| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0158/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 166
2019 06 04 2019/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
хохирогчийн өмгөөлөгч Н.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.овгийн Д.Нд холбогдох эрүүгийн 1934003220197дугаартай хэргийг 2019оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1974оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй,мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар багторшин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 74121711дугаарын регистртэй, М. овгийн Д.Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Н нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Жан Мей Шүег зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934003220197дугаартай хэрэгт хохирогч Жан Мей Шүеийн /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Ш.Жанарбекийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Ч.Оргилын /хх-ийн 15 дугаар хуудас/, яллагдагч Д.Н-ын/хх-ийн 23-25 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 17-18 дугаар хуудас/ болон хохирогч Жан Мей Шүеийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,хохирогч Жан Мей Шүеийн хохирлын баримтууд /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Н-ынхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-33 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Жан Мей Шүег зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Жан Мей Шүеийн...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн үед уурхайн шинэ ам гаргах бэлтгэл ажил явагдаж байгаа талбай дээр явж байсан. Тэгсэн үл таних эрэгтэй хүн мотоциклтой хөөгөөд хашаад зогсоосон. Тэгээд машинаас буугаад ир гээд байх шиг байсан. Би хэлийг нь ойлгоогүй. Тэгсэн машинаас татаж буулгаад юм ярьж байгаад 2 мөрнөөс татаад толгойгоороо нэг удаа миний нүүр рүү мөргөсөн. Тэгээд хамраас цус гарсан. Тэгээд манай ажилтан Бек, Оргил нар ирж тэр хүнийг аваад явсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
гэрч Ш.Жанарбекийн ...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 50 минутын үе хамгаалагч Оргил хорин дөрвөө гээд хүн зодуулсан байна гэж утсаар ярьж байна гээд хэлсэн. Тэгээд бид хамт очсон чинь хятад хүний хамраас цус гарсан, хамраа дараад байж байсан. Тэгээд уурхайд нөгөө хүнийг нь авчирсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
гэрч Ч.Оргилын ...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 54 минутад утсаар хятад ажилчин зодуулсан байна гэсэн... ...хятад ажилчны хамраас цус гарсан хамраа дараад зогсож байсан. Бид хоёр зодсон гэх монгол хүнийг аваад уурхай дээр ирсэн... /хх-ийн 15 дугаар хуудас/,
яллагдагч Д.Нын...тухайн өдөр адуу усалчхаад явж байхад Хятад уурхайн хажуу талын ухсан нүхэнд манай 3 хонь гурван ямаа ороод үхчихсэн байсан бөгөөд тэнд нэг Хятад иргэн машинтай явж байхаар нь хэлэх санаатай очих гэтэл машиндаа суугаад зугтахаар нь араас нь мотоциклтой явж очоод зогсоосон. Машинаас нь буулгаж ирээд нөгөө ямаагаа үзүүлэх гэсэн чинь буцаад яваад байсан. Тэгэхээр нь эргүүлж харуулаад заамдаж байгаад чирээд явах гэсэн чинь явахгүй болохоор нь толгойгоороо нөгөө Хятад иргэний нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. Тэгээд л уурхайн хамгаалагч нар ирээд аваад явсан... ...миний хувьд үхсэн хонь ямаагаа үзүүлэх гэсэн чинь явахгүй гээд байхаар нь нэг удаа л мөргөчихсөн юм... /хх-ийн 23-25 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаартай ...Жан Мей Шүеийн биед хамар ясны хугарал, таславчын мурийлт, тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 17-18 дугаар хуудас/ болон хохирогч Жан Мей Шүеийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,хохирогч Жан Мей Шүеийн хохирлын баримтууд /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Н-ынхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-33 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Жан Мей Шүег зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Д.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Н-ынгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Жан Мей Шүегийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Түүнчлэн хохирогч Жан Мей Шүе нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 322.830 /гурван зуун хорин хоёр мянга найман зуун гуч/ төгрөгийн баримт хэрэгт гаргаж нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Н нь шүүхийн шатанд 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг 5063109645 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь “ХААН” банкны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар,
мөн 3000 /гурван мянга/ төгрөгийг бэлнээр хохирогчид өгсөн болох нь хохирогчийн өмгөөлөгч Н.Мөнхзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дүгнэлт, тайлбараар тус тус тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байна.
Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, мөн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Мөнхзул нь ...шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг тухайн зүйл, заалт, хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргадаг бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус баримтлан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Иймд шүүх шүүгдэгч Д.Над хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тусхөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Надторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Жан Мей Шүе нь нэхэмжлэх зүйлгүйг,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6.,36.7., 36.8.,36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаарзүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыгус тусудирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. овгийн Д.Н-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М. овгийн Д.Н-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгж буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.овгийн Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун далан нэгж буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.овгийн Д.Нд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч М. овгийн Д.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Жан Мей Шүе нь нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.овгийн Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.овгийн Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН