Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2026/0090

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар болон
тус газрын хяналтын улсын байцаагчид
холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                              Г.Банзрагч

                                                                 М.Батсуурь

                                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                  Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2026/0279 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2026/0298 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц (№0871), хариуцагч  М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Д” ХХК-аас “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.С нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” *** дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгож, 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал: Иргэн Б.Батчимэгээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Д” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, шимтгэл ногдох орлогоо санаатайгаар бууруулсан гэж хөндлөнгийн мэдээ хүргүүлжээ. Уг гомдол, мэдээллийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжүүлж, тус газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр удирдамжаар “Д” ХХК-ийн 2015-2024 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 14-ний өдрийг дуустал хугацаанд хяналт шалгалт хийхээр баталжээ.

2.1.Нийгмийн даатгалын улсын байцаагч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *** дугаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.2.Мөн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын байцаагч нар маргаан бүхий *** дугаар актаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн “Д” ХХК 2015 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилтнууддаа олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 181,378,650 төгрөгт шимтгэл ногдуулаагүй гэж үзэж, 35,681,653 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 17,840,827 төгрөгийн алданги ногдуулж, нийт 53,522,480 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3.Нэхэмжлэгч актыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасныг тус газар 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02/*** дугаар албан бичгээр “актыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж хариулсан. Энэ хооронд хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжаар актыг баталгаажуулж, 53,522,480 төгрөгийг нэхэмжлэгчээс албадан гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ.

2.4.Нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 53,522,480 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг нэмэгдүүлсэн.

3.Нэхэмжлэгчээс “... зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа хугацаа нь дууссан удирдамжийг үндэслэн акт гаргасан, зөрчил үйлдэгдсэн үед хүчин төгөлдөр байгаагүй хуулийг буцаан хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарна, мөн актын хавсралтад заасан даатгуулагчид хэн болох нь тодорхойгүй тул утга агуулгын хувьд илэрхий алдаатай, гомдол шийдвэрлэгдэхээс өмнө шимтгэлийг албадан гүйцэтгүүлсэн ...” гэж тус тус маргасан.

хариуцагчаас “... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлд тооцсон алдангийг төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй гэж заасан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр зөвхөн торгох шийтгэлээс чөлөөлөгдөх бөгөөд дутуу төлсөн шимтгэл, алдангийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, акт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэсэн ...” гэж тайлбарласан.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” *** дугаартай актыг 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2026/0279 дүгээр магадлалаар: “... шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.С нарын үйлдсэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” *** дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас 53,522,480 төгрөгийг гаргуулж “Д” ХХК-д буцаан олгосугай.” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг “2” болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2026/0298 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч М.О магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан (агуулгаар нь тусгав). Үүнд:

7.1.Иргэний гомдлын дагуу хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөрчлийн хэрэг нээж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ нь зөрчлийн үр дагаврыг арилгах, дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.2.Ажил олгогч шимтгэл төлөх үүргийг 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль, 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн аль алинд заасан, акт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн тайлбарт хуулийг буцаан хэрэглэх асуудлыг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журмаар шийдвэрлэх, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийдвэрийг гүйцэтгэсэн бол буцаан хэрэглэхгүй гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж буруу дүгнэсэн.

7.3.Албадан гаргуулсан төлбөрийг буцаан олгосноор актын хавсралтад нэр дурдсан даатгуулагчдын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтад заасан эрх хангагдахгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдолд  холбогдуулж бичгээр тайлбар гаргасан болно.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтын тухайд:

10.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1 дүгээр удирдамжаар “Д” ХХК-ийн Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр улсын байцаагч нарыг томилсон.

11.Улсын байцаагч нь “Д” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, тус компанийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан зөрчил гаргасныг тогтоосон хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

12.Үүний дараа хариуцагч нар маргаан бүхий актаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн 2015-2024 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 181,378,650 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 35,681,653 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэлийн 50 хувьтай тэнцэх 17,840,827 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэж, улмаар шүүхэд актын биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээр 53,522,480 төгрөгийг тухайн компаниас албадан гаргуулжээ.

13.Нэхэмжлэгчээс актыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан шинжийг агуулсан гэж үзэн актыг илт хууль бус болохыг тогтоож, албадан гаргуулсан төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Актын хууль зүйн үндэслэлийн талаар:

14.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 38 дугаар зүйлийн 38.1-д “Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 38.10.6-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15-д “нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”-г шалган шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар тус тус заажээ.

15.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн шинж чанараас хамааран нийгмийн даатгалын улсын байцаагч зөрчил гаргагчид Нийгмийн даатгалын ерөнхий хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын аль алиныг нь хүлээлгэх бүрэн эрхтэйг харуулж байна. Энэ талаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Удирдамжийн 7.2-т “Шалгалтын дүнг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад танилцуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудас, зөвлөмж гаргана”, 7.3-т “Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, харъяа Прокурорын байгууллагад хүргүүлэн, хуульд заасан хугацаанд хянуулж ажиллах” гэж тодорхой тусгажээ.

16.Үүнээс үзвэл “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа улсын байцаагчийн акт гаргасан нь илт хууль бус” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

17.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 3 дугаар зүйлийн 1-д “нийгмийн даатгал” гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.1.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 21 дугаар зүйлийн 1.4-т “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж тус тус зохицуулжээ.

18.Нийгмийн даатгалын шимтгэл дээр дурдсанаар даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох зэргээр хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үед түүнд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох зорилготой нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулагддаг учраас уг шимтгэлийг ажил олгогч, болон даатгуулагчийн аль аль нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хувь хэмжээгээр тогтмол төлөхөөр, ийнхүү төлөөгүй бол эрх бүхий этгээдээс нөхөн төлүүлж байхаар хуульчилдаг.

19.Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн шинж чанараас үл хамаарч нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Нийгмийн даатгалын болон Зөрчлийн тухай хуульд нэгэн адил заасан байна.  

20.Үүнээс гадна, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 31 дүгээр зүйлийн 31.1.1-д нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаагүй байхаар хуульчилсан бол Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-д нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх эсэх талаар тодорхой тусгаагүй, хуулийн 18 дугаар зүйлийн 1-д шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох тохиолдлуудад тухайн үндэслэлийг заагаагүй байна. Харин мөн хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл ногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”  гэж тус тус заажээ.

21.Дүгнэн үзвэл хариуцагч “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргээс буруутай этгээдийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд “Д” ХХК-иар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар акт хуульд нийцжээ.

22.Хэдийгээр хариуцагч нар “Д” ХХК-иар 2017-2023 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхдээ актад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-г хэрэглэлгүй, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу боловч энэ нь дээр дурдсан үндэслэлүүдээр “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус шинжид хамаарахгүй.

23.Өөрөөр хэлбэл, дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлөх үүрэг нь шинэчлэн найруулсан хуулиар анх бий болсон бус, зөрчил гаргасан болон акт гаргасан аль ч цаг хугацаанд шимтгэл төлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг байсан тул маргаан бүхий актаар төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр заасан хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль ёсны гэж үзнэ.

24.Харин улсын байцаагч нар зөрчил гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 20 дугаар зүйлийн 1.1 (2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөс өмнө)-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатай бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, гэм буруутай этгээдэд 10000-25000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна”, 1.2-т “дутуу төлөгдсөн хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулах...” гэж, 20 дугаар зүйлийн 4 (2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөс хойш)-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг болон Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг анхаарч тус тусад нь дүгнэлт хийлгүй 2015-2024 он хүртэлх хугацааны зөрчилд бүхэлд нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өдрөөс хүчин төгөлдөр болсон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг буцаан хэрэглэж алданги ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг агуулж байна.

25.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан ямар ч үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан, эсхүл гаргасан актыг бодит байдалд хандсан этгээд нь биелүүлэх боломжгүй нь дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой[1] байгаа тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ.

26.Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадалалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3-т заасны дагуу маргаан бүхий актын алданги ногдуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, алдангид албадан гаргуулсан 17,840,827 төгрөгийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, буцаан гаргуулахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

27.Нэхэмжлэгчийн хяналт шалгалтын удирдамжийн хугацаа дууссан, уг удирдамжийг танилцуулаагүй, регистрийн дугаар тусгагдаагүй даатгуулагчийн төлбөрийг гаргуулсан гэж маргаж буй үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэхийн зэрэгцээ эдгээр хяналт шалгалтын үйл ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлүүд захиргааны актын илт хууль бус алдаанд хамаарахгүй тул гомдлын энэ хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0194 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2026/0279 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн (1994 оны) 6 дугаар зүйлийн 2, 20 дугаар зүйлийн 5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч М.О, Э.С нарын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” *** дугаар актын алдангид 17,840,827 төгрөг ногдуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас 17,840,827 (арван долоон сая найман зуун дөчин мянга найман зуун хорин долоо) төгрөгийг гаргуулж, “Д” ХХК-д буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу актын 35,681,653 төгрөгийн шимтгэл нөхөн төлүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, 35,681,653 төгрөгийг буцаан гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

              ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                  М.БАТСУУРЬ

                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                  Д.БАТБААТАР


[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.216, (2017).