Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 506

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/483 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэжмлэлдээ: “Д.О миний бие Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрын 273 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн урд, 1300 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшихээр шийдвэрлэж, 03149865 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, дүүргийн газрын албатай гэрээ байгуулсан юм.

Иргэн Д.О миний эзэмшиж байсан газар дээр “Хараагүйчүүдийн нийгэмлэг’’ барилга барих нэрээр манай газар дээр хашаа барьж суурийн шороогоо асгаж бидний газраа эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэн Д.******* миний хувьд анх 2010 онд уг газрыг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар 1300 м.кв газрыг зохих журмын дагуу авсан билээ.

Гэтэл Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10/01 тоот тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 11-ний өдрийн А/813 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм.

Миний бие дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хандаж газар эзэмших эрхийг сэргээлгэхээр гомдол гаргасан ба Баянгол дүүргийн Засаг даргаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрын А/896 дугаар захирамжаар сэргээж газрын хэмжээг багасган 400 м.кв болгон зориулалтыг үйлчилгээтэй, орон сууц гэж болгосон юм. Би өөрийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах зорилгоор хашаа барих гэтэл зөвшөөрөлгүй этгээдүүд хашаа барьж барилгын үйл ажилгаа явуулж байна. /Хараагүйчүүдийн нийгэмлэг/ Миний эзэмшилийн газрыг уг байгууллага хүчингүй болгуулж өөрсдөө авах санаархал байсан нь нэгэнт ил болсон билээ. Иймд иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул хууль журмын дагуу уг газрыг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж миний газар эзэмших эрхийг сэргээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Гэтэл Нийслэлийн засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/483 захирамж гарч миний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Миний бие Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар Монгол улсын Ерөнхий сайдад хандаж гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/483 захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.*******ын Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/483 захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр ТӨААТҮГ-ын эзэмшил газрын урд талд ******* шугам ******* болон түүний хамгаалалтын бүсэд үйлчилгээний орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн байсан тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны  А/483 дугаар захирамжийн иргэн Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Иргэн Д.О-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэл болгон өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргасан болно.

Иргэн Д.О-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрын 5/3813 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/483 захирамжинд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “...Маргаан бүхий газрыг анх Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 2014 оноос хойш хашаа барьж эзэмшиж байхад уг газрыг Хараагүйчүүдийн нийгэмлэгт эзэмшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон нь хууль бус...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.*******т тус дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн урд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 310 м2 газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /гэрчилгээ нь захирамжийн дугаарыг 273 гэж алдаатай бичигдсэн/

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалтууд болон дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10/01 тоот тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 276 дугаар захирамжийн нэхэмжлэгч Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 443 дугаар захирамжаар иргэн Г.*******т тус дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн орон сууцны урд талд  1200  м2  газрыг  орон  сууцны зориулалтаар олгож, өмнө тус дүүргийн Засаг

даргын 2014 оны 240 дүгээр захирамжаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олгосон 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах 1000 м2 хэмжээтэй хүнсний ногооны зориулалтаар анх эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Д.О нь 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.*******тэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсаны дагуу түүнд Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 896 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн урд 400 м2 газрыг Үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 5-ны 483 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Журам батлах тухай 2010 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хараагүй хүмүүсийн Хөдөлмөр, сургалтын үйлдвэр ТӨААТҮГ-ын эзэмшил газрын урд талд ******* шугам ******* болон түүний хамгаалалтын бүсэд үйлчилгээний орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/896 дугаар захирамжийн “ЦЭЭБ” ХХК-д болон иргэн Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

******* ******* ******* ХК-иас нэхэмжлэгч Д.*******т 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3/620 дугаар албан бичгээр “Төвлөрсөн дулаан хангамжийн төв шугамын ойролцоо барилга барихаар төлөвлөж байгааг газар дээр нь үзэж тодруулахад 8 метрийн зайд хашаа барьсан байна. Энэ нь хамгаалалтын зурвасын дүрэм, журмын шаардлагад нийцэж байна.” гэсэн албан бичгийг хүргүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс эх хувиар нь шүүхэд өгсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд нотариатаар гэрчлүүлэн өгсөн мөн өдрийн огноо, дугаар бүхий албан бичигт “Төвлөрсөн дулаан хангамжийн төв шугамын ойролцоо барилга барихаар төлөвлөж байгааг газар дээр нь үзэж тодруулахад 8 метрийн зайд хашаа барьсан байлаа. Энэ нь хамгаалалтын зурвасын дүрэм, журмын шаардлагад нийцэж байгаа ч барих барилгын проект зураг, хэмжээг эцэслэн гаргаж, албан ёсоор техникийн хяналт хийлгэх учиртайг мэдэгдье.” гэсэн байсан тул шүүхээс уг зөрүүтэй байдлыг тодруулах үүднээс тус компанийн  архивт  хадгалагдаж  байгаа  хуулбарыг  авахад  сүүлийн  нотариатаар гэрчлүүлэн өгсөн албан бичиг хадгалагдсан байсныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн ******* хотын Ус сувгийн удирдах газраас тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/1225 дугаартайгаар ирүүлсэн албан бичигт “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн урд иргэн Д.*******ын эзэмшил газрын дундуур манай харъяаллын бохир усны 24 дүгээр коллектор ф400 мм-н хуванцар шугам байрлаж байна. Иймд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам *******г барихыг хориглоно”” гэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Эрчим хүчний яамыг тус тус шинжээч томилон ажиллуулахад маргаан бүхий газарт инженерийн шугам, ******* 2008 оноос эхлэн байрлаж байгаа нь Эрчим хүчний яамнаас тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/2017 дугаартай ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг дүгнэлтэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй хашаалсан газар нь хамгаалалтын зурвасыг зөрчсөн болохыг дурдсан байна.

Хариуцагч Нийслэлийн засаг даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам ******* нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам ******* өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа  явуулахыг  хориглоно”  гэж  тус  тус   заасныг   баримтлан   нэхэмжлэгч

Д.*******т газар эзэмшүүлэх эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь хуульд журамд нийцсэн байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ын Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 5-ны 483 дугаар захирамжийн иргэн Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА