хүртэл дуудагдаж ажил дээр ирүүлж байгаа, тэгээд ажилдаа нэвтрэн орох эрхгүй хаасан байранд ирүүлэх, утсаа авахгүй байх зэрэг нь ажлын байрны дарамт болж байгаа талаар мэдүүлэг өгсөн ч шийдвэр гаргахад шүүх авч хэлэлцээгүй.

5. ....ШУА нь Мэдээллийн аюулгүй байдлын газрын Security Operations Center /SOC/ мэргэжилтэнд тухай бүр мэдэгдэж мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй гэж заасны дагуу салбарын захирал чиг үүргээ хэрэгжүүлжээ гэжээ. 2025.01.23-ны өглөө ажилдаа ирээд программ руу нэвтрэх боломжгүй байгаа талаар ШУА буюу Б*******ад хандахад Хүний нөөцийн газраас тодруулъя гэж гуйвуулсан мэдээлэл өгч байсныг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед миний бие хэлсэн, мөн гэрч ийн мэдүүлэгт ШУА тушаалтны хэлснээр эрхийг 2025.01.22-ны өдрийн 19-20 цагийн хооронд түдгэлзүүлсэн талаар дурдсан байгааг шүүх шийдвэр гаргахдаа хүлээн аваагүй.

6.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь 2024 оны сүүлийн хагас жилийн урамшуулал 3,010,000 төгрөг, банкны ажилтны 3 хувийн хуримтлалын байгууллагаас гаргах 1,386,675 төгрөг нэхэмжилсэн ч эдгээр мөнгөн дүнгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох талаар ИХШХШТХуулийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй мөн ....ажилгүй байсан хугацааны цалин 48,756,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Цалин урамшуулал, хуримтлалд гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.Тус шүүхийн шүүгчийн 2025.05.29-ний 01444 захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн iphone 14 маркийн гар утсанд үзлэг хийх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны аль ч үед миний гар утсанд үзлэг хийгээгүй. Гэвч ярианы бичлэгийг хариуцагчид мэдэгдээгүй хийсэн бичлэг буюу хуурамч эсхүл хууль бусаар цуглуулсан бичлэг гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.11.13-ны өдрийн ******* шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн гол зангилаа болох талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэлгүй тайлбарласан байхаас гадна Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Ш.Ж******* нь сахилгын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, банкны ажилтны зөрчлөөр ажлаас халагдах нь цаашдын ажил амьдралд сөргөөр нөлөөлөх тул өөрөө хүсэлтээ гаргая гэсний дагуу түүний хүсэлтийг 1 сарын 23-ны үдээс хойш албажуулсан нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан болохыг нотолж байна, мөн сахилгын зөрчил болон ажлын байрны дарамт үзүүлсэн гэх үйлдэл тус бүрт гомдол гаргах эрх нь нэхэмжлэгчид байсан боловч гомдол гаргаагүй, бичгээр хүсэлт гаргаж байгаа зэрэг нь Иргэний хуулийн 39.1 хэсэгт заасан хүсэл зорилгын илэрхийлэл бөгөөд түүнийг ажил олгогч хүлээн авч шийдвэрийг өөрчилж ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж байгаа нь Иргэний хуулийн 40.1 хэсэгт нийцнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 41.2-т хүсэл зоригийг тайлбарлахдаа хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Жавзандүламын хүсч буй хэрэгцээ шаардлага юу байв:

-сахилгын зөрчлийг шат дараалсан арга хэмжээ авхуулах

-ажил хөдөлмөрөө цааш үргэлжлүүлэхийг хүссэн үйлдэл, үг бусад нөхцөл байдлуудыг тайлбарлаж илэрхийлсээр байсан

Харин хариуцагч Хаан банкны зүгээс хүсэл зоригийн хэрэгцээ шаардлага юу байв:

-Ш.Ж*******ыг ямар ч тохиолдолд ажлаас гаргах

-Ажлаас гаргах тушаалын хэлбэрийг өөрчилсөн ч гэсэн түүнийг Хаан банкны системийн хувьд дахин эргүүлэн ажилд оруулахгүй байх хар жагсаалтад бүртгэх

-01 дүгээр сарын 23-ны өдөрт нь багтааж ажлаас явуулах, дахин банкинд ирүүлэхгүй байх

-Маргаан гаргахгүйгээр ажлаас нь халах хүсэл зоригийг тус тус илэрхийлсэн байдаг.

Талуудын тус бүрийн хэрэгцээ шаардлага түүний шалтгаан нөхцөл, тухайн хүсэл зоригоо биелүүлж буй үг үйлдэл, хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийхгүй зөвхөн гадна илрэх хэлбэрийг өнгөц тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ж*******ын туйлын хүсэл зорилго, хэрэгцээ шаардлага нь сахилгын зөрчлийг шат дараалсан байдлаар хэрэглэж цааш үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг байсан. Ажилтан ажилтайгаа үлдэх, ажилгүй болох хоёр сонголтоос ажлаа хийж үлдэх сонголтыг илэрхийлж хэрэгцээгээ тодорхойлсон байдаг. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохдоо нэгэнт ажилгүй болох сонголтоос зөрчилтэй тушаалаар халагдах уу эсхүл өөрийн хүсэлтээр халагдах уу гэсэн сонголт байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн хүсэл зориг нэхэмжлэгчийг ажлаас нь л гаргаж байвал ямар хэлбэрийн тушаал гаргах нь хамааралгүй бөгөөд зөвхөн туйлын хүслээ хангах явдал байна. Хариуцагч нь Ш.Ж*******ыг ноцтой зөрчил хангалттай илэрсэн гэж үзэж мэдэгдэх хуудсаар танилцуулсан бол тушаалын хэлбэрийг өөрчлөх шаардлага байгаагүй. Харин дээр дурдсан хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хэлбэрийн төдий өөрчилж амар хялбар байдлаар зорилгодоо хүрсэн үйлдлийг анхан шатны шүүх дүн шинжилгээ хийж тайлбар хийгээгүй байгаа нь үндэслэлгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 хэсэгт: ...нэхэмжлэгч Хаан банкны ЗБ-ын 2.2.5.3, 2.2.5.8, ЗҮАЖ-ийн 4.4.1, 4.23.18, ЕЗД-ийн 5.1 дэх заалтуудыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна гэжээ. Ингэхдээ нэхэмжлэгч нь Салбарын аудитын дүгнэлтэд гомдол гаргаагүй төдийгүй 2025.12.19-ний өдөрт тус газарт гаргасан тайлбартаа ...тус татвар бага төлөгдсөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээрх дүнг зассан асуудлыг ажилтан би хийсэн тул ёс зүйгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй ажиллах болно... " салбарын аудитын тайланд ...миний бие өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахдаа ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа билээ... гэж нэхэмжлэгчийн байр суурийг тодорхойлсон. Гэвч хх-ийн 18-р талд авагдсан Аудитын шалгалтын явцад хийж буй Ш.Ж*******ьн тайлбар нь 2024.12.19-ний өдөр хийсэн тайлбар бөгөөд уг тайлбараар зөрчлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй, зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн утгыг гуйвуулж тайлбарласан. Мөн хх-ийн 117-118-р талд авагдсан нотлох баримт нь 2025.01.09-ний өдрийн Хэсэгчилсэн аудитын тайлан-ийн 3.1-т бичигдсэн илэрсэн зөрчлийн талаарх тодруулга хийсэн хэсэг авагджээ. Уг тодруулга нь 2025.01.09-ний өдрийн хэсэгчилсэн тайланд тусгасан агуулга байсан бөгөөд энэ тодруулга нь аудитын эцсийн дүгнэлтийг танилцуулахаас өмнө хийгдсэн шалгалтын явцад өрнөж буй тайлбар үйл ажиллагаа байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Ж*******ын 2024.12.19-ний өдрийн тайлбар, 2025.01.09-ний өдрийн хэсэгчилсэн аудитын тайланд тэмдэглэсэн тодруулга зэргийг үндэслэж зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байна хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Ш.Ж*******д хариуцагч Б.Б******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас, сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тайлбар авах хуудас-аар Салбарын аудитын үр дүнгийн талаар 2025.01.22-ний өдрийн 17 цаг 30 минутад танилцуулсан байдаг. Ш.Ж******* нь 2025.01.22-ний өдрийн 17.30 минутад танилцаж тухайн тайланд гомдол гаргах ямар ч боломжгүйгээр 2025.01.23-ний өглөө ажилдаа ирэхэд ажлаа хэвийн явуулах ч боломжгүй байсан нь холбогдох баримтуудаар нотлогддог. Уг асуудлыг анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нь зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй гомдол гаргаагүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

... -хх-ийн 91 тал гэрч Б.ийн мэдүүлэг: Системээр нэвтрэх эрхгүй болсон эсэхийг би бол мэдэхгүй. 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19.20 цагийн орчим түр түдгэлзүүлэх, түр хязгаарлах үйлдлийг би системд хийсэн. Хандах эрх нь хэзээ яаж, ямар байдлаар хязгаарлагддаг гэдгийг бол би мэдэхгүй, хх-ийн 92 тал: ...түр түдгэлзүүлсэн эрх хязгаарласан байхад систем, программд цаашаагаа ямар эрхийг яаж юуг хязгаарладаг гэдгийг би мэдэхгүй байна хх-ийн 93 тал 01 дүгээр сарын 23-ний өдрийн 11-12 цагийн хооронд буюу үдээс өмнө хүлээлцэж эхэлсэн байх" гэв. ажил хүлээлцэхэд мэйл авмаар байна, мэйл рүү нэвтэрч болохгүй байна гэж хэлж байсан гэв, хх-ийн 94 тал Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаа тушаал нь 17 цагийн үед гараад байгаа юм уу гэхэд гэрч Б. тийм гэв,

-хх-ийн 98 тал гэрч О.Мын мэдүүлэг: ...Ж*******ыг комьпютерийн эрх хаагдсан асуудал дээр шалгасан зүйл байгаа юу гэхэд. Гэрч О.М шалгаагүй, болохгүй байна гэхээр нь очоод өөрийнхөө эрхээр комьпютерийг нээж өгсөн. Хүний нөөцөөс хаасан гэдгийг гарсан хойноо мэдсэн гэв.

- хх-ийн 101 тал гэрч Х.ийн мэдүүлэг: ...Салбарын захирал өрөөндөө зээлийн мэргэжилтэн Ганбаатар бид хоёрыг дуудаад зээлийн багц Ж*******ын ажлыг хүлээж аваад акт үйлд гэж хэлсэн. Тушаал шийдвэр танилцуулаагүй гэв.

... Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Б******* нь тухайн өдөр Ш.Ж*******ын ажлыг өдөрт нь багтааж авах хүсэлтэй байсан, учир нь дахин банкин дээр үзэгдэх шаардлагагүй гэж үзсэн тул ажлыг нь хүлээж авсан, мөн комьпютерт нэвтрэх эрхийг хаасан боловч бусад ажил болох зээл судлах, харилцагчтай ярих зэрэг ажил үүргээ хэвийн хийх боломжтой байсан гэх боловч бодит нөхцөл байдалд ямар нэгэн ажил үүргийг хэвийн явуулах боломжгүй болгосон байсныг хэрэгт авагдсан баримтуудаар илэрхийлэгдэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т ажилтан 30 хоногийн дотор ажлаа өөрөө орхиж явах боломжтой байх бөгөөд 79.3-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн хугацааг ажил олгогчтой тохиролцож болно гэж заасан. Гэвч 30 хоног болон харилцан тохиролцох боломжит хугацаа олгох байтугай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох тушаалаа гаргаагүй байхдаа Ш.Ж*******ын ажлыг хүлээн авч байгаа үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, харин ч харилцан тохиролцсон үйлдэл байгаа, ажлын байрны дарамтад орсон гэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

хх-ийн 124-133 тал: 2025.05.13-ны өдрийн 25 дугаартай хүсэлт нэхэмжлэгчийн эзэмшлийн арple iphone 14 promax загварын гар утас, аудио бичлэгт, мөн нэхэмжлэгч албаны комьпютертаа 2025.01.13-ны өглөө 09.05 минутаас эхлэн нэвтрэх боломжгүй байсан үеийн гэрэл зураг зэрэгт шүүхийн журмаар үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг шүүгчийн 2025.05.29-ний өдрийн 01444 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн арple iphone 14 promax загварын гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /х-ийн 142-143 тал/, мөн шүүгчийн 2025.07.21-ний өдрийн 08860 дугаартай захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 48.1-т заасныг үндэслэн хэрэгт нотлох баримтаар авагдсан аудио бичлэгтэй танилцах хүсэлтийг хангасугай, ...аудио бичлэгт нотлох баримт шинжлэн судлах төхөөрөмжийг ашиглан хийсүгэй гэж /хх-ийн 190-191 тал/ тус тус шийдвэрлэсэн атлаа захирамжид заагдсан ажиллагаа огт хийгдээгүй.

Өөрөөр хэлбэл тухайн бичлэгийг нэхэмжлэгч хийхдээ хариуцагчид Б*******ад мэдэгдээгүй нь хууль бус юм уу, эсхүл уг бичлэгийг хууль бусаар цуглуулж бэхжүүлэн баримт бичиг болохыг аль ч утгаар нь тайлбарлаж дүгнээгүй, мөн шүүхээс тухайн баримтыг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан бэхжүүлэх үүрэг шүүхэд байсаар байхад үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

хх-ийн тус шүүхийн 2025.04.21-ний өдрийн 1026 дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1-т үзлэг хийх гэж заасан байх тул Хаан банкны дотоод программ болох ERP программ, j.com мэйл хаяг, албаны комьпютерт нэвтрэх эрх хэзээ хаагдсан эсэх, цаг бүртгэлийн программд нэвтрэх эрх хэзээ хаагдсан эсэхэд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж уг үзлэгийг Булган аймаг дахь Шүүхийн үйлчилгээний хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Цолмонбаярыг байлцуулан 2025.04.30-ны өдөр үзлэг хийсүгэй гэж шийдвэрлэсэн. /хх-ийн 79-82 тал/ Уг ажиллагааг хийлгэхэд тодорхой хугацаа шаардагдаж байгаа талаар 2025.05.09-ний өдрийн 327 дугаартай албан тоотоор илэрхийлдэг. /хх-ийн 86 тал/ Албан бичгийн хариу болгож нэхэмжлэгч Ш.Ж******* нь 2025.05.12-ны өдөр 327 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг гүйцэтгэж өгөх талаар тайлбар ирүүлсэн /хх-ийн 88 тал/ боловч хариуцагч байгууллагын зүгээс уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхээр болсон тул нэхэмжлэгч мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан байдаг. Мөн энэ талаарх хүсэлтээ 2025.05.29-ний өдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцдог. Хариуцагч байгууллага нь байгууллагын дотоод Microsoft outlet программд хадгалагдаж байгаа Б.Б******* -оос Хүний нөөцийн зөвлөх Э.Ч руу бичсэн мэйл хаягт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх уг баримтыг өөрөө гарган авах боломжтой гэж шүүх шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу хариуцагчийн зүгээс Хаан банкны 2025.07.21-ний өдрийн Баримт хүргүүлэх тухай нийт 4 хуудас нотлох баримтыг /хх-ийн 185 тал/ шүүхэд хүргүүлсэн байдаг бөгөөд шүүх уг баримтыг үнэлсэн эсэх талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүйгээс гадна нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтын ч жагсаалтад оруулаагүй. Учир нь харилцан дараах мэйлээр бичсэн саналд:

- 2025.01.16-ны өдөр Б.Б*******: Салбарын ЗБХМ Ш.Ж******* нь Хаан банкны зээлийн бодлогын 2.7, 5.3, 2.2.5.8, ЗҮАЖ-ийн 2.5, 5.4.9, ХДЖ-ийн 4.4.1, 4.3, 4.3.18, ёс зүйн дүрмийн 5.1 заалтуудыг тус бүр зорчсон, ажилтны. гаргасан ёс зүйгүй үйлдлийг үндэслэн ЗБХМ Ш.Ж*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналтай байна.

- 2025.01.17-ны өдөр Р.И: ДАГ-ийн тайланг үндэслэн салбарын захирлын саналыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг цуцлахыг дэмжиж байна.

- 2025.01.17-ны өдөр Э.Ч: Булган салбарын зээлийн багц хариуцсан Ж******* нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн банкийг хууран мэхлэх үйлдэл гаргасан. Холбоо хамаарал бүхий этгээдэд давуу байдал үзүүлэн зээлийн барьцаа хөрөнгийг холбогдох зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан харилцагчийг хохироосон. Банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах саналтай ажилласан жил 21 жил 5 сар. Сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэлгүй. Сүүлийн хагас жилийн ГЕҮ-3 тус хүсэлтийг хуулийн зөвлөхөөр хянуулах саналтай.

- 2025.01.17-ны өдөр Г.Н: Ажилтан өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн банкыг хуурч мэхэлсэн үйлдэл гаргасан. Холбоо хамаарал бүхий этгээдэд давуу байдал үзүүлэн зээлийн барьцаа хөрөнгийг холбогдох зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас халах саналтайгаар хууль руу шилжүүлэх.

- 2025.01.21-ны өдөр Ч.Нямсүрэн: Ажилтны гаргасан зөрчлүүд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ХДЖ-д нэрлэн заасан ноцтой зөрчил байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах саналтай байна.

- 2025.01.21-ний өдөр Э.Ч: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах. /хх-ийн 186 тал/

- 2025.01.23-ны өдөр 16 цаг 56 минут, Э.Чээс Б*******, нар ирүүлсэн мэйл: Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх зөвшөөрлийг хүргүүлж байна. Нууцлалтай мэдээлэл тул ажилтны хувийн хэрэгт хавсаргах. Тус ажилтныг хар жагсаалтад бүртгэж оруулаарай. /хх-ийн 187 тал/

Хавтаст хэргийн 185-187-р талд авагдсан нотлох баримтыг шүүх үнэлсэн эсэх талаар тодорхойлоогүй нь үндэслэлгүй байна Учир нь Ш.Жавзавдуламыг ноцтой зөрчил гаргасан талаарх асуудлыг шат шатны албаны удирдлагуудын хүрээнд санал солилцох үйл ажиллагаа 2025.01.16-ны өдрөөс 2025.01.23-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байна.

Тухайн баримтаас үзэхэд Ш.Ж*******ыг банкны хар жагсаалтад оруулах асуудлыг Хаан банкны хүний нөөцийн зөвлөх Э.Ч шийдвэрлэсэн байдаг. Гэвч үүнээс үзвэл хариуцагч байгууллага Ш.Ж*******ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2025.01.23-ны өдрийн 16 цаг 56 минутад гаргасан. Мөн шийдвэр гаргахдаа түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх талаар тушаал гаргахаар шийдвэрлэсэн боловч түүнийг Хаан банкны дотоод нууцлалтай мэдээллийг хувийн хэрэгт хавсаргаж, ажилтныг банкны хар жагсаалтад оруулж байгаа үйлдэл нь Хаан банкны зүгээс Ш.Ж*******ын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг бүрэн хүлээж аваагүй болохыг илэрхийлж байна. Гэвч хэргийн гол зангилаа болсон талууд харилцан тохиролцсон эсэх асуудалд маргаж байгаа тохиолдолд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гол нотлох баримтыг үнэлж, дүгнэж шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь ийнхүү хариуцагчийн гаргаж буй үйлдэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хүний эрхэнд халдсан ажлын байрны илтэд дарамтад оруулсан нөхцөл байдал гэж үнэлэх боломжтой байдаг.

Анхан шатны шүүх хх-ийн 186-188 талд авагдсан баримтыг тайлбарлахдаа Ш.Ж*******ын өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн илэрхий үндэслэлгүй дүгнэлт байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ноцтой зөрчил буюу сахилгын зөрчилтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, цалин урамшуулал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн атлаа 2025.01.23-ний өдөр ажилласан 215,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.11.13-ны өдрийн 00674 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6.Хариуцагчийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбараа товч байдлаар илэрхийлье. Нэгдүгээрт: Ш.Ж******* нь 2 удаа хүсэлтээ өгсөн. Үүнд: Нэгдүгээрт: Шат дараалсан арга хэмжээ авч өгнө үү гэж хүссэн ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хариуг өгсөн. Хоёрдугаарт: Өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ бичгээр өгсөн. Тус хүсэлтийн дагуу холбогдох төв банкны удирдлагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хүсэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн. 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн дотоод аудитын тайлангаар илэрсэн зөрчилд гомдол гаргах хугацаа байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Ш.Ж******* аудитын шалгалтын явцад гаргасан зөрчилтэй холбоотой тайлбар, мэдүүлэгүүдээ тухай бүрт өгч байсан. Аудитын 1 саран гаран хугацааны шалгалтаар түүний гаргасан зөрчил илэрч, тогтоогдсон тул ажил олгогч буюу ХААН банк дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажилласан. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилтны өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачлагаар цуцлах мэдэгдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн ажил олгогчоос 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тайлбар авах хуудас болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болгох үндэслэл тайлбар авах хуудсуудад нэхэмжэгч Ш.Ж******* ямар нэгэн тайлбар, гомдол гаргалгүй, өөрөө гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна. Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн ажлын байрны дарамтад өртсөн гэх нь огт үндэслэлгүй, Ш.Ж*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа өөрийн санаачлагаар цуцлах хүсэлтийг шийдвэрлэсэн процесст хамааралгүй байна. Нэхэмжлэгч хүсэлтээ өгснөөр ажил хүлээлцэх ажиллагааг хийх явцыг нэхэмжлэгч өөрөө дарамт гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээ өгсөн тул ярилцан тохиролцож, ажил хүлээлцсэн байна. Дөрөвдүгээрт: Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хэргийг бүхэлд нь хянаж нотлох баримтыг үнэлэн хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн гаргасан шүүх хуралдааны процесс болон нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой гаргасан гомдол үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, аудио бичлэгт үзлэг хийж, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийсэн байна. Тавдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.5 болон 83 дугаар зүйлд бүхэлд нь зааснаар ажил хүлээлцэх хугацаа 01 дүгээр сарын 23-ны өдөр ба тус өдрийн цалинг олгохгүй үлдээснийг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна. Зургаадугаарт: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын 7 дугаарт байх цалин урамшуулалтай холбоотой гаргасан гомдол нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нотлох баримт бүрдүүлэх үүргээ өөрөө биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан нотлох баримт, тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалж, зөв шийдвэрийг гаргасан байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ж*******, түүний өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь Би өөрийн хүсэл сонирхлын дагуу ажлаас гарах хүсэлт бичиж өгөөгүй, намайг ажлын байрны дарамтанд оруулж хүсэлт бичүүлэн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хаан банкны Булган салбарын захирлын 2025.01.23-ны өдрийн 5270/0011/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 48,971,191 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй учир нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч ХААН банк ХК-ийн Булган салбарын захирал Б.Б******* нь ХААН Банкны Төв банкны аудитын газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан Аудитын тайлангаар Булган салбарын Зээлийн багц хариуцсан менежер Ш.Ж*******тай холбоотой зөрчил илэрсэн. ...Ажил олгогчийн зүгээс шийдвэрийг урьдчилсан байдлаар ажилтанд танилцуулсны дараа Ш.Ж******* нь Салбарын захиралд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг тавьж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны хүсэлтээр цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүх ХААН банкнаас Ш.Ж*******ын нэг өдрийн цалин 215,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ХААН банкны Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 48,756,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар шинжилэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь 2003 оны 8 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ХААН банкны Булган салбарт тасралтгүй ажилласан /1-р хх-ийн 5-9-р хуудас/.

5.2.ХААН банкны Салбарын аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 9-ны өдрийн хэсэгчилсэн аудитын тайлангаар нэхэмжлэгчийг дараах хоёр зөрчлийг гаргасан гэж дүгнэжээ.

- Албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн танилын хүрээнд бусдад давуу байдал үүсгэсэн. Эрх бүхий субъектийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр 13,825,236 төгрөгийн төлбөрт тооцон авсан Банкны ҮҮХ болон эзэмших эрхтэй газрыг 3,5 сая төгрөгөөр худалдах хэлцэл хийсэн сонирхлын зөрчил үүсгэсэн.

- Өөрийн өмчлөлийн ҮҮХ-ийг Банкны зээлээр худалдан борлуулахдаа ҮҮХ-ийн лавлагааны үнийн дүнг засварлаж хуурамч бичиг бүрдүүлсэн, банкыг хууран мэхлэх үйлдэл гаргасан /1-р хх-ийн 117-118-р хуудас/.

5.3.2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгч Ш.Ж******* нь ХААН банкны салбарын аудитын газрын шалгалтын явцад тайлбар гаргахдаа эхний зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 2 дахь зөрчлийн хувьд ... үл хөдлөх хөрөнгийн лавлагаан дээрх дүнг зассан асуудлыг ажилтан би хийсэн тул ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэжээ /1-р хх-ийн 17-18-р хуудас/.

5.4.ХААН банкнаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл /аудитын шалгалтын дүнгээс шалтгаалсан/ болон сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудсыг нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан байна /1-р хх-ийн 11, 13-р хуудас/.

5.5.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банкны Булган салбарт өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргасан байна /1-р хх-ийн 139-р хуудас/.

5.6.ХААН банкны захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 5270/0011/25 дугаартай тушаалаар Ш.Ж*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Булган салбарын Зээлийн багц хариуцсан менежерийн ажлаас чөлөөлсөн байна /1-р хх-ийн 14-р хуудас/.

6.Ш.Ж******* нь 2025 оны 2 дугаар сарын 14-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг ХААН банкны Булган салбарт гаргасан. Мөн Булган аймгийн Булган сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд ХААН банк ХК-ийн Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдлыг, анхан шатны шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг тус тус гаргасан /1-р хх-ийн 15, 23-24-р хуудас/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасанд нийцсэн байна.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй, 79.2 дахь хэсэгт Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж хуульчилсан.

 

7.1.Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэж ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлдэг. 1 дүгээр хх-ийн 139-р хуудсанд нэхэмжлэгч Ш.Ж*******ын өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт авагдсан бөгөөд энэхүү хүсэлтийг өөрөө бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэхүү хүсэлтийг бичихдээ нэхэмжлэгч Ш.Ж******* нь захирал, удирдлагуудын шахалт, дарамтанд орсны улмаас бичсэн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нь ажлын байрны дарамт гэдгийг цохиулж зодуулж, ямар нэг үг хэлээр доромжлуулахыг хэлэхгүй, харин ажиллах хэвийн нөхцөлөө хязгаарлуулах, халагдах болсон шалтгаандаа гомдол гаргах цаг хугацаагүй байх, дахин банкны системд орж ажиллах боломжгүй болж хар жагсаалтад хүртэл орох ажлаас чөлөөлөгдөж халагдаж байгаа тушаалаа гардаж аваагүй байхдаа ажлаа хүлээлгэж өгөх, банкны дотоод сүлжээгээр программд хандаж, орж үзэж мэдээлэл авах эрхгүй байгаа зэрэг нь ажлын байрны дарамт болж байгаа талаар тайлбарласан ч шийдвэр гаргахдаа шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна гэж тайлбарласан.

7.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно, 7.5 дахь хэсэгт Энэ хуулийн 7.3-т заасан гомдол гаргагч нь өөрт байгаа нотлох баримт, мэдээллийг гомдолдоо хавсаргана гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Ж******* нь ажлын байрны дарамтанд орсон талаар гомдлыг хуульд заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргасан тухай нотлох баримтыг хэрэгт өгөөгүй тул нэхэмжлэгчийг гомдол гаргасан гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн Ш.Ж*******ын хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай бичгээр гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд түүнийг ажил олгогч хүлээн авч шийдвэрийг өөрчилж ажилтны санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж байгаа нь Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт нийцсэн гэх дүгнэлт нь үндэслэлтэй болжээ.

8.Гэрч Б.ийн 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19-20 цагийн орчим түр түдгэлзүүлэх, түр хязгаарлах үйлдлийг би системд хийсэн. ... ажил хүлээлцэхэд мэйл рүү нэвтэрч болохгүй байна гэж байсан гэх, гэрч Х.ийн Ч.Ганбаатар бид хоёрыг дуудаад зээлийн багц Ш.Ж*******ын ажлыг хүлээж аваад акт үйлд гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөх тушаалтай танилцаагүй гэх мэдүүлэгүүдийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шатанд шинжлэн судлуулж ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй байхад ажил хүлээлцүүлж, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр системд хандах эрх хааж ажлаа хийх боломжгүй болгосон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

 

Учир нь ХААН банкны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д ...Хүний нөөцийн холбогдох нэгж, орон нутагт салбарын захирал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа ажилтны банкны мэдээлэл технологийн системүүдэд хандах эрхийг устгуулах,... үүргийг хүлээнэ. 3.5.4-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж болзошгүй байгаа ажилтны тухайд ШУА нь Мэдээллийн аюулгүй байдлын газрын Security Operations Center /SOC/ мэргэжилтэнд тухай бүр мэдэгдэж мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй гэж заасны дагуу салбарын захирал дотоод журмаар үүрэг болгосон чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.5 дахь хэсэгт Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил хүлээлцсэн өдрийн буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цалин 215,000 төгрөгийг ХААН банкнаас гаргуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Ж******* нь 2024 оны сүүлийн хагас жилийн урамшуулал 3,010,000 төгрөг, банкны ажилтны 3 хувийн хуримтлалын байгууллагаас гаргах 1,386,675 төгрөг нэхэмжилсэн ч эдгээр мөнгөн дүнг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд ирүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

10.Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсанд хадгалагдсан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банкны захирал Б.Б*******тай ярилцсан яриа бүхий 8 хэсэг аудио бичлэг, нэхэмжлэгч албаны комьпютерт нэвтэрч болохгүй байсан үеийн гэрэл зурагт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025.05.29-ний өдрийн 01444 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэхдээ шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд үзлэгийг нотлох баримт шинжлэн судлах төхөөрөмж ашиглан хийхээр тогтжээ. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд ярианы бичлэгүүдийг ээлж дараалан тоглуулж, сонсгосон байх бөгөөд нотлох баримт болон ярианы бичлэгтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч талаас санал гаргаагүй байх тул захирамжид заагдсан ажиллагааг хийгээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

11.Иймд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Ш.Ж*******ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй хэрнээ ажиллах боломжгүй болгосон энэ нь нэхэмжлэгчид маш их дарамт буюу сэтгэл зүйн дайралт, ажлын байрны дарамт, аргагүй байдалд орж өөрийн хүсэлт гэсэн бичиг хийж өгсөн. Үүнийг шалгаж өгөхийг шүүхэд хүсч тайлбар өгсөн боловч энэ талаар ямар ч арга хэмжээ авалгүй нотлоогүй байж нотлогдсонгүй гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжид заагдсан ажиллагаа хийгээгүй гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ

 

Л. ХИШИГДЭЛГЭР