| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/05874/И |
| Дугаар | 210/МА2026/00131 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00131
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09328 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 143,000,390 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, ******, хариуцагчийн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 12 сарын 01-ний өдөр 22-18 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8-р хороонд баригдаж буй Актив гарден цогцолборын 503 блок барилгын гадна металл фасад угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 275,146,750 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэн хүлээлгэн өгч, 2023 оны 08 сарын 11-ний өдөр акт үйлдэн хариуцагч нь 80,170,790 төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан.
Мөн ******* ХХК-тай 2023 оны 04 сарын 16-ны өдөр 2023/04/16/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, А блокийн 7 хаус, Б блокийн 5 хаус, нийт 12 барилгын газар шорооны ажил, гар тэгшилгээ, компактороор нягтруулга хийх, суурийн ажил, зоорийн давхрын шалны арматурчлал, бетон, зоорийн 1, 2-р давхрын арматурчлал, мужааны угсралт, бетон, парпет угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний гүйцэтгэлийг 2023 оны 10 сарын 10-ны өдөр талууд дүгнэж, акт үйлдэж гүйцэтгэлийн төлбөрөөс материалын зардал 24,961,400 төгрөг болон НӨАТ-ын 42,029,200 төгрөгийг тус тус хасаж, үлдэгдэл 41,886,400 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч төлбөрөө төлөөгүй тул гэрээний 6.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь алдангид 20,943,200 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Иймд 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 22-18 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 80,170,790 төгрөг, 2023 оны 04 сарын 16-ны өдрийн 2023/04/16/02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 41,886,400 төгрөг, алданги 20,943,200 төгрөг, нийт 143,000,390 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 12 сарын 01-ний өдөр 22-18 тоот ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2023 оны 04 сарын 16-ны өдөр 2023/04/12/02 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсантай маргахгүй. ******* ХХК нь гэрээнд заасан ажлуудыг дутуу, чанарын шаардлага хангахгүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүйгээс болж төсөл хэрэгжүүлэгч Б******* ХХК нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй. Б******* ХХК-аас ирүүлсэн албан шаардлагыг ******* ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Үүнээс болж ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгч Б******* ХХК-тай ажлаа хүлээлцэж чадаагүйгээс болж маш хүнд байдалд орсон, үлдэгдэл санхүүжилтийг аваагүй байна.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 143,000,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* эрх залгамжлагч Н.*******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,030,906 /792,320+238,586/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,030,906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. ******* ХХК нь гэрээнд заасан ажлуудыг дутуу, чанарын шаардлага хангахгүй, зураг төсөл, стандартын дагуу хийгээгүйгээс болж төсөл хэрэгжүүлэгч Б******* ХХК нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авалгүй өнөөдрийг хүрсэн. Б******* ХХК-аас манай ******* ХХК-д албан шаардлага ирүүлж байсан бөгөөд туслан гүйцэтгэгч ******* ХХК-д хийж гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангаагүй, зураг төсөл стандартын дагуу хийгээгүй талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариу oгт өгөөгүй. Б******* ХХК нь ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлууд дутуу, чанарын шаардлага хангаагүйгээс дахин хийх, түүнд гарсан зардлыг ******* ХХК-тай хийсэн үндсэн гэрээний үнийн дүнгээс хасах тухай мэдэгдэж их хэмжээний төлбөрийг суутган авсан. Бид энэ тухай холбогдох нотлох баримтыг хавсаргаж ******* ХХК-аас 157,173,789 төгрөгийн хохирол гаруулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.
4.2. Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* нь энэ хэрэгт итгэмжлэлээр болон өмгөөлөгчөөр оролцож байсан. Анхан шатны шүүх хуралд ******* минийн бие түүнийг өөрийн өмгөөлөгчөөр оролцуулж ирсэн байхад шүүх өмгөөлөгч оролцуулах хүсэлт байхгүй гэх үндэслэлээр 2025 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралд оролцуулаагүй, хууль зөрчин шүүх хурлыг шууд үргэжлүүлэн хийсэнд гомдолтой байна. Удаа дараа хурал хойшлогдож байхад миний өмгөөлөгчөөр Г.******* оролцож байсан ба тэр үед шүүхээс ямар нэг хүсэлт өгөх талаар шаардаагүй. Мөн тухайн хуралд би өөрийн хүсэлт болон баримтыг шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргахад шүүх аваагүй буцаасан. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.******* өмгөөлөгчийг мөн оролцуулаагүй ба хэргийн материал болон шүүх хурлын товыг огт мэдэгдэж танилцуулаагүй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөх эрхтэй этгээд хэн болох нь тодорхой бус, улсын бүртгэлд талийгаач Т.******* хэвээр байгаа бөгөөд ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Анхан шатны шүүх урьд хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан бөгөөд үндэслэл нь ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөх этгээд талийгаач Т.******* хэвээр байгаа ба түүний эхнэр Н.******* нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хууль ёсны төлөөлөх этгээд тодорхойгүй гэж дүгнэсэн атал энэ зөрчлийг арилгахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болсон. Эрх залгамжлагч этгээд болох Н.******* нь нэхэмжлэгч хуулийн этгээд болох ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөх этгээд биш. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоох үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасан хэлбэрээр лавлагаа мэдээллийг авалгүй шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.4. Анхан шатны шүүх маргааны гол үндэслэл болох ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 12 сарын 01-ний өдөр, 2023 оны 04 сарын 16-ны өдөр тус тус байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний талаар огт дүгнээгүй. 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 22-18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ 2 өөр хувь байгаа бөгөөд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээ нь хүчингүй буюу ноорог гэрээ байна. Учир нь, анх гэрээг байгуулахаар 2 тал ярилцаж байхад ******* ХХК-ийн тамга, гарын үсэг болон ******* ХХК-ийн тамга дарагдсан байх ба гүйцэтгэх захирлын гарын үсэг байхгүй, хийх ажил, тооцоолол, нэгжийн үнэ, нийт төлбөр өөр дүнтэй байна. Харин үндсэн эх гэрээ нь 2 талын гарын үсэг, тамга дарагдсан гэрээ байсан. Тус гэрээг би өмгөөлөгчөөрөө дамжуулан 2025 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралд өгсөн боловч шүүх аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдолд шаардлага хангаагүй ажлыг хүлээн аваагүй, Б******* ХХК-д барилгын ажлыг хүлээлгэж өгөөгүй, үүний улмаас төлбөр тооцоо хийгдээгүй, мөнгөө авч чадаагүй гэх агуулга тусгагдсан боловч үүнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг шаардлагыг шүүх хүлээн аваагүй нь нэхэмжлэгч талд хамааралгүй. Хариуцагч тал хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасны дагуу шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. Мөн хариуцагч тал 2025 оны 05 сарын 14-ний өдөр Г.*******оос татгалзаж, Д.*******ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитоор оролцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс тогтоол гарч, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.******* эхнэр, хууль ёсны эрх залгамжлагчаар Н.*******г тогтоосон. Уг агуулгаар дахин маргах хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 122,057,190 төгрөг, алданги 20,943,200 төгрөг, нийт 143,000,390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь ажлаа дутуу, чанарын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас хариуцагч нь бусдаас авах төлбөрөө авч чадаагүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно: гээд 168.1.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн; гэж зохицуулжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нь 2025 оны 05 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******оос татгалзаж, Т.*******ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх 156/
Үүний дараа анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд Г.******* нь хариуцагч ******* ХХК-ийн захирал *******ын хамт оролцсон болох нь холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх ба анхан шатны шүүх түүний эрх зүйн байдлыг хариуцагчийн өмгөөлөгч Г.******* гэж тодорхойлжээ. /хх 181, 182/
Энэ тохиолдолд хариуцагч ******* ХХК нь өмгөөлөгчөөр Г.*******ыг оролцуулах хүсэл зоригоо анхан шатны шүүхэд илэрхийлсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлын талаар эргэлзэж байвал энэ талаар шүүх хуралдаанд оролцсон ******* ХХК-ийн төлөөлөгч *******аас тодруулах боломжтой байсан.
Түүнчлэн Г.******* нь анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн, 2025 оны 10 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус хариуцагчийн өмгөөлөгч гэсэн эрх зүйн байдалтай оролцсон байна. /хх 188, 189, 194, 195/
5. Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны ирцэд Г.*******ыг оруулж, түүнийг хариуцагчийн өмгөөлөгч гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан атлаа ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь оролцох эрхгүй этгээд байх тул түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй... гэж дүгнэн улмаар түүнийг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.2, 34 дүгээр зүйлийн 34.3.12-т тус тус нийцээгүй байна. /хх 197-арын нүүр-198, 201, 202/
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй ба хариуцагч талын гомдолд дурдагдсан нотлох баримтын үнэлгээ болон бусад асуудлын талаар тусгайлан дүгнэлт өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 1,030,906 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР