Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00073

 

 

 

******* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07724 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлтэй,

 

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч ******* нь 2021 оны 11 сарын 25-ны өдөр өөрийн Ариунбилэг Содномдорж /******/ гэх нэртэй фейсбүүк хаягаас МУИС-ийн багш нар /нийт 811 гишүүнтэй/, МУИС-Асуудал, шийдэл /нийт 843 гишүүнтэй/ фэйсбүүк групп хуудаснуудад ******* миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд илтэд үндэслэлгүйгээр халдаж доорх агуулга бүхий гүжирдлэгийн шинжтэй худал мэдээ, мэдээллийг тарааж багш ажилчдын дунд нэр төрийг минь гутаасан хууль бус үйлдэл гаргасан. Үүнд:

******* тэнхим байгуулагдсанаас хойш хэдхэн жилийн хугацаанд дараах хүмүүсийг ажлаас халах, эсвэл танхимаасаа шахан зайлуулжээ. Одоогоор манай тэнхим нь 5-хан багштай. Хэдийгээр ******* багч тэнхимийн эрхлэгчийн ажлаа өгсөн ч гэсэн албан бусаар тэнхимийн эрхлэгчийн ажлыг хийж Г.*******ыг яг үгээрээ байлгадаг бөгөөд Г.******* яг ******* багшийн арга барилаар дарамталж эхэлсэн гэж,

М.*******. Англи улсад магистраа хамгаалсан шижигнэсэн залуу багш болж байсан. Түүнийг семинарын ажил дээр шаар үлээсэн, хэлэлгүй ном бичсэн гэх мэт учир битүүлэг шалтгаанаар ажлаас нь халсан. М.******* шүүхдээд олон удаа ялсан бөгөөд МУИС тэр бүрд шүүхийн шийдвэрээр цалинг нь олгож байсан гэж,

Б.******. Япон улсад доктороо хамгаалсан, импакт фактор бүхий сэтгүүлд өгүүллээ хэвлүүлдэг залуухан чадалтай бүсгүйг хичээл заах чадваргүй, туршлагагүй гэх мэт шалтгаанаар ажлаас нь халсан. МУИС-тай шүүхдэлцээд л байгаа гэж,

Д.******. Тэнхимээс зугтаад гарсан гэж,

Т.*******. Тэнхимээс зугтаад гарсан гэж,

Б.*******. АНУ-д магистраа хамгаалсан багш ажиллаж байсан боловч харамсалтай нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гарсан гэж,

Б.*******г тэнхимээс зугтаад өөрөө гартал нь дарамталсан гэж,

******* намайг 2015 оноос хойш нийтийн удирдлагын тэнхимд багшилж байх хугацаанд байнга дарамталдаг, хичээлийн багц цагийг хассан, багшлах эрхгүй оюутнаар хичээл оруулдаг, ажил дээрээ 09:00-18:00 цаг хүртэл байхыг шаарддаг, ялгаварлан гадуурхдаг, дипломын ажил хуваарилдаггүй, удирдаж байгаа оюутнуудын ажилд муу үнэлгээ өгдөг, оюутныг дарамталдаг, докторын ажил тасалдуулсан, тэнхимтэй холбоотой эрдэм шинжилгээний хурал, тэнхимийн хуралд оруулдаггүй, оюутнуудыг эрдэм шинжилгээний хуралд бэлтгэж оруулахад зохих кредитийг олгодоггүй, ******* гийн даалгавраар намайг халахын тулд тэнхимийн эрхлэгч Г.******* нь удирдлагын үнэлгээгээ 38.9% өгсөн гэж тус тус ор үндэсгүй худал мэдээллүүдийг ямар ч нотолгоогүйгээр надад хамаатуулан олон нийтийн сошиал сүлжээг ашиглан олон нийтэд тараасанд гомдолтой байна.

Иймд ******* миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие аль болох ёс зүйтэй, багшийн нэр хүндийг өндөрт өргөж, хийх ёстой ажлаа журмаар нь хийхийг эрмэлзэж ажилласан болохоос хэн нэг хүнийг гутаан доромжлох санаа зорилгыг огтхон ч агуулаагүй. Үнэхээр бодитой асуудал, хүндрэл байсан. Нэхэмжлэлд дурдсан мэдээг тараагаагүй. МУИС-ийн багш нар, МУИС-Асуудал, шийдэл гэх фейсбүүк группүүд нь цөөн тооны буюу 800 гаруй хүмүүсийн гишүүнчлэлтэй тул энэ 2 группийг олон нийт гэж үзэхгүй байна. Уг тараасан гэх мэдээний агуулга нь худал биш буюу үнэн бодитой мэдээ болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоно. Тухайлбал ******* нь танхим байгуулагдсанаас хойш хэдхэн жилийн хугацаанд нэр бүхий хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас халах, тэнхимээс шахан зайлуулсан гэсэн мэдээ нь үндэслэлтэй, бодитой болох нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нотлогдсон. ******* нь бусдыг ажлаас чөлөөлөхөд оролцдоггүй гэдэг. Гэтэл тэнхимийн эрхлэгч, тэнхимийн хурлаар хэнийг яаж ажлаас халах асуудлыг шийдвэрлэж, саналаа өгснийг үндэслэн ректор уг асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан холбогдох дүрэм, журмуудаар нотлогдож байгаа. Хариуцагчийн ордог байсан хичээлүүдийг хасаж, цагийн багш П.*******д шилжүүлсэн. Үндсэн багш нь байхад цагийн багшид шилжүүлж болохгүй гэдэг агуулгатай журам байхад журмаа зөрчсөн талаар мэдээ нь бодит байдалд нийцсэн. Г.******* нь ******* багшийн арга барилаар дарамталж эхэлсэн гэсэн мэдээний хувьд Г.******* багшийн хийсэн үйлдлийн өмнөөс ******* нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Намайг байнга дарамталдаг гэх мэдээ нь мөн үндэслэлтэй. Хэрэгт цугларсан баримтуудаар аттестатчилал буюу ажлын нэгдсэн үнэлгээг өгөхдөө хууль дүрэм зөрчсөн, хариуцагчид үндэслэлгүйгээр хэт доогуур оноо өгсөн нь хангалттай тогтоогдож байгаа. Ингэж муу оноо өгсөн нь өөрөө дарамтад оруулж буй хэлбэр мөн. 2021-2022 оны нэмэгдлүүдийг ******* багшид нэг ч удаа олгож байгаагүй. МИУС-ийн дотоод журмаар ямар ч багш үндсэн цалингийн 70 хувиас 100 хувь тэнцэх хэмжээний нэмэгдэл заавал авах ёстой гэдэг нь хэрэгт цугларсан баримтууд болон гэрч н.*******ын мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл 2021-2022 оны нэмэгдлүүдийг огт олгоогүй байгаа үйлдэл нь хариуцагч ******* ийг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр мөн. Сургуулийн дотоод журмаас үзэхэд шинээр ажилд орж буй багш нарын анхан шатны хэрэглээ буюу компьютер, суух ширээ, анги, танхим, журнал зэрэг хэрэглэгдэхүүнүүдийг өгөх ёстой. Гэтэл ******* багшид огт өгөөгүй, түүнд суух өрөө байхгүй байсан нь Үйлдвэрчний эвлэлийн хяналт шалгалтаар тогтоогдсон. Хариуцагч ******* бол багшийн хувьд болохгүй бүтэхгүй асуудлуудын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Тухайн тэнхимд болж бүтэхгүй байгаа асуудал, удирдлагатай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандсан бөгөөд өөрийн зүгээс үндэслэлээ тодорхойлж, тодорхой баримтуудыг заасан. Хүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхэд хандах нь буруу. ******* багшийн бичсэн нийтлэл нь хүний нэр төрд халдсан зүйл биш өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж, удирдлагуудаа шүүмжилсэн хэлбэр байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ...хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх нь зүйтэй... гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, өөрийн цахим /фэйсбүүк/ хуудсаар дамжуулан МУИС-ийн багш нар, МУИС-Асуудал, шийдэл гэх нэртэй цахим /фэйсбүүк групп/ хуудаснуудад тавьсан мэдээ /пост/ бүртээ няцаалт хийхийг хариуцагч ******* т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1.  Хариуцагч тал олон нийтэд тараагдсан илтэд худал гэх мэдээллийг үнэн, зөв болохоо нотлох үүргээс өмнө тухайн мэдээлэл нь олон нийтэд тараагдсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой. Шүүхийн шийдвэрт Хариуцагч ******* ийн гаргасан хэн нэг хүнийг гутаан доромжлох, санаа зорилгыг огтхон ч агуулаагүй бөгөөд үнэхээр бодитой асуудал, хүндрэл байсан гэсэн тайлбарыг үзлэгийн тэмдэглэл болон гэрч Т.*******, Г.*******, Г.******* нарын мэдүүлгээр няцаагдана гэж дүгнэжээ. Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан нотлох баримтын шаардлагад нийцээгүй болон хариуцагчийн татгалзлыг үгүйсгэсэн агуулгатай баримтууд биш болно. ******* д холбогдсон агуулгаар зохих дээд шатны албан тушаалтанд удаа дараа өргөдөл гаргаж байснаа хариуцагч зөвшөөрдөг ба тухайн өргөдөл нь нийтэд тараагдсан гэдэг дээр хүлээн зөвшөөрдөггүй. Үзлэгийн тэмдэглэлд үзлэгээр тухайн мэдээлэл байхгүй байна гэж тогтоогдсон болохоос нийтэд тараагдсан гэдгийг тогтоогоогүй. Гэрч Т.*******, Г.*******, Г.******* нарын мэдүүлгийн эх сурвалж хууль бус, тодорхойгүй, тараагдсан гэх мэдээлэлтэй шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй байдаг. Иймд эргэлзээтэй үйл баримтыг шүүхээс бүрэн гүйцэт тогтоогоогүй ба шийдвэрийн үндэслэсэн нотлох баримтууд хөдөлбөргүй биш, үгүйсгэсэн баримтыг няцаагаагүй болохыг анхаарч өгнө үү.

5.2.  Шүүхийн шийдвэрт тараагдсан гэх илт худал мэдээллийг хариуцагч үнэн болохыг нотолж чадаагүй гэж дүгнэдэг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд талуудын маргаагүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага болон уг шаардлагын хүрээнд гаргасан хариуцагчийн татгалзлын хүрээнд бус хэлэлцүүлгийн үед яригдаагүй, мэтгэлцээгүй агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, энэ агуулгыг хариуцагч нотолж чадсангүй гэж дүгнэсэн болох нь тус шүүхийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана.

5.3.  ******* тай холбоотой асуудлаар хариуцагч миний бие удирдлагадаа өргөдөл, гомдол гаргаж байсан ба гаргасан өргөдөл, гомдол маань дараах баримтуудаар үнэн зөв болно. Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн профессор ******* нь тэнхим байгуулагдсанаас хойш хэдхэн жилийн хугацаанд дараах хүмүүсийг ажлаас халах эсхүл тэнхимээсээ зайлуулжээ. Одоогоор манай тэнхимд 5 багштай гэсэн. Багш М.*******, Б.******, Д.******, Т.*******, Б.*******, Б.*******, П.******* зэрэг багш нартай холбоотой асуудлуудыг дурдаж байгаа гэх гомдол нь дараах агуулгаар үндэслэлтэй болно.Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 461 дугаартай шийдвэрээр М.*******ыг хууль бусаар ажлаас халсан тул эгүүлэн тогтоож, олговор болох 5,091,280 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн шийдвэрээр 5,328,536 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үеийн дотоод журмаар эрхлэгч буюу тэнхимийн удирдлагын шийдвэрийг үндэслэн ажлаас халах тушаалыг гаргадаг байсан ба тушаал нь 2-р хавтасны 4-р талд авагдсан. Тухайн үед ******* гийн албан тоот, тухайн тэнхимийн удирдлагын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн реакторын тушаал гарсан байдаг.

Б.****** нь Япон улсанд доктороо хамгаалсан, импакт фактор бүхий сэтгүүлд өгүүллээ хэвлүүлдэг залуухан чадалтай бүсгүйг хичээл заах чадваргүй, туршлагагүй гэх мэт шалтгаанаар ажлаас халсан. МУИС-тай шүүхдэлцээд л байгаа гэх мэдээллийн хувьд Б.****** гэдэг хүн бол хангалтгүй ажилласан, чанаргүй байсан гэдэг байдлаар ******* үнэлгээ хийсэн. ******* багш удаа дараа ажлаа хангалтгүй хийсэн гэж сануулж байсан учраас ажпаас халах үндэслэл болсон гэдэг тайлбар, шүүхийн шийдвэрт тусгагдсан. Тэгэхээр ажлын туршлагагүй, ажлаас халсан, МУИС-тай шүүхдэлцээд явж байгаа гэдэг мэдээлэл нь энэхүү шүүхийн шийдвэр болон хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Д.******, Т.******* тэнхимээс зугтаад гарсан" гэх мэдээлэл нь шууд ******* гийн нэр төрд халдсан, чиглэсэн агуулга байхгүй. Өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн буюу Д.******, Т.******* гэдэг хоёр хүний үйлдлийг дүгнэж байгаа хэлбэртэй. Өөрсдөө хүсэлтээ өгч гарсан ба энэхүү хүсэлтүүд нь 2-р хавтаст хэргийн 5-р хуудаст байна.

Б.*******. АНУ-д магистраа хамгаалсан багш ажиллаж байсан боловч харамсалтай нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гарсан гэх мэдээллийн хувьд Б.******* багшийг ажпаас халсан тушаал байдаг. Тус тушаалын нэгдүгээр бүлэг дээр Б.******* нь өөрийн хүсэлтээ өгсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж тусгасан байдаг. Тэгэхээр манай үйлчлүүлэгчийн бичсэн харамсалтай нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаас гарсан гэдэг мэдээлэл нь өөрөө энэхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалаар бүрэн нотлогдож байна.

Б.*******г тэнхимээс зугтаад өөрөө гартал нь дарамталсан гэх мэдээлэл нь өөрөө Г.******* багштай холбоотой. Г.******* багшийн хийсэн үйлдлийн өмнөөс ******* нэхэмжпэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүмжилсэн шинжтэй, үзэл бодлоо илэрхийлсэн мэдээ мэдээлэл гэж үзэж байна.

Намайг байнга дарамталдаг. Ордог байсан хичээлүүдийг минь хасан цагийн багш П.*******д шилжүүлсэн. Үндсэн багш нь байхад цагийн багшид шилжүүлж болдог юмуу гэх мэдээллийн хувьд ******* нь цагийн багшид хичээлийг шилжүүлсэнээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдаанд үндсэн багшаас цагийн багшруу шилжүүлсэнд маргахгүй гэж хэлсэн. Гэтэл МУИС-ийн профессор, багш ажиллуулах журам-ын 13.1-д Багш хүрэлцэхгүй, байхгүй нөхцөлд цагийн багш ажиллуулна, хичээлийн жилийн явцад багш өвдсөн, ажлаас өөрчлөгдсөн, гадаад дотоодод томилолтоор явсан бол өөр багшид шилжүүлнэ гэснийг зөрчиж цагийн багшид шилжүүлсэн нь дээрх баримтуудаар тогтоогддог.

Намайг байнга дарамталдаг гэх агуулгын хувьд ******* , Г.******* гэдэг хоёр хүн хэт доогуур үнэлсэн, журмыг зөрчсөн. Удирдлагын үнэлгээнд нэг оноо өгөөд, комиссын үнэлгээнд дахин бүрэлдэхүүн болоод бага оноо өгснөөс болоод аттестатчилал дээр унасан гэдэг дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр аттестатчилалыг журмын дагуу явагдаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Санаатайгаар доогуур оноо өгсөн, аттестатчилал муу үнэлэх нь ажлаас халагдах үндэслэл болох учраас аттестатчилалтай холбоотой үндэслэлгүйгээр дүгнэсэн нь хариуцагчийг дарамталж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. МУИС-ийн дотоод журмаар ямар ч багш үндсэн цалингийн 70 хувиас 100 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл заавал авах ёстой гэдгийг гэрч н.******* мэдүүлэгтээ дурдсан байдаг. 2021-2022 оны нэмэгдлүүдийг огт олгоогүй байгаа үйлдэл нь хариуцагч ******* ийг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр мөн болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дотоод журмаар заасан анхан шатны хэрэглээ буюу компьютер, суух ширээ, анги, танхим, журнал зэрэг багш хүний анхан шатны хэрэглэгдэхүүнүүдийг ******* багшид огт өгөөгүй байсан. Мөн байнга ажлын байрны дарамттай байсан гэдэг нь тогтоогдож байна. ******* багшид сануулга, сахилгын шийтгэл авагдсан, тэнхимийн үйл ажиллагаанд оролцохгүй, удаа дараа ирэхгүй, муу байсан гэдэг шалтгаанаар сахилгын арга хэмжээ авагдсан. Уг сахилгын арга хэмжээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэлийг хууль бусаар ногдуулсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.

Тэнхимээ хамтарч удирддаг гэх мэдээллийн хувьд МУИС-ийн ёс зүйн хорооноос гаргасан баримтаар удирдлагын үнэлгээ гэдэг агуулга нь өөрөө тэнхимийн эрхлэгч гаргах ёстой байдаг байтал удирдлагын үнэлгээг тэнхимийн багш байсан ******* , эрхлэгч Г.******* гэдэг хоёр хүн зэрэг өгөөд явсан байдаг. Тэгэхээр удирдлагыг давхар хэрэгжүүлсэн байна. Шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн баримт нь 2-р хавтас хэргийн 249-р талд авагдсан. 2020 оны 12 сарын 29-ний өдөр ******* багш руу явуулсан мэйлд үзлэг хийхэд тэнхимийн хөдөлмөрийн харилцаа, бүх үндсэн удирдлагатай холбоотой асуудлаа ******* багштай тэнхимийг хамтран удирдаж байгаа болно гэдэг мэйл ирүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс тэнхимийн удирдлагын ажиллагаанд ******* багш байнга оролцдог гэдэг нь дээрх мэйл, хүчингүй болсон аттестатчиллын үнэлгээнд бас ******* багш оролцсон гэдгээр тогтоогдож байна. Эрхлэгч биш атлаа хичээлийг шилжүүлдэг, үндсэн багшийн хичээлийг цагийн багшид өгдөг эрх хэмжээ байгаа зэрэг нь тэнхимийг удирдаж буйг шууд харуулж байна.

5.4.  Эцэст нь ******* миний бие багшийн хувиар байр сууриа илэрхийлсэн, тухайн тэнхимд болж буй асуудалд удирдлагатай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандсан гэж үзэж байгаа бөгөөд өөрийн зүгээс үндэслэл тодорхойлж, тодорхой баримтууд заасан, тэдгээр нь хэрэгт авагдсан тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл гэж дүгнэх боломжгүй.

5.5.  НҮБ-ын Хүний эрхийн хорооны ИБУТЭТОУП-ын 19-р зүйлийн ерөнхий тайлбарын 34-42, 47 дахь хэсэгт нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар сэтгэгдлийн хувьд шийтгэх, санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино. Ямар ч тохиолдолд шүүмжлэлийн сэдвийн асуудалд олон нийтийн эрх ашиг нь хамгаалалт болохыг хүлээн зөвшөөрвөл зохино гэж заасан байдаг бөгөөд миний бие үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилсэн шинжтэй агуулгаар удирдлагадаа ******* багшийн талаар өргөдөл гомдол гаргасан болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. 2022 оны 11 сарын 25-ны өдөр Содномдорж Ариунбилэг нэртэй фэйсбүүк хаягаас 811 болон 843 гишүүнтэй хоёр группт хүрсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээ, мэдээлэл тарсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа дээрх хоёр группт нийтэлсэн мэдээ, мэдээллийн аль хэсэг нь нэр төрд халдсан гэж үзэж байгаа эсэх, эсхүл бүхэлдээ нэр төрд халдсан гэж үзэж байгаа эсэх агуулгаар тодорхойлохыг хүссэн. Үүний дагуу ******* нэртэй этгээдийн нийтэлсэн мэдээ, мэдээлэл нь агуулгын хувьд бүхэлдээ нэхэмжлэгч ******* гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тодруулсан. Тухайн мэдээ, мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хариуцагчид хуулиар ногддог бөгөөд энэ нь эх сурвалжаар нотлогдох ёстой. ******* нь хэн нэгэн багшийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш. Уг агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэлийг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нөгөө талаар олон нийтэд тарсан эсэх асуудлын хувьд тухайн мэдээ, мэдээлэл нь хоёр буюу түүнээс дээш этгээдэд хүрсэн нь илэрхий байна. Учир нь нийтлэгдсэн мэдээллийн доор багш нар коммент хэлбэрээр байр сууриа илэрхийлсэн нь тухайн мэдээлэл олон нийтэд тархсаны бодит үр дагаврыг харуулж байна. Мөн уг мэдээлэл нь хамт олны зүгээс нэхэмжлэгч ******* д өгч буй үнэлэмжид сөргөөр нөлөөлөхүйц, илт худал агуулгатай байсан бөгөөд хариуцагч үнэн, зөв болохыг нотолж чадсангүй. Хариуцагч үзлэгээр тухайн хоёр пэйж хуудсанд бичвэр байгаагүй гэж тогтоогдсон гэж тайлбарласан. Анх 2022 оны 04 сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 09 сард үзлэг хийсэн. Гэвч тухайн үед тухайн хоёр пэйж хуудсан дахь бичвэрүүд устаж, байхгүй болсон нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Анх нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сарын дараа үзлэг хийгдсэн тул уг хугацаанд маргаан бүхий бичвэрүүд устгагдах бодит нөхцөл бүрдсэн. Ийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хөндлөнгийн гэрчүүдийг асуух шаардлага үүссэн. Г.******* нь тухайн бичвэрийг уншсан эсэх талаар гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Хариуцагч ******* ийн хариу тайлбарт энэ нь бодит асуудал байсан, хэн нэгний нэр төрд халдах зорилго агуулаагүй хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тухайн бичвэрийг нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. М.*******, Б.****** багш нарын хувьд уг маргаантай холбоотой гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагчаар иргэн ******* г дуудан оролцуулсан зүйл огт байхгүй. Мөн Д.******, Б.*******, Т.******* багш нарын хувьд өөрсдийн хүсэлтээр өөр тэнхим рүү шилжсэн нөхцөл байдал бий. Түүнчлэн Б.******* багшийн тухайд шахалт, дарамт үзүүлсэн гэх агуулга нь Нийтийн удирдлагын тэнхимийн багш нарт СС байдлаар илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгээр няцаагдсан. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн багш нарыг шилжүүлэх, чөлөөлөх ажиллагаа нь тэнхимийн хурлаар хэлэлцэж, захиргааны зөвлөлийн хурлаар орж, мөн Ерөнхий захирлын тушаалаар эцэслэн шийдвэрлэгддэг. Нэхэмжлэгч ******* гийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал огт биш. Мөн ордог байсан хичээлийг нь өөр багш буюу цагийн багшид шилжүүлсэн гэх асуудлын тухайд уг шилжилтийг шийдвэрлэх эрх мэдэл нь нэхэмжлэгч ******* д байгаагүй бөгөөд тэнхимийн эрхлэгч, захиргааны удирдлагын шийдвэрээр хэрэгжсэн болох нь МУИС-аас ирүүлсэн тайлбарт тодорхой тусгагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...нэхэмжлэлд дурдагдсан мэдээг хариуцагч нийтлээгүй, үзлэгээр байхгүй болох нь тогтоогдсон, мэдээ нь олон нийтэд тараагдаагүй, 2 группийг олон нийт гэж үзэхгүй, мэдээнд дурдагдсан асуудлууд нь бодит үнэнд нийцсэн, хариуцагч нь өөрийн үзэл бодлыг илэрхийлж, асуудалд шүүмжлэлтэй хандсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 67, 3хх 87-90, 104-106, 4хх 1-25/

 

3.   Нэхэмжлэгч талаас ****** гэх хаягаас МУИС-Асуудал, шийдэл, МУИС-ийн багш нар гэсэн фэйсбүүк группт нийтэлсэн гэх мэдээг шүүхэд гаргаж өгсөн. /1хх 7-13/

Уг мэдээнд ...******* нь тэнхим байгуулагдсанаас хойш хэдхэн жилийн хугацаанд дараах хүмүүсийг ажлаас халах, эсвэл тэнхимээс шахан зайлуулжээ. Одоогоор манай тэнхим нь 5-хан багштай. Хэдийгээр ******* багш тэнхимийн эрхлэгчийн ажлаа өгсөн ч гэсэн албан бусаар тэнхимийн эрхлэгчийн ажлыг хийж Г.*******ыг яг үгээрээ байлгадаг бөгөөд Г.******* яг ******* багшийн арга барилаар дарамталж эхэлсэн. 1.М.*******. Англи улсад магистраа хамгаалсан шижигнэсэн залуу багш болж байсан. Түүнийг семинарын ажил дээр шаар үлээсэн, хэлэлгүй ном бичсэн гэх мэт учир битүүлэг шалтгаанаар ажлаас нь халсан. М.******* шүүхдээд олон удаа ялсан бөгөөд МУИС тэр бүрт шүүхийн шийдвэрээр цалинг нь олгож байсан. 2.Б.******. Япон улсад доктороо хамгаалсан, импакт фактор бүхий сэтгүүлд өгүүллээ хэвлүүлдэг залуухан чадалтай бүсгүйг хичээл заах чадваргүй, туршлагагүй гэх мэт шалтгаанаар ажлаас нь халсан. МУИС-тай шүүхдэлцээд явж байгаа. 3.Д.****** тэнхимээс зугтаад гарсан. 4.Т.******* тэнхимээс зугтаад гарсан. 5.Б.*******. АНУ-д магистраа хамгаалсан багш ажиллаж байсан боловч харамсалтай нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гарсан. 6.Б.*******г тэнхимээс зугтаад өөрөө гартал нь дарамталсан (тэнхимийн туслахаар ажиллаад нэг жил болсон). ******* миний бие 2015 оноос хойш нийтийн удирдлагын тэнхимд багшилж байгаа ******* багшийн дараах дарамтан дор маш хүндрэлтэй ажиллаж ирсэн бөгөөд одоогоор ажлаасаа халагдах дээрээ тулаад байна. Үүнд: Намайг байнга дарамталдаг. Ордог байсан хичээлүүдийг минь хасан цагийн багш П.*******д шилжүүлсэн. Үндсэн багш нь байхад цагийн багшид шилжүүлж болдог юм уу? Манай тэнхимд үндсэн багш байсаар байтал оюутнаар хичээл оруулж байна. Цагийн багшийн тушаалгүй хүнээр хичээл оруулж болдог юм уу? Бид нарыг хичээлгүй байсан ч хамаагүй захиргааны ажилтан шиг өглөө 09:00-18:00 цаг хүртэл заавал байхыг шаарддаг... гэж бичигджээ.

 

4.   Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд ...****** гэх нэртэй фэйсбүүк цахим хаягаас 811 гишүүнтэй МУИС-ийн багш нар, 843 гишүүнтэй МУИС-Асуудал, шийдэл гэсэн группэд тус тус үзлэг хийхэд хавсаргаж өгсөн баримт, мэдээлэл байхгүй байна... гэж тусгагдсан нь хариуцагч ******* ийг дээрх мэдээг нийтлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. /1хх 149, 150-156/

Учир нь гэрч Г.*******ын өгсөн ...******* багшийн МУИС-ийн багш нар, МУИС-Асуудал, шийдэл групп оруулсан талаар харсан, танилцсан. Агуулгын хувьд олон хүмүүсийн нэр дурдагдсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******ийн өгсөн ...Тухайн үед тавигдсан байсан. Тухайн үед уншиж байсан... Янз бүрийн сэтгэгдэл бичсэн байсан. Хүн бүр өөр өөрсдийнхөө үзэл бодлоор сэтгэгдэл бичсэн, зарим хүмүүс доромжилсон сэтгэгдэл бичсэн, зарим нь өөр... гэсэн мэдүүлэг, гэрч Г.*******ын өгсөн ...Бүтэн уншсан. Яг тэр өдөр ... энэ нийтлэлийг бүтэн уншсан... Хүмүүс ийм байж болохгүй, ёс зүйгүй байна, арай ч дээ гэж бичсэн, нилээн олон сэтгэгдэл байсан... гэсэн мэдүүлэг, хариуцагч ******* ийн өөрийн гаргасан ...Эцэст нь дээрх бүх мэдээ мэдээлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн шинжтэй, бусдын нэр төрд халдсан асуудал биш болно... гэсэн хариу тайлбар зэргээр хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэлд дурдагдсан мэдээг хариуцагч нийтлээгүй, үзлэгээр байхгүй болох нь тогтоогдсон... гэх тайлбар, татгалзал няцаагдаж байна. /1хх 236, 3хх 43, 44, 104-106/

Өөрөөр хэлбэл, аливаа фэйсбүүк группэд нийтэлсэн мэдээг тухайн группийн админ, эсхүл уг мэдээг нийтэлсэн этгээд хожим устгах боломжтой байдаг.

 

5.   Магадлалын хянавал хэсгийн 3-т дурдагдсан мэдээний агуулгаас үзэхэд ...тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь нэр бүхий 6 багшийг ажлаас халж, тэнхимээс шахан зайлуулсан, мөн тэнхимийн эрхлэгч Г.*******ыг өөрийн үгээр байлгадаг... гэсэн ойлголтыг уншигчдад төрүүлэхээр байна. /1хх 7-13/

Уг мэдээний дор ...ийм новшнууд хаа сайгүй..., ...сургуулийн ёс зүйн хороонд хандах хэрэгтэй дээ..., ...ёстой муухай юм аа... гэсэн агуулгатай сэтгэгдлүүд бичигдсэн байх тул ...хэн нэг хүнийг гутаан доромжлох санаа зорилгыг огтхон ч агуулаагүй... гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. /1хх 9/

 

6.   Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэл, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус зохицуулжээ.

 

7.   Анхан шатны шүүх ...хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзэхэд хариуцагчийн тараасан мэдээлэл нь бодит байдалд нийцсэн болох нь тогтоогдоогүй... гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасантай нийцэж байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал:

7.1.  ******* нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Харин мэдээнд дурдагдсан этгээд болох Д.******ийг МУИС-ийн захирал А.Галтбаярын 2013 оны 10 сарын 16-ны өдрийн Б/672 дугаар тушаалаар, М.*******ыг МУИС-ийн захирал Р.*******ийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Б/384 дугаар тушаалаар, Б.******г МУИС-ийн захирлын 2019 оны 03 сарын 05-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар, Б.*******ыг МУИС-ийн захирал Б.*******ийн 2021 оны 08 сарын 25-ны өдрийн Б/277 дугаар тушаалаар тус тус ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /1хх 116, 2хх 4, 5, 6/

7.2.  Түүнчлэн, мэдээнд дурдагдсан этгээд болох Д.****** нь өөрийн хүсэлтээр, Б.******* нь өөрийн хүсэлтээр, Б.******* нь өөрийн хүсэлтээр тус тус ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон тул тэдгээрийг ******* тэнхимээс шахан зайлуулсан гэж үзэх боломжгүй. /2хх 5, 6, 204-206/

7.3.  Түүнчлэн, мэдээнд дурдагдсан этгээд болох Д.******, Т.*******, Б.*******, Б.******* нар ажлаас үндэслэлгүй халагдсан, ажлын байрны дарамтад өртсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

8.   Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь адил байх тул хариуцагч талын гаргасан ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус буюу талуудын мэтгэлцсэн шаардлагын хүрээнд шүүхээс бичгээр шийдвэр гараагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /1хх 1-3, 3хх 87-90/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэхгүй.

 

9.   МУИС-ийн багш нар, МУИС-Асуудал, шийдэл гэсэн групп нь тус бүр 800 гаруй гишүүнтэй тул ...мэдээ нь олон нийтэд тараагдаагүй, 2 группийг олон нийт гэж үзэхгүй... гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

10.   Олон нийтийн сүлжээнд нэр бүхий этгээдийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ нийтлэхийг үзэл бодлоо илэрхийлэх, асуудалд шүүмжлэлтэй хандсан гэж үзэхгүй тул холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11.   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ...хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /3хх 240/

 

12.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

 

 

 

 

Дар: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гарч байна.

Нэхэмжлэлд хавсаргасан хариуцагчийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн гэх мэдээллийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь нэр бүхий хүмүүсийг ажлаас халах, тэнхимээс шахан зайлуулах, тодорхой этгээдийг өөрийн үгээр байлгадаг гэсэн агуулгатай мэдээ байгаа юм байна. Нэхэмжлэгч энэ агуулга бүхий мэдээг худал мэдээлэл гэж үзээд нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх уг агуулга бүхий мэдээллийн үнэн зөвийг хариуцагч нотолж чадаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий босон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байна.

Нэхэмжлэгч нэр бүхий этгээдүүдийг ажлаас халах эрх хэмжээ бүхий ажил, албан тушаал эрхэлдэггүй юм байна. Тэнхимээс шахан зайлуулах, хэн нэгнийг өөрийн үгээр байлгадаг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргаагүй гэсэн агуулгатай гомдол гарсан. Нэхэмжлэгч нь ******* ийн бичсэн гэж байгаа постын хүрээнд нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ гутаагдсан гэж үзээд мэдээг тарасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагынхаа хүрээнд мэдээний тодорхой хэсгийг тодруулах байдлаар шүүх хуралдаанд тайлбар, тодруулга гаргасныг нэхэмжлэлийн шаардллагыг өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Анахан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ талаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн ажиллагаагаар тухайн мэдээлэл байхгүй байна гэдгийг тогтоосноос бус нийтэд тараагдсан гэдгийг тогтоогоогүй, мэдээлэл тараагдаагүй гэдэг үндэслэл гомдол дурдагдсан. Фэйсбүүкийн группүүдэд уг мэдээг нийтэлсэн, уг группүүп нь 800 гаруй гишүүнтэй болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байгаа цчраас мэдээ олон нийтэд тараагдаагүй гэх тайлбар, татгалзал, гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна.