Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

  2019         09             11                                           2019/ШЦТ/266

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Б.Мд холбогдох эрүүгийн 1934004090312 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Өргөө 69-1-404 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 99112519дугаарын регистртэй, Ж овгийн Б.М

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-36 УНИ улсын дугаартай Тоёота примио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунтяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М:

 

 

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Болормаа:

... Миний машин байсан. Манай хүүхэд гуйгаад шалгалт өгөх завсраар ангийхантайгаа салхинд гарна гээд явсан.  Одоо нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй... гэж гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934004090312 дугаартай хэрэгт хохирогч Г.Ариунтуяа /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Болормаа /хх-ийн 16, 18 дугаар хуудас/, гэрч Х.Цогтбаяр /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Ж.Оюунбилэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Т.Мөнхсүлд /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Г.Ариунтуяа /хх-ийн 25-26 дугаар хуудас/,гэрч Г.Тэмүүлэн /хх-ийн 27-28 дугаар хуудас/, яллагдагч Б.М /хх-ийн 61-62 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 354 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №09/224 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 43-45 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тээврийн хэрэгслийн эвдрэлийн зураг /хх-ийн 47-50 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63-68 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт “Тоёота примио” маркийн 13-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Г.Ариунтуяа ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 2 машинтай 13-уулаа урьхан гэдэг газар руу хөдөлсөн. Нэг машинд нь 7 нөгөө машинд нь 6-уулаа сууж явсан. Яг хаана онхолдсон талаар сайн мэдэхгүй байна. Би нэг сэрсэн чинь машины гадна газар унасан хэвтэж байсан. Хэсэг байж байгаад эмнэлгийн тэрэг хүрч ирээд аваад явсан... ...ар талын голд нь сууж явсан болохоор бүс зүүгээгүй... ...үүдэн таван шүд, нэг араа цуурсан эгэмээ хадуулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Болормаа ...Би 13-36 УНИ улсын дугаартай “Тоёота Перимо” маркийн тээврийн хэрэгслээ 2014 онд 13 сая төгрөгөөр авч байсан ба одоо зах зээлийн ханш нь 10 орчим сая төгрөг байгаа байх... ...надад ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл гэж байхгүй байна... /хх-ийн 16 дугаар хуудас/,

...Би Б.Мын төрсөн ээж нь байгаа юм... ...надад ямар нэг санал хүсэлт байхгүй байна... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Х.Цогтбаяр...Б.Мын машинтай Оюунбилэг, Мөнхсүлд, Ариунтуяа, Тэмүүлэн бид нар сууж явсан. Тэгээд замдаа засмал зам дээр Төв аймгийн Баянчандмань сумын нуагт явж байгаад урд нэг тээврийн хэрэгсэл явж байсан. Тэрийг гүйцэт түрүүлээд тэгээд би утсаа оролдоод явж байсан. Нэг мэдсэн замын хажуу руу өнхөрсөн. Тэгээд бүгдээрээ машинаасаа гараад тэгээд Ариунтуяа машинаас гарсан, шидэгдсэн бололтой байсан... ...жолооч болон бид нар огт архи дарс хэрэглээгүй эрүүл байсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Ж.Оюунбилэг...замдаа явж байгаад өдөр 13 цагийн үед би ммашин дотор жолоочийн эсрэг талд ар талд нь доошоо хараад утсаа оролдоод явж байсан. Тэгсэн нэг мэдсэн харанхуйлаад явсан. Машин хөрвөөгөөд өнхрөөд байгаа юм шиг санагдсан. Тэгээд нэг мэдсэн зогсоод тэгээд бүгдээрээ машинаас гараад харахад замын хажуу руу орсон байсан. Ариунтуяаг хартал алга байсан. Машины ар хэсэгт доошоо хараад хэвтсэн байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч Т.Мөнхсүлд...13 цагийн үед замдаа явж байтал нэг мэдсэн замын хажуу руу орж байсан. Тэгээд нүдээ аниад доошоо тонгойсон. Машин хөрвөөж байгаа нь мэдэгдсэн. Нэг мэдсэн цонх хажуунаас хагарч байсан. Хажуугийн багана хонхойж орж ирсэн. Тэгээд зогсоод бүгдээрээ машинаас буусан. Ариунтуяа машины цаана дугарсан... ...Тэмүүлэн тархи нь хагараад цус гарсан байсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Г.Ариунтуяа ...урд нэг машин байсан. Тэрний хажуугаар явахдаа би хойд сандал дээр сууж явсан. Миний талын цонх онгорхой байсан. Тэгээд нэг мэдсэн шороотой газар доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд уйлаад юу болсон гээд найзуудаасаа асуусан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Г.Тэмүүлэн ...урд нэг машиныг гүйцэт түрүүлээд хажуугаар нь гарах шиг болоод цаашаа замаас гарсан.2-3 удаа хөрвөөгөөд бүгдээрээ машинаас буусан. Тэгтэл миний толгой хагараад цус гарсан байсан... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

яллагдагч Б.М...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим 13-36 УНИ улсын дугаартай Тоёота Перимо маркийн тээврийн хэрэгсэл онхолдож Г.Ариунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан... ...Г.Ариунтуяагийн эмчилгээний болон бусад бүх хохирлыг бүрэн барагдуулсан байгаа... /хх-ийн 61-62 дугаар хуудас/гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 354 дугаартай ...Г.Ариунтуяагийн биед эгэм ясны хугарал, нурууны Th3, Th4, Th5, Th6-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1, зүүн 1, 2, 3-р шүдний титэм хэсгээр хөндлөн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний салстад цус хурсан, зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шагайн үеэр зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай ...Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчсөн...талаарх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №09/224 дугаартай ...Toyota Premio 13-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.193.000 төгрөгийн хохирол учирсан... талаарх хохирлын үнэлгээ /хх-ийн 43-45 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний гэрээ, тээврийн хэрэгслийн эвдрэлийн зураг /хх-ийн 47-50 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63-68 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мын “Тоёота примио” маркийн 13-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан“Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ариунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь тээврийн хэрэгслийн хурдыг замын болон цаг агаарын нөхцөлд тохируулан хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг урамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх ба уг болгоомжгүй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч Б.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ариунтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ариунтуяагийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.М нь 1.219.000 /нэг сая хоёр зуун арван есөн мянга/ төгрөг, үүн дээр нэмж шүдний эмчилгээний зардалд 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг, нийт 2.699.000 /хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга/ төгрөгийг төлсөн болох нь  хохирогч Г.Ариунтуяагийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн ...Цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэсэн хүсэлт,

мөн шүүхээс түүнийг шүүх хуралдаанд дуудсан баримтад бичигдсэн ...99399207 дугаарт залгахад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй... талаар мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудас,

мөн Улаанбаатар хотын банкны Депозит дансны хуулга, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орлогын баримтууд, кассын орлогын ордер, Хас банкны орлогын маягт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч А.Болормаа нь шүүгдэгч Б.Маас эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлэхгүй болох нь хавтаст хэргийн 16 дугаар хуудаст өгсөн ...Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл гэж байхгүй байна. Миний хүүгийн холбогдоод байгаа уг зам тээврийн ослын хэргийг аль болох нааштайгаар шийдвэрлэж өгөхийг л хүсэх байна... гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Мөн иргэний хариуцагч А.Болормаа нь шүүгдэгч Б.Мын төрсөн эх нь бөгөөд шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь хохирогч Г.Ариунтуяагийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн учир иргэний хариуцагчаас гаргах төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Г.Ариунтуяагийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Г.Ариунтуяа болон иргэний нэхэмжлэгч, хариуцагчА.Болормаа нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно. 

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

           хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

     36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

           хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Б.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж овгийн Б.МыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж овгийн Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ж овгийн Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ж овгийн Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Г.Ариунтуяа болон иргэний нэхэмжлэгч, хариуцагчА.Болормаа нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч АР99080904 дугаарын регистртэй, Халиунморьт овгийн Ганхуягийн Ариунтуяа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж овгийн Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж овгийн Б.Мд авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН