| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0266/Э |
| Дугаар | 271 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 271
2019 0913 2019/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Баттөр,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Ц.Бэд холбогдох эрүүгийн 1934005880327 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 09 дугаар 12-ны өдөр ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1962 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт ачигч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийнхамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуйн В-5-5 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 62110112 дугаарын регистртэй, Д овгийн Ц.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Б нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Задгай гэх газарт байх иргэн Г.Чойсүрэнгийн гэрт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Дулмааг “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар үсдэж, гарын бугалга хэсгээс нь базаж, гуя хэсэгт нь шилээр цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934005880327 дугаартай хэрэгт хохирогч З.Дулмаа/хх-ийн 5-6, 7, 8-9дугаар хуудас/, гэрч Я.Мөнхбат /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Г.Чойсүрэн/хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Д.Бадамсүрэн /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Б/хх-ийн 24-25 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай /хх-ийн 2 дугаар хуудас/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, хохирогч З.Дулмаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-44, 51 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Задгай гэх газарт иргэн Г.Чойсүрэнгийн гэрт З.Дулмааг “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар үсдэж, гарын бугалга хэсгээс нь базаж, гуя хэсэгт нь шилээр цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч З.Дулмаа ...манай нөхөр гаднаас орж ирээд мөн хамт архи ууж байгаад намайг явъя гээд үсдээд гэрээс газраар чирч гарсан. Гадаа надтай маргалдаад булчингаас базаад үсдсэн. Тэгэхээр нь би жоохон байж байгаад явъя гээд нөхөрт хэлсэн чинь нөхөр явъя гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би дүү Дуламсүрэн рүү залгаад манай төрсөн ах Мөнхбат намайг ирж авсан..../хх-ийн 5-6 дугаар хуудас/,
...Намайг явъя гээд байхаар нь би явахгүй гээд зөрөө байж байтал уурлаад дээр байсан варены шил авч над руу шидээд миний хөлийг оносон. Намайг үсдэж хоёр гарын булчингийн дотор хэсгээс чимхэж чирч гаргасан... /хх-ийн 7 дугаар хуудас/,
...хоол хийж байтал манай нөхөр Б гэнэт намайг үсдэж унагаад гадаа гараад чимхэж, маажаад 2-3 цаг болсон. Цохиулж байгаад би дүү Дуламсүрэн рүүгээ залгатал манай ах Мөнхбат ирж намайг аваад гэрт хүргэж өгсөн... /хх-ийн 8-9 дугаар хуудас/,
гэрч Я.Мөнхбат ...манай З.Дулмаагийн төрсөн дүү З.Дуламсүрэн рүү яриад эгч нөхөртөө зодуулчихлаа гэж байна та очоод үзээдхээч гэсэн. Тэгэхээр нь би яваад Чойсүрэнгий нгэрт очсон чинь З.Дулмаа байсан ба би З.Дулмааг айлын гэрт юу хийж байгаа юм гэж хэлээд Чойсүрэнгийн гэрээс гараад гэрт нь хүргэж ирсэн... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч Г.Чойсүрэн ...гаднаас З.Дулмаагийн нөхөр манай гэрт ирсэн ба З.Дулмаатай хэрэлдээд З.Дулмаа загнаад байсан ба гадаа хэсэг байж байгаад З.Дулмаа манай гэрт орж ирсэн нөхөр нь яваад өгсөн... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Д.Бадамсүрэн ...манай хамаатны дүү З.Дулмаа нөхөртөө зодуулчихлаа гээд ирсэн ба нөхөр намайг загнаад хөөгөөд байна гээд байсан... ...тухайн үедээ би анзаараагүй нэг их шарх, сорви ил харагдах гэмтэл шарх байгаагүй шиг санаж байна.../хх-ийн 14 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Б ...гэрийн эзэн Чойсүрэн эхнэр Цэрмаа, өөр нэг танихгүй согтуу эрэгтэй хүн байсан ба тэд нар архи уугаад байж байсан би тэр архинаас нь нэг их уугаагүй эхнэрээ явъя гэтэл манай эхнэр явахгүй чи өөрөө явж байхгүй юу гэсэн. Тэгэхээр нь би дэмий байж байхаар гэр рүүгээ явъя гэтэл явахгүй байж бай гээд байсан. Тэгэхээр нь би эрхтэн гэртээ харьж хүүхдүүддээ хоол хийж өгье гээд хэлтэл хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь айлын ширээн дээрх байсан варены шил авч шидээд гуя хэсэгт нь оносон ба босч очоод хоёр гарынх нь булчин хэсгээс базаад газраар чирч айлын гэрээс гаргасан. Гадаа гараад явъя гэтэл манай эхнэр явахгүй байхаар нь би гэртээ харьлаа гээд явсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 477 дугаартай ...З.Дулмаагийн биед баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдөг, зүүн чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан...талаарх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай /хх-ийн 2 дугаар хуудас/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, хохирогч З.Дулмаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-44, 51 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Бэд холбогдох эрүүгийн 1934005880327дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Бгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч З.Дулмаа нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Бийн согтуурсан үедээ иргэн Г.Чойсүрэнгийн гэрт З.Дулмааг “гэртээ харьсангүй” гэх шалтгаанаар үсдэж, гарын бугалга хэсгээс нь базаж, гуя хэсэгт нь шилээр цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Дулмаагийн эрүүл мэндэд биед биед зүүн шилбэ, баруун бугалга, зүүн гуяанд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч З.Дулмаа, шүүгдэгч Ц.Бээс эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 5-6, 7 дугаар хуудсанд авагдсан З.Дулмаагийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хавтас хэргийн 50-51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Бэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялаас дээгүүр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч З.Дулмаа нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д овгийн Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д овгийн Ц.Бэд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Д овгийн Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч З.Дулмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Ц.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Ц.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН