Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         0814                                          2019/ШЦТ/234

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Билгүүн, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

хохирогч Ц.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Барсүрэннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн МДд холбогдох эрүүгийн 1934003990282дугаартай хэргийг 2019оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүлсуманд 1990оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй,малчин, ам бүл 5,эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Бараат 1 дүгээр баг, Хашаатын гол гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,90071671дугаарын регистртэй, Б. овгийн М.Д

 

     Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Д нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Адгын худаг” гэх газар иргэн Ц.Батбаярын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д:

...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй, учир нь гэм буруу дээрээ маргахгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батбаяр:

...2019 оны 5 сарын 19-ний өдөр Адаацаг орсон. Адаацаг орж ирээд Лхагвасүрэн, Энхболд хоёрт нэг шил архи авч ирж өгсөн. Тэгсэн би явах гэсэн чинь Лхагвасүрэн ахиад архи нэхээд байхаар нь ахиад нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд Даваасүрэнтэй маргалдсан элдэв долооноор хэлээгүй.Д намайг эхлээд мөргөсөн, дараа нь толгой руу шаасан, дараа нь нүд рүү өшиглөсөн тэрнээс хойш миний нүдний ухархай руу хатгаж өвдөөд байгаа, толгой таллаж өвдөөд байгаа. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн 10 хоног эм уугаарай гэсэн эргээд ирэхэд хагалгаанд орно гэж хэлсэн. Би Дгаас эмчилгээнийхээ л мөнгийг гаргуулж авмаар байна, хойшдоо эмчилгээ хийлгэх зэрэгт мөнгөө гаргуулж авбал гомдол санал байхгүй ээ... гэж тус тус мэдүүлжээ

 

Эрүүгийн 1934003990282дугаартай хэрэгт хохирогч Ц.Батбаярын /хх-ийн 7-8, 9, 10 дугаар хуудас/, гэрч М.Лхагвасүрэнгийн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч П.Энхболдын /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Очирбатын /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Дорждэрэмийн /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, яллагдагч М.Дгийн /хх-ийн 54-55 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 339 дугаартай дүгнэлт/хх-ийн 23-24 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 807 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-32 дугаар хуудас/ болон хохирогч Ц.Батбаярын Төв аймгийн Баян-Өнжүүл сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/,хохирогч Ц.Батбаярынүзлэгийн карт болон эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 33-49 дүгээр хуудас/, хохирогч Ц.Батбаярын хохирлын баримтууд болон багийн засаг даргын тодорхойлолт хх-ийн 57-63, 68-69, 75 дугаар хуудас/, шүүгдэгч М.Дгийн малын А дансны хуулбарууд, багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 66-67, 71-83 дугаар хуудас/зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

Шүүгдэгч М.Д нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг “Адгын худаг” гэх газар иргэн Ц.Батбаярын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Батбаярын ...миний хажууд газар суугаад миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Дараа нь гараараа толгой руу нэг удаа цохиж аваад шууд дээр гараад суусан. Тэгсэн хажууд байсан Энхболд, Дг татаж надаас холдуулаад боль гэсэн чинь Д болилоо гээд цааш явсан. Би газраас босож ирээд баруун талын газар сууж байсан чинь Д буцаж ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би доошоо хараад толгойгоо дараад хэвтээд өгсөн... ...зүүн талын нүд рүү өшиглөсний улмаас  миний нүд хавдаж хэдэн өдөр юм харахаа больсон байсан... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

...Би Д гэх хүнд зодуулсны улмаас миний зүүн нүдэн тус газар гэмтэл авч миний зүүн талын нүдний ухархайн яс цөмөрч 90 хувь хараа муудсан. Одоо миний зүүн нүд бүр хараагүй болсон. Мөн толгой зүүн талаараа таллаж өвдөөд байгаа... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

...Д гаднаас гэрт орж ирээд толгойгоороо эхлээд нэг удаа мөргөсөн. Дараа нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би гэр рүүгээ явсан... ...миний уруул руу толгойгоороо 1 удаа мөргөж, дараа нь толгойны орой руу зүүн гараа 1 удаа цохисон. Тэгээд зүүн нүд рүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч М.Лхагвасүрэнгийн ...одоо чадахгүй шүү гээд Батбаярыг толгойгоороо мөргөсөн... ...Би толгойгоороо мөргөхийг харсан. Хөлөөрөө өшиглөхийг нь анзаараагүй... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч П.Энхболдын ...Д баруун хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн.Тэгээд Лхагвасүрэн, Д гэрээс гараад явсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Б.Очирбатын ...би хониндоо явж хэсэг хугацааны дараа гэрт ирсэн чинь хэрүүл зодоон болсон байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Ц.Дорждэрэмийн ...буцаад гэрт орсон чинь Батбаяр ах зуухны зүүн талд нүдээ дараад доошоо хараад сөхрөөд сууж байсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

яллагдагч М.Дгийн...чамд хамаагүй гэхээр нь би уурлаад Батбаярыг нэг удаа толгойгоороо толгой руу нь мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна... /хх-ийн 54-55 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 339 дугаартай ...Ц.Батбаярын биед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдий харааны бууралт бүхий хөнгөн хохирол учирсан... дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 807 дугаартай ...шинжээчийн 339 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. 5. Ц.Батбаярын биед тухайн үед зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхины зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний хараа бууралт бүхий гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5 Гэмтлийн зэрэг үүсгэх механизм гэж байхгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 29-32 дугаар хуудас/болон хохирогч Ц.Батбаярын хохирлын баримтууд, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57-63, 68-69, 75 дугаар хуудас/, шүүгдэгч М.Дгийн малын А дансны хуулбарууд, багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 66-67, 71-83 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.Дгийн согтуурсан үедээ иргэн Ц.Батбаярын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч М.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батбаярын өмгөөлөгч Д.Барсүрэн нь ...шүүгдэгч, хохирогч нарыг хооронд нь эвлэрүүлэх улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах... талаар дүгнэлтийг гаргадаг хэдий ч хохирогчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлт нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 339, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 807 дугаартай дүгнэлтүүд, хавтас хэргийн 42-49 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ц.Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 1.982.257 /нэг сая есөн зуун наян хоёр мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 /таван сам/ төгрөг, нийт 6.982.257 /зургаан сая есөн зуун наян хоёр мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 80.000 /наян мянга/ төгрөг, 259.000 хоёр зуун тавин есөн мянга/ төгрөг, 25.000 хорин таван мянга/ төгрөг, нийт 364.000 /гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэсний дагуу тус тус хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч М.Д нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Ц.Батбаярт төлсөн болох нь нотлогдож байх тул үлдэх 618.257 /зургаан зуун арван найман мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг шүүгдэгч М.Дгаас гаргуулж хохирогч Ц.Батбаярт олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин хохирогч Ц.Батбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн учир энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг дурдаж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлбөрийг зохих хэмжээгээр төлснийг, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн өмгөөлөгчийн торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч М.Ддторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8.,36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тусудирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн МДг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн МДг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн МДд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн МДд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн МД нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч 90071671дугаарын регистртэй, Б овгийн МДгаас618.257 /зургаан зуун арван найман мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч НГ75102479 дугаарын регистртэй, Бараат овгийн Цэрэндэлэгийн Батбаярт олгосугай.

 

            7. Хохирогч НГ75102479 дугаарын регистртэй, Бараат овгийн ЦэрэндэлэгийнЦ.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй нийт 364.000 /гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг, мөн өмгөөлөгчийн хөлс 5.000.000 /таван сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            хохирогч НГ75102479 дугаарын регистртэй, Бараат овгийн Цэрэндэлэгийн Ц.Батбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн МДд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн МДд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН