Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         08              20                                          2019/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Д холбогдох эрүүгийн 1834000000442дугаартай хэргийг 2019оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1972 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Төв аймаг, Өндөрширээт сум, 4 дүгээр баг төв уурын зууханд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Өндөрширээт сум, 4 дүгээр баг,Байшинтийн 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 72020773 дугаарын регистртэй, Б овгийн Б.Д

 

 Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Д нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг Байшинтийн 1-1 тоотод өөрийн гэртээ иргэн В.Нарантогтохыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д:

...Би уг нь зүгээр унтаж байсан. Тэгсэн чинь Нарантогтох над руу дайрсан. Яах ч аргагүй болгосон. Тэгэхээр нь би сандарсандаа цочиод цохиод авсан... гэж мэдүүлжээ

 

Эрүүгийн 1834000000442дугаартай хэрэгт хохирогч В.Нарантогтох /хх-ийн 7-82 дугаар хуудас/, гэрч В.Нарантогтох /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч С.Төрмандах /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Д /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.Галияа /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч С.Бадамсамбуу /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Д.Чулуунхүү /хх-ийн 14 дүгээр хуудас/, яллагдагч Б.Д /хх-ийн 20 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 762 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,хохирогч В.Нарантогтохийн Төв аймгийн Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 05 дугаар хуудас/,хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт,  яаралтай тусламжийн хуудас, Төв аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт, /хх-ийн 24, 27-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21, 23, 25-26, 30-31 дүгээр хуудас/зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг Байшинтийн 1-1 тоотод өөрийн гэртээ иргэн В.Нарантогтохыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч В.Нарантогтохын ...Б ахын гэрт ороход Мандах, Бадамсамбуу, миний төрсөн ах Наранбадрах, нэг танихгүй залуу байсан. Би гэрт ороод Б ахын хэвтэж байсан орон дээр очиж суугаад даваа ах яасан юм бэ гэж хэлээд тоглоомоор үг хэлсэн байх. Тэгтэл Б босож ирээд намайг  заамдаад авсан би бас барилцаад авсан би газар унах шиг болоход миний толгой руу өшиглөсөн. Тэгтэл миний толгойноос цус гарсан. Манай найз Чулуунхүү нь Б ахийг яаж байгаа юм гэж хэлээд бариад авсан. Гэрт нь байсан хүмүүс бид хоёрыг тоглож байна гэж бодсон байх би тухайн үед Б ахыг тоглож байна гэж бас бодсон... ...гэрээс гараад эмнэлэг орж эмчид үзүүлээд 6 оёо хийлгэсэн... /хх-ийн 7-82 дугаар хуудас/,

гэрч В.Нарантогтохын ...Б босож ирээд намайг заамдаад авсан. Би бас барилцаад авсан. Би газар унах шиг болоход миний толгой руу өшиглөсөн. Тэгтэл миний толгойноос цус гарсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/, 

гэрч С.Төрмандахын ...Чулуунхүү, Нарантогтох хоёр орж ирээд гэрийн баруун талд Чулуунхүү ирж суугаад, Нарантогтох нь гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан Бтой шууд барилцаад авсан. Тэгээд юунаас болсон талаар мэдэхгүй... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Б.Дийн ...гэртээ хариад авсан архиа задлаад би нэг татаад унтлаа гэж хэлээд гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байхад гаднаас Бадамсамбуу, нэг залуутай орж ирсэн. Би тэгээд унтсан байх. Тэгтэл миний төмсөгийг хүн базах шиг болсон. Тэгээд би уурлаад сэрэхэд Нарантогтох байсан. Би орон дээрээс өшиглөөд нэг гараараа цохисон байх. Нарантогтох намайг бариад авсан. Би бас барьж аваад босох гэтэл намайг ор руу шахсан. Тэгээд Нарантогтохын толгойноос цус гарсан. Чулуунхүү нь Нарантогтохын араас нь татаад салгасан байх. Би босоод чи яагаад миний төмсөгнөөс бариад байгаа татсан юм гэж хэлэхэд би тэгээгүй гэж хэлээд байсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Д.Галияагийн ...Нарантогтох нь толгойгоо даавуугаар ороосон байсан. Уг ороосон даавууг нь аваад та толгойгоо яасан юм бэ гэж асуухад 30 минутын өмнө нутгийн хүнд буюу Б ах намайг өшиглөсөн гэж хэлсэн... /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч С.Бадамсамбуугийн ...Нарантогтох зүүн талын орон дээр суух шиг болсон  тэгтэл орон дээр унтаж байсан Б ах Нарантогтохыг түлхсэн. Тэгээд Чулуунхүү Нарантогтохыг авч цуг гэрээс гараад эмнэлэг явсан байх би удалгүй араас нь гараад явсан... ...Би бэлэг эрхтнээс нь татахыг хараагүй. Б ах гэрийн зүүн талын орон дээрээс босож ирээд чи муу миний боожгооноос яагаад татсан юм бэ гээд Нарантогтох руу дайраад байсан... ...Б нь орон  дээрээ дээшээ хараад хэвтэж байгаад Нарантогтох руу өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл хараагүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Д.Чулуунхүүгийн ...Нарантогтох орж ирээд зүүн талын орон дээр очоод суух шиг болсон. Тэгтэл Б ах Нарантогтох хоёр үг дуугүй ноцолдсон. Би тухайн үед Нарантогтох, Б ахийг тоглож байна гэж бодсон. Тэгтэл Нарантогтохыг Б ах түлхээд цус чинь гоожоодб айна гэж хэлээд түлхсэн... ...тэр хоёрыг би юу болж маргалдсаныг мэдэхгүй. Намайг гэрт ороход Б ах гэрийнхээ зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Нарантогтох нь гэрийн зүүн талын орон дээр очиж суух гэтэл ноцолдсон... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Дийн ...Унтаж байхад миний бэлэг эрхтнээс хүн базах шиг болохоор нь уур хүрээд сэрсэн. Тэгтэл Нарантогтох миний хажууд буюу дээр дараад байгаа юм шиг болохоор нь доороос нь өшиглөж хөлөө савчсан. Тэгээд Нарантогтохыг гараараа нэг удаа нүүр хавьд нь нэг удаа цохиод бариад авахад толгойноос нь цус гараад байсан. Тэгээд боль гэж хэлээд түлхсэн... /хх-ийн 20 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 762 дугаартай ...В.Нарантогтохын биед духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогч В.Нарантогтохийн Төв аймгийн Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 05 дугаар хуудас/,хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт,  яаралтай тусламжийн хуудас, Төв аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт, /хх-ийн 24, 27-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21, 23, 25-26, 30-31 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ иргэн В.Нарантогтохыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн,дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг цохиж зодсон хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Нарантогтохын эрүүл мэндэд духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.  

Хохирогч В.Нарантогтох, шүүгдэгч Б.Доос эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалнэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд баримтгүйгээр 300.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Д нь 200.000 төгрөгийг төлсөн, хохирогч В.Нарантогтох нь үлдэх 100.000 төгрөгийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан, хохирогч В.Нарантогтох нь шүүгдэгч Б.Дид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 7-8, 9 дүгээр хуудсанд авагдсан хохирогч В.Нарантогтох мэдүүлгүүдээр, хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Дид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохиролыг төлснийг, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн өмгөөлөгчийн торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцсон торгох ялын хэмжээнээс доогуур торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Дидторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч В.Нарантогтох нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6.,36.7., 36.8.,36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаарзүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыгтус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б.Дийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Б.ДийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.ДийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн Б.Дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Б.Д нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч В.Нарантогтох нь шүүгдэгч Б.Дид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН