| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/1064/З |
| Дугаар | 001/ХТ2026/0105 |
| Огноо | 2026-10-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2026/0105
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл,
Нийслэлийн ерөнхий архитекторт тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0362 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2026/0453 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Нийслэлийн ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2026/0346 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, хариуцагч Нийслэлийн ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу 2 болон 3 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжаар “... “О” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ “эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн” гэх үндэслэлээр газрын хэмжээг “3595 мкв” гэснийг “2054 мкв” болгож багасгасан байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг захирамжийг эс зөвшөөрч Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.
2.2.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр “захирамж гарснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн” гэж, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1141 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ““3595 мкв” болгож нэмэгдүүлсэн газар нь бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй, хориглосон газар” гэх агуулгаар “О” ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамж, газар эзэмших эрхийн хугацаа сунгасан 2019 оны А/951 дүгээр захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
2.3.Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай албан бичгээр “... 3595 мкв газарт үндэслэж олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон” талаар мэдэгдсэн байна.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох үндэслэл нөхцөлийн алийг нь ч зөрчөөгүй, газар эзэмшихтэй холбоотой зөрчил гаргаж байгаагүй, газрын эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд олгогдоогүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн, нэхэмжлэгч А/1141 дугаартай захирамжтай холбоотой гомдол гаргасан байхад маргаагүй асуудлаар гомдол гаргагч компанийн газрыг хүчингүй болгож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, Ерөнхий архитекторын мэдэгдэл дагаад хүчингүй болно, нийтийн эдэлбэр газар дээр барилга барих гэж байгаа биш нийтийн эдэлбэр газар хэсгийг нийтийн эдэлбэр байдлаар үлдээх, авто зогсоол тэр чигтээ газар доор хийгдэж байгаа, зураг төслийг батлуулахад 20, 30 тэрбум төгрөгийн зардал гаргасан, хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдөж байна” гэж,
4.Хариуцагч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс “... нэхэмжлэгчийн эзэмшил газар “2624 мкв” байсныг “3595 мкв” болгож нэмэгдүүлсэн, нэмсэн газар нь ******** зүүн талын талбай, нийтийн эзэмшлийн газар бөгөөд бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон газарт хамаарч байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг нарийвчлан тогтоосон, Болзошгүй гамшгийн үед түр цугларах талбайн байршлыг баталсан тогтоолыг зөрчсөн, нэхэмжлэгчээс нийтийн эдэлбэр чигээр нь үлдээнэ гэж байгаа боловч бүхэлд нь хашаалж барилга барих ёсгүй, тухайн нийтийн эдэлбэр хэсгийг үлдээж барилгын ажлыг хойд талын барилга барих хэсэг дээр барьж болох байсан” гэж,
5.Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектороос “... Архитектур төлөвлөлтийн даалгаврыг “3592 мкв” газрын 50%-иас доошгүй талбайд буюу “1464 мкв” газарт барилгажихаар төлөвлөсөн байсан, газрын хэмжээ багассан тохиолдолд хэсэгчлэн өөрчлөх, хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй, нэгэнт батлагдсан норм дүрмийг хангахгүй болсон учраас бүхэлд нь хүчингүй болгосон, архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт 9 дэх хэсэгт барилгажилтын хориглох бүсийг тодорхой заасан, нийтийн эдэлбэр газрыг аливаа иргэн, аж ахуйн нэгжид олгохыг хориглосон, мөн гамшгийн үеийн цугларах талбайг хэвээр үлдээнэ гэж заасанд нэхэмжлэгч гомдол санал гаргаагүй учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан байхаас гадна Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг зөрчиж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнээс хальж, шийдвэрлэсэн. Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар болон эрх зүйн үндэслэлгүй илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй.
5.2.2022 онд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, түүнийг үндэслэн барилгажих талбайн схем зураг, барилгын эскиз зургийг баталж, цахилгаан холболт хийх техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тул захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүргэсэн.
5.3.Нийслэлийн ерөнхий архитектор 2022 онд нэхэмжлэгч “О” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар болон схем зургийг батлахдаа дээрх тогтоолыг зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй холбогдох хууль журамд нийцсэн, ногоон байгууламж төлөвлөгдсөн байна гэж баталсан байх бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/951 дүгээр захирамж зөрчсөн эсэх асуудалд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг буруутгах боломжгүй.
6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс гаргасан дүгнэлт нь тухайн гомдлыг хянасан эцсийн шийдвэр биш байх бөгөөд дээрх хууль болон журамд заасны дагуу нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл хэвээр үлдээх агуулга бүхий дүгнэлт гаргах бөгөөд тухайн дүгнэлтийг үндэслэн Засаг дарга өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно. Иймд дүгнэлтийн дагуу эцсийн шийдвэр гаргах эрх хэмжээ Засаг даргад хадгалагдана.
6.2.Нэхэмжлэгч “О” ХХК-иас нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/1141 дүгээр захирамжтай холбоотойгоор Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын хүрээнээс хальсан, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, өөрт олгогдоогүй эрх үүргийг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан заалтуудыг илт хууль бусад тооцох нь зүйд нийцнэ.
7.Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Анхан төлөвлөлт хийж, норм хангуулж олгосон “3595 мкв” газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн нь 2022 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг өөрчлөх хэсэгчлэн хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй тул Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн.
7.2.2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар нийслэлийн Засаг даргын “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2025 оны А/1141 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” дүгнэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон захиргааны акт гаргаагүй байгаа.
7.3.А/1141 дүгээр захирамжаар “О” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг “3595 мкв” гэснийг “2054 мкв” болгож өөрчилсөн тул өмнө баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан нийт эзэмшил газрын 60%-д барилгажихаар зохицуулсан норм дүрэмтэй нийцэхгүй болсон.
7.4.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдолд үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.
7.5.Нэхэмжлэгчээс “… маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн талбай, мөн уг газарт барилга барихгүй, нийтийн эзэмшил хэвээр ашиглана” гэж уг газрыг нийтийн эзэмшлийн газар гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.
7.6.Маргаан бүхий нэмэгдүүлж олгосон газар дээр нэхэмжлэгч талаас барилгын үйл ажиллагаа явуулахгүй гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсэх эсэх нь тодорхойгүй тул магадлалд дүгнэсэн хууль ёсны итгэлийн хамгаалах зарчим алдагдах үндэслэлгүй.
7.7.“О” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны А/500 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “О” ХХК нь анх нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “үйлчилгээний зориулалтаар” 1545 мкв газар (хуучнаар ********* барилгын доорх) эзэмших эрхтэй болсон, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжаар газрын хэмжээг “2624 мкв” болгон, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар газрын хэмжээг “3595 мкв” болгон тус тус нэмэгдүүлсэн байна.
10.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжаар “... эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн “О” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг “3595 мкв” болгож нэмэгдүүлснийг “2054 мкв” болгож, газрын хэмжээг багасгаж өөрчилсөн, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээдээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.
11.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр “… “О” ХХК-д газрын хэмжээг “3595 мкв” болгож нэмэгдүүлэхдээ бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон газарт хамаарч байгаа ********* зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг олгосон” гэх агуулгаар дүгнэлт хийж, “О” ХХК-д газрын хэмжээг “3595 мкв” болгож нэмэгдүүлж олгосон нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамж болон, уг захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн хугацаа сунгасан мөн даргын 2019 оны А/951 дүгээр захирамжийн “О” ХХК-д холбодох хэсгийг тус тус хүчингүй болгож, түүнчлэн “… 2019 оны захирамж гарснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1141 дүгээр захирамжийг мөн хүчингүй болгожээ.
12.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500, 2019 оны А/951, 2025 оны А/1141 дүгээр захирамжуудын “О” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэг. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нийслэлийн Засаг даргын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхтэй холбоотой захирамжийг хүчингүй болгох эрхтэй эсэх талаар:
13.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд Засаг даргын шийдвэр хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол нийслэлийн Засаг дарга өөрөө, эсхүл Ерөнхий сайд, эсхүл шүүх тухайн шийдвэрийг хүчингүй болгохоор байна.
14.Түүнчлэн Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1-д “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл ажиллана”, 603 дугаар зүйлийн 603.1-д “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана”, 603.3-т “Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно” гэж тус тус заасан байх тул Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь газрын талаарх Засаг даргын гаргасан захирамжид холбогдуулан “дүгнэлт” гаргана; уг дүгнэлтийг үндэслэн тухайн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эсэхийг тухайн Засаг дарга өөрөө шийдвэрлэх эрх хэмжээтэй буюу Засаг даргын захирамжийг шууд хүчингүй болгох эрхийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хуулиар олгоогүй байна.
15.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдлуудыг илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, энэ тохиолдолд хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлт илт хууль бус захиргааны акт болно, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.
Хоёр. Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
16.Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай албан бичгээр “... нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжаар “О” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг “2054 мкв” болгож, багасгаж өөрчилсөн” гэх үндэслэлээр өмнө олгосон буюу “... “3595 мкв” газарт үндэслэж олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон” талаар мэдэгдсэн байна.
17.Нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ … Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжийн хүчингүй болгосон” гэх агуулгаар, хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектороос “... нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжаар “О” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг “2054 мкв” болгож, багасгаж өөрчилсөн тул “3595 мкв” газарт төлөвлөгдсөн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон” гэж тус тус маргасан байхад шүүхүүд “нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамж” болон уг захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
18.Тодруулбал, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдуулж “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжийн хүчингүй болгосон” шийдвэр болон уг шийдвэрийн үр дагаварыг шүүх дүгнэх ёстой, үүний үндсэн дээр энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэнэ.
19.Нэхэмжлэлийн эхний шаардлагад холбогдуулан, шүүхээс “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ олгоогүй” гэх дүгнэлт хийж, уг зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтээр “нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамж болон, уг захирамжийн дагуу олгсон газар эзэмших эрхийн хугацаа сунгасан мөн даргын 2019 оны А/951 дүгээр захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон” хэсгийг “илт хууль бус” захиргааны акт гэж тогтоосон тул уг дүгнэлтийн “нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1141 дүгээр захирамжийг хүчингүй болгосон” хэсгийг “хууль ёсны” гэж үзэх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан байна.
20.Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд Архитехтур төлөвлөлтийн даалгавар нь “эзэмших газрын хэмжээ”-тэй салшгүй холбоотой буюу газрын хэмжээнээс шалтгаалж барих барилгын хэмжээ тодорхойлогдох байна.
21.Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1141 дүгээр захирамжаар “... “О” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны А/500 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон газрын байршил хэмжээг тогтоох” тухай 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн, “3595 мкв” гэснийг “2054 мкв” болгож өөрчилсүгэй” гэж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн ерөнхий архитектороос газрын хэмжээ багасаж өөрчлөгдсөн үндэслэлээр өмнө олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгохоор мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзэв.
22.Нэхэмжлэгч хуулийн этгээдэд нэмэгдүүлж олгосон газар нь Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******** зүүн талд байршилтай нийтийн эдэлбэр газар байх бөгөөд нэхэмжлэгчээс “... нийтийн эдэлбэр газар дээр барилга барих гэж байгаа биш, нийтийн эдэлбэр газар хэсгийг нийтийн эдэлбэр байдлаар үлдээнэ” гэж тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т ““нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно” гэж заасанд нийцэхгүй буюу нийтийн эдэлбэр газрыг өөрийн эзэмшил газрын хэмжээнд оруулан тооцох итгэл хамгаалагдах асуудал хөндөгдөхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
23.Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0362 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2026/0453 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 603 дугаар зүйлийн 603.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн 2 болон 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх шаардлага болох Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ