Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/02042

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07872 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Ажилтнаас 4,410,000 төгрөг гаргуулахаар тогтоосон акт үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2013 онд Төмөр Замчдын Дуу бүжгийн чуулга-д дуучнаар ажилд орсон. Төмөр замчдын урлаг соёл, спорт, хурал зөвлөгөөн, байгууллагын тэмдэглэлт ой болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад туслан хувийн лед дэлгэц, тайз, техник аппаратур, хөгжмийн зэмсэг зэргээр үнэ төлбөргүй үйлчилж, аливаа соёл олон нийтийн ажлуудад идэвх санаачилгатай оролцож ирсэн. Би, ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр-ийг тохиолдуулан үзэгчид сонсогчдодоо зориулан Соёлын төв өргөөнд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Үнэн сэтгэл нэртэй уран бүтээлийн тоглолтоо өргөн барихаар төлөвлөж, бэлтгэл ажлаа эхэлсэн байсан. Гэвч ******* ХНН-ийн хэмжээнд нийгмийн хариуцлагыг дэмжих зорилгоор нийгэмлэгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран ажиллах санал солилцсон тул дэмжиж, энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төмөр замчдадаа уг тоглолтоо нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгааны дагуу Ганзам паласт чуулгынхаа тайз дээр толилуулах шийдвэр гарсан. Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгаанд палас танхим, аппратураар хангахаар болж, би тайлан тоглолтоо толилуулсан. Гэтэл *******-ын Дотоод хяналт, шалгалтын албаны байцаагчийн Т-64/03/116 актад тусгагдсан Үнэн сэтгэл тоглолтын тайзны түрээс орлого 4,410,000 төгрөгийг төлүүлэхээр акт үйлдэж, *******-ын Төмөр замын чуулгын дарга ******* даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51/105 дугаар албан бичгээр төлбөр төлүүлэхээр мэдэгдсэн. Ажил олгогчоос надад төлбөр төлүүлэхээр удаа дараа хандаж байгаад би гомдолтой байгаагаа илэрхийлж, *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс миний гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцээд талууд эвлэрэн хэлэлцээгүй тул 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тэмдэглэлийг гардан авсан.

Уг тоглолтод уран бүтээлийн хамтрагч дуучин *******г урьж оролцуулсан бөгөөд түүнчлэн тоглолтын тайз заслыг хувийнхаа техник аппаратур, гэрэлтүүлэг, лед дэлгэц ашиглаж шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан төдийгүй уг тоглолтод МУ-ын соёлын салбарт нэр хүндтэй уран бүтээлчдийг урьж, улмаар энэхүү тоглолтод шаардлагатай зардлыг хувиасаа бүрэн санхүүжүүлсэн болно. Анх төлөвлөснөөр Соёлын төв өргөөнд 1 удаа 1300 үзэгчдэд толилуулж, холбогдох зардал бага тооцогдох байсан, түүнчлэн Ганзам палас-т үзэгчдийн суудлын тоо цөөн учир 3 удаа тоглосон нь гадны уран бүтээлчид болон арын албаны ажилчдын цалин зардал ихэссэн хэдий ч тоглолтын орлогынхоо 10%-ийг байгууллагадаа оруулсан.

Тус чуулгын гоцлол дуучин ажилтай ******* миний ажлын байр болох Ганзам палас-ынхаа тайзан дээр өөрийн уран бүтээлийн дээжсээ өргөн барьж, мэргэжлийн ур чадвараа төмөр замчдаа харуулсан төдийгүй тоглолтын талаарх реклам сурталчилгаа контент зэргийг олон нийтийн ТВ радио, цахим сүлжээгээр түгээснээр ТЗ-ын ДБЧ-аар овоглосон дуучин төдийгүй салбараа бахархалтайгаар сурталчилсан. Гэтэл ХНН-ийн Дотоод хяналт, шалгалтын албаны байцаагчийн Т-64/03/116 актад тусгагдсан Үнэнч сэтгэл тоглолтын тайзны түрээс орлого 4,410,000 төгрөгийг төлүүлэхээр акт тавьж байгаа нь үндэслэлгүй болсон тул 4,410,000 төгрөгийг үндэслэлгүй болгохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

*******-ын Төмөр замын чуулгын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтаар Үнэнч сэтгэл хамтарсан тоглолтын тайзны түрээсийн орлогыг тооцож аваагүй зөрчил илэрсэн. *******-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний Т-64/03/116 дугаартай Тайзны түрээсийн орлого нөхөн төлүүлэх тухай акт бичигдсэнийг ******* нь одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

МУСТА *******, ******* нарын хамтарсан тоглолтын 3 удаагийн 6 цагийн тоглолтын тайз, дэлгэц түрээсийн төлбөрийг орлогоор тооцож нягтлан бодох бүртгэлд тусгаагүй тул 3 цаг х 570,000 төгрөг = 1,710,000 төгрөг /******* чуулгын ажилтан тул төмөр замын тарифаар тооцсон/, 3 цаг х 900,000 төгрөг = 2,700,000 төгрөг /******* гадны уран бүтээлч/ нийт 4,410,000 төгрөгийг уран бүтээлчдээр төлүүлэхээр акт бичигдсэн. Ингээд бичигдсэн актын дагуу Төмөр замын чуулгаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51/105 дугаартай мэдэгдэл хүргүүлж актын хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байгаа юм.

Төмөр замын захиргаанаас *******ад дэмжлэг үзүүлж үзэгч бэлдэж, тоглолт зохион байгуулах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж өгсөн. Гэтэл тэрээр батлагдсан тарифын дагуу үйл ажиллагааны төлбөрөө төлөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актаар ажилтнаас 4,410,000 төгрөгийг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Төмөр замын чуулгын үйлчилгээний тарифт заасны дагуу тоглолтын тайз, дэлгэцийн түрээсийн төлбөрийг төлөөгүй нь шалгалтаар илэрсэн. Тухайн тоглолтыг бүрэн зохион байгуулах билет худалдаалалт борлуулалтыг ******* хариуцаж, 715 үзэгч бэлэн бэлтгэж, олсон орлого 23,580,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн.

******* нь өөрөө дотроо ажилладаг, түүнтэй харилцан тохиролцож тайз дэлгэц зэргийг түрээсэлсэн. Чуулгын дүрэмд үйлчилгээний тарифын талаар дурдах шаардлагагүй бөгөөд чуулгын үйл ажиллагаанд баримтлах зарчим, үнэт зүйл зорилгыг хэрэгжүүлэг баримт бичиг байтал анхан шатны шүүх тарифын талаар дүрэмд тусгаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. МУСТА *******, ******* нарын хамтарсан тоглолтын 3 удаагийн 6 цагийн тоглолтын тайз, дэлгэц түрээсийн төлбөрийг орлогоор тооцож нягтлан бодох бүртгэлд тусгаагүй тул 3 цаг х 570,000 төгрөг = 1,710,000 төгрөг /******* чуулгын ажилтан тул төмөр замын тарифаар тооцсон/, 3 цаг х 900,000 төгрөг = 2,700,000 төгрөг /******* гадны уран бүтээлч/ нийт 4,410,000 төгрөгийг уран бүтээлчдээр төлүүлэхээр акт бичигдсэнийг төлүүлэх тухай акт нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь Төмөр замын дуу бүжгийн чуулга байхаас үл хамааран нийгэмлэг нь энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч тал тариф тогтоосон гэж гомдолдоо дурдсан. Тариф нь тухайн байгууллагын гэрээний стандарт нөхцөл байх ёстой боловч хариуцагчийн дурдсан тарифууд нь нийтэд нээлттэй байдаг. Мөн тариф тогтоосон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах үүргээ талууд хэрэгжүүлээгүй. Талуудын харилцан ойлголцол болон түрээсийн төлбөр авахтай холбоотой үйл баримтууд байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Түрээсийн төлбөрийг ажиллах хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагадаа учруулсан хохирол гэж аль ч талаас үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй тул түрээсийн мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тус байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актаар ажилтнаас 4,410,000 төгрөг гаргуулахаар тогтоосныг үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өөрийн эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох агуулгатай нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******тай Төмөр замын чуулганы гоцлол дуучнаар ажиллах тухай хөдөлмөрийн гэрээтэй. /хх10-13/

 

3.2. ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актаар Шалгалтын тайланд зөрчлөөр тэмдэглэсэн Үнэнч сэтгэл хамтарсан тоглолтын тайзны түрээсийн орлого 4,410,000 төгрөгийг чуулгын даргаар хариуцуулан барагдуулж, , Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Дотоод аудит, хяналт шалгалтын албанд ирүүлэхийг Төмөр замын чуулгын дарга Л.Биндэръяа, ерөнхий нягтлан бодогч Д.Оюунчимэг нарт даалгаж тогтоосон. /хх30/

 

3.3. ын төмөр замын чуулгын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51/105 дугаар албан бичгээр *******ад хандан Үнэнч сэтгэл хамтарсан тоглолтын тайзны түрээсийн орлого 4,410,000 төгрөг төлөх талаар мэдэгдсэн. /хх33/

 

3.4. Төмөр замын чуулгын дансны дэлгэрэнгүйд: Үнэнч сэтгэл дуучин *******, ******* уран бүтээлийн тоглолтод 26,200,000 төгрөгийн орлого олж, 2,620,000 төгрөгийг ажил, үйлчилгээ нэрээр суутгаж, үлдэх 23,580,000 төгрөгийг *******ад шилжүүлсэн байна. /хх45-47/

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

4.1. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тоглолт хийгээгүй ба хувийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж өөртөө орлого олсон байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох буюу тухайн ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

4.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн хүрээнд тоглолт хийсэн буюу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхгүй, харин тэрээр тухайн тоглолтыг бусад этгээдтэй хамтран бие дааж зохион байгуулж, орлого олсон байх тул тайз, дэлгэц, бусад тоног төхөөрөмжийг ашигласан болон цахилгааны төлбөрийг хариуцан төлөх ёстой.

 

4.3. Энэ тохиолдолд хариуцагч нь байгууллагын дотоод дүрэм, журмын дагуу холбогдох зардлыг нэхэмжлэгчийг төлөх талаарх акт нь түүний эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэн ч бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх ёсгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

5. Нэхэмжлэгч нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэмжээнд нийгмийн хариуцлагыг дэмжих зорилгоор нийгэмлэгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран ажиллах санал солилцож, энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төмөр замчдадаа уг тоглолтоо нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгааны дагуу Ганзам паласт чуулгынхаа тайз дээр толилуулах шийдвэр гарсан. Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын УПР НР2066 цахилгаанд палас танхим, аппратураар хангахаар болж, би тайлан тоглолтоо толилуулсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангана.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь олсон 26,200,000 төгрөгийн орлогоос 2,620,000 төгрөгийг хандив хэлбэрээр төлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс суутгагчийн үүрэг хүлээж, хуульд заасан хэмжээгээр татвар суутгажээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох, дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Т-64/03/116 дугаар актаар ажилтнаас 4,410,000 төгрөгийг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ