Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 286

 

                                                                    Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэчимэг, Д.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Б.Нд холбогдох хэргийг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Н нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 2,700,000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,500,000 төгрөг хурааж, улсын төсөвт шилжүүлж, түүний эзэмшлийн 42 инчийн “PUNAI” маркийн зурагт “FRESFECH” маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/138 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд прокурор Т.Өсөхболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг ямар нотлох баримтаар хэрхэн няцаан үгүйсгэж байгаагаа тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгчийн гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байтал давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж буйгаа магадлалд дурдаж, тусгахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Б/22 дугаартай “Б.Нг Алагтолгой багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикл гардуулан өгөх ажиллагаанд оролцож Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн LTDPCML84J8631596, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631596 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг гардан авсан, мөн Жаргалант сумын Тамгын газраас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мотоциклыг Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэн хөрөнгийн орлогын CTS гэх программд бүртгэж, улмаар эд хариуцагч болох Б.Нгээр гарын үсэг зуруулан мотоциклыг хүлээлгэн өгсөн ба 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн иргэн Н.Алтанхүүд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан, уг 1,500,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 193600312 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газарт тухайн мотоциклыг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байхад дээрх үйл баримтыг хэрхэн үгүйсгэж буйгаа давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Б.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Жаргалант сумын Тамгын газраас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Хонгли” загварын мотоциклыг завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээ дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н нь өөрт нь хариуцуулсан хөрөнгийг завших гэсэн шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулсан, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан борлуулсан хүнээс буцаан авч хүлээлгэн өгсөн байна. Энэ нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь шүүгдэгч Б.Н тухайн мотоциклыг бусдад худалдаагүй, амбаарт байсан 2 мотоциклоос андуураад аваад явсан байсан гэж мэдүүлдэг боловч түүнээс худалдаж авсан гэрч Н.Алтанхүү болон Ч.Доржсүрэн, Х.Олонбаяр нарын мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаан үгүйсгэгдэж байхад давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Мөн 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлгийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаж өгнө үү гэсэн саналыг гаргасан. Хэрэгт авагдсан гэрч Ц.Ганданповрон, Б.Өлзийсайхан нарын мэдүүлгийг үнэлэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд ярьдаг. Мөн 7 хоногийн сонсгол мэдээллийн цаг өөрөө болсон юм уу, бичгээр гарсан байх ёстой ба эх сурвалж буюу бичгийн нотлох баримтууд орж ирээгүй. Жаргалант сумын Тамгын газар агуулах байхгүй, ийм учраас өвлийн цагаар мотоциклоо өөрсдөө авч хадгалаарай гэхээр нь аавынхаа хашаанд амбаарт аваачиж тавьсан. Тухайн үед хоёр мотоцикл байсан бөгөөд нэг мотоциклыг нь н.Н.Л зараад мөнгийг нь өөрөө авсан байдаг. Өвөлжөө рүүгээ явсан, тухайн айлаас мотоциклоо авч чадахгүй дараа нь авсан. Б.Нгийн дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн байдлыг энэ хэрэгт тогтоож чадаагүй. Б.Н нь хадгалж байхдаа шунахайн сэдэлт буюу ямар нэгэн орлого олох зорилгоор энэ мотоциклыг зарсан зүйл байхгүй. н.Алтанхүү гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Б.Н юм шиг санагдаад байна” гэж н.Н.Л, Б.Н нарыг ялгахгүй байгаа мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Б.Нд мөнгө төгрөг өгсөн, утсаар ярьсан зүйл байхгүй. н.Н.Лтэй харьцаад тухайн мотоцикл зарагдаад, эргүүлж олж авсан ийм л нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн сэдэлт уг хэрэгт байхгүй. н.Н.Лг өмгөөлөгч нарын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд “би дүүгийнхээ мотоциклын мөнгийг аваад нөхөр нас барсан учир тухайн үед мөнгийг нь хэрэглээд хүүхдийнхээ сүү, хоол цайнд хэрэглэсэн” гэж мэдүүлдэг. Мөн мотоцикл зарсан гэдэг асуудлаа тухайн үед дүүдээ хэлээгүй байсан гэдэг. Мотоцикл бол улирлын чанартай хэрэглэгддэг, өвөл унах боломж байхгүй, дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, мотоцикл гэсэн нэртэй зүйл өгөөд түүнийг хадгалах хугацаанд нь тухайн хашааг харж байсан төрсөн эгч нь зарсан ийм нөхцөл байдал байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан. Б.Н нь өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ-д сонгогдсон байгаа. Тухайн мотоциклыг зарахад оролцсон оролцоо байхгүй, мөнгийг нь авч хэрэглэсэн зүйл байхгүй. Нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар энэ асуудал дээр анхаарч өгнө үү” гэв.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа: “Б.Нд холбогдох хэрэг бүрэн гүйцэд нотлогдоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа. Багийн засаг даргад өгсөн мотоциклыг Б.Н дүүгийнхээ хадгалалтад буюу амбаарт хийсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн нотлоогүй. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байгаа учир давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” загварын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард иргэн Н.Алтанхүүд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Нгийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйд зөв дүгнэлт хийсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүх Б.Н нь уг мотоциклыг өөртөө завших шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад худалдан борлуулсан хүнээс буцаан авсан зэрэг үйлдэл нь завших гэмт хэргийн шинжгүй хэмээн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.Н нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгогдсон мотоциклыг зарж борлуулах талаар санаа бодлоо иргэн Х.О, Н.А, Б.Н. нарт удаа дараа хэлж, улмаар 2 сарын дараа хөрөнгийн бүртгэлээс хасуулалгүй,  удирдлагаас зохих зөвшөөрөл авахгүйгээр иргэн Н.А-д 1,500,000 төгрөгөөр худалдсан, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагаас энэ үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мотоциклыг хүлээлгэн өгсөн нь завших гэмт хэргийн шинжийг хангаж буйг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүй байна.

 

Багийн засаг дарга нарт зориулж төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн мотоциклыг Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газрын эд хөрөнгийн “CTS” программын бүртгэл, байгууллагын үндсэн орлогын бүртгэлд тус тус авснаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор эсхүл ашиглалтын хугацаа дууссан шалтгаанаар бүртгэлээс хасаж дуудлага худалдаанд оруулах болсны дараа зарлагадан борлуулагдах боломжтой болох бөгөөд сум, багийн засаг даргад энэхүү асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй, үүнийг багийн засаг дарга Б.Н мэдэж байх үүрэгтэй тул удирдлагаас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу дээрх үйлдлийг хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Н нь иргэн Н.А-гээс мотоциклыг эргүүлэн авсан, 1,500,000 төгрөгийг түүнд буцаан төлсөн байхад шүүх хууль бусаар ашиг олсон хэвээр буй гэж үзэн уг мөнгийг шүүгдэгчээс дахин гаргуулж буй нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцэхгүй болно.

 

Үүнтэй холбогдуулан энэ шийдвэрийг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, мөн шүүгдэгч Б.Нгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж байх тул түүнд оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2-т нэрлэн заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүйгээс гадна мөн хуулийн 7.1-д зааснаар Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр хорих ял шийтгүүлсэн бол хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих байдлаар өршөөлд хамрагдахаар зохицуулагджээ.

 

Хууль тогтоогч  Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэглэхийг нарийвчлан зааж өгөөгүй тохиолдолд шүүх хуулийн эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх болон хүнд ялыг хөнгөрүүлэн өршөөж буй нь илүү хөнгөн ялыг өршөөх үндэслэл болно гэсэн зарчмуудыг баримталж, энэ гэмт хэрэгт торгох ял шийтгэгдсэн этгээдийн уг ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь Өршөөлийн хуулийн үзэл санаа, хууль хэрэглээний оновчтой байдлыг хангана хэмээн үзэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлэхээр тогтов.

 

Иймд шийтгэх тогтоолоор хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн заалтыг хүчингүй болгож, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолд 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН