| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03704/И |
| Дугаар | 210/МА2025/02041 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/02041
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/07203 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ид холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг зээл, зээлийн хүүд 102,600 евро буюу 395,112,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
ХБНГУ-ын иргэн ******* Монгол Улсад өөрийн гэр бүлийн хамт 2023 оны 08 сард очиход ******* нүүрс зөөх машин авах гэсэн юм, мөнгө зээлээч, хуучин машин явбал найдваргүй, шинэ машин авбал ашигтай, үнийн хувьд 330,000,000 төгрөг буюу 90,000 евро болно, ашгийг хамгийн багаар тооцоход 2 жилийн дотор буцаагаад төлчихье гэж хэлсний дагуу уг саналыг хүлээн зөвшөөрч нөхрөө гуйж түүний харилцагч банкнаас зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа байшингаа давхар барьцаалан нөхрийнхөө нэрээр мөнгө зээлж өгсөн. Дээрх хэлбэрээр зээл авч өгсөн болохыг *******ийн гэр бүлийнхэн мэдэж байгаа төдийгүй гэрчлэх болно.
Дээрх зээлийн гэрээтэй холбоотой гэрээний санал хүргүүлсэн, саналыг хүлээн авсан болон гэрээний хүү, хугацааны талаар цахим зурвасаар харилцсан бичвэрүүдийг шүүхэд хүргүүлсэн.
******* дээрх 90,000 еврогийн 40,000 еврог дансаар, үлдэгдэл мөнгийг ээжээрээ дамжуулан бэлнээр мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжсэн.
******* нөхрийн хамт 90,000 еврог 5 жилийн хугацаатай банкнаас зээлж уг мөнгөө *******ид 2 жилийн хугацаа буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл жилийн 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч ******* 2 жилийн хугацаанд 90,000 евро, хүү болох 12,600 /6300*2/ нийт 102,600 евро төлөх үүрэг хүлээсэн боловч жил гаруй хугацаа өнгөрөхөд үндсэн зээл болон хүүг эргүүлэн төлөхгүй нэхэмжлэгчийн эд хөрөнгийг эрхийг зөрчиж, хариуцагч *******аас авч банкинд төлөх ёстой төлбөрийг төлж чадахгүй хүү, алдангийн өр төлбөрт орж байна.
Иргэн *******оос зээлийн гэрээний төлбөрт үндсэн төлбөрт 90,000 евро, хүү 12,600 евро, нийт 102,600 евро /Монгол Банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ханш болох 3851,27 төгрөгийг 3851 төгрөгөөр тооцсон/ буюу 395,112,600 төгрөгийг гаргуулж *******т олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Миний бие 2001 оны 09 сард *******тэй ХБНГУ-д ажиллахаар явахад нь бэлнээр 2 сая 800 гаруй төгрөг өгсөн. Дээр нь би байгалийн алт 800 гаруй граммыг өгсөн. Тухайн үед 300,000 төгрөг 1 сарын 25 хувь хүүтэй зээлж аваад Эрээн рүү ганзагын наймаанд явдаг байсан үе шүү. Мөнгө хүүтэй ч олддоггүй байсан он цаг. Би тухайн үед *******т алт, мөнгө өгөхдөө хэлж байсан. Чамайг сайн сайхан ажиллаад сураад явахыг чинь ах нь мэдэж байна. Боломжтой үедээ надад тухайн цаг үеийн ханшаар сайхан хаус, машин авч өгөөрэй гэж хэлж өгсөн байсан. Надад юу ч өгч байгаагүй ээ. Түүний 2024 онд надад өгсөн 90,000 еврог би нүүрс зөөдөг том машин авч нүүрс тээвэрлэх гэсэн боловч нүүрсний үнэ ханш унаж улс даяараа алдагдал хүлээж байсан. Ийм учир миний бие энэ мөнгийг эргүүлэн төлөх боломжгүй болсон. Тэгээд ч түүнд өгсөн /2001/ алтны оронд авах байсан хаус, машиныхаа оронд түүний өгсөн 90,000 евро өр болгон тооцож байгаа тул би түүнд өргүй. Би мөнгө зээлэх санал тавиагүй бөгөөд ******* надад тусална гэж хэлсэн. Тухайн үед намайг та юу хиймээр байна, мөнгө өгье гэж хэлсэн. Цагаан хаднаас Гашуун сухайт руу нүүрс тээвэрлэдэг автомашин түрээсэлбэл ашигтай юм байна гэж хэлэхэд намайг дэмжээд мөнгө өгөхөөр болсон. Нэхэмжлэгчээс мөнгө орж иртэл 9 сар өнгөрсөн бөгөөд энэ хооронд нүүрсний ханш унасан. Тиймээс би нүүрсний тээврийн автомашин аваагүй. Тухайн үед нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваад төлөх хугацаагаа тохиролцож зээлээ төлж эхэлсэн. Гэхдээ сарын төлөлтөө гүйцэд төлж чадалгүй дутуу төлж байсан. Энэ талаар ******* мэдэж байгаа. Тиймээс тусалж байсан зүйлсэд тооцоод зээлээ тэглэчих гэж хэлсэн. 2014 онд дүүгийн урилгаар ээж бид 2 өөрсдөө унааны зардлаа төлөөд ХБНГУ-руу явсан. Тухайн үед ******* цэвэр алтан шижир зоосны цуглуулга гаргаж ирж үзүүлсэн бөгөөд миний өгсөн шижир алтыг зоос болгон хувиргасан байсан. Миний нэхэмжлэгчид өгсөн алт үрэгдэхээргүй их алт байсан. Үүнийг *******ээс нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 40,000 евро буюу 154,050,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 62,600 евро буюу 241,061,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,133,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 928,204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/34473 захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхэд ирүүлсэн хариуцагчийн анхны бичгээр өгсөн хариу тайлбарт ...түүний 2024 онд надад өгсөн 90,000 еврог би нүүрс зөөдөг том машин авч нүүрс тээвэрлэх гэсэн боловч нүүрсний үнэ ханш унаж улс даяараа алдагдал хүлээсэн. Ийм учир миний бие энэ мөнгийг эргүүлэн төлөх боломжгүй болсон талаар дурдсан байдаг.
Хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлснээс хойш түүнийг мэтгэлцэх боломж олгох зорилгоор удаа дараагийн хойшлуулсан шүүх хуралдаан дээр 90,000 евро авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй, энэ талаар хойшлогдсон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч мөн хариу тайлбартаа ...тухайн үед нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваад төлөх хугацаагаа тохиролцож зээлээ төлж эхэлсэн. Гэхдээ сарын төлөлтөө гүйцэд төлж чадалгүй дутуу төлж байсан гэж дурдсанаас үзэхэд хариуцагч 90,000 еврогийн зээл авсан, уг мөнгөний хүүг төлж эхэлсэн талаар маргаагүй болохыг нотолж байна.
4.2. Зохигчийн хэн аль нь шүүхэд үнэн зөв мэдүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд анх мэдүүлэхдээ 40,000 евро дансаар, 49,630 еврог бэлнээр өгсөн талаар үнэн зөв мэдүүлсэн, мөн хариуцагч хойшлуулсан шүүх хуралдаан дээр яг 90,000 евро бишээ, 89,630 еврог бол авсан, маргах зүйл үгүй гэж хэлж байсан учраас нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдаанд гэрч оролцуулж мэтгэлцэх шаардлагагүй гэж үзсэн, гэрчээр еврог хадгалж байгаад хариуцагчид хүлээлгэн өгсөн н.*******г оролцуулах боломжтой байсан.
Хариуцагч анхнаасаа 49,630 еврог бэлнээр аваагүй гэж огт маргаагүй мөртлөө шүүхийн хэлэлцүүлэг дуусч тайлбар гаргах шатанд бэлнээр авсан гэх баримтад гарын үсэг зурсан, мөнгийг аваагүй гэх зөвхөн тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.
Шүүхээс хариуцагчийг 49,630 евро авсан болохыг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагч 89,630 еврог *******ийн хамт очиж авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан, энэ талаар аваагүй гэж няцаах баримт гаргаж өгөөгүй, зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт л аваагүй гэж тайлбарладаг, өөр бусад нотлох баримтаар үгүйсгэж няцаалт өгөөгүй байдаг, харин нэхэмжлэгчийн төлөөлөгч 90,000 еврог *******ээр дамжуулан өгсөн гэж шүүхэд тайлбар өгсөн.
4.3. Хариуцагч нэхэмжлэгчд алт өгсөн талаар хариу тайлбартаа дурдсан боловч нэхэмжлэгч хариуцагчаас алт аваагүй, алтыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байхад алт өгсөн гэх нь үндэслэлгүй, энэ талаар хариуцагч хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй байдаг.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 62,600 евро буюу 241,061,800 төгрөгийг *******оос гаргуулж, *******т олгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:
Хамгийн бага дүү болох *******ийн дансаар мөнгө шилжсэн. *******ийн хамт 2 удаа явж, 40,000 гаруй еврог монгол төгрөгт шилжүүлэн авсан. Уг мөнгийг өөрийн ээжид өгсөн бөгөөд мөнгийг байлгаж бай гэж миний дүү хэлж байсан. 49,630 еврог ээждээ өгсөн цагаас хойш дахиж хараагүй. Хавтаст хэрэгт авагдсан гарын үсэг бүхий баримтын хувьд ээж энэ дээр гарын үсэг зур, дүүгээсээ мөнгө авсан нь үнэн гэж хэлсний дагуу гарын үсэг зурсан. Тухайн баримтад гарын үсэг зуруулсны шалтгаан нь шүүхэд хандахаар материал бүрдүүлж байсан байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаарх асуудлыг тавьж байсан. Нэхэмжлэгчийг өөрийн биеэр оролцуулах тухай хүсэлтээ удаа дараа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид тавьж байсан. Тухайн үед би Төв аймгийн Заамар сумд байрлах *******-д ажилладаг байсан. Аж ахуйн нэгж байгуулах зорилгоор, аавын 60 насны төрсөн өдрөөр 2,800,000 төгрөгөөр автомашин авч өгөхөөр 2002 онд мөнгө хуримтлуулж байсан. Байгалийн шижир алтаараа компани байгуулах төлөвлөгөөтэй байсан. 2001 онд дүүгээ ХБНГУ руу явахад бүх эд хөрөнгөө өгч байсан. Тухайн үед дүүдээ Бүх зүйлээ чамд өглөө, сайн сурч ажиллаж явна гэдгийг чинь мэдэж байна, боломжтой болсон үедээ ахдаа сайхан хаус, автомашин авч өгөөрэй гэж хэлж өгч байсан. Үүний хариуг нэхэж байгаагүй, бусад дүү нартаа ч мөн ялгаагүй тусалдаг байсан. Миний бие 1-5 насны 3 балчир хүүхэдтэй. Архангай болон Хэнтий аймгийн 100 жилийн ойгоор 2 жилийн өмнө ******* ирж байсан. Тухайн үед *******ийн жолоог барин замд явж байхад та надад их тус болсон, би танд тусалмаар байна, юу хиймээр байна гэж асууж байсан. Тухайн үед 1 жил гаруй хугацаанд өөр этгээдийн автомашиныг унаад Гашуунсухайт-Ганц модны боомтод ажиллаж байгаад больсон байсан. 49,630 еврогийн 40,000 еврог дүүгээсээ 2 удаа төгрөг рүү шилжүүлж авсан. Үлдсэн 40,000 гаруй еврог аваагүй гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Миний бие анхан шатны шүүх хуралд *******ийг өөрийн биеэр ирж шүүх хуралдаанд ирэхийг удаа дараа шаардсан, хүссэн боловч ******* ирсэнгүй. Яагаад тэр нэхэмжлэл шүүхэд гаргачхаад өөрөө ирдэггүй юм бэ. 2001 онд ХБНГУ-д ажиллаж, суралцахаар явахад нь би түүнд 2,800,000 төгрөг бэлнээр, 800 гаруй грамм байгалийн алт өгч байсан. Анхан шатны шүүх хуралдаанд мөнгө санхүүгийн боломжгүйн улмаас миний бие нь сөрөг нэхэмжлэл гаргаж өмгөөлөгч авч чадаагүй.
Миний бие аав, ээжээсээ нэг эгч, таван дүүтэй айлын том хүү бөгөөд 1990 оноос эхлээд хүнд нөхцөлд 28 жил ажилласан. Ажил хөдөлмөр хийж олсон орлого, цалингаараа би дүү нартаа маш их тус болж хөрөнгө оруулж байсан гэж боддог. Өнөөдөр дүү нар минь аль хэдийнээ эхнээсээ өвөө, эмээ болсон байхад миний бие дөнгөж аав болоод хэдхэн жил болж байна. Эхнэр, 4 хүүхэдтэй. Гурван бага нь 1-5 настай. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан 154,050,800 төгрөг гаргуулах хэсгийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би эхнэр хүүхэдтэй болж амьдрах эрхтэй, нэхэмжлэгч *******ээс хаус, машин болон миний өгсөн алтаар хийсэн алтан зоосны цуглуулгын аль нэгийг өгөхийг шаардаж байна. Өнөөдөр миний амьдрал нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн нэг болсон гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч *******ийн дансаар 90,000 евро авсан үйл баримттай маргахгүй байна гэж үзэж байна. 89,630 евро нэхэмжилсний учир нь банкны шимтгэлийг хасан тооцсон. Анх хариуцагч 2 шинэ автомашин авахаар мөнгийг авсан байдаг ч хуучин автомашин авсан. Нэхэмжлэгч хуучин автомашин авч унасан учир мөнгө нэмж өгөхгүй гэсэн байдаг. Хариуцагч мөнгийг хүлээн авсан талаар гарын үсэг зурж, хүлээн авсан. Мөнгийг аваагүй гэх агуулгаар хариуцагч тайлбарладаг ч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддоггүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг зээл болон зээлийн хүүд 102,600 евро буюу 395,112,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ******* нь нүүрс зөөх машин авах гэсэн юм, мөнгө зээлээч, үнийн хувьд 330,000,000 төгрөг буюу 90,000 евро болно, ашгийг нь хамгийн багаар тооцоход 2 жилийн дотор буцаагаад төлчихнө гэсний дагуу нөхөр маань банкнаас зээл авч, 90,000 еврог түүнд зээлдүүлсэн тул хүүнд 12,600 евро, нийт 102,600 евро буюу 395,112,600 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
2.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ би мөнгө зээлэх санал тавиагүй, ******* надад тусална гэсэн, нүүрс тээвэр хийх машин авах гэж мөнгө авсан боловч нүүрсний үнэ унаж ашиггүй болсон тул мөнгийг төлөх боломжгүй болсон. 90,000 евро биш 40,000 еврог авсан, 49,630 еврог аваагүй байхад ээж надаар гарын үсэг зуруулсан. *******т Герман явахад өгсөн 2,800,000 төгрөг, 800 гр алтыг түүний өгсөн мөнгөнд тооцно гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1. *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 46,840,000 төгрөгийг 40,000 euro p3 гэх утгаар, 50,000,000 төгрөгийг 40,000 euro p2 гэх гүйлгээний утгаар 50,000,000 төгрөгийг 40,000 euro p1 гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн. /хх5-7/
3.2. Хэргийн 16 дугаар талд авагдсан гар бичмэл баримтад 2024 оны 03 дугаар сарын ... өдөр 49 мянга 630 евро бэлнээр тоолж *******ид хүлээлгэн өгөв. хүлээн авсан *******, хүлээлгэн өгсөн ******* гэж гарын үсэг зуржээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул уг алдааг залруулж, мөн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлтийг оруулна.
5. Хариуцагч нь 90,000 еврог зээлэх талаар нэхэмжлэгчтэй ярилцаж 40,000 еврог хүлээн авсан, харин үлдэх 49,630 еврог хүлээн аваагүй, ээж н.*******д хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгчид 2001 онд өгсөн 2,800,000 төгрөг, 800 гр алтны оронд уг зээлийг тооцуулна гэж маргажээ.
5.1. Түүнчлэн, хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...түүний надад өгсөн 90,000 еврог би нүүрс зөөдөг том машин авч нүүрс тээвэрлэж мөнгө олох байсан. Одоо нүүрсний үнэ ханш унаж улс даяар алдагдал хүлээж байна. Иймд миний бие энэ мөнгийг эргүүлж төлөх боломжгүй болсон. Тэгээд ч түүнд өгсөн /2001он/ алт мөнгөнийхөө оронд 2024 онд түүний өгсөн 90,000 еврог өр болгон тооцож байх тул би түүнд өргүй. Харин санхүүгийн тооцоо хийж юм үлдвэл би авна гэжээ. /хх33/
5.2. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: *******ээс мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө буцааж өгөхөөр тохиролцож авсан. Зээлийн төлөлтөөс 3,4 удаагийн төлөлт хийсэн гэжээ. /хх52/
5.3. Мөн, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: Нэхэмжлэгчээс 90,000 евро авсан, миний хувьд нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн. Гэхдээ үүнийг эргүүлэн төлөх шаардлагагүй гэжээ./хх67/
6. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх ба хариуцагч нь нийт 89,630 еврог хүлээн авсан болох нь дээр дурдсан банкны дансны хуулга болон мөнгө хүлээн авсан бичмэл баримтаар тогтоогдсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.
6.1. Хариуцагч нь уг зээлээс 40,000 еврог хүлээн авсан, үлдэх 49,630 еврог хүлээн аваагүй, ээж н.*******д хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчийг 2001 онд ХБНГУ руу явах үед нь 2,800,000 төгрөг, 800 гр байгалийн алтыг өгөөд, надад боломжтой үедээ хаус, машин авч өгөөрэй гэж өгсөн тул түүнд би өргүй, уг өгсөн зүйлээ түүний нэхэмжилж буй өрөнд тооцуулна гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж нийт 12,600 еврогийн хүү нэхэмжилсэн боловч талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхгүй байна. Түүнчлэн, хариуцагч талаас хэд хэдэн удаа зээлийн хүү төлж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
8. Иймд, хариуцагч *******оос 89,630 евро буюу 345,165,130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.
Нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардсан байхад анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зээлийн хүүгийн талаарх хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмсэн өөрчлөлтийг оруулна.
9. Хариуцагч нь, *******ээс надад үзүүлж байсан алтан зоосны цуглуулга болон надад өгөх ёстой хаус машины аль нэгийг өгөхийг шаардаж байна гэх агуулгаар гомдол гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зохино гэсний дагуу хариуцагч анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, түүнчлэн хариуцагчийн уг эрхийг шүүхээс хязгаарласан зүйл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/07203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 89,630 евро буюу 345,165,130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,970 евро буюу 49,947,470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 928,204 гэснийг 1,883,776 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,363,259 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ