Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2025/00078

 

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШШ2025/00728 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********** багт оршин суух хаягтай Ж******* овогт Р****** Г******* холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 03-20 дугаар айлын 55 тоот орон сууцны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны халаалтын төлбөр 1,014,880.00 төгрөг, алданги 573,884.00 төгрөг, нийт 1,588,764.00 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Р.Г гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.М, хариуцагч Р.Г /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ХЯНАВАЛ нь:

 

1. Д*** заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ын хариуцагч Р.Г холбогдуулан гаргасан дулааны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, оновчтой дүгнэлт хийсэн, хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч талаас хариуцагч Р.Г тус компанитай байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээг байгуулсан, гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны халаалтын төлбөр болох 1,014,880.00 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүн худалдаж авсан, гэтэл худалдан авагч сүүлийн 31 сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй тул шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч байгууллагад халаалтын талаар удаа дараа өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй, байр маань халдаггүй 8 жил болж байна, Улаанбаатар хотод охиныхоо гэрт очиж өвөлжөөд зундаа гэртээ ирдэг, 2021 онд гэрээнд гарын үсэг зуруулахаар ирэхэд нь би гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч байгууллагын дарга М.Т утсаар холбоо барьж ярихад үндсэн төлбөр болох 1,014,880.00 төгрөгөө нягтлан бодогчид очоод хийчихээ, тэгээд халаалтаа хаалгах хүсэлтээ аваад ир хаагаад өгье гэсэн. Би 3 жилийн өмнө халаалтыг хаалгах тухай хүсэлт гаргасан учир мөнгө төлөх боломжгүй гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хангагч болон хэрэглэгчийн хооронд Эрчим хүчний тухай хуульд заасан дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан, хангагч нь хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа бодит нөхцөл байдал тогтоогдсон гэж хууль зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байна. Тиймээс хариуцагч буюу хэрэглэгч Р.Г нь нэхэмжлэгчийн шаардсан хугацааны буюу хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

5. Хариуцагчаас “дулааны эрчим хүч худалдан авах гэрээ байгуулаагүй, байр нь халдаггүй, халаалтыг хаалгах тухай хүсэлт гаргасан учир төлбөр төлөхгүй” гэсэн агуулгаар нэхэмжлэлийг үгүйсгэдэг боловч “Э” ХК-ийн 2021 оны 9 дугаар сарын 01-ний өдрийн дулааны эрчим хүч худалдах худалдан авах тухай гэрээнд хариуцагч гарын үсэг зурхаас татгалзсан боловч тухайн байранд халаалт ирдэггүй, халдгүй байсан талаар  нотлогдон тогтогдоогүй, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд хариуцагчийн “...маргааныг шийдвэрлэхэд гол нотлох баримт болох ёстой шинжээч томилох, дүгнэлт гаргуулахаар шүүх өөрөө санаачлан шүүх хуралдааныг хойшлуулах байсан. Шинжээчийн дүгнэлт нь шийдвэр гаргахад үндэслэл бүхий нотлох баримт болох байсан” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн нэхэмжлэл ба татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх гагцхүү хуульд заасан тохиолдолд, тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргуулах тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагчаас шинжээч томилуулах тухай хүсэлтийг хуульд заасан журмаа шүүхэд гаргаагүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг сэргээн тогтоож, хууль зүйн фактад дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,907.00 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШШ2025/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Г давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,907 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ