| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/25121/И |
| Дугаар | 210/МА2026/00208 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00208
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/16495 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох
барааны урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
барааны үлдэгдэл төлбөр 9,380,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан гэрээнээс татгалзсан үндэслэлээр барааны үнэд шилжүүлэн төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь доголдолгүй бараа хүлээлгэж өгсөн, гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар барааны үлдэгдэл төлбөрт 9,380,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.1. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байдаг.
Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон ******* дэлгүүр нь хуулийн этгээдийн эрхгүй, мөн бие даасан байгууллага биш байх бөгөөд уг дэлгүүрийн үйл ажиллагааг иргэн ******** хариуцан ажиллуулдаг болох нь зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон.
******** нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зэргийг харгалзан түүнийг хариуцагчаар тодорхойлох замаар анхан шатны шүүхийн хариуцагчийг буруу тодорхойлсон алдааг залруулах боломжтой байна.
Энэ үндэслэлээр шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулна.
3. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчаас Чех улсад үйлдвэрлэгдсэн гэх 3 ширхэг гэрлийн болор бүрхүүлийг 19,380,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлжээ.
Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн худалдан авсан 3 ширхэг гэрлийн болор бүрхүүлийг нэхэмжлэгчийн хаягаар хүргэж суурилуулсан боловч сав баглаа боодол, үйлдвэрлэгчийн талаарх мэдээлэл, бараа бүтээгдэхүүний баталгааны хуудас олгоогүй, гэрлийн бүрхүүлийн чанар байдлыг шалгаж, хүлээлцсэн баримт үйлдээгүй байна.
Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгийг биет болон эрхийн доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийн зэрэгцээ тухайн эд хөрөнгийн зориулалт, чанар, эдэлгээний болон баталгаат хугацаа, хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэгчийн талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх нэмэлт үүрэг хүлээдэг.
3.2. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан авсан 3 ширхэг гэрлийн бүрхүүлийг хүлээлгэж өгөхдөө сав баглаа боодолгүй, үйлдвэрлэгчийн талаарх мэдээлэл баримтгүй, бараа бүтээгдэхүүний баталгааны хуудас баримтыг худалдан авагчид олгоогүй, гэрлийн бүрхүүлийн чанар байдлыг шалгаж, хүлээлцсэн баримт үйлдээгүй.
Энэ нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж зөв дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, гэрээний нэмэлт үүргийг биелүүлээгүйг үндсэн үүргийг биелүүлээгүйтэй адилтгаж үзэх бөгөөд улмаар гэрээнээс татгалзах үндэслэл болно.
Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчид 3 ширхэг гэрлийн болор бүрхүүлийг хариуцагчид буцааж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
3.3. Хариуцагчийн зүгээс нэгэнт худалдсан барааг буцаахгүй гэж байгаа нь дээр тайлбарласнаар хуульд нийцэхгүй бөгөөд гэрээнээс татгалзах эрхийг хязгаарлахгүй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/16495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********ээс 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож,
3 ширхэг гэрлийн болор бүрхүүлийг хариуцагч ******* буцааж өгөхийг нэхэмжлэгч ******* даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдох 9,380,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ********ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,
3 дахь заалтад ******* дэлгүүрээс гэснийг ******** гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.БАДРАХ