| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 192/2025/04778/И |
| Дугаар | 210/МА2026/00122 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00122
Ч.****** ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07830 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.****** ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.*******, Г.******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 29,436,572 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч нарын өмгөөлөгч У.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Ч.****** э нь махны худалдаа эрхэлдэг бөгөөд 2023 оны 10 сарын 30-ны өдөр Хаан банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж 47,300,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Энэхүү зээлийн хөрөнгөөр мах бэлтгэн худалдан авч, зооринд хадгалж, хаврын улиралд худалдан борлуулдаг. Д.*******, Г.******* нар 2024 оны 05 сарын 04-ний өдөр 740 кг хонины махыг 9,000 төгрөгөөр авч нийт 6,660,000 төгрөгөөс 6,070,000 төгрөгийг төлсөн. 2024 оны 05 сарын 29-ний өдрөөс 2024 оны 06 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 42,103,000 төгрөгийн үнэ бүхий махыг зээлээр худалдсан авч нийт 24,483,000 төгрөгийг хэсэгчлэн төлж үлдэх, 17,620,000 төгрөгийг төлөөгүй. Уг нөхцөл байдал нь Ч.****** ийн санхүүгийн чадамжид сөрөг нөлөө үзүүлж, олох байсан орлого доголдож, Хаан банк ХК-аас авсан зээлийн хүүнд 11,816,572 төгрөгийг бусад эх үүсвэрээс төлсөн.
Иймд зээлээр авсан махны төлбөрийн үлдэгдэл 17,620,000 төгрөг, хохирол 11,816,572 төгрөг, нийт 29,436,572 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Ч.****** ээс 42,103,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авсан нь үнэн. Үүнээс Ч.****** эд 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс 07 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 27,230,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээс 2,747,000 төгрөгийн зөрүү гарч байна. Мөн 2024 оны 07 сарын 10-ны өдөр наадмын хуушуур хийх зорилгоор 2,600,000 төгрөгийн үнэ бүхий бүхий мах өөрсдөө авч авсан. Мөн 2024 оны 04 сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл миний эзэмшлийн зооринд 50 тн мах хадгалсан боловч зоорины түрэээсэнд 2024 оны 04 сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 9,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд 17,620,000 төгрөгийн үнийн дүнгээс зоорины үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөг, махны үнэ 2,600,000 төгрөг, дансаар орсон зөрүү 2,747,000 төгрөгийг хасч тооцно. Мөн 2023 оны 09 сард Ч.****** э, Д.*******, Г.******* бид хамтран Санзайн амнаас хуш модны самар 6 тн худалдан авч ашгаа 50 хувиар хуваан авсан боловч тээвэр хийх явцад миний Ланк Круйзер-200 маркийн автомашин эвдэрч 5,700,000 төгрөгөөр засуулсан. Засварын мөнгийг 50 хувиар хувааж 2,850,000 төгрөг төлөх тохиролцоо хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Ч.****** эд төлөх төлбөргүй, бид өөрсдийн авсан махны үнийг төлж барагдуулсан. Банкнаас авсан зээлийн төлбөрөө хохиролд тооцон шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******, Г.******* нарт холбогдох 29,243,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.****** ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 305,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Ч.****** ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотолсон. Харин шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрт ...хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоог нэхэмжлэгчид бүрэн барагдуулжээ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд 42,103,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хариуцагч нар зөвшөөрдөг. Д.*******, Г.******* нар хариу тайлбартаа 17,620,000 төгрөгийн махны төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаа ч хүлээн зөвшөөрч, харин яагаад төлөхгүй байгаа талаарх бусад харилцааны талаар тайлбарладаг. Зоорины үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөг, махны үнэ 2,600,000 төгрөг, дансаар орсон зөрүү 2,747,000 төгрөг, машин засварын зардлын 50% болох 2,850,000 төгрөгийг тус тус Ч.****** төлөөгүй учраас нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй гэсэн агуулгаар тайлбарласан байдаг. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй, талуудын маргасан болон маргаагүй үйл баримтыг хольж хутган шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.2. Шүүх хариуцагч нарын тайлбарыг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөрийг илүү шилжүүлсэн гэж маргаагүй байтал бодит байдалд нийцэхгүй талуудын тайлбар, нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо мах худалдах, худалдан авах харилцаанаас гадна бусад бизнесийн хамтын ажиллагаа, орлого зарлагын харилцаатай байсан нь нотлогдсон. Гэсэн хэдий ч шүүх энэ ялгааг тооцохгүйгээр, нотлох баримтаар өгсөн дансны хуулга дээрх Г.*******гаас Ч.****** э рүү шилжүүлсэн 53,516,000 төгрөг нь махнаас гадна бусад хамтарч ажиллаж байсан ажлуудтай холбоотой орлого зарлага гэдгийг тайлбарласан боловч үүнийг анхаарч үзээгүй.
4.3. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч Ч.****** э нь 2023 оны 10 сарын 30-ны өдөр 47,300,000 төгрөгийг банкнаас зээлж байсан..., ...зохигчдын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн маргаантай шууд хамааралгүй байна гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч нь дээр дурдсан зээлийн хүүгийн төлбөрт 11,816,572 төгрөг төлснийг хохирлын журмаар буюу хугацаандаа хариуцагч нар төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагааны санхүүгийн чадамжид ноцтой сөрөг нөлөө үзүүлж, зээлийн эргэн төлөлтөд саад учруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлий 227.1, 227.3-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хохирол учирсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Д.*******, Г.******* нар гэр бүл бөгөөд Г.******* нь тухайн үед таван хүүхэдтэй, нялх биетэй байсан тул хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй байсан. Харин Д.******* нь мах тээвэрлэх, мах хүлээлгэн өгөх, хүмүүстэй харилцах зэрэг мах худалдах, худалдан борлуулах үйл ажиллагаанд бодитоор оролцож, уг харилцааны талаар илүү сайн мэдэж байсан. Гэтэл шүүх Г.*******г дуудан ирүүлсэн бөгөөд нялх хүүхэдтэй, сэтгэл санааны хувьд тогтворгүй, ядарсан байдалтай ирж, нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй атлаа тайлбар бичиж өгсөн тул уг тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцэхгүй. Харин махны харилцаанд бодитоор оролцож, хэргийн гол үйл баримтыг мэдэж байгаа Д.*******ын тайлбар хэрэгт авагдсан боловч шүүх уг тайлбарыг үндэслээгүй. Ч.****** э нь нэг зүйлийг хоёр болгож нэхэмжлэх, хоёр өөрөөр тайлбарлах замаар шүүхийн байгууллагыг санхүүгийн ашиг сонирхлын хэрэгсэл мэт ашиглах хандлага ажиглагдаж байна. Ийм нөхцөл байдалд шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодруулах асуултууд тавьж, нотлох баримтаа бүрдүүлэх талаар удаа дараа сануулсан. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа бодитоор дэмжсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй атлаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэр гаргасныг буруутгаж, өөрсдийн хариуцлагаас зайлсхийж, бусдад бурууг тохох байдлаар тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Махны төлбөртэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас тухайн махыг бодитоор шилжүүлсэн, хэдий хэмжээний мах нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр хэд байгаа талаарх нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй. Банкны зээлтэй холбоотой шаардлагын хувьд уг зээлийг хэрхэн, ямар нөхцөлөөр авсан, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн хэмжээ хэд болсон, ямар байдлаар эргэн төлж байгаа талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймээс нотлох баримтаар баталгаажаагүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой, ойлгомжтой байдлаар ямар үйл баримтад тулгуурлаж байгаагаа тайлбарлан, нотлох баримтаар дэмжээгүй атлаа бусдыг буруутгаж, хэргийн бодит нөхцөл байдлыг гуйвуулж байгаа нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар дэмжээгүй байхад шүүх түүнийг дэмжих ёстой мэтээр тайлбарлан, процессын зөрчил гарсан гэж үзэх нь үндэслэлгүй. Хариуцагч талаас хэргийн үйл баримттай холбоотой дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд нэмэлтээр өөр нотлох баримт шаардагдах нөхцөл байдал үүсээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болон хэргийн оролцогч нарын тайлбарыг үндэслэн шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүх процессын хуулийг зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Ч.****** э нь хариуцагч Д.*******, Г.******* нарт холбогдуулан нийт 29,436,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, ...-ийн тайлбар, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар нийт 42,103,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авч, 24,483,000 төгрөгийг төлж, үлдэх 17,620,000 төгрөгийг төлөөгүй, үүний улмаас банкнаас авсан зээлийн хүүнд 11,816,572 төгрөг төлж хохирсон... гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 42,103,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авсан нь үнэн, үүнээс 27,230,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь 2,600,000 төгрөгийн мах буцаан авсан, зоорины түрээс 9,500,000 төгрөгийг төлөөгүй, хамтарч самар худалдан авахаар тээвэр хийх үед автомашин эвдэрсэн бөгөөд засварын зардал 5,700,000 төгрөгийг хувааж хариуцахаар тохирсон, эдгээрийг хасч тооцвол нэхэмжлэгчид төлөх төлбөргүй... гэж тус тус тайлбарласан.
5. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ч.****** э нь нийт 42,103,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдсан, үүнээс хариуцагч Д.*******, Г.******* нар 27,230,000 төгрөгийг төлж, үлдэх 14,873,000 төгрөг төлөгдөөгүй үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлыг өөрөө нотлох, өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээнэ.
6.1. Хариуцагч тал ...нэхэмжлэгч нь 2,600,000 төгрөгийн мах буцаан авсан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул уг дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох боломжгүй.
6.2. Хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч нь зоорины түрээс 9,500,000 төгрөгийг төлөөгүй, хамтарч самар худалдан авахаар тээвэр хийх үед автомашин эвдэрсэн бөгөөд засварын зардал 5,700,000 төгрөгийг хувааж хариуцахаар тохирсон... гэсэн тайлбар нь баримтаар нотлогдоогүйгээс гадна эдгээр нь худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа харилцаа бөгөөд махны үнээс хасч тооцохоор талууд тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.
7. Хэрэгт авагдсан Хаан банк дахь дансны хуулгаас үзвэл хариуцагч Г.******* нь 2024 оны 05 сарын 03-ны өдөр 5,720,000 төгрөг, 05 сарын 07-ны өдөр 6,070,000 төгрөг, 06 сарын 05-ны өдөр 4,660,000 төгрөг, 06 сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөг, 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 07 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 07 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 07 сарын 18-ны өдөр 1,482,000 төгрөг, 07 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 08 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 10 сарын 17-ны өдөр 1,087,000 төгрөг, 11 сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 53,519,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.****** эд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.
Гэсэн хэдий ч хариуцагч тал ...нэхэмжлэгчээс 42,103,000 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авсан нь үнэн, үүнээс 27,230,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн... гэсэн тайлбар гаргасан тул хариуцагчийн тайлбарт дурдагдсан 27,230,000 төгрөгийг махны үнэд шилжүүлэн өгсөн дүн гэж үзнэ.
8. Иймд хариуцагч Д.*******, Г.******* нараас махны үлдэгдэл төлбөр 14,873,000 төгрөг (42,103,000 - 27,230,000)-ийг гаргуулан нэхэмжлэгч Ч.****** эд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ.
9. Харин зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүрэг нь зээлдэгч Ч.****** ийн хүлээх үүрэг тул зээлийн хүүнд төлсөн гэх 11,816,572 төгрөгийг хангах үндэслэлгүй, уг дүнг худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй хохирол гэж үзэхгүй.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07830 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******, Г.******* нараас 14,873,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.****** эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,563,572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Г.******* нараас 232,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.****** эд буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.****** ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 305,133 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР