Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2025/00075

 

С.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр  нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж тусгайлсан журмаар шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00554 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************** багт оршин суух хаягтай Х****** овогт С****** С********* нэхэмжлэлтэй, хариуцагч **************** багт үйл ажиллагаа явуулдаг “Р*****” ХХК-д холбогдох,

 

“гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбогдуулан нөгөө тал гэрээнээс татгалзсанаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол буюу эр хонины хоёр гулууз махны үнэ 540,000.00 төгрөг, 80 кг адууны махны үнэ 1,040,000.00 төгрөг, нийт 1,580,000.00 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

 “гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах буюу түрээсийн гэрээний төлбөр  3,080,000.00 төгрөг, алданги 1,540,000.00 төгрөг, нийт 4,620,000.00 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өитрбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, орчуулагч Т.Х нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Р***** ХХК-д холбогдуулж, тус компанийн ажилтан А.Х, нэг тал үүргээ зөрчсөн гэж үзсэнтэй холбогдуулан нөгөө талын санаачилгаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнээс татгалзсан үйлдэлтэй нь холбогдуулан өөрийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэж, хариуцагчаас анх хөлдөөгчийн үнэ 1,500,000.00 төгрөг, махны машины үнэ 400,000.00 төгрөг, эр хонины хоёр гулууз махны үнэ 540,000.00 төгрөг, 80 кг адууны махны үнэ 1,040,000.00 төгрөг, нийт 3,480,000.00 төгрөг гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “эр хонины хоёр гулууз махны үнэ 540,000.00 төгрөг, 80 кг адууны махны үнэ 1,040,000.00 төгрөг, нийт 1,580,000.00 төгрөг гаргуулахаар” тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн 44 дэх хуудаст хавсаргасан баримтаар нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэлийн анхны шаардлагадаа дурдсан өөрийн хөрөнгүүд болох хөлдөөгч, махны машин зэргийг бүрэн бүтэн хүлээж авсан талаарх үйл баримт тогтоогдсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 

4. ********** ************ ********** ********* ****** **** банк дахь дансны хуулга, гэрэл зургууд, эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт зэргийг гаргаж өгснөөс гадна  Х.А, Х.Н нараас гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудаар түүний эд хөрөнгөд хариуцагч хуулийн этгээдийн ажилтны гэрээнээс татгалзсан үйлдлээс нь болж нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирч, тухайлбал эр хонины хоёр гулууз мах, 80 кг адууны мах ашиглах боломжгүй болж чанараа алдсан буюу өмхийрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Х**** түүний хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Х.А болон Х.Н нар хариуцагч байгууллагын ажилтны үйлдлээс нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг тус тус үгүйсгэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгчээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн түрээсэлж байсан гэх худалдаа үйлчилгээний зориулалттай жижиг байшингийн доторх хөлдөөгчөөс 2 уут махгүй яс болон бага хэмжээний малын өөхөн тосыг хариуцагч байгууллагын ажилтан гаргаж, Х.Н лангуу дахь хөлдөөгчид түр хадгалуулсан бөгөөд тэдгээрийг хожим нь С.С өөрөө биечлэн хүлээж авсан талаар гэрч Х.Н мэдүүлэг өгчээ.

 

5. Иймээс нэхэмжлэгч С.С хариуцагч “Р*****” ХХК-д холбогдуулж гаргасан эр хонины хоёр гулууз махны үнэ 540,000.00 төгрөг, 80 кг адууны махны үнэ 1,040,000.00 төгрөг, нийт 1,580,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны байх шаардлыг хангасан байна.

 

Сөрөг  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6. Хариуцагч Р***** ХХК нь нэхэмжлэгч С.С холбогдуулан 14 сарын түрээсийн төлбөрт сар бүрийн 250,000 төгрөгөөр тооцож 3,080,000 төгрөг, алданги 1,540,000 төгрөг, нийт 4,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ талуудын хооронд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан п-13 дугаартай түрээсийн гэрээг дурдаж тайлбарлажээ. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд “өвлийн улиралд тус лангуу бүхий үйлчилгээний жижиг барилгыг ашиглаагүй, халаалтгүй учир ашиглах боломжгүй байсан, түрээслүүлэгч ашиглах боломж олгоогүй” гэж хариу тайлбар ирүүлснээс бусад уг сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан иш татсан ба талуудын хооронд 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан п-13 дугаартай түрээсийн гэрээгээр С.С нь хариуцагч хуулийн этгээдийн өмчлөлийн мах зарах зориулалттай, 12 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний жижиг барилгыг нэг сарын 250,000 төгрөгөөр тохиролцож түрээсэлж байжээ.

Түрээслэгч С.С нь 2024 онд 1,080,000.00 төгрөг, 2025 онд 2,000,000.00 төгрөг, нийт 3,080,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй ба гэрээнд зааснаар 0,2 хувийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 1,540,000.00 төгрөгийн алдангийн хамт нийт 4,620,000.00 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд тус тус үндэслэгдсэн байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч талууд өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох, үгүйсгэх нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.С нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзсан тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус нийсэн гэж дүгнэж, шийдвэрийг хэвээр нь үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгч С.С гаргасан давж заалдах гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх мөн хуулийн 168 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх гэрч Х.А, Х.Н нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг урьдчилан сануулж гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгчээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй зэргийг тэмдэглэж, нэхэмжлэгч С.С “хариуцагчийн эрхшээлд байгаа гэрчүүдийн мэдүүлгийг ашигласан”, “2024 оны 11 сарын дуустал түрээсийн мөнгийг төлчихсөн байхад надаас 950,000 төгрөгийг нэмж гаргуулсан” гэх давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй тул хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,870.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

           

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК