Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/33

 

     *******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга             Г.Намуунзул

Прокурор                                  С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч           Д.Урансувд нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Алтайн бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 201711000005 дугаартай хэргийг 2017 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 сарын 08-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзагдаж байсан, бие эрүүл, ******* ******* овогт *******ы *******.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2016 оны 12 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 сарын 01-н шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Төгөл нарстын ар" гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******тэй маргаж улмаар ноцолдох явцад "ТОЗ-8" маркийн буугаар *******ийн хоолойн тус газарт буудаж болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжаар: Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 201711000005 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн гол төмөр Л1405, замаг 12202 дугаартай Тоз-8 маркийн буу 1 ширхэг, сум 3 ширхэг, хонгио 2 ширхэг, сумны хошуу 1 ширхэг, гэрийн баруун болон зүүн талд цаасан дээр бэхжүүлж авсан арчдас тус бүр 1 ширхэг, гэрийн урд хэсгээс Б үсгээр тэмдэглэж авсан 1 ширхэг арчдас, гэрийн доторх баруун наарны дээд, доод хэсгээс 1-4 хүртэлх дугаараар дугаарласан 4 ширхэг арчдас, "65", "57" тоогоор дугаарласан арчдас тус бүр 1 ширхэг, саарал өнгийн гудас дээрээс авсан арчдас 1 ширхэг, гудасны гадар даавууны тасархай 1 ширхэг, Тоз-8 маркийн бууны арал модноос авсан арчдас /тортог, цус/ 2 ширхэг, *******ын 2 гар, нүүр, толгой хэсгээс авсан 5 ширхэг арчдас /цус-2, тортог-2/, хумс, хэргийн газраас хураан авсан ногоон эрээн өнгийн куртка, хүрэн бор өнгийн Монгол дээл, цэнхэр өнгөтэй хөнжлийн даавуу уут, "Эзэн Чингис" нэртэй архины шил, ягаан цоохор шаазан аяга, галын төмөр хайч, бор саарал өнгийн дэвсгэр даавуу, ногоон өнгийн үстэй дотортой богино хүрэм, цагаан өнгийн даавууны тасархай, улаан өнгийн аяны хөнжил, *******ын бор өнгийн цамц, ногоон эрээн даавуун өмд, хар өнгөтэй футболка, хүрэн өнгийн тэлээ тус бүр 1 ширхэг, бор өнгийн эсгий гутас 1 хос, *******ийн гараас авсан арчдас 2 ширхэг, хүзүүний арьсны хэсэг, хумс, гэрч Э.Оюунбаатарын гараас авсан хумс, арчдас 2 ширхэг болон бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг хэргийн хамт прокурорын газарт хүргүүлж, ... шийдвэрлэжээ.

Прокурор С.Алтай эсэргүүцэлдээ: ... ******* нь 2016 оны 12 сарын 31-ний өдөр Э.Оюунбаатар, С.Ганбаатар, амь хохирогч ******* нарын хамт 4 шил 0.75 литрийн архи хувааж уусан байгаагаас үзэхэд шүүгдэгч хэдий хэмжээний согтолттой байсан, өөрийнхөө үйлдлийг тодорхой сайн санах чадвартай эсэх нь тодорхой байхад шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт хөтлөгдөж дээрх дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчээс бууны гохонд хүрсэн эсэх, бууны бөгс мод, онгоц модноос барьсан эсэх талаар тодруулахад өөрийн үйлдлийг тодорхой хэлж мэдэхгүй, санахгүй байгаа талаар хариулсан байх бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээс тодорхой харагдаж байна.

Мөн түүнчлэн хэрэг болох үед *******, ******* нараас өөр хүнгүй байсан, амь хохирогч, шүүгдэгч нар гэрийн яг хаана нь, ямар байрлалтай байсан, ямар үйлдэл хийсэн эсэх, “Тоз-8 маркийн бууг 2 гараараа булаацалдан хойшоо унах агшинд буудлага үйлдэхэд хохирогчийн хүзүүний урд доод хэсгээс дээш ташуу чиглэлээр хохирогчид учирсан гэмтлийг үүсгэх боломжтой эсэх, хохирогч өөрийн гараар буудалт хийх үед орсон шарх үүсэх эсэх, хохирогч ямар байрлалд буудагдсан болох, буудалт болох агшин дахь хохирогчийн биеийн хэсэг ба бууны бөгс болон онгоц модноос барих үед буу буудалт хийгдэж болох” зэрэг дээр дурдсан ажиллагааг мөрдөн байцаалтын туршилтаар тогтоох нь боломжгүй зүйл бөгөөд шүүхээс “дахин шинжилгээ хийх шаардлагатай байна” гэсэн байх ба дахин шинжилгээгээр яг ямар нөхцөл байдал тогтоолгох гэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, ойлгомжгүй, шүүгдэгчийн мэдүүлэг эргэлзээтэй байх нь дахин шинжилгээ хийлгэх үндэслэл болохгүй юм.

…Яллах дүгнэлтэд "хувийн таарамжгүй харилцааны улмаас" гэж дурдсан нь урьд нь амь хохирогч, шүүгдэгч нарын дунд үүссэн байсан харилцааг тодотгож өгсөн юм.

Хэрэв үйлдлийн шинж буюу хуульд гэмт хэргийн зорилгыг заасан бол тухайн гэмт хэрэг санаатай болохыг нотлох ба энэ тохиолдолд эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний диспозицод гэм буруугийн хэлбэрийг шууд заагаагүй байдаг.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан болохоос “хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан” гэсэн үг, үсэг байхгүй тул яллах дүгнэлтэд болгоомжгүйн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг бичээгүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинжийг бичих талаар заагаагүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэт субъектив байдлаар хандаж шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтыг зөрчиж, шүүхээс шүүх хуралдааны явцад хэргийг тал бүрээс бүрэн бодитой үнэлж болохуйц байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

*******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэдэг үндэслэлээр тухайлбал ... “111 см урттай Тоз-8 маркийн бууг 2 гараараа булаацалдан хойшоо унах агшинд буудлага үйлдэхэд хохирогчийн хүзүүний урд доод хэсгээс дээш ташуу чиглэлээр хохирогчид учирсан гэмтлийг үүсгэх боломжтой эсэх, хохирогч өөрийн гараар буудалт хийх үед орсон шарх үүсэх эсэх, хохирогч ямар байрлалд буудагдсан болох, буудалт болох агшин дахь хохирогчийн биеийн хэсэг ба бууны бөгс болон онгоц модноос барих үед буу буудалт хийгдэж болох эсэх зэргийг зайлшгүй шалгаж тодруулах зорилгоор мөрдөн байцаалтын туршилт /сумгүй буугаар/ болон дахин шинжилгээ хийх шаардлагатай байна.” гэж буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн захирамжид яллах дүгнэлтийн бичилтийн талаар дурдсан асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй юм

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалыг уншин сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                                                      ШҮҮГЧИД                         О.БААТАРСҮХ

                                                                                                Ж.ДОЛГОРМАА