| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/07149/И |
| Дугаар | 210/МА2026/00074 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2026/00074
******* ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/07659 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 111,536,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: 2022 оны 06 сарын 14-ний өдөр ******* ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арвай хотхоны С1 блокийн урд орцны 16-р давхрын 49.39 м.кв талбайтай орон сууцыг 118,536,000 төгрөгөөр тооцож, захиалгын гэрээг ******* ээс өөрийн нэр дээр шилжүүлэн авч, гэрээний үнийг бүрэн төлсөн. Урьдчилгаа 70,536,000 төгрөгийг ******* ийн Хас банкны 5004607504 тоот дансанд 2022 оны 06 сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл 48,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгийг сард 4,000,000 төгрөгөөр, 12,000,000 төгрөгийг барилга ашиглалтанд ороход төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сар бүрийн 30-нд 4,000,000 төгрөгийг хийсэн. Улмаар ******* утасдаж одоо 5,000,000 төгрөг шилжүүл, дотоод засал дуусаж байна гэсний дагуу шилжүүлсэн. Ингээд нийт 111,536,000 төгрөг төлөгдсөн. Орон сууцаа шаардахад ******* ХХК, ******* нар хоёр биенээсээ ав гэж худал ярьсаар өнөөдрийг хүрлээ. ******* ХХК нь ******* тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон үндэслэлээр орон сууцыг чинь өгөхгүй хэмээн татгалзсан тул ******* ээс мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. ******* нь орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн боловч ******* ХХК-тай маргаантай байгаагаас үүдэн би орон сууцгүй, мөнгөгүй болсон.
Иймд 111,536,000 төгрөгийг хариуцагч ******* ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 06 сарын 21-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-ний нөхцөлийг зөвшөөрч уг гэрээтэй холбогдох эрхийг шилжүүлэн авсан. Ингэхдээ ******* нь 2022 оны 06 сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх 1251 дугаартай гэрээг ******* тай байгуулан эрхээ шилжүүлж, ******* нь эрх шилжүүлэн авсан гэрээ хүчинтэй байна. ******* болон ******* ХХК-ийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. ******* би 2022 оны 06 сарын 05-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан 02/06-5 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арвай хотхоны С1 блокийн урд орцны 16-р давхрын 49.39 м.кв талбайтай орон сууцыг авсан, ******* ХХК зохих зөвшөөрлийг өгсөн болно.
Иймд ******* нь гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-аас төлбөр эсхүл захиалсан орон сууцыг нэхэмжлэхээр байна. ******* би дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эрх зүйн харилцаа үүссэн гэрээнүүд хүчин төгөлдөр байхад төлбөрийг төлөх боломжгүй, үндэслэлгүй гэжээ.
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Тус компани нь ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 06 сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн аваагүй. ******* нь уг гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэх баримтгүй. Талуудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ цуцлагдсан. ******* нь орон сууцны төлбөрийг ******* т шилжүүлсэн тул түүнээс гаргуулах нь зүйтэй, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ээс 111,536,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 721,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 715,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. ******* нь ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 06 сарын 21-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-ний нөхцөлийг зөвшөөрч уг гэрээтэй холбогдох эрхийг шилжүүлэн авч, 2022 оны 06 сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Үүнийг ******* ХХК мөн зөвшөөрсөн. Энэхүү 3 талт гэрээний харилцаа хэвээр, гэрээ хүчинтэй байгаа бөгөөд гэрээнээс хуулийн дагуу зохих ёсоор татгалзах саналаа гаргаагүй байхад шүүх татгалзсан гэж үзсэнийг эс зөвшөөрч байна.
5.2. Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа тул ******* нь 2022 оны 06 сарын 21-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-ний захиалагч, ******* ХХК гүйцэтгэгч, харин барилгын ажлын захиалагч нь ******* ХХК, барилгын ажлын гүйцэтгэгч нь ******* ийн эзэмшлийн ******* ХХК бөгөөд эдгээр этгээдийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
5.3. ******* би 2022 оны 06 сарын 05-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан 02\06-5 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арвай хотхоны С1 блокийн урд орцны 16-р давхрын 49.39 м.кв талбайтай орон сууцыг авсан бөгөөд ******* ХХК зохих зөвшөөрлийг өгсөн. ******* ын мөнгөөр ******* нь барилгад хөрөнгө оруулсан болно. Иймд нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-аас төлбөр эсхүл захиалсан орон сууцыг нэхэмжилж ******* ийг хамтран хариуцагчаар оролцуулж, шүүх гэрээний 3 талд тэгш байдлаар хандаж мэтгэлцүүлэн шийдвэр гаргахаар байжээ.
5.4. Гэтэл ******* анх гаргасан нэхэмжлэлийнхээ хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа шүүхийн шатанд учир битүүлгээр татгалзсан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулсан. Энэ нь ******* ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Эрх зүйн харилцаа үүссэн, салшгүй холбоотой гэрээнүүд хүчин төгөлдөр байхад зөвхөн нэг гэрээний хэсгийг салгаж шийдвэрлэж байгаа нь бодитой гэж үзэх боломжгүй, үндэслэлгүй байна. Учир нь шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ 3 талт гэрээний харилцааны нэг оролцогчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж ******* ХХК-аас маргаан бүхий орон сууцыг гаргуулж ******* эсвэл ******* д олгох эсэхийг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.
5.5. Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ******* ХХК-ийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөнтэй холбогдуулан гаргасан үндэслэлгүй тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Шүүхийн энэ ташаа дүгнэлт нь хариуцагч ******* ийг илтэд хохирооход чиглэгдсэн дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь энэ маргаан бүхий орон сууцыг ******* ХХК хэн нэгэнд огт борлуулаагүй бөгөөд ******* ын нэхэмжлэлтэй ижил төстэй 2 байрны маргааныг шүүх хянан хэлэлцэж орон сууцыг нэхэмжлэгчид өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрүүд байгаа билээ.
Иймээс дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бодитойгоор хүлээн зөвшөөрч байсан бөгөөд зөвхөн эдийн засгийн боломжгүй байдал, хугацааны асуудлыг тайлбарлаж байсан нь тодорхой харагдана. Мөн ******* ХХК, ******* болон бусад этгээд нарын хооронд гуравласан гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр хэвээр гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдсан, барилгын компанитай гурван талт гэрээ огт байгуулагдаагүй. Хариуцагч талаас эрх шилжүүлсэн гэх агуулгыг нотлохын тулд эрх шилжүүлэх тухай баримт гаргасан боловч ******* нь орон сууц захиалгын гэрээг 2022 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан. Гэвч 2022 оны 06 сарын 14-ний өдөр эрхгүй этгээдийн хувьд ******* тай гэрээ байгуулсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу мөнгийг авсан этгээд нь ******* учраас түүнээс мөнгөө нэхэмжилсэн. Хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ижил төстэй хоёр хэргийг шүүх ингэж шийдвэрлэсэн гэх тайлбар гаргаж байсан боловч эрх шилжүүлсэн гэрээний үндсэн дээр орон сууцыг буцаан олгосон бодит шүүхийн шийдвэр, нотлох баримтыг ирүүлээгүй. ******* нь ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн этгээд нь ******* бус, өөр компаниар дамжуулан хүлээлгэж өгсөн нь нотлох баримтаар тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д, 26 дугаар зүйлийн 26.2-д хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эрхийн хүрээнд хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэлээ гаргах бүрэн эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.
7. Давж заалдах гомдолд гуравагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах гомдлын агуулга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль хэрэглээний алдаа гаргасан асуудалд бус, харин хэрэг хянан хэлэлцэх явцад тогтоогдсон үйл баримт, мөн нэхэмжлэгч хариуцагчийг хэрхэн тодорхойлсонтой холбоотой байх тул давж заалдах журмаар хэлэлцэж, шийдвэрлэх нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчид учирсан хохирлыг бусад этгээд хариуцах ёстой гэх агуулгатай тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******т холбогдуулан 111,536,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* ХХК-ууд 2022 оны 06 сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арвай хотхоны С1 блок, 2-р орцны өрлөг, дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлсийг бартераар буюу Арвай хотхоноос 141 м.кв-ыг өгөх нөхцөлийг тохирсон;
3.2. ******* ХХК нь дээрх гэрээг үндэслэн Арвай хотхоны С1 блок, урд орцны 16-р давхрын 49.39 м.кв орон сууцыг цаашид худалдан борлуулах эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн;
3.3. ******* болон ******* нар 2022 оны 06 сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арвай хотхоны С1 блок, урд орцны 16-р давхрын 49.39 м.кв талбайтай орон сууцны захиалагчийн эрхээ шилжүүлэх, ******* нь орон сууцны үнэд 118,536,000 төгрөг төлөх нөхцөлийг тохирсон;
3.4. ******* нь дээрх гэрээний үнэд нийт 111,536,000 төгрөгийг ******* т шилжүүлэн өгсөн;
3.5. ******* ХХК болон ******* нар 2022 оны 06 сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арвай хотхоны С1 блок, урд орцны 16-р давхрын 49.39 м.кв талбайтай 148,170,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 2023 оны 1-р улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, ******* нь бартераар буюу өрлөг шавар, заслын ажлаар үнийг төлөх нөхцөлийг тохирсон;
3.6. ******* ХХК болон ****** нар 2024 оны 12 сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арвай хотхоны С1 блок, урд орцны 16-р давхрын Е тоот 49.39 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 3-р улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, ****** нь орон сууцны үнэд 146,688,300 төгрөгийг төлөх нөхцөлийг тохирсон.
4. Дээр дурдсанчлан ******* ХХК-аас ******* ХХК-д орон сууц худалдан борлуулах эрхийг өгсөн, мөн ******* нь ******* ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулахаас өмнө ******* тай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан зэргээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ бус харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй.
Хариуцагч ******* нь орон сууцыг нэхэмжлэгч ******* ын өмчлөлд шилжүүлэн өгөөгүйгээс гадна орон сууцыг нэхэмжлэгч ******* ын өмчлөлд шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Тодруулбал, ******* ХХК болон ******* ХХК-ууд Ажил гүйцэтгэх гэрээ-ний хэрэгжилтийн талаар маргаантай бөгөөд ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон.
6. Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний үнэд шилжүүлэн өгсөн 111,536,000 төгрөгийг хариуцагч ******* ээс буцаан шаардах эрхтэй.
7. Хариуцагч тал нь ...******* ХХК, ******* , ******* нарын хооронд гурван талт гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, ******* нь ******* ХХК-аас мөнгө эсхүл орон сууцыг шаардах эрхтэй... гэж маргах боловч тэдгээрийн хооронд байгуулагдсан гэх гурван талт гэрээ хэрэгт авагдаагүй, мөн ******* ХХК болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байх тул холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж... гэж бичсэн нь найруулгын хувьд оновчгүй болсон байх тул давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/07659 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ээс 111,536,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 715,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ээс 715,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 715,630 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР