| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03065/И |
| Дугаар | 210/МА2025/02123 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/02123
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06798 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 01 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 99,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 м.кв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 01 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 99,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 м.кв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
******* нь иргэн *******тэй 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ******* болон ******* нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Харин *******тэй контракт гэрээг байгуулаагүй, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал гаргаагүй байх ба *******тэй дээрх гэрээг хэзээ ч байгуулж байгаагүй. Мөн ******* нь бодитоор уурхайн үйл ажиллагаа явуулж, олборлолт огт хийгээгүй бөгөөд орон нутгийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл хугацаанд бодитоор олборлолт хийж уурхайн үйл ажиллагаа явуулаагүй. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдах талаар *******д 30 хоногийн өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр мэдэгдсэн. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №02/24 тоот тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр цуцалж, холбогдох тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 5,500,000 төгрөг, Хөдөлмөрийн гэрээний 3.3. дахь хэсэгт заасны дагуу 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан байх тул энэ хэсгийг нь зөвшөөрнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******-аас 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 5,500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 02 сараас 2025 оны 05 дугаар сар хүртэл хугацааны цалин 93,500,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 м.кв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 190,950 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
*******-ийн хувьд өнөөдрийг болтол уурхайн үйл ажиллагаа нь хэвийн жигд явагдаж байгаа. Уурхайн даргын орон тоо ч хэвээрээ, цомхтголд ороогүй.
Мөн Контрактын гэрээн-д заасан ажлын нэмэлт хөлс болох 140 м.кв-т орон сууц, суудлын авто машин зэрэг нэмэлт цалинд өгөх эд зүйлийг өгөөгүй. Орон сууц, авто машиныг тодорхой байршил болон нэр зааж тохироогүй. Миний хувьд хаана ч хамаагүй 140 м.кв-т орон сууцыг авна, өгсөн авто машиныг авна л гэж тохирч контрактын гэрээг нэмэлтээр байгуулсан. Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Гэрээнд заасан цалин хөлсийг ч өгөөгүй хохироосоор ирсэн. Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа *******тэй 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд авсан тушаал гаргаагүй гэж маргадаг. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалин 5,500,000 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 3.3-т заасны дагуу 5 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж 38,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрөөд байхад шүүх хариуцагчийн хүсэлтийг анхаарч дүгнэлт гаргах боломж байсан. Гэвч шийдвэрээ гаргахдаа анхаараагүй. Анхан шатны шүүхэд удаа дараа гэрч асуух хүсэлт гаргасан боловч хангадаггүй. Мөн уурхайн даргын ажлын байр хэвийн, цомхотголд ороогүйд үзлэг хийлгэх гэсэн хүсэлт гаргасан бас хангаагүй. Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлээс 2024 оны ээлжийн амралтын цалинд 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалин 5,500,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2024 оны 01 сараас 2025 оны 5 сар хүртэл хугацааны цалин 99,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны татвар нийгмийн даатгалын нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, контрактын гэрээний дагуу 140 м.кв талбайтай орон сууц, суудлын машин гаргуулах, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох 1 жилийн цалин 66,000,000 төгрөг нөхөн гаргуулах, 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2025 оны ээлжийн амралтын цалин 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, хариуцагч *******-аас 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 5,500,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, хариуцагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 5,500,000 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалинд 5,500,000 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжид 19,000,000 төгрөг буюу нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж, талууд энэхүү гэрээг байгуулснаар тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, нэхэмжлэгч нь тэтгэмжийн асуудлаар шүүхэд хандахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.
4. Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 5,500,000 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалин 5,500,000 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 19,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ