| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/03775/И |
| Дугаар | 210/МА2026/00072 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00072
Т ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/07181 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.*******, С.*******, О.*******, Б.******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: төрд учруулсан хохиролд 40,998,403 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Н.******* нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.******* ыг албан тушаалаас нь чөлөөлсөн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр М.******* ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан М.******* д олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Н.******* нь Улсын Их Хурлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Иймд Н.*******аас шүүхийн шийдвэрт дурдсан 5,799,119 төгрөг, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш сайдын ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэлх 114 ажлын өдрийн олговор 5,909,190 төгрөг, нийт 11,778,509 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
С.******* нь Улсын Их Хурлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилогдсон. Ийнхүү томилогдсон өдрөөс хойш захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дугаар шийдвэрээр 11,544,470 төгрөг, 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дугаар шийдвэрээр 1,940,813 төгрөгийг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд С.*******оос шүүхийн шийдвэрээр олгосон 5,641,708 төгрөг, 8,915,620 төгрөг, 1,940,813 төгрөг, нийт 16,498,141 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т оруулсан нэмэлт өөрчлөлт 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор О.******* нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрээр 8,915,620 төгрөг, 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дугаар шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд О.*******ээс 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 6,686,715 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.*******ийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлж, Б.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Б.******* нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дүгээр шийдвэрээр 1,940,813 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дүгээр шийдвэрээр 4,964,131 төгрөгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус тус гаргуулж, М.******* д олгохоор шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.*******аас 6,034,669 төгрөг гаргуулахаар шаардаж байна. гэжээ.
2. Хариуцагч Н.*******ын хариу тайлбарын агуулга: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 сарын 20-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 5,869,319 төгрөгийг М.******* д олгожээ. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар уг өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Н.*******ын хувьд Улсын Их Хурлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн учир уг өдрөөс хойш дараагийн сайд, холбогдох албан тушаалтан шүүхийн шийдвэрийн дагуу М.******* ыг ажилд нь томилоогүйн улмаас төрд учирсан хохирлыг хариуцахгүй гэжээ.
3. Хариуцагч С.*******, О.*******, Б.******* нар хариу тайлбар гаргаагүй.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Н.*******аас 1,114,253 төгрөг, хариуцагч С.*******оос 9,033,901 төгрөг тус тус гаргуулан Төрийн банкны 100900021501 тоот дансанд төлүүлж, хариуцагч Н.*******, С.******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.*******ээс 6,686,715 төгрөгийг гаргуулж Төрийн банкны 100900021501 тоот дансанд төлүүлж, хариуцагч Б.*******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.*******аас 31,297 төгрөг, хариуцагч С.*******оос 159,492 төгрөг, хариуцагч О.*******ээс 121,937 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлого (100200100941)-д нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч нарыг давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг тэдгээрийн гэм буруу гэж үзэхгүй гэж, мөн дэд дарга нь аймаг дахь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэж тус тус дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.
5.1. Хариуцагч Н.******* нь М.******* д захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон 11,778,509 төгрөгийг хариуцах учиртай. Учир нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас Н.*******ыг чөлөөлсөн тул чөлөөлөгдөх хүртэлх хугацааны төрд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.
5.2. Хариуцагч С.******* нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Иймд М.******* д Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дугаар шийдвэрийн дагуу олгосон 11,544,470 төгрөгийн 5,641,708 төгрөгийг, 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/01511 дугаар шийдвэрийн дагуу олгосон 8,915,620 төгрөгийг, 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дугаар шийдвэрийн дагуу олгосон 1,940,813 төгрөгийг, нийт 16,498,141 төгрөгийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.
5.3. Хариуцагч Б.******* нь 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд газрын даргын эзгүйд тухайн байгууллагыг удирдан зохион байгуулж, 1 дүгээр гарын үсэг зурах эрхтэй байсан. Иймд М.******* д Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дугаар шийдвэрийн дагуу олгосон 1,070,538 төгрөгийг, 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дугаар шийдвэрийн дагуу олгосон 4,964,500 төгрөгийг, нийт 6,035,038 төгрөгийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Т нь төрд учруулсан хохиролд хариуцагч Н.*******аас 11,778,509 төгрөг, хариуцагч С.*******оос 16,498,141 төгрөг, хариуцагч О.*******ээс 6,686,715 төгрөг, хариуцагч Б.*******аас 6,035,038 төгрөг, нийт 40,998,403 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1хх 1-3, 139-192, 248-250, 2хх 1-3/
3. Хариуцагч Н.******* нь өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2017 оны 10 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны асуудлыг хариуцахгүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 89, 94-96, 245-246/
Харин хариуцагч С.*******, О.*******, Б.******* нар нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /1хх 207, 220, 223-224/
4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.*******ын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар М.******* ыг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн; /1хх 9,/
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр М.******* ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 5,799,119 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн; /1хх 18-48/
4.3. Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 12 сарын 19-ний өдөр М.******* д 5,869,319 төгрөгийг олгосон; /1хх 106/
4.4. М.******* ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 1092 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01442 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 11,544,470 төгрөгийг, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 594 дугаар магадлалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 8,915,620 төгрөгийг, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01511 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 1,940,813 төгрөг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 7,757,253 төгрөгийг, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00311 дугаар шийдвэрээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 4,964,131 төгрөгийг тус тус гаргуулж М.******* д олгож шийдвэрлэсэн; /1хх 49-85/
4.5. Дээрх шийдвэрийн дагуу 2021 оны 05 сарын 13-ны өдөр 11,550,898 төгрөг, 8,915,620 төгрөг, 2021 оны 05 сарын 17-ны өдөр 9,698,066 төгрөг, 2022 оны 12 сарын 14-ний өдөр 4,964,500 төгрөгийг тус тус М.******* д олгосон. /1хх 105, 107, 108, 137/
5. Нэхэмжлэгч Т нь Төрийн албаны тухай хууль (2002 онд батлагдсан, 2019 онд хүчингүй болсон)-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албан төв байгууллага ... төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасны дагуу төрд учруулсан хохирлыг хариуцагч Н.*******, С.*******, О.*******, Б.******* нараас шаардах эрхтэй.
6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан ба ийнхүү нөхөн төлүүлэх үндэслэлийг ...төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг шүүх тогтоосон... гэж зааж өгчээ.
Шүүх төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар тухайн төрийн албан хаагч нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан эсэхийг харгалзан үзэх учиртай.
7. Магадлалын хянавал хэсгийн 4.2-т дурдагдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт ...өмнөх аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст даргын орон тоо 1 байсан, энэ нь шинээр зохион байгуулагдсан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцэд хэвээр батлагдсанаар тухайн ажлын байрны тоо хасагдаагүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын ангилал, зэрэглэл /ТЗ-9/, чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага хэвээр ... хадгалагдан үлдсэн байна. Иймээс хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу ... М.******* ыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж дүгнэжээ.
Дээрхээс үзвэл тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.*******ыг илтэд болгоомжгүй үйлдлээр М.******* ыг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Н.******* нь төрд учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
8. Нэхэмжлэгч Т нь магадлалын хянавал хэсгийн 5-д дурдсанаар буюу хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан байх тул уг маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан арван жилийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул хариуцагч Н.*******ын гаргасан ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
9. Иймд М.******* ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гарсан 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс Н.*******ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлсөн 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах төрд учруулсан хохиролд 11,778,509 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулах нь зүйтэй.
Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрх нь тухайн этгээдэд хуулиар олгогдсон эрх хэдий ч уг эрхээ хэрэгжүүлсэн нь түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбогдох гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.
10. Хариуцагч С.*******, О.*******, Б.*******ы тухайд тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь магадлалын хянавал хэсгийн 6-д дурдсан үндэслэлд буюу Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Гэсэн хэдий ч анхан шатны шүүх хариуцагч С.*******оос 9,033,901 төгрөг, О.*******ээс 6,686,715 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг шийдлийг хөндөх боломжгүй.
11. Анхан шатны шүүх зохигчийн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
12. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07181 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хууль (2002 онд батлагдсан, 2019 онд хүчингүй болсон)-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т тус тус зааснаар хариуцагч Т.*******аас 11,778,509 төгрөг, хариуцагч С.*******оос 9,033,901 төгрөг, хариуцагч О.*******ээс 6,686,715 төгрөг тус тус гаргуулж Төрийн банк дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлж, хариуцагч С.*******т холбогдох шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Б.*******д холбогдох шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...31,297... гэснийг ...203,406... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР