Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2025/00076

 

К.О нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 302/ШШ2025/00777 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С***** овогт К****** О******* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох,

 

“А******** гүйлгээ болох 1,000,000.00 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Е****** шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэгч К.О нь хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан “андуурсан гүйлгээ 1,000,000.00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Би тухайн үед дансны дугаарын тоог буруу бичсэнээс У.Ж гэгчийн дансанд 1,000,000.00 төгрөгийг андуурч шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар У.Ж данснаас түүний зээлийг төлүүлэхээр шууд автоматаар суутгасан байв” гэж тайлбарлан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тус мөнгийг хүлээн авагчийн данс нь У.Ж цалингийн зээлийн данс  байсан тул тухайн гүйлгээ зээлд автоматаар төлөгдсөн байна. У.Ж нь одоо Ха байгаа нь тодорхойгүй, зээл нь олон хоногоор хугацаа хэтэрсэн, банкны зүгээс холбоо барьж чадахгүй байгаа. Д**** мөнгийг банкны зүгээс зээлд суутгаж төлөөгүй, мөнгө хүлээж авсан данс нь зээлийн данс байсан учраас суутгагдсан байна. Иймд зээлдэгч өөрөө байхгүй тул банкны зүгээс харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлөлтийг буцаах боломжгүй” гэж хариу тайлбар ирүүлжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тухайн үйл баримтын талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, прокурорын байгууллагаас андуурсан гүйлгээг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас гаргуулж, нэхэмжлэгч К.О олгохоор шийдвэрлэсэн гэж тодорхойлж, нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаар тогтоолыг хавсаргасан зэргээс дүгнэвэл, тэрээр нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч Х банкны Баян-Өлгий салбарыг үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг олж авсан гэж үзсэн байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримталж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн төрлүүдийг, тодруулбал мөн зүйлийн 751.1.1 дэх заалтад “бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах” гэж, 751.1.2 дэх заалтад “дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах” гэж, 751.1.3 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах” гэж, 751.1.4 дэх заалтад “бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах” гэж бага үнийн дүнтэй, шүүгчийн дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг тогтоосон бол мөн зүйлийн 751.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн  үнийн дүнгээс үл хамаарах тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэл бүхий  иргэний хэргийн төрлүүдийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол”, “энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл”, “ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл” гэж тус тус хуульчилсан байна.

 

            4. Гэтэл Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой, тодруулбал мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг, 495 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг, 496 дугаар зүйлд заасан бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжихтэй холбоотойгоор шаардах эрхээ тодорхойлсон нэхэмжлэлийн төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.2 дахь хэсэгт заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийн төрлүүдэд багтаагүй байхад анхан шатны шүүх К.О дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг “бага үнийн дүнтэй” гэх нөхцөл байдалд хөтлөгдөн хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй буюу хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчжээ.

5. Иймд К.О нэхэмжлэлтэй, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 757 дугаар зүйлийн 757.1.1 дэх заалтын дагуу шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш “нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн” нөхцөл байдал тогтоогдсон тул анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах эсэхийг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэхийг тэмдэглэх нь зүйтэй.

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх тус хэргийг нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор анхан шатны шүүхийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн тус шийдвэрийг давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байх тул эдгээр нөхцөл байдлуудыг баримтлан давж заалдах шатны шүүх хуралдааны энэ магадлалд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч буюу төлөөлөгч нь хяналтын журмаар гомдол гаргахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны үйл баримт, түүнд хэрэглэгдэх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын талаар нэхэмжлэгчийн “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдолд урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж, нэгэнт давж заалдах гомдолд заасан аль нэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй буюу гомдлыг хүлээж аваагүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 302/ШШ2025/00777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК