| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0252/Э |
| Дугаар | 255 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 255
2019 08 28 2019/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогч Н.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овгийн Т.Бод холбогдох эрүүгийн 1934002740276 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээтсуманд 1983оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Өндөрширээт сум, 1 дүгээр баг, Алгын энгэр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,83062473дугаарын регистртэй, З овгийн Т.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Алгын энгэр” гэх газар морь унаж чадахгүй, 7 настай Ариунжаргалын Төмөрийг морь унуулсны улмаас, мориноос унаж, улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчН.Ариунжаргал:
...2019 оны 1 дүгээр сарын 7 хоногийн амралтаар манай хүү А.Батлутыг Т.Б хөдөө авч явсан. Би манай хүүхэд морь мал мэдэхгүй шүү гэхэд морь унуулахгүй, цэвэр агаарт байлгаж байгаад ирнэ гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын амралтаар хоёр хүүхдээ хоёуланг нь явуулчих гэсэн. Тэгээд би морь битгий унуулаарай, манай хүүхэд мал мэдэхгүй шүү гэж хэлэхэд мэдэж байна хүүхдүүдтэй тоглуулаад агаарт байлгаж байгаад явуулъя гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Т.Бын ах нь ажил дээр ирээд танай хүүхэд мориноос унасан, ухаангүй байна гэж хэлсэн. Би эмнэлэг бараадуулсан юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд би ажлаасаа гараад очиход оройны 10 цаг өнгөрч байсан. Цагдаа, эмнэлэг очсон байсан. Тэгээд бид нар аваад ирсэн. Би Т.Бод битгий морь унуулаарай гэж хэлсэн. Миний хүү 7 км чирэгдэж байхад салгаж болоогүй юм болов уу гэж бодож байна. Нэхэмжлэх зүйлгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934002740276дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргал /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Д.Гантөгс /хх-ийн 27, 32 дугаар хуудас/, гэрч М.Мөнхбаатар /хх-ийн 28 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч А.Батлут /хх-ийн 33, 36 дугаар хуудас/, гэрч Б.Бадаа /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Т.Б /хх-ийн 29-30 дугаар хуудас/, яллагдагч Т.Б /хх-ийн 83 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06/258 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 48-52 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаачийн унаж явсан моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16, 21-23 дугаар хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, амь хохирогчийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 74 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54-60, 64-73 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Алгын энгэр” гэх газар морь унаж чадахгүй, 7 настай Ариунжаргалын Төмөрийг морь унуулсны улмаас, мориноос унаж, улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргалын ...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бын хүргэн ах нь гэсэн хүн миний ажиллаж байсан газарт ирээд Төмөр хөдөө мориноос унаад ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хотоос тухайн өдөр 15 цагийн үед гараад явсан. Бид нар хөдөө Төв аймгийн Өндөрширээт суманд очиход манай талийгаач хүү унасан газраа байсан. Эмнэлэг болон цагдаагийнхан оччихсон хэргийн газрыг хамгаалалтад авчихсан байсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Д.Гантөгсийн ...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим манай ажил дээр танихгүй нэг хүн ирээд хүүхэд чинь мориноос унаад ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэр хүн манай хоёр хүүхэд байсан айлын хүргэн ах нь гэж байсан. Тэгээд би хадам ахад хэлээд шууд Улаанбаатар хотоос Төв аймгийн Өндөрширээт сум руу яваад хоёр хүүхдийн байгаа айлд ирэхэд хүүхэд маань мориноос унаад нас барсан байсан... /хх-ийн 27 дугаар хуудас,
...төмрийг хамт явуулчих би гүүрэн дээрээс тосож аваад зардлыг нь би өгчихье 7 хоногийн дараа явуулчихъя гэсэн хүн нь Т.Б гэдэг хүн байгаа юм... /хх-ийн 32 дугаар хуудас/,
гэрч М.Мөнхбаатарын ...манай дүү Болдбаатар залгаад дүү Ариунтуяагийн хүүхэд нь хөдөө айлд мориноос унаад бие нь муу байна бараг өнгөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Би хариуд нь чи сайн лавлаад хариу хэл гэж хэлсэн. Удалгүй буцаж залгаад моринд чирэгдээд өнгөрсөн байна гэнэ гэж хэлсэн... ...Баяртогтох гэдэг хүн утсаар байн байн холбогдож хүүхэд авсан байсан. Мөн морь унаж чадахгүй битгий унуулаарай гэж аав, ээж нь хэлсээр байхад ийм асуудал гаргасан байна... /хх-ийн 28 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч А.Батлутын ...Б ах намайг мордуулж байхад гэнэтхэн давхиад явсан. Агаа дүүгийн морийг чүү гээд явуулчихсан... ...манай талийгаач дүү А.Төмөр хөдөө очсоноос хойш хэрэг гарахын өмнөх 2 өдөр нийт 2 удаа морь унасан. Тэр үед Б ах морин дээр мордуулдаг байсан. Дүү бид хоёрыг морин дээр мордуулаад бид 2-т жолоо, цулбуур өгөөд зөөлөн явуулдаг байсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,
...Б ах дүү бид хоёрт морь унуулсан. Тэгээд дүүг морин дээр мордуулчхаад дараа нь намайг морин дээр мордуулж байхад дүүгийн унасан морь гэнэт давхиад явчихсан. Тэгээд дүү мориноосоо унасан. Араас нь Б ах бид хоёр хамт явсан. Тэгээд Б ах эмнэлэг дуудсан. Манай дүү моринд чиргүүлж амь насаа алдсан... /хх-ийн 36 дугаар хуудас/,
гэрч Т.Бын ...морин дээр мордуулаад дараа нь ахыг нь өргөөд эмээл дээр яг тавьтал талийгаачийн морь яг миний хажуугаар давхисан. Би өргөж байсан хүүхдээ буцааж буулгаад талийгаачийн морины араас гүйсэн... ...хонины хашааг нар зөв тойроод гэрийн баруун талаар гараад морины хашаа, хонины хашаа хоёрын дундуур гараад нөгөө гурван үрээний араас давхисан. Энэ үед талийгаач хоёр хашааны хооронд морины баруун талд дөрөөндөө дүүжлэгдээд чирэгдэж байсан. Би барьж авах гээд чадаагүй. Ингээд цаашаа араас нь гүйж байгаад буцаад мотоциклоо гэрийн үүднээс аваад араас нь явсан... ...манай гэрээс ойролцоогоор 200-300 метр газар чирэгдэж явж байгаад талийгаач мориноос салсан, Тэгээд би очиход талийгаач нэг ихэр татаж амьсгаа аваад дахиж амьсгаа аваагүй. Намайг харахад дагзны хуйх нь зулай хүртлээ хууларсан байсан. Энэ үед араас талийгаачийн ах гүйгээд ирсэн. Тэгээд талийгаачийн ахыг хажуудаа суулгаад талийгаачийн ээж рүү залгасан... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
яллагдагч Т.Бын ...өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл талийгаачийг нас барах хүртэл харсан болохоор тухайн өдрөөс хойш сэтгэл санаа тавгүй байдалтай, шөнө орой унтаж чадахгүй байгаад байхаар нь маллаж байсан хуц ухнаа эзэнд нь хүлээлгэж өгөөд гэрээ буулгаад хөдөө айлын гадаа хураачхаад одоо хотод ээжийндээ дэнжийн мянгад байгаа... /хх-ийн 83 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай ...Талийгаач А.Төмөр хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06/258 дугаартай ...Т.Бын өмчлөлийн 1 тооны адууг 966.700 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 48-52 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаачийн унаж явсан моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16, 21-23 дугаар хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/, амь хохирогчийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 74 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 54-60, 64-73 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Бын морь унаж чадахгүй, 7 настай А.Төмөрийг морь унуулсны улмаас, мориноос унаж, улмаар түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаарөөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн х үйлдэл, эс үйлдэхүй улмаас хохирогчид хүнд хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр ба хохирол, хор уршиг учруулсан үйлдэл хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардалтай холбоотой хохирол, хор уршиг төлөгдсөн талаар мэдүүлэг, дүгнэлтийг гаргадаг тул шүүгдэгч Т.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Бод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан оршуулгын зардлыг нөхөн төлснийг тус тусхөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн, зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Бод тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай шүүгдэгч Т.Бын эзэмшлээс 966.700 /есөн зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн 9 настай морь битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч 83062473дугаарын регистртэй, З овгийн Т.Бод буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Т.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгсүгэй.
4. Шүүгдэгч З овгийн Т.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай шүүгдэгч Т.Бын эзэмшлээс 966.700 /есөн зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий бор зүсмийн 9 настай морь битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч 83062473дугаарын регистртэй, З овгийн Т.Бод буцаан олгохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З овгийн Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З овгийн Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН